АСЕМ-ийн хурлууд Монголын мэдэлд ирлээ
Ирэх жилийн долдугаар сард манай улсад болох АСЕМ-ийн уулзалтын өмнөх нэгэн чухал арга хэмжээ энэ сарын 5-6-ны өдрүүдэд Люксембургийн их гүнт улсад болж өнгөрлөө.
Ирэх жилийн долдугаар сард манай улсад болох АСЕМ-ийн уулзалтын өмнөх нэгэн чухал арга хэмжээ энэ сарын 5-6-ны өдрүүдэд Люксембургийн их гүнт улсад болж өнгөрлөө. АСЕМ-ийн гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалтад манай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс оролцсон бөгөөд ирэх жилийн Төрийн тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулах орон гэдгээрээ энэ хуралд Монгол Улс голлох үүрэгтэй байлаа. Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ийн ахлах ажилтнуудын хурал, Гадаад хэргийн сайд нарын уулзалт, Төрийн тэргүүнүүдийн уулзалт гээд үндсэн гурван том арга хэмжээ бий. Техникийн бэлтгэл ажлыг хангадаг ахлах ажилтнуудын уулзалтын өмнө агуулга, бодлогыг бэлтгэдэг Гадаад хэргийн сайд нарын уулзалт ийнхүү болж өнгөрлөө.
Энэхүү Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар удаагийн уулзалтад Европын холбоо, АСЕАН болон Ази, Европын гишүүн орнуудын төлөөлөгчид, Гадаад хэргийн сайдууд, дэд сайдууд мөн төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон юм. Европ хийгээд Азийн улсууд хоорондоо уулзаж, асуудлаа ярьдаг энэ хурлыг дэлхийн хэмжээнд газар нутаг, хүн амынх нь тоогоор аваад үзвэл хамгийн нөлөөтэй, хамгийн чухал цугларалт гэдэг нь хэнд ч тодорхой. НҮБ-ын хурал харьцангуй албан хүрээнд болж өнгөрдөг. Харин АСЕМ-ийн хурлууд аль болох албан бус энгийн болдгоороо онцлогтой. Энгийнээр нэг нэгэнтэйгээ тулж ганцаарчлан уулзаж ярилцах үеэр асуудлыг шийдэх гарц гардаг ч гэдэг дээ. Хоёр жил тутам болдог Гадаад хэргийн сайд нарын уулзалт өмнө нь 2013 онд Энэтхэгт болсон бол энэ удаад Люксембургийн их гүнт улсад боллоо. “АСЕМ: Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд үргэлжилсэн энэ хурлын үеэр бүс нутгийн олон асуудлыг хэлэлцсэн. Энэ дундаа уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, олон улсын анхааралд байгаа бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдлыг хангах талаар нээлттэй ярилцлаа. Мөн дүрвэгсдийн асуудал, хүний эрх, авлигын асуудлыг ч хөндсөн нь мэдээж. Ерөнхийдөө АСЕМ-ийн хурлыг асуудал шийддэггүй гэж шүүмжлэнгүй хандах нь их бий. 1996 онд Бангкокт анхны хурлаа хийснээс хойш 20 жил болох гэж буй тус байгууллагын шүүмжлэгддэг сул тал өдгөө сайн тал нь болсон гэхэд буруутахгүй. Учир нь олон улсын тавцанд улс орнуудын нөхцөл байдал, харилцаа холбоо ч ихээхэн өөрчлөгдсөн. Харин ийм цаг дор хатуу шийдэлд хүрэхгүй ч асуудлаа ярилцдаг, ний нуугүй үгээ хэлж ойлголцдог ийм индэр байх нь ихээхэн чухал гэгдэж байна.
