Хоньчин алагдлаа, чоно ирлээ, хонийг хэн хариулах вэ
Монголын төр хонио чоноор мануулаад удлаа. Ингэж шүүмжилсээр хоньчинтой болжээ. Гэтэл хоньчин алагдлаа. Чоно ирлээ. Хонийг хэн хариулах вэ...
Монголын төр хонио чоноор мануулаад удлаа. Ингэж шүүмжилсээр хоньчинтой болжээ. Гэтэл хоньчин алагдлаа. Чоно ирлээ. Хонийг хэн хариулах вэ...
ТӨХ-г татан буулгах асуудлыг ирэх долоо хоногт яаравчлан хэлэлцэх бололтой. Шинэ жилийн баяр ойртсон, мөн сонгуулийн өмнө намууд, улстөрчид өөр хоорондоо барьцаалагдсан энэ цаг мөчид дээрх асуудлыг шийдэхээр яарсан нь санхүүгийн эрх мэдэлгүй бол эрх мэдэл юу ч биш юм байна гэдгийг ухаарсных юм болов уу. Аль ч Засгийн газрын үед, тэр тусмаа аль ч улсын Засгийн газар төрийн өмчийг эрх мэдэлдээ байлгах хүсэл байдаг. Тиймээс төрийн өмчийг хамтын шийдвэрээр, манай улсын хувьд УИХ-ын шийдвэрээр хаана, хэрхэн өмчөө байрлуулахаа шийддэг байх зарчим голлодог. Харин хамтарсан, эвссэн Засгийн газрын үед энэ зарчмаас хазайх оролдлого хийх төдийгүй үгсэн хуйвалдах замаар, алхам алхмаар сарниулах тактикаар эрх мэдлийг сааруулж өмчийг эзэнгүйдүүлэх тактик ажиглагддагийг 1996 оны өмч хувьчлалаас хойш хангалттай харж байна. Энэ байдал 2012 оны сонгуулиас хойш улам тод харагдаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн өмчийн хороо гэдэг гурван байгууллагаар мөн ч их оролдлоо. ТӨХ-г татан буулгаж Сингапурын “Темасек”-ийг дуурайлгаж корпораци болгоно гэж хэсэг оролдоод шийдвэрээ цуцалсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүтэй холбоотой зарим эрх мэдлийг Сангийн яаманд шилжүүлсэн нь одоо “Буцаасан нь дээр” гэх шүүмжлэлтэйгээр цуцлагдаж мэдэхээр байна. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцсэн хэчнээн ч томилгоо маргаан дагуулж шүүхэд очсоныг тоолж баршгүй боллоо.
Харин ирэх долоо хоногт Төрийн өмчийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх магадлалтай гэж эх сурвалж мэдээллээ. Өмч хувьчлалын хоёр дахь давлагаа гэж нэрлээд байгаа энэ өөрчлөлт төрийн өмчийн хувьд савлагаа болж мэдэхээр байна. Үүнтэй холбогдуулж хэлэхэд “Төрд өмчлөөд байхаар зүйл үлдээгүй” гэх УИХ-ын дарга З.Энхболдын тоомжиргүй үгээс хариуцлага эрэх хэрэгтэй болов уу. Тэрбээр энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа “Төрийн өмчөө үндсэндээ хувьчлаад дууссан учраас Төрийн өмчийн хороог татан буулгая гэх мэт хэмнэлтийн саналууд орж ирсэн. Тэр болгоныг УИХ дэмжээд гаргах нь зүйтэй” гэсэн байна.
Төрийн өмчид одоогоор 88 аж ахуйн нэгж буй ч тэдгээрийн өмчийн хэмжээ, үл хөдлөх хөрөнгийн болон бусад үнэлэмж улам бүр өсөөд байхад “Өмчгүй” болж байгаа гэж хэлэх эрх УИХ-ын дарга, ТӨХ-ны экс даргад бий гэж үү.
