Казино ба Монголын улстөр
Хүн, хөзрийн муушиг хоёр анх Дорнодод үүссэн юм гэнэлээ. Аль нь түрүүлж үүссэн нь тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг маргаантай.
Анх 1996-2000 оны УИХ-ын үед одоогийн “Чингис” зочид буудалд хууль бус казино ажилладаг байв. “Төрийн ордонд чуулганы ирц хүрэхгүй байхад зарим орой парламент танхимаараа “Чингис” зочид буудалд нүүгээд ирчихсэн юмшиг байдаг байлаа” гэж чөлөөт цагаараа тэнд диллерээр ажиллаж байсан нэгэн уран бүтээлчийн дурсамж бий. Улстөрд тарьсан казиногийн балагийг МАХН ч, АН ч амссан. 1996-2000 оны УИХ Казиногийн хууль баталсан. Уг хуулийн дагуу явуулсан казиногийн тендерийг будилуулж, авлига авсан хэргээр УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьсон билээ. Энэ нь Монголын түүхэнд 1937 оноос хойш өндөр албан тушаалтнуудыг цагдан хорьсон, бас шүүхээс ялласан хамгийн эхний тохиолдол байв. Энэ явдлаас үүдэн тухайн үеийн эрх баригчдын нэр хүнд олон түмний дунд унаж “Ардчилсан холбоо” эвсэл албан бусаар задарч эхлэв. Эвслийн задралаар зогсохгүй Ж.Наранцацралт агсны тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахад олонхи өөрсдөө ихэд санаачилгатай идэвхийлэн оролцож “казиногийн хэрэг”- ийн хорслоо тайлсан юм. УИХ-ын гишүүн болсныхоо дараа нэр дэвшсэн намаасаа өрх тусгаарлан өөр нам байгуулж болдгийн жишгийг ч казино эхлүүлсэн. ИЗН-ыг үүсгэн байгуулагчид болох С.Оюун, Х.Хулан, Ц.Ганхуяг нар бол Казиногийн хуулийг хүчингүй болгоход гол үүрэг гүйцэтгэснийхээ төлөө тухайн үеийн олонхи /МҮАН/-оос шахагдсан, парламент дотор нам байгуулсан анхдагчид юм. Тэднээс гадна одоогийн нийслэийн АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Д.Хувьтөгөлдөр тэргүүтэй хэсэг гишүүд ч парламентын олонхи дотор МоАН гэж нам байгуулж байлаа. Ингэж гурав тасарсан эрх баригчид 2000 оны сонгуульд ердөө ганцхан суудал авсны шалтгааныг судлаачид “казиногийн хэрэг”, С.Зориг агсны эзэнгүй аллага, Засгийн газраа унагааж болон парламент дотор нам байгуулж тоглосон цуврал тоглоомтой нь холбож тайлбарладаг.
МАХН ч казиногос хол хөндий байгаагүй. Дээр өгүүлсэн “казиногийн хэрэг”-т тухайн үеийн МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Энхмандах холбогдож шүүхээр шийтгүүлсэн. Түүнийг зарим хүн “Б.Энхмандах намаа төлөөлсөн болохоос холбогдсон жинхэнэ эзэд нь өөр хүмүүс байсан” гэж одоо ч ярьдаг. Казинотой сүжирсэн МАХН-ынхны дараагийн түүх 2004-2008 оны парламентад тохиов. “Казиногийн хэрэг”-ээр хоригдсон С.Батчулуун, Д.Энхмандах, Д.Баттулга, Б.Энхмандах нар хувийн компаниас хувьдаа болон намдаа авлига авсан бол МАХН-ын гурван гишүүн төрийн мөнгөөр казино тоглосон хэрэгт унав. УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нар төрийн өмчийн “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглолцсон хэргээр удтал шалгуулсан юм. Энэ зуур тэдний нэр холбогдсон казиногийн дуулиан мөн л парламент дотор орж ирж улстөр боллоо. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, М.Энхболд нарын зөрчил гүнзгийрч байсан үед мандсан казиногийн уг дуулиан МАХН доторхи “Элсний 13”-ыг хүчирхэгжүүлэв. Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар Ерөнхий сайдын “хотын бүлэг”-т шууд болон шууд бусаар багтдаг нь М.Энхболдод халгаатай тусч, түүнийг намын дарга, Засгийн газрын тэргүүнээс зэрэг буулгахад энэхүү казиногийн дуулиан гол тулгуур болсон юм.
Казино тойрсон энэ хоёр үйл явдал өөр өөр цаг хугацаанд тохиож, хоёр ч Засгийн газрыг огцруулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн ч өрнөл, үр дүнгээрээ ялгаатай. АН-ынхан казиногийн хэргээр гурван гишүнээ УИХ-аас түдгэлзүүлж улмаар шүүх ялласан бол МАХН-ынхан груван гишүүнээ хоёр ч удаа УИХ-ын гишүүнийх нь дархан эрхтэй авч үлдэж чадсан юм. Улмаар тэдний хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. АН-ынхан нам нь задарсан, сонгуульд ялагдсан гээд казиногийн балгийг хангалттай амссан бол, МАХН-ынхан бараг хохирол амсаагүй. Казиногийн дуулианаас болж МАХН-ынхан сонгуульд ялагдаагүй, энэ хэрэгт шалгуулж байсан гурван гишүүнийх нь нэг дахин УИХ-д сонгогдож, нөгөө нь сайд болж , гурав дахь нь тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон дэвшцгээсэн билээ.
