-Муу ч гэсэн сонгуулийн тогтолцоогоо өөрчилсөн, пропорционалын элементийг бага ч гэсэн хавчуулсны л гай, гавьяа хоёр байлаа-

УИХ өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны 05 тоот дүгнэлтийг хүлээж авлаа. Чуулганы хуралдаанд 51 гишүүн оролцсоноос  80,4 хувь буюу 41 нь гишүүн хувь тэнцүүлсэн тогтолцоог халсан Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, ердөө 10 гишүүн эсэргүүцсэн байна. Ингээд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсноос хойш 20 жил зүтгэж байж хийсэн сонгуулийн шинэчлэлийг ердөө дөрвөн жилийн дотор ганцхан парламент үгүй хийж чадлаа. Одоо тэгээд томсгосон 26 тойргоо 76 болгож жижигрүүлэх тухай ярьж эхэлж байна. Нэгэнт пропорционалийг үгүй хийж чадсан юм чинь “бага идсэн ч үмхий, их идсэн ч үмхий” болж байгаа юм байна л даа. 76 жижиг тойрогтой болж аваад төсвийн мөнгөнөөс ахиухан хулгай хийх, тойргоо додомдох уралдаанд орцгооно.
Яг үнэндээ бол өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн зээлд оруулсан 800 тэрбум /80 мянган өрхийн 300 мянган иргэн шинээр орон сууцанд орсон/, аймгууд руу татсан авто зам /Монгол Улс 1992-2012 он хүртэл 20 жилийн хугацаанд ердөө 2087 км зам тавьсан бол сүүлийн гурван жилд буюу 2013-2015 онд 22504 км зам барьсан байна/, нийслэлийн гудамжуудыг өөрчилсөн нь АН эрх барьсан учраас л хийчихсэн юм биш. Сонгуулийн пропорциональ тогтолцооны ач гавьяа. Худлаа, үнэн ч гэсэн энэ парламентад “улс орны эрх ашиг, хөгжлийн бодлого, алсын хараа” ярьдаг, олонхи нь биш ч гэлээ оройлоод дуугардаг цөөн хэдэн хүн сонгосны үр дүн. Хэрвээ Р.Бурмаа гишүүн тойргоос сонгогдсон бол юун мал махны экспорт ярих, тариаланчдын өмнөөс “Хуц аа, зээлсэн мөнгөө эхлээд төлчих” гээд сууж байх. Чингэлтэй сонгогчдын өргөдөл гомдлыг барагдуулах алба л УИХ дээр ажиллаж байх байлаа. Х.Тэмүүжин тойргоос сонгогдсон бол юун хуулийн шинэчлэл, хулгайчтай тэмцэх энэ тэр. Хууль зүйн сургуульд хүүхдээ оруулах гэсэн Баянголынхны өргөдлийг л бариад гүйж явах байсан биз. Зүгээр хамгийн муугаас нь нэрлэхэд шүү дээ. Тойргийн улс төр, парламентын тувшний улс төр хоёрын ялгаа энэ.

Харин тэр “оймсонд хавсуулсан” энэ тэр бол манай сонгогсдын өөрсдийнх нь хийсэн сонголт. З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар эд нарыг мэдэхгүй болоод, танихгүйдээ МАХН-ыг сонгосон гэж бодож байна уу? Үгүй. Н.Энхбаярыгаа өрөвдөхдөө, Их удирдагчаа үгүйлэхдээ л сонгосон хэрэг шүү дээ. Тойрогт очсон байсан ч сонгоод л гаргах байсан. Дахиад ч сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгчихээд өнөөдөр “ий баабаа, энэ улсууд чинь төр самраад байна” гэх нь утгагүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа. 