Үнэн хэрэгтээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, эдүгээгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар санал нэгтэйгээр ТӨХ-г тараах бодолтой байгаа нь эртнээс анзаарагдсан. Тэдний саналыг МАН-ын хэсэг бүлэг гишүүн ч айхавтар дэмжиж буй. Харамсалтай нь одоо тэд ТӨХ-г тараасны дараа яахаа ч сайтар тооцоолоогүй хэрнээ “Эхлээд ТӨХ-г татан буулгая, дараа нь учир нь олдоно” гэсэн сонгууль угтсан ахар бодлоор асуудалд хандах болж ийнхүү яаравчилж эхэллээ.
ТӨХ-г татан буулгахын өмнө эхлээд эрчим хүчний компаниудад ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийв гэдгийг анхааралтай ажиглахад буруудахгүй. УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталж, хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн зохион байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан. Үүнд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн нийт хувьцааны 70 хувийг хувьчлахаар энэ тогтоол тусгасан байдаг. Тэгсэн хэрнээ Засгийн газрын 2015 оны арваннэгдүгээр сарын 24-ний хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийн төслийн ажлыг шуурхай хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан тус төслийн нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмаар шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Мөн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг гүйцэтгэхээр шалгарсан компанитай гэрээ байгуулж, төслийг 53.8 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосон.
Мөнөөх УИХ-ын 70 дугаар тогтоолоор “Шивээ Овоо” компанийн нийт хувьцааны 51 хувийг мөн хувьчлахаар заасан. Гэтэл 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд Засгийн газрын хуралдааны мэдээнээс “Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр ханган нийлүүлэх ажлын хүрээнд “Шинэ Шивээ” ХХК-тай хэлэлцээр хийж, 2015 оны IV улиралд багтаан хамтарсан аж ахуйн нэгж байгуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд, тус цогцолборыг нүүрсээр найдвартай хангахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа” гэсэн байна.
Засгийн газар яагаад өмчийн талаарх хамтын шийдвэрээс зайлсхийж улам тусгаарлахыг хүсэх болов, яагаад бодлого тодорхойлох сайд нар хувьцаа эзэмшигчийн үүргийг хэрэгжүүлэхээр улайрах болов. ТӨХ байхгүй бол бидний хараат бус байлгахыг хүсдэг шүүх байгууллага хүртэл санхүүжилтээ авахын тулд хэн нэгний ашиг сонирхолд очиход хүрнэ. Муугаар бодоход, жишээ нь Сангийн яамнаас санхүүжилтээ авдаг шүүх яаж Сангийн сайдад холбогдох хэргийг шударгаар шүүнэ гэж итгэх юм бэ.
Хэрэв Төрийн өмчийн корпораци байгуулсан бол удирдлага нь “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан бололтой саналыг нэлээд хүчтэй зүтгүүлээд гэнэт ухарсан. Компанийн засаглалын зарчмаас гадна эрх мэдлийн төвлөрлийн аюул нүүрлэхээр яадаг талаарх өмнөх жишээнүүд ч анхааруулга болсон байж болох юм.
Б.Бямбасайханы хувьд стратегийн ордуудын төрийн өмчийг эзэмшигч “Эрдэнэс Монгол” компанийн тав дахь Гүйцэтгэх захирлаар томилогдоод байгаа. “Эрдэнэс Монгол” компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 100, “Оюутолгой” ХХК-ийн 34, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 51, “Шивээ Овоо” ХК-ийн 90, “Багануур” ХК-ийн 75 хувийг тус тус эзэмшдэг Монголын хамгийн том компани юм. “Эрдэнэс Монгол” компанийн ирээдүйн стратеги нь компанийн засаглал, бүтцээ сайжруулж, Сингапурын төрийн өмчит “Темасек” компанийн загвараар хөгжиж, үндэсний томоохон корпораци болохоор тооцоолж, ингэснээр “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-д юуны түрүүнд өөрчлөлт оруулан, өдөр тутмын үйл ажиллагаа болон санхүү нь Засгаас хараат бус болгох, улмаар “Эрдэнэс Монгол”-ыг олон нийтийн нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх гэсэн гоё төлөвлөгөөг ярьж байв.
