Сонгууль ойртон нийтээрээ улс төржиж байгаа өнөө үед ухаантай хүмүүсийн ярьж, бичиж байсныг сануулахад илүүдэхгүй гэж бодож байна. Энэ зорилгоор миний бие өмнө нь түүвэрлэн нийтлүүлж байсан Монголын нэрт хуульч Б.Чимидийн ярьж, бичиж байсан зүйлүүдийн түүврийг дахин тавьж байна.

Уншаагүй нь уншиг, уншсанд нь дахин сануулах гэсэн юм.


ЧИМИД ИНГЭЖ ХЭЛЖ БАЙВ

Хэдэн өдрийн өмнө Оросын болоод дэлхийн түүхэнд давтагдашгүй ул мөрөө үлдээсэн нэгэн хүний хэлж, бичиж байсан зарим үгийг түүвэрлэн орчуулаад нийтлүүлсэн чинь богино хугацаанд маш олон хүн уншсан байх юм. Түүхэн болон нэртэй хүмүүсийн хэлц үгүүд хүмүүсийн ой тоонд сайн буудаг бололтой. Энэ удаад монголчуудын сайн танил хүн болох Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат хуульч Б.Чимидийн хэлж, бичиж байсан үгүүдээс түүвэрлэн олны хүртээл болгохыг зорилоо. Тэрээр Үндсэн хуулийн эхийг баригч гэдгээрээ олон түмэнд илүү танигдсан байх л даа. Гэхдээ иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх талаар олон ном бичдэг, өгүүлэл, ярилцлага нийтлүүлдэг том соён гэгээрүүлэгч хүн байсан юм.

Миний бие энэ эрхмээр их сургуульд таван жил ном заалгаж, олон жил шууд удирдлага дор нь ажиллаж байсны хувьд нилээд үгийг нь түүнээс сонсож байлаа. Чимид багшийнхаа хэлц үгүүдийг “Чимид сан”-гаас болон түүний хүүхдүүдийн бэлтгэж хэвлүүлсэн хоёр товхимлоос түүвэрлэн авав. Энэ хоёр товхимол маш цөөхөн хэвлэгдсэн учир олны хүртээл болж чадаагүй.

Үндсэн хуулийн тухай

Үндсэн хууль бол “алганд багтсан” Монгол Улс юм.

***

Үндсэн хууль нь Монголын ардчилсан нийгмийн оршин хөгжих суурь, араг ясыг зангидсан, бэхжүүлсэн, ардчилсан төрийн гол хууль юм.

***

Үндсэн хууль гэдэг гудамжны хөдөлгөөн зохицуулдаг дүрэм биш, улсын үндсийг бататгасан тулгуур хууль юм шүү.

***

Хууль дээдэлдэг юм бол түүний чинь дээд талд Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс гэж байдаг. Шүтэх гэдэг нь мухар сүсэг биш.

***

Үндсэн хууль бол гүн гүнзгий агуулгатай, түүнийг зөвхөн нарийн мэргэжлийн үндсэн дээр л оновчтой тайлж чадна.

***

Үндсэн хууль таны төлөө, иргэн бидний төлөө засаг төрийн байгууллагын дур зоргын эсрэг сөрөн зогсдог гол хууль юм. Иймд түүнээс хөндий байж болохгүй.

***

Овроор бяцхан боловч агуулгаар баян энэ хууль та бүхний өврийн ном, тархины бичлэг, амны уншлага, зүрхний тань хэмнэл байх болтугай.

***

Үндсэн хуулийн цэцийн дээр нэг л юм бий. Энэ нь хөх тэнгэр биш, Үндсэн хууль өөрөө юм.

***

Төрийн түшээ, мэргэжил нэгт нөхөддөө хандсан үгс

Засаг төрийн эх булаг нь Монголын ард түмний хүсэл зориг юм.

***

Тогтвортой хуульгүй бол тогтворжсон нийгэм төлөвшихгүй.

***

Тогтвортой амьдралын үндэс бол хууль.

***

Зөв хууль гаргадаг Улсын Их Хурал, сайн гүйцэтгэдэг Засгийн газар, шударгаар хамгаалдаг шүүх байж сая хууль биелнэ.

***

Хуулийг “доодсыг” энэрэн хамгаалах, “дээдсийг” эрхэмлэн хязгаарлахын тулд гаргадаг.

***

Төрийг хууль гацаадаггүй, харин хуулийг хүн гацаадаг.

***

Хуульд үг нь байтугай таслал нь утгатай байдаг юм.

***

Өөрчлөгдөшгүй хууль гаргах ганцхан л зам бий. Энэ бол тунхагийн шинжтэй хууль гаргах.