Уг нь бол пропорциональ систем, намын жагсаалт гэдэг нь тухайн намыг сонгуульд амжилт гаргах уу, үгүй юу гэдгийг шийддэг, тэр утгаараа “Ирэх дөрвөн жилд энэ хүн манай намын нүүр царай болж, ачааны хүндийг үүрч ажиллах юмаа” гэсэн хүмүүсээ жагсаалтдаа оруулдаг. Тэр утгаараа жагсаалтын гишүүд тойрог өрсөлдөж байгаа нөхдөөс илүү үнэ цэнэтэй байдаг. Хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймагт өрсөлдөсөн 60 мянган сонгогчийн тал хувийн саналаар гарч ирж байхад жагсаалтаар сонгогдож байгаа нь /гурван саяын тал хувь гээд бодохоор/ сая 500 мянган хүнээс санал авч байж гарч ирнэ. Энд л чанарын ялгаа байгаа юм. Яах вэ, жагсаалтыг хаалттай байлгах уу, нээлттэй болгох уу, хүнд нь санал өгүүлэх үү, намд нь өгүүлэх үү гэдэг бол дараачийн асуудал. Сонгогч жагсаалтад бичигдсэн нөхдөөс нэгийг нь дугуйлчихсан байхад л Цэцийн гөрдөөд байгаа “Үндсэн хуулийн зөрчил” үгүй болчих юм шүү дээ. 

Гэвч харамсалтай нь үлдсэн 48 гишүүн нь нөгөө хэдийгээ “Намын жагсаалтаар гарч ирсэн цагаан гартнууд. Та нар бидэнтэй адилхан тойрогт очиж нанчилдаж үзсэн юм уу?” гэж сонгогчидтойгоо нийлж адалсаар байгаад унагаад авлаа л даа. Яг үнэндээ АН, МАН-аас намын жагсаалтаар гарч ирсэн 10, 10 хүнээс хэн нь, хэд нь хулгай хийгээд шоронд орчихсон юм /урагшаа харсан шинэчлэл өөрчлөлт болгоноос улдаж зугтаасан, хойш нь татсан нь бол олон л байгаа. Ялангуяа МАН-ын жагсаалтыг хараад үзээрэй/ Харин ч хамгийн том тойрогтой, хамгийн их мөнгөтэйнүүд нь л АТГ-ын хаалгыг элээж яваа биз дээ. Идсэн уусан нь ч байдаг л байх, ирэх жил сонгогдохоо бодоод тараагаад өгчихсөн нь ч бас байдаг биз.

“Женко” Баттулга л гэхэд төсвийн 30 тэрбум төгрөгөөр тойргийнхоо хоёр суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нутгийн удирдлагын ордон, 700 хүний багтаамжтай спорт заал бариулсан байна лээ. Гэтэл түүний “Шинэ сум“ төсөл хэрэгжүүлсэн Бууцагаан сумын хүн ам 2015 онд 3500, үүнээс сумынхаа төв дээр байнга оршин суудаг нь 523 байна. Төв аймгийн Сэргэлэн сумтай яг адил. 500 хүнтэй сууринд 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 700 хүний судалтай спорт заал бариулж байна гээд бод доо. Энэ эрүүл ухаан мөн үү? Гэтэл тэр хүний Монгол Улсад барьж байгуулж өгнө гэсэн нөгөө аж үйлдвэрийн парк, шинэ төмөр зам төсөл нь юу болсон билээ. Баянлиг сум 3600 хүнтэй, үүнээс 932 нь сумын төвдөө амьдардаг. Ердөө 1500 хүны асуудлыг шийдэхийн тулд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. Гэтэл 1,5 сая хүнтэй нийслэлийн авто замыг сайжруулахад үүнээс ердөө 3 дахин их буюу 90 тэрбум төгрөг зарцуулсан байдаг юм. Тойргийн улстөрч гэж үүнийг хэлээд байгаа юм. Улстөрчдийн хувьд тойрогтой байхын ач тус энэ. Тойрог жижигрэх тусмаа мөнгө идэх боломж улам нэмэгдэнэ.