Сингапурын хувьд Ерөнхийлөгч нь Темасекийн тогтолцоонд чухал байр суурьтай оролцдог шиг манайд бол хэн нь тэрхүү салбар бүрийн яаман дээрх ТӨХ-ны тасархайг цуглуулж өмчийг нь тоолж бүртгэн, хадгалж хамгаалж явах вэ гэдэг нь тун ярвигтай. Тэр тусмаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг “танах” гэж байснаа санхүүгийн ийм их эрх мэдэл атгуулна гэдэг бүр ч будилаантай болоод явчихаж. Ингээд ирэх долоо хоногт Төрийн өмчийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, яаравчлуулахаар яриад байгаа аж.
Корпорацийн менежментийн хамгийн сонгодог арга нь төрийн өмчийн аж ахуйнуудаа хувьцаат компани болгон, менежментийг нь сайжруулах алхам гэж үзэж байгаа бол санхүүгийн эрх мэдлийг яаж ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах алхмыг ч мөд хийж эхлэх гэнэ. Монгол улс Төрийн өмчийн хороогоо татан буулгаж, Сангийн хэлбэрт зохион байгуулан, төрийн мэдлийн компаниуд дахь улс төрийн оролцоогоо хумих гэж байгаа нь сайн хэрэг боловч айсуй сонгуультай уралдан ТӨХ-г татан буулгаж тухайн салбарын Яамны мэдлийн аж ахуй болчихоод байгааг “Зөв” гэж хэлэхэд хэцүү байна.
Тэгээд ч дээрх өөрчлөлтийн сурагаар салбарын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар яамныхаа мэдэл дэх төрийн өмчид халдах оролдлого хэдийнэ хийж эхэлсэн. Энэ нь одоо мөрдөж байгаа Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн хэрэг болно гэдгийг энэ удаад тодорхой нэр дурьдалгүйгээр сануулах нь зүйтэй болов уу.
Дашрамд дурьдахад, 2014 оны арваннэгдүгээр сарын 26-ны Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн тухай хуулийн төслийг танилцуулахдаа “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу байгуулагдсанаас бусад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд цаашид төрийн өмчийн төлөөлөгчийг томилохдоо аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх мэдлэг, туршлагатай, ашиг сонирхлын зөрчилгүй, хувийн хэвшлийн төлөөлөл болон салбарын мэргэжилтэн, бусад төлөөллийг оролцуулж байх чиглэл баримтлахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа. Төрийн өмчийн төлөөлөгчөөр төрийн захиргааны албан хаагчдыг томилж байгаа нь зах зээлийн өрсөлдөөний эрүүл, шударга орчинг алдагдуулах сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Яам, агентлагийн төлөөлөл нь бодлого боловсруулагч, хууль тогтоомж, салбарын зохицуулалтыг хэрэгжүүлэгчийн хувьд төрийн өмчийн төлөөлөгчөөр ажилладаг компани, аж ахуйн нэгжид аливаа хэлбэрээр давуу эрх олгох явдал гардаг байна. Мөн тухайн компанийн үйл ажиллагаанд улс төрийн зүгээс үзүүлэх дарамт, шахалт, сөрөг нөлөөлөл нэмэгддэг гэж үзэж байна. Төрийн албан хаагчид давхар ажил эрхэлдэг тул Төлөөлөн удирдах зөвлөлийн хэвийн үйл ажиллагаа тасалдах зэрэг сөрөг үр дагаварууд гарч байгаа юм. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 57 компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй бөгөөд давхардсан тоогоор 474 хүн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Үүнээс 144 нь хараат бус гишүүн бол давхардсан тоогоор 176 төрийн албан хаагч Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын санаачлан боловсруулсан Төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус төсөлд холбогдох саналыг өгч Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөлд тусган төсөл санаачлагчид уламжлах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Төрийн өмчийн тухай хуулийн төсөл нь 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Төрийн өмчийн ангилал, тэдгээрийн тухай ойлголт, төр өөрийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, төрийн өмчийн талаарх төрийн байгууллагын эрх, үүрэг, Төрийн өмчит үйлдвэрийн газар, компани, тэдгээрийг байгуулах нөхцөл, журам, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх журам, аж ахуйн харилцаан дахь төрийн оролцооны хэлбэр, хязгаар зэрэг асуудлыг тусгажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмч гэж заагтай байсныг нэгдмэл улсын зарчмыг хадгалах үүднээс зөвхөн төрийн өмч гэсэн нэг ойлголттой болгож, аймаг, нийслэл нь төрийн эзэмшигч, ашиглагч байхаар тусгасан байна. Мөн Төрийн өмчийн хороог татан буулгаж, түүний хэрэгжүүлж байсан үүргийг төрийн сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчит аж ахуйн байгууллагатай холбоотой үүргийг компанийн засаглалын зарчмаар төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигч этгээд өөрөө хэрэгжүүлэх зарчимтай байхаар зохицуулжээ” гэсэн байдаг.