***

Мэдлэггүйгээр, нэгдсэн ойлголтгүйгээр хуулийг хийхгүй байх.

***

Хуульд нэмэлт оруулна гэдэг бол байгаа юмыг тодруулдаг болохоос, байхгүй юмыг нэмдэггүй.

***

Сайн хууль хийе гэвэл байгалийн хуулийг дагуулж хийх хэрэгтэй.

***

Хууль хэрэгжинэ гээд эзэнгүй хаяж болохгүй.

***

Мэргэшээгүй хүмүүсийн хийсэн хуулийг мэргэшсэн шүүх шударгаар хэрэглэх боломж үнэхээр байхгүй, тайлбарлах ч аргагүй болдог.

***

Аливаа шүүх эцсийн дүнд хүний эрхийг хамгаалах хууль зүйн баталгаа байх ёстой.

***

Гэм нь хуульдаа биш хүндээ.

***

Эрүүгийн хариуцлага хамгийн жинтэй, хүчтэй нь билээ. Хатуудаа биш зайлшгүйдээ гэдгийг дахин хэлюү.

***

Ардчиллын зүгт сонгосон замаараа тууштай явж төрийг төвийлгөн намыг дор нь оруулж, төрийн дээр иргэнийг тавих хэрэгтэй байна.

***
Зөвлөх гэдэг чинь дарга тэргүүтнийхээ ам нь биш, чих нь байхгүй юу.
... шийдвэр гаргадаг ихэс дээдсийнхээ хажуугаар албад түшмэд нь ам мэдэн цуураад байвал нэгдмэл бодлого, нэг шийдвэр гэж байж чадахгүй.

***

Тагнуулын байгууллагын чинь хийдэг хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн байгууллагыг хамгаалах явдал байдаг юм шүү.

***

Хариуцлага гэж замбараа нацаггүй ярьцгаадаг боловч зах хязгааргүй ойлголт биш л дээ.

***

Шавь нартаа захисан үгс

Хүн бүхний бахархал өөр өөр. Эрдэм авъяасаар, эр чадлаар, эд агуурсаар, эцэг эхээр, эхнэр хүүхдээрээ, эрдэмтэн мэргэдээрээ, эхээс мэндэлсэн нутгаараа гээд элдвийг хэлж болно. Энэ бүхний дотроос эх орноороо бахархахаас илүүтэй нь огтхон ч үгүй.

***

Хүн сурах чигийг барьж ухралгүй чармайвал зорьсондоо дөхөж болдог юм.

***

Багш гэдэг хүмүүст өгөөмөр, багшлах гэдэг бусдад өгөөжтэй ажил шүү.

***

Ном, тэр дундаа мэргэжлийн ном товхимол бичнэ гэдэг энгийн захиа, албан тоот, тогтоол бичихтэй зүйрлэшгүй.

***

Төрийн хүн мөнгөнд харам, хуулинд нарийн, цэргийн эрдэмд гарамгай байх ёстой.

***
Төрийг намаар, хуулийг үзэл суртлаар, шинжлэх ухааныг дур зоргоор, хүн чанарыг албан тушаалаар сольж чадахгүй.

***

Ямар дагаж дуурайдаг сармагчин тавьчихсан биш, энд тэндээс хууль хуулж авчихаад, бас буруу орчуулчихаад тийм байдаг, ийм байдаг гээд байхын оронд өөрсдийнхөө баазыг судалж, монгол хөрсний монгол хууль бүтээж сурах хэрэгтэй.

***

Хийж байж ярьсан нь дээр байна. Ярьж байгаад хийвэл бүтэл муутай.

***

Даргын толгойд юу орсноор дүрмээ хийж болохгүй.

***

Их эмч хүн асрагчтайгаа анагаах ухааны нарийн мэргэжлийн асуудлаар маргаад байх утгагүй.

***

Муутай тэмцэхэд сайн мэдлэг нөхөр.

***

Үр хүүхэддээ сургамжилсан үгс

Хүнтэй эвтэй, хүнд ач тустай явахыг эрхэмлэ.

***

Бэрхийг сур, бэлэнчлэхээс зайлсхий.

***

Болохгүй хүүхэд гэж байхгүй, болдоггүй багш, болчимгүй томчуул гэж харин бий.
 
***

Хүүхдийг хонгон дээр нь хорсгож хүмүүжүүлнэ гэж байдаггүй, хацар нүүрийг нь хайрлаж хүн болгодог.

***

Хүн хуурах гээд байгаа хүн ихэнх тохиолдолд өөрийгөө л хуурчихдаг.

***

Хүнд буруу бүү тох.

***

Бие сайн бол ухаан саруул байдаг юм.

***

Гэр бүл бол хүний насан туршийн бичил орчин юм.
 
-оОо-

2015.03.16