Казиногийн хуулийг хүчингүй болгож, гурван гишүүнийг шоронд хорьсны дараа монгол казиночдын цуваа Солонгос, Макаог руу чиглэлээ. Улстөрчдийн болон Монголын баялагаар хөл дээрээ боссон шинэ үеийн хөрөнгөтнүүдийн казинод алдсан мөнгийг тоолоод баршгүй. “Чи л лав сайхан гурван өрөө байр авчих мөнгөө хүүхнүүдэд зориулсан байх аа” гэж хүүхэмсэг нэгнээ найзууд нь цаашлуулжээ. Гэтэл мань эр нэлээн бодож байснаа “гурван өрөө байр нь ч юу юм бэ, ганц сайн Ланд-ын мөнгө ч явсаан” гэсэн гэдэг. Үүн шиг манай улстөрчид уул уурхайхан голдуу бизнесмэнүүд Монголын эдийн засгийг дээш татчих биш юм аа гэхэд хямралын үед эдийн засгийг тэтгэчих хэмжээний мөнгийг гаднын казинод алдсан л байх. Хүн өөрийн хөрөнгө, хуримтлуулсан мөнгөө яаж зарж үрэх нь хувийн хэрэг. Гэхдээ л монголчуудын хөлс хүчээр босгосон хөрөнгө, Монголын баялагийг олборлож олсон мөнгө, ард түмний татвараар бий болсон өндөр цалин гаднын казинод биш, эргээд Монголдоо үлдэж, монголчуудынхаа төлөө зориулагддаг байвал сайнсайн. Гаднын казинод алддаг энэ их мөнгөний урсгалыг дотооддоо үлдээх хоёр л арга бий. Нэг бол казино тоглохгүй байх, үгүй бол Монголдоо казино байгуулах. Зарим хүн алдахгүй, харин ч казиногоос мөнгө хожиж Монголдоо авчирдаг гэх байх. Гэтэл казиногийн алтан дүрэмд алдахгүй байх ганцхан л арга байдгийг ном товхимолд тэмдэглэсэн байдаг. Тэр нь ердөө тоглохгүй байх л юм билээ. Монголдоо казино байгуулах гэхээр УИХ дэмждэггүй. Тэгсэн хэрнээ УИХ-ын гишүүд нь өөрсдөө гадагшаа явж тоглоод байдаг. Монголд казино байгуулах хуулийн төсөл гурав дахь удаагаа парламентад орж иржээ. Үнэндээ бол санаачлагч гишүүдийнх нь нэрс л өөрчлөгдсөн болохоос өмнөх парламентад унасан хуучин төсөл байна лээ. Өөрөөр хэлбэл, нисэх онгоцны чөлөөт бүст байгуулах хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл бөгөөд үүнийг “Мориннуур” гэдэг компанийн захиалгаар Д.Загджав зүтгүүлж байгаа юм гэсэн хардлага Хан-Уул дүүргийн Засаг дарга байхад нь ч түүнийг дагаж байв.
Уг нь орж ирж байгаа мөнгө, жуулчдын урсгал, ажлын байрны хүртээмж, тэдэнд олгох цалингийн хэмжээг харвал казино гэгч улс орны эдийн засагт ч, айл гэрийн амьдралд ч хэрэгтэй юмшиг. Чухамдаа хэрэггүй байтлаа л ОХУ-ын Ерөнхийлөгч дөрвөн бүст казино байгуулах зарлиг гаргаж, хятадууд Макао-гийн казиног өргөжүүлж, казахстанууд казиногийн хоёр тусгай бүс байгуулах байсан гэж үү. Эдгээр улс одоо манайд төсөл нь явж байгаа шиг хязгаарлагдмал казино байгуулж байгаа юм. Хязгаарлагдмал казино гэдэг нь тодорхой байрлалд төвлөрсөн, дээд зэргийн хяналт, хамгаалалттай, тухайн улсын иргэдэд үйлчилдэггүй юм байна. Жишээ нь, Монголд хязгаарлагдмал казино байгууллаа гэхэд тэнд монгол иргэд орж тоглох эрхгүй гэсэн үг. Даанч манайд сайхан хуулийг сайн хэрэгжүүлж чаддаггүй болохоор эрхэм улстөрч, бизнесмэнүүд “би монгол хүн биш, дарга” гээд л ороод суучих байх. Эсвэл хүүхэд, эмэгтэйчүүдийг өршөөнө гэж байгаад албан тушаалтнуудыг өршөөчихдөг шигээ яг хуульчлахаараа монгол хүн тоглох эрхтэйгээр баталчихаж чадах л юм. Хэрвээ хуулиа барьдагсан бол манайх шиг аялал жуулчлал нь улирлын чанартай улс оронд өндөр зардалтай жуулчдыг жилийн 365 хоногийн турш татахад казино хэрэгтэй. Харин нийгмийн сэтгэл зүй бүрдсэн эсэхийг мэдэхгүй юм. Бүрдээгүй байлаа гэхэд лав л гурван гишүүнийг хорьж байсан 2000 оныхоос дээрдсэн байх.Жуулчдад зориулж гаргасан зардлаа жуулчдаас тав дахин нугалж авч чаддаг бизнес казиног л тойрч байдаг юм гэнэлээ
БОЛД