Ийнхүү Засгийн газраараа бүрэн дэмжүүлсэн Төрийн өмчийн тухай хуулийн төсөл МАН-ын зургаан сайд Засгийн газарт орж ирснээр “ажиллагаа тасалдаж”, тэрхүү зургаан сайдыг хөөсний дараа буюу энэ оны есдүгээр сарын 29-нд Засгийн газрын гишүүд саналаа нэгтгэн УИХ-д өргөн барихаар болсон нь ч цаанаа учиртай. Ерөөсөө ТӨХ-г татан буулгая, корпораци болгоё, яамдын мэдэлд өгье, “Темасекийг хар л даа” гэдэг энэ бүхэн Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайд болмогцоо хийсэн эхний алхам байсан. Магадгүй цаана нь түүнийг Ерөнхий сайд болгосон УИХ-ын дарга, АН-ын даргын гол даалгавар байсан гэдэг нь ч үнэний ортой байж болох юм.
Гадаад нөхцөл байдлын
хувьд гэвэл Оросын тал “Эрдэнэт” үйлдвэр дэх хувийг бүхэлд нь авахаар
санаархаж эхэллээ гэх мэдээлэл түгээд байсан нь нөлөөлсөн байж
болно. Тухайлбал, өнгөрсөн хавар ОХУ-ын Төрийн думын дарга С.Е.Нарышкин манай оронд
ирсэн. Үүний дараа өнгөрсөн есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд манай оронд болсон
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцох үедээ манай эрх
мэдэл бүхий улстөрчидтэй уулзсан. Түүнээс хойш хоёр хоногийн дараа буюу
есдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын
Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал
хийгээд ирсэн.
Энэ үеэр “Монголын Засгийн газар
Эрдэнэт үйлдвэрийг аж ахуйн зарчмаар нь ажиллуулж чадахгүй байна”. Үйл ажиллагааг нь аж
ахуйн зарчмаар биш улс төрийн зорилгоор явууллаа”,
“Сүүлийн
хэдэн захирлын томилгоог Оросын талтай зөвшилцөхгүйгээр тэдний санаа
бодлыг сонсохгүйгээр хийсэн” хэмээн гомдоллосон
болон “Эрдэнэтийн хувьцааг нь олон улсын хөрөнгийн бирж дээр
худалдаалах цаг болсон” гэх саналыг удаа дараа гаргах болсон
талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Ийм эрсдэл, дарамт манай буурай оронд “Эрдэнэт
үйлдвэр”-ээр тогтохгүй “УБТЗ” ХНН, “Монголросцветмет”, “Асгат”, “Гацуурт”,
“Оюутолгой” гэхчлэн хаана ч тохиолдож болох юм. Тиймээс ОХУ болон бусад улстай
хамтран эзэмшдэг төрийн мэдлийн хувийг нэг гарт төвлөрүүлэх сэдэл яаралтай
нөхцлөөр үүссэн байж мэдэх нь.
Харин ТӨХ татан буугдаж Төрийн өмчийн корпораци болсон тохиолдолд яах вэ. Темасек
загвар тохиромжтой байлаа гэхэд Ерөнхийлөгч, Сангийн яамны аль нь ард түмэндээ
ашигтай нүүдлийг хийж чадах вэ. Энэ мэтчлэн өмчөө эзэнгүйдүүлэх дотоод “баяр
хөөр”-өөс
илүү гадаад аюулыг хэр тооцоолсон болоод ТӨХ-г татан буулгах гээд
зүтгээд байна вэ.