Мөн Америк-Ази, Европ Америкийг холбосон чөлөөт худалдааны бүс бий болчихоод байхад Ази, Европыг холбосон сүлжээ байхгүй байгаад анхаарах болсон гэдгийг тэнд цугларсан Гадаад хэргийн сайдууд онцолж байсан. Тэр тусмаа АСЕМ гээд ийм хүчтэй байгууллага байхад худалдааны томоохон сүлжээг бий болгохоос хойш суухын аргагүй хэмээн үзжээ. Үнэндээ ч АСЕМ-ийн гишүүн орнуудын нийлбэр хүчин чадлыг аваад үзвэл дэлхийн тун зангарагтай том холбоо гэдэг нь харагдаж байдаг. Тийм ч учраас уг чуулганыг нээж хэлсэн үгэндээ Люксембургийн Их гүн Хенри “АСЕМ-ийн гишүүн орнуудын 11 нь Их 20-д багтдаг. Энэ хоёр тивийн улс гүрнүүд нийлээд дэлхийн нийт GDP-ийн тэн хагасыг бий болгож, дэлхийн худалдааны 60 хувийг бүрэлдүүлж байна. Мөн дэлхийн нийт хүн амын 60 хувь нь энэ хоёр тивийн иргэд юм” гэж онцолсон биз ээ.
Үнэндээ ч дэлхийн геополитикийн гол тоглогчид АСЕМ-ийн бүрэлдэхүүнд бий. Тэр ч утгаараа АСЕМ-ийн хүрээнд явагддаг бүхий л хурал цуглааныг нутагтаа хийх нь нэр төрийн хэрэгт тооцогддог. Харин монголчууд АСЕМ-ийн хурлууд дундаа хамгийн том нь болох бүх гишүүн улсын төрийн тэргүүнүүд оролцдог хурлыг зохион байгуулахаар болчихоод байгаа билээ. Ирэх долдугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах орны хувьд Монгол Улс, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Люксембургт болсон Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар хурлын гол зочин нь байв. Хоёр өдөр болсон уулзалтын дараахь хэвлэлийн бага хурлыг ердөө гурван хүн хийлгэсэн нь Люксембургийн Гадаад хэргийн болоод Европын асуудал хариуцсан сайд Жин Асселборн, Европын комиссын Гадаад хэрэг, Аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини, Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар байлаа. Ерөнхийдөө уг хэвлэлийн бага хурлын гол асуултууд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлуудын тухай байгаа нь анзаарагдаж байсан. Сэтгүүлчид АСЕМ-ийн улсууд хоорондын халуун сэдвээ хэрхэн шийдэж чадсаныг нь хурлын үеэр асууж байсан нь учиртай. Ямар нэг албан шийдвэр гаргадаггүй учраас улс орнууд энд л цуглаж, өөр хоорондоо байгаа асуудлаа ярилцаж авдаг ажээ. Уурлах нь уурлаж, хэлэлцэх нь хэлэлцсээр нэгнийхээ байр суурийг мэдэх учраас дагаад дараа нь албан шийдвэр гаргахад ихээхэн дөхөм байдаг байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Европын комиссын Гадаад хэрэг, Аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини, Европын хөрөнгө оруулалтын банкны захирал Б.Хойер нартай уулзахаас гадна зарим улс орны Гадаад хэргийн сайдуудтай хоёр талын уулзалтуудыг хийсэн. Манай сайдын хувьд ийшээ ч герман, тийшээ ч англиар ярих бөгөөд францаар бүрэн дүүрэн ойлгодог нь жинхэнэ Люксембургийнхний хэв маягт нийцүүлсэн гэлтэй. Люксембургийн хувьд хүмүүс франц, герман, англиар ярихаас гадна аль алийг нь багтаасан люксембургиш хэлтэй юм билээ.
Дэлхийд хамаарах нутаг дэвсгэрийн хувьд ч, хүн ам, улс орнуудын тоогоороо ч Ази, Европынхны уулзалтад хэлэлцэх асуудал их. Зөвхөн бүс нутгийн асуудлаар гэхэд л Сирийн дайн, Европ руу урсан орж ирэх дүрвэгчид, Украины зөрчил, аль эртний Израил Палестиний мөргөлдөөн, Ливийн хэрэг явдал, дуусдаггүй Солонгосын хойгийн асуудал дээрээс нь Өмнөд Хятадