М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нарын “Эх оронч” эвсэл мандтугай!
МҮАН-ын дарга М.Энхсайхан, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбаттай ирэх сонгуульд эвсэж сонгуульд орохоор санамж бичигт гарын үсэгт зурж суугаа сонихон түүхтэй “дахин” учирлаа.
МҮАН-ын дарга М.Энхсайхан, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбаттай ирэх сонгуульд эвсэж сонгуульд орохоор санамж бичигт гарын үсэгт зурж суугаа сонихон түүхтэй “дахин” учирлаа. Эцсийн шийд гараагүй ч хариу нь бараг тодорхой. Учир нь Намын дарга М.Энхсайхан өөр аль нэг намтай эвсэхээр шийдсэн бол намынхнаасаа асуудаггүйсэн. Үүнийг арайхийн нэгдсэн Ардчилсан намыг чирж нам дотроо хэлэлцэж амжаагүй ч яаран Эвслийн Засгийн газар байгуулахаар МАХН-тай тохиролцоход харж суусан журмын нөхөд нь гэрчлэх биз.
Анхны ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Анхны ардчилсан Ерөнхий сайд М.Энхсайхан...сонин түүх шүү.
2004 оны наймдугаар сарын 20-нд 36 суудалтай МАХН, 34 суудалтай “Эх орон Ардчилал” эвслийн хамтарсан Засгийн газар байгуулагдаж эхлээд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилсон. Дараа нь М.Энхсайхан, Б.Эрдэнэбаттай хамтарч хуйвалдааны аргаар Ц.Элбэгдоржийг огцруулсан. Хоёр дахиа Ерөнхий сайд болчихлоо гэхээс давчдаж байсан хэсэг хүмүүс хожим нь түүнийг Ерөнхийлөгч болно гэдгийг төсөөлөө ч үгүй биз.
2005 оны арванхоёрдугаар сарын 20-нд М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хамтарч “Эх орон-Ардчилал” эвслийг задлав. Эвслийн Засгийн газар огцорч, МАХН овогт Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдлаа. Үүнийг тухайн үед Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байсан Н.Энхбаярын захиалга байсан гэдэг. Шагналаа ч авч “Лидерээр хахсан Засгийн газар” гэж өөрсдийгөө өхөөрдүүлдэг байв. Харамсалтай нь тэр “лидерүүд”-ийн хувь заяа уруудсаар...М.Энхсайхан сайн, муу санаалж явсаар яамгүй ч гэсэн сайдын суудлаас зүүгдээстэй, Б.Эрдэнэбат амьдаа Д.Эрдэнэбатдаа хэчнээн чухал үйлдвэрлэлийн ажил хийгээд байгаагаа гайхуулан гүйж явах юм гэж хэн санахав.
М.Энхсайханыг АН-аас хөөгдсөн тэр үед Э.Бат-Үүл “Би ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” гэсэн байдаг нь М.Энхсайханы олсон “илүү том цул” буюу очиж наалдсан тухайн үеийн МАХН-ыг нь хэлсэн хэрэг байв.
2006 оны нэгдүгээр сарын 11-нд МАХН-ын Удирдах зөвлөл Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахаар шийдэж, Засгийн газрын гишүүддээ огцрох өргөдлөө бичих тушаал өгсөн байдаг. Ердөө хоёрхон хоногийн дараа Их эвслийн Засгийн газрыг УИХ дахь МАХН-ын гишүүд, Ардчилсан намаас урвасан дөрвөн гишүүний хамтаар огцрууллаа. М.Энхсайхан, Н.Энхбаяр, Б.Жаргалсайхан нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөнөөс хойш өрсөлдөгч хоёр нь ялагч Н.Энхбаяртаа хязгааргүй хайртай болж гайхаш төрүүлсэн. Н.Энхбаярыг 2009 оны сонгуульд ялагдахад Б.Жаргалсайханы “хайр дуусаж”, М.Энхсайхан живж үхэхдээ зуурах сүүлчийн ганц бургасаа орхиж чадаагүй. Өнөөдөр тэдний нөхөрлөлийг Н.Энхбаярыг шоронд хоригдсон, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр уучлуулж амь наана, там цаана гарч ирсэн тэр өдрүүдээр цэглэхээс өөр аргагүй болоод байгааг нуугаад яах билээ. Гэтэл Н.Энхбаяр “Алтангадас”-ын “эзэн” Н.Энхбаяртай гэрээ хийж байсан шиг М.Энхсайхан ч “Эх орон” гэдэг мартагдсан нэрийг сануулж, үйлдвэрлэгч даргыг нь улс төрд амь оруулж эвсэж сонгуульд орохоор гэрээ байгуулж буйгаа зарлав. Энэ нь МАХН, МАН нэгдэнэ гэх ярианы цуурайнд “амьд үхдэл” болохыг хүсэхгүйн учир ямар нэг хөдөлгөөн хийхээс аргагүйд хүрснийх болов уу.
