Муу дарс ууна гэхэд амьдрал даанч богинохон юм даа.
                                           Гёте


Хойтон Астанад зохиогдох “Дэлхийн экспо 2017”-д Монгол Улс оролцох гэнэ. Техник, технологийн ололтоо урлаг, уран сайхантай хослуулан улсаа сурталчилдаг бөмбөрцгийн үзэсгэлэнд бид юугаа үзүүлэхийг мэдэхгүй. Цогтой эх орончин-улстөрч эсгий таавчгаас цааш үндэсний үйлдвэрлэл үгүй гэдгийг зарласан юм хойно ичих нүүрэндээ таавчиг наах биз. Аль XIX зуунд л “Аж үйлдвэрийн хувьсгал”-ын тайз болсон дэлхийн арга хэмжээнээс хүн төрөлхтөн хаана яваагаа хардаг. Худалдаа арилжааны олон шийдвэр эндээс гарч “дэлхийн стандарт” болсоор ирсэн. Тэдний нэг нь 1855 онд III Наполеоны бий болгосон Бордо (Bordeaux) мужийн дарсны ангилал. Тэр жил Парист болсон үзэсгэлэнд олон орон зүсэн зүйлийн дарстай ирснийг харсан Шарль Луи Наполеон дарсанд зэрэглэл тогтоох мэргэн санаа олжээ. Гэхдээ зөвхөн Бордо мужийн Медок нутагт ургасан усан үзмийн дарсыг бусдаас онцолж таван чансаа (крю) тогтоосон нь одоо ч мөрдөгдөж байна. Тэрбээр суут өвөг эцгийнхээ үйлсийг үргэлжлүүлэх чин хүсэл тээгээд төдий амжилт олоогүй ч Францын улаан дарсны чанарыг баталгаажуулан авч үлджээ.

Бордо-Сайхан

Монголчууд “архи дарс” гэж ярьдаг боловч саяхныг хүртэл дарс ууж байсангүй. Хуучин архин заводын дарс гэж байсан ч амжилт олоогүй. Хүнтэй нас чацуу шахам дарсыг хүн бүхэн исгэж чаддаггүй нь гачлантай. Бас гадны ямар нэг нэмэлтгүйгээр өөрөө исэлдэж сайн чанарын дарс болдог жимс ч ховор. Ерөөс дэлхийн хойд өргөргийн 40-50, өмнөд өргөргийн 30-40 градуст багтах бүсэд л усан үзэм тариалдаг. Түүнээс дээд зэрэглэлийн дарсны түүхий эд болдог нь ч тоотойхон. Тиймээс л III Наполеон Бордогийн багахан хэсэг-Медокт тариалдаг усан үзмийг онцолсон юм. Монгол хүнд ойлгомжтой тайлбарлая гэвэл айргаар жишээ авах юм даа. Ухаан нь, Монголын төв нутгийнхан л айраг исгэдэг. Тэр дундаа Булганы айраг бусдаасаа илүү гэдэгтэй маргах хүн үгүй. Булган Булгандаа Сайхан сумын айрагтай зэрэгцэх сайхан нь хаана билээ. Сайханы айраг сумынхаа нэрэнд биш тэр нутгийн өвс ургамал, цаг агаарын онцлогоор л “сайхан” болдог. Усан үзэмд ч мөн адил хөрс, ус, дулаан, нарны илч шууд нөлөөлдөг болохоор Медокийн дарс бол биднийхээр Сайханы айраг юм даа.

 Дарс-Хөөрөг

Тариа ногооны ажилд харцын нэр уяатай байдаг бол усан үзэмд язгууртны алдар зүүлттэй явдаг. Медок нутаг Каберне Совиньон, Каберне Франк, Мерло сортын улаан дарсаараа алдартай. Ийм дарсны шошго дээр château (шату) гэж бичээтэй бий. Энэ нь францаар “шилтгээн” гэсэн утгатай юм. Анзаарсан бол ийм шату дарс дээр эртний шилтгээний дүрс байдаг. Дарс исгэх үйлийг Францын өндөр дээд язгууртнууд эртнээс эрхэлдэг байсны учир өдгөө хамгийн үнэтэй, алдартай дарс аль нэгэн шатугаар овоглодог. Жишээ нь, Медокийн Шату Лафит, Шату Латур, Шату Марго, Шату О-Брион, Шату Мутоны дарс III Наполеоны бий болгосон дээд ангилалд багтжээ. Ойлгомжтой болгох үүднээс дахиад жишээ авъя, энэ удаа хөөрөг илүү зохимжтой байх. Монголчууд хөөргийг хөрөнгийн дайнд үнэлдэг. Чулуу, толгой нь ямар чулуу байхаас үнэ хамаардаг боловч хэн эдэлж байсан нь хамгийн чухал. Хаш хөөрөг элбэг, харин аль нэг хутагт хувилгаан барьж байсан бол үнэ нь хадна. Үүн лүгээ адил Каберне Совиньон, Каберне Франк, Мерло сортыг хаана ч ургуулаад дарс исгэж болно. Харин Медокийн аль нэг шатугийнх бол бусдаас үнэтэй. Яагаад гэвэл III Наполеон зүгээр ч нэг ангилал тогтоочихсонгүй. Дарс бэлтгэх эртний уламжлалаа чанд баримтлахыг шаардсан, түүнийг нь өнөө ч мөрддөг бас шалгадаг. Нэг га талбайгаас хураах усан үзмийн дээд хязгаарыг хатуу заачихсан болохоор бут бүрээс 3-4 багцыг л авна. Тэгэхээр газрын гүнд 12-15 метр хүртэл шургасан үндэс нь хөрсний 3-4 давхаргийн охь шимийг цөөн тоотой жимсэндээ чинэртэл нь шахна гэсэн үг. Үнэ цэн болоод ховор нандин байдгийн утга учир нь энэ юм даа.