Баянголын С.Эрдэнийг хар. Ардчилсан хувьсгалын партизан гэж сонссон, НДЕГ-ын дарга байсныг нь л мэдэх юм. Одоо Баянголд түүн шиг баян хүн алга. Уг нь Баянголчууд УИХ-ын хоёр гишүүнтэй дээ. Гэтэл одоо дүүргээрээ “С.Эрдэнийн тойрог” гэдэг албан ёсны нэртэй, хамжлага маягтай болсон. Сонгогчид нь ч гэсэн тэднээсээ дээрдэх юмгүй. Ойр ойрхон ирж загнуулдаг, гурил будаа, юухан хээхэн тараачихдаг, ядахдаа л цагаан сараар ирж золгоод явдаг “чих зөөлөнтэй” гишүүн хэрэгтэй болохоос биш тэнд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хэн нь хэнтэйгээ, юуны төлөө хэрэлдэж тулж байгаа нь нэг их сонин биш. Нэлээд хэсэгт нь шүү. Тиймээс л өнгөрсөн бүх сонгуулийн туршид “Улс төрийн нам юм бол намын түвшинд улс төр хийе, урт хугацааны бодлого хэрэгжүүлье, түүнийг нь өргөөд аваад явах хүмүүсээ нүүрнийхээ эгнээндээ гаргая” гэж ярьсаар, зүтгэсээр, УИХ-д суудалтай бүх намууд нь нэгдэж нийлж байж өнгөрсөн сонгуулиар арай гэж жагсаалтын 28-ыг оруулж ирсэн. Мажоритариасаа бүрэн салчихад сонгочдод нь ч, сонгуульд орж байгаа намуудад нь ч хэцүү байсан байх.

Гэвч энэ удаа хоёр том нам нь ярьж байгаад “оймсонд хавчуулагсдаас” салахаар шийджээ. Н.Энхбаяраас салах шаардлага намуудад байсан байж болно, гэхдээ ингэж л лав биш. Өөрсдөө илүү ахисан түвшний улс төр хийж байж л энэ хүнээс амар сална биз дээ. Ядахдаа л жагсаалтаа сайжруулаад, нээлттэй болгоод орсон бол Үндсэн хуулийн Цэц дээр унахгүйгээс гадна санал өгч байгаа сонгогчдод нь харгүй байх байлаа. Гэтэл одоо эргээд жалга довны 76 депутат, 76 Засаг дарга гарч ирээд улс орны эдийн засгийг самрахаар болчихоод байна. Бүгд нэг нэг өргөдөл бариад гүйнэ. Мөнгөтэйгээс нь гуйна, нөлөөтэйгээс нь гуйна, илүү эрх мэдэлтэйгээсээ гуйна. Тэгж явсаар бүгд хоорондоо аалзны тор шиг хэлхэлдэж, бие биендээ барьцаалагдаад төсвийн үр ашиг, эдийн засгийн өсөлт хөгжил падлий ч үгүй болно доо. Өөрсдөө сонгогдохын тулд улсаа дампууруулахаас буцахгүй 76 төсөв баригч гарч ирээд түймэрдэж өгөх байлгүй.

Ер нь Засгийн газар ч байхын хэрэггүй юм шиг билээ. Хуучин жижиг 76 байхад яг л ингэж явж ирсэн. Захын твитерчний хийсэн харьцуулалтыг хараад үзээрэй л дээ. Яг нарийндаа өнгөрсөн дөрвөн жил “АН төр бариад ингэж, тэгж хөгжүүллээ” гэж ярих гэж байгаа бол үгүй шүү. Муу ч гэсэн сонгуулийн тогтолцоогоо өөрчилсөн, пропорционалын элементийг бага ч гэсэн хавчуулсны л гай, гавьяа хоёр байлаа. Харин муу муухайг нь бол сонгуулийн тогтолцоондоо руугаа чихэх биш, намууд өөрсөд дээрээ нааж ярих учиртай юм.