Хүн, идэхгүй бол амьдарч чадахгүй.
Гэтэл бас идэхгүйн учир амьд яваа ч хүн гэж байна.
Мори Мичиё хэмээх Япон бүсгүй нэгэн хүнд өвчин тусчээ.

- Ойрд яагаад байн байн унаад байнаа???...

Их сургуулиа дүүргээд Осака хотод сувилагч багш дөнгөж болоод байсан Мори, толгой нь үе үе хүчтэй манарч эргэдэг болсноосоо хойш, хэдхэн алхаад л унаад байх юм гэнэ. Тэр нь явсаар эцэстээ алхаж ч чадахгүйд хүрчээ.

- Ямар өвчин тусчихав аа?

Осакагийн нэр алдартай эмнэлэгүүдийг дамжаад дамжаад, өвчнийхөө нэрийг ч атугай мэдэж чадсангүй. Гэсэн ч ахиад хэд хэдэн эмнэлэг бараадаж, олон шинжилгээ өгсөний хүчинд арай гэж ямар өвчин туссан болохоо мэдэж авав. Нугас, бага тархины өөрчлөлт (SCD). Энэ нь бага тархи уусан үхэждэг гэх аймаар өвчин бөгөөд, өдийг хүртэл бүрэн эдгэсэн тохиолдол нэг ч гараагүй найдваргүй өвчин юм гэнэ.

100,000 хүн тутамд 5 – 10 удаагийн тохиолдол бүртгэгддэг энэхүү өвчин нь одоо ч тодорхой эмчлэх арга олдоогүй, Японы нэн хүнд өвчний жагсаалтанд орсон өвчин. Ийм өвчтөнүүдийн амьд явах хугацаа нь 5 – 10 жил. Тухайн үед Мори 21 настай байлаа.

Нэгэнт цөхрөлийн буланд хашигдсан Мори гэнэт нэгэн хүнийг санав.

- Нээрэн тийм, нөгөө эмч дээр очъё.

Нөгөө эмч гэдэг нь өмнө нь ач тус болж байсан Кода Мицүо хэмээх эмч. “Хоол сойлт, хоол хасалтаар хүнд өвчнийг анагаадаг” гэдгээрээ алдартай нэгэн. Кода эмчид үзүүлтэл Мори гуайн гэдсийг л чагнаад байх юм гэнэ. “Уул нь миний гэдэс биш, тархи л өвдсөн юмсан” хэмээн гайхширч байтал, эмч “хоол сойлт, хоол хасалтаар сайжрах юм байна” гээд итгэлтэй нь аргагүй ам гарах нь тэр.

Төдийг хүртэл (европ анагаахын) эмч нараас “найдваргүй” гэхээс өөр үг сонсож байсангүй. Гэтэл Кода эмч л ганцаараа “сайжирна” гэх юм.

- За ашгүй, энэ эмчийг л дагаад байдаг хэрэг.

Өөдрөг эмчээс урам авч, Мори гуайн сэтгэлд найдвар аслаа. “SCD өвчнөөс салсан дэлхийн хамгийн анхны хүн болохын төлөө!!!”

Кода эмчийн эмчилгээ нь “түүхий ногоон хоол”. Түүхий хоол гэдэг нь халааж чанаагүй түүхий ногоо, жимс, хөц будаа зэргээр голлосон хоол.

Эмчилгээ анх эхлэх үед Мори гуайн өдөрт хоолноос авдаг илчлэг нь 900ккал хэртэй байж. Өнөөгийн анагаахын стандартаар бол, суурь бодисын солилцоонд зарцуулах энерги 1200 – 1400ккал гээд бодохоор, Мори гуайн түүхий ногоон хоол хамаагүй бага илчлэгтэй гэсэн үг.

Тэгтэл гайхалтай нь, тэгээд ч Мори гуайн жин ихсээд байх юм гэнэ. Орчин үеийн анагаахаар яагаад ч тайлбарлах боломжгүй жигтэй үзэгдэлүүд бага багаар өрнөх болов. Хоолоо багасгах тусам биеийн байдал дээшилж, алхаж ч чадахуйц болоод ирнэ. Харин их идэнгүүт буцаад муудчихна. Нэг иймэрхүү “муур хулгана болж тоглосон өдрүүд” хэсэг үргэлжилж, улам бүр хоолоо хассаар, үе үе хоол сойлт ч хийж үзнэ.

Ингээд Кода эмчийг дагасан 5 дахь жил дээрээ жинхэнэ утгаар нь хоолоо сойхоор болов. Бүхэл бүтэн 24 хоногийн турш үргэлжлэх хоол сойлтын эхлэл. Сул биетэй Мори гуайн хувьд урт хугацааны хоол сойлт гэдэг тун аюултай. Тийм ч учраас түүний бэлтгэл болгож 5 жилийг зарцуулсан хэрэг. Хоолоо сойсон 20-дахь хоногийн шөнө, тэрээр нэгэн сонин зүүд зүүдэлжээ. Яг л бурханд дуудагдсан юм уу гэмээр, бие нь хөөрөн нисээд байх юм гэнэ.

- Лавтай тэр өдөр л миний эд эсүүд бүгд дахин төрсөн байх.