Дашрамд сануулахад нэгэнтээ МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮАН-ынхаа гишүүдийг намдаа уриад байгаа сураг гараад өнгөрсөн. Сандрахдаа сайд Ц.Цолмон лав МАХН руу гүйж ороод элсчихсэн юм даг. Тав дах нам нь байна уу, тавь дахь нь байна уу, түүнд хамаагүй байсан хэрэг л дээ. Тэрүүхэндээ нам гүм болоод өнгөрсөн энэ “шилжилт” ч ирээдүйн энэ задралтай холбоотой байсан бололтой. Ямартай ч Н.Энхбаярын нөхцөл байдал маш хүнд байна. Хамгийн дотнын хүмүүс рүү нь улангасан дайрч, халаас, оффис, байгаа бүхэн рүү нь довтолж буй. Харин М.Энхсайхан Монгол төрийн сайд, бүтээн байгуулалтын төлөө чөтгөртэй ч эвсэж мэдэх ариун бүрэлбаа болж үлдэхээр ихэд хичээж байна.
Ийм хэмжээний түүхийг бол олон нийт мэднэ. Харин “хөшигний цаана” М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар ямар холбоотой болох талаар өөрийгөө “Улс төрийн амьд архив” гэж өргөмжилдөг, харин улс төрийн хүрээнд бол “Өндөр түвшний хорчин, улс төрийн Яго” гэгддэг Нүрзэдийн Дугар гэгч далан нас дөхсөн нэгэн эрхэм “Өдрийн сонин”-ы 2006 оны хоёрдугаар сарын 17-ны 041 дугаарт түүнтэй хийсэн ярилцлага архивт үлджээ.
Үүнд Б.Эрдэнэбатын захиалгаар М.Энхсайхан АН-ын дарга болсон. Тэр тохиолдолд л хамтарч эвсэл байгуулна гэх тохироо хийсэн байсан тухай, сонгуульд ялбал Б.Эрдэнэбат УИХ-ын дарга, М.Энхсайхан Ерөнхий сайд болох албан тушаалын тохиролцооны талаар үүнээс ИЗН-ын дарга С.Оюун эмэгтэй хүнээс гарамгүй зориг гарган хаширлаж бултаад “Алтангадас”-тай эвссэн гэх зэрэг сонирхолтой “үлгэр”-ийг зөвхөн Н.Дугар гэдэг ам гэрчтэйгээр өгүүлсэн байдаг юм.
Одоо энэ бүхэн сонин биш. Ямартай ч тэдэнд ирэх сонгуульд эвссэнээрээ эрх мэдэл,албан тушаалд хүрэх нь хамгаас чухал. Гэхдээ олон нийтэд юугаараа ач холбогдолтой юм бэ гэж үү. Ганцхан л чухал зүйл бий. Нэгэн үе Н.Энхбаяр гэдэг “мангас”-аас л салгаад өгвөл тэр хүнийг баатар болгосон ч яахав гэдэг байсан үе бий. Үүний нэгэн адил улс төрийг, тэр тусмаа Ардчилсан намыг “Алтангадас”-аас салгаад өгөх хүч энэ хоёрт бий гэдгийг чамлаж болохгүй.
Үүгээрээ л одоо хэр нь тэр хоёрын эвсэх эсэх нь анхаарал татаад байгаа юм. Түүнээс биш хоорондоо ямар тохироо хийсэн нь сонин биш. Угаасаа УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Б.Эрдэнэбат УИХ-ын дарга, М.Энхсайхан Ерөнхий сайд болоогүй биз дээ...
Хэрэв Б.Эрдэнэбат ой санамжаа алдаагүй бол М.Энхсайхан бол Монгол Улсын сайд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “дор” ч бай, “дээр” ч бай, яалт ч үгүй танхимынх нь гишүүн гэдгийг мэдэх тул гэнэдэхгүй биз. Мөн хашир улстөрчийн хувьд Н.Энхбаяраас “даалгавар” аваад тангараг тасарсан дүр эсгэнэ үү гэхээс юу юугүй муудалцаж салах нь аюултай гэдгийг Үндэсний аюулгүй байдлын “алтан зарчим”-аас илүү мөрддөг нэгэн гэдгийг мартаагүй гэж найдъя.