Хугацаа-Үнэ

Ховор нандин дарс супермаркетийн лангуун дээр үзэгдэхгүй. Харин төрөлх шатугийнхаа зооринд олон жилээр дараатай хэвтдэг. Дарсны зоорь 16-18 градус дулаантай, нарны гэрэл тусахааргүй байх ёстой. Шинэ царсан торхонд исгэсэн дарсаа лонхонд юүлж ургац хураасан оноо бичээд тусгай тавиурт өрж тоос шороог нь үргээхгүй орхино. Нэг удаа дарс исгэсэн торхыг дахин ашиглахгүй гэх мэтийн нарийн дэг жаяг их. Ийм дарсыг цуглуулагч, хорхойтнууд худалдаж аваад хугацааг нь гүйцтэл зориулалтын зооринд хадгалдаг. Ажил үйлс нь өөдрөг яваа, өөрийгөө үнэлдэг барууны хүмүүс ийм дарсны цуглуулгатай байх нь элбэг. Энэ дарсаасаа зочиндоо баривал хүндлэлийн дээд. Францаас оруулж ирдэг дарсны 80 хувийг борлуулдаг World wine дэлгүүр энэ жил дарс хадгалах зориулалтын зоорьтой болжээ. Тоосонд дарагдсан дарс дунд хорь гучин жилийн дараа болц нь гүйцэх нялх нь ч байна, одоо задлаад тамшаалах нас гүйцсэн нь ч байна. Долоон саяас зуун мянга хүртэл үнэтэй. Эдний зоориноос арав хорин жилийн дараа задлах дарс худалдаж аваад нэрийн шошгоо зүүгээд орхисон хүмүүс байна. Ухаан нь, хосуудад хуримын бэлгэнд нялх дарс өгөөд энд хадгалуулжээ. Урт нас, удаан жаргалыг бэлгэдсэн ийм бэлэг тун өвөрмөц. Энэ зооринд байгаа 2006 оны ургацын Шату Петрюсийн дарсыг 2040 онд задалж болно. Харин одоо худалдаж аваад хадгалчихвал 25 жилийн дараа үнэ нь дор хаяж 10 дахин өснө. Цаг хугацаа өнгөрөх хэрээр үнэ нь өсдөг нэгэн төрлийн капитал юм даа. 
           
 Хундаганы үг

Нэг үеэ бодвол монголчууд дарс уудаг болжээ. Улаан, цагаан, ягаан дарсыг хэзээ, хаана, хэрхэн хэрэглэх тухай захын хүн заалгахааргүй хэмжээнд хүрчихсэн. Германы Sangria-аас эхтэй дарсны өргөн хэрэглээ соёл болох замдаа орчихож. Хэдхэн жилийн өмнө ресторанд ороод “Bordeaux байна уу” гэхээр зөөгч нь өөдөөс “Бордокс дууссан” гэж байснаа бодвол ядаж нэрийг нь зөв дууддаг болчихлоо. Аль ч рестораны цэсэнд дарс өнгө өнгөөрөө эгнэн харагдаж байна. Зуун зуунаар яригдах түүхтэй дарсыг хорихон жилийн дотор монголчууд хэрэглэж сурахад World wine дэлгүүр гол үүрэг гүйцэтгэжээ. Нарны илч, газрын шим, хурын дээж, хүний ухааны охь болсон дарсыг сөгнөн таашаалын дээдийг хүртэх болтугай.  “Дарс хүний сэтгэлийг баяр хөөрт умбуулдаг, баяр хөөр бол бүх буяны ундарга бөлгөө” хэмээн эрхэм хүн Гёте хэлснийг үүгээр уламжилъя. Харж, үнэрлэж, амталж, халамцаад буян бүхнийг гүйцээх болтугай!  

Алга дарам газар. Хамгийн шилдэг Бордо дарс исгэдэг Медок нутаг Францын газар нутгийн багахан хэсгийг эзлэдэг ажээ.


Хөрөнгө. Францын эртний шилтгээний зоорийн стандартыг хангасан энэ газар 50 орчим шатугийн 200 гаран дарс болцоо гүйцэж, эзнээ ирэхийг хүлээн исэж байна.


Үнэ цэн. Зоорийн нандин эрдэнэсийн нэг нь 2006 онд хураасан ургацаар Шату Петрюс шилтгээнд исгэсэн энэ дарс юм. Хорин таван жилийн дараа энэ дарсны үнэ сайн машиныхтай тэнцэнэ.