Мори гуай тийн хүүрнэнэ. Түүнээс хойш SCD өвчнийх нь зовиурууд ирмэсэн мэт л алга болсон байв. Энэ бол төгс эдгэсний шинж байлаа. Тасралтгүй хоолоо хасч ирсэн Мори гуай эцэстээ өдрийн хоол ердөө ганц аяга ногооны жүүс (аожирү 60ккал) болж ирэв. Гэсэн ч тэрээр амьдарсаар л. Үгүй ээ, харин ч тэгсэнийхээ хүчинд л амьд явна. Өвдсөнөөсөө хойш 28 жил, ганц аяга ногооны жүүс уудаг болсноос хойш 17 жил. Эмнэлэгийн ямар ч үзлэгт орсон “хэвийн”.

- Жингийн илүүдэлдээ санаа зовох нь холгүй л явна.

Үзлэг хариуцсан эмчийн үгээр бол Мори гуайн ходоодны бактериуд нь “өвсөн тэжээлт амьтантай төстэй болсон” байна гэнэ. Клостридий гэх ходоодны бактери хүнд 0.1% л байх ёстой атал, Мори гуайнх түүнээс даруй 100 дахин их буюу 9.8% тай гарчээ.

Клостридий бол ургамлын мяндасыг боловсруулж, түүгээр уураг хийдэг. Хүний ходоод ургамлын мяндас боловсруулж чаддаггүй нь, энэ бактери цөөхөн байдагтай холбоотой бөгөөд, өвсөн тэжээлт амьтад клостридий ихтэй болохоороо боловсруулж чаддаг. Сонирхуулахад, хүний ходоод ургамлын мяндас боловсруулж чаддаггүй тул, мяндаслаг ногоо ахиу идэж турах арга ч бас байдаг.

Мөн, клостридий шиг уураг бүтээдэг бактериуд нь гэдсэн дэхь аммиакнаас амин хүчлийг (уурагны материал) ч гаргаж чаддаг. Аммиак гэхээр, шээс болоод гадагшилдаг хүнд хэрэггүй бас хортой эд (хог) боловч, клостридий нь тийм юмыг ч ашиглаж чаддаг гэсэн үг юм. Учир нь тэд аммиакнаас азот гарган авч чаддаг (шээс уух эмчилгээ ч үүнтэй холбоотой).

Удаан жилийн ногооны жүүсний амьдралын үр дүнд, Мори гуайн ходоод аанай л “үхэр” шиг болж, ургамлаас уураг нийлэгжүүлэхүйц болтлоо хувьссан нь тэр байв. Энэ бол ёстой нөгөө Папуа-Нью Гвинейн өндөрлөгт амьдрах хүмүүс булцуут ногооноос өөр юм идэхгүй хирнээ бадриун булиа болдогтой ижил жишээ юм. Дээр нь нэмээд Louis Pasteur анагаахын судалгааны төв Мори гуайн биеийн эсэргүйцэлд уулга алдав.

Биеийн дархлааны илтгэцүүр болох “интерферон α” нь ердийн хүнийхээс 4 дахин өндөр байна гэнэ. Энэхүү дархлааны бодис нь вирус болон хорт хавдар зэргийг дарлах нөлөө нь хүчтэй гэдгээрээ танигдсан бөгөөд, хорт хавдар зэрэг элдэв хүнд өвчнүүд эдгэдэг нь ч бас түүний “үг дуугардаг”-аас болдог юм гэнэ.

Төгсгөлд нь Мори гуай ийм нэгэн яриа дэлгэв.

- Диваажинд хүмүүс бүгдээр том тогоо тойрч суугаад, уртаа халбагаар бие биесээ хооллож байдаг юм. Харин тамд бол “би, би” гэсэн хүмүүс тэр урт халбагаараа өөрийнхөө аманд хоол зөөх гэж зүдэрдэг тул, эцэстээ асгаж цутгаад, үмх ч хоол идэж чадалгүй өлсөж зовж байдаг юм.

- Би л цадаад авъя гэдэг нь “там”. Бүгд цадаасай гэдэг нь “диваажин”. Ялгаа нь ердөө л энэ юм шүү дээ.

- Бүгд идэхээ багахаан тэвчээд, бусадтайгаа хуваалцахад л хангалттай юм.


Хүн төрөлхитөнтэй нүүр тулах хүнсний хомсдол, бас эрчим хүчний асуудлууд. Кода эмч “эцсийн эцэст бага идэлт л биднийг аварна” гэдэгт итгэж ирсэн гэх. Их бага гэлтгүй хоолоо хасах, үгүй ядаж тохируулж идэхийг хичээгээд байхад л, тэр нь бусадтайгаа хуваалцаж буй явдал болох төдийгүй, хий дэмий хоол хийж илүү эрчим хүч зарцуулалтыг ч хэмнэх тустай.

Ноорхойдуу хувцас өмсөөд, ердөө 300 иенээр (5400 төг) л гадуур үзлэг хийн явдаг байсан гэх Кода эмч.

- Эмч маань хэзээ ч өөрийгөө төвийлгөлгүй, цаг ямагт бусдын эрүүл мэндэд анхаарч, хоол сойлт, хоол хасалтыг түгээж ирсэн дээ.

Кода эмчийн ачийг түмэнтээ хүртсэн Мори гуай хүндэтгэлтэйгээр тийн өгүүлнэ. “Дэлхийг аврах ганц тус”. Үнэндээ туйлын гарын доорхи зүйл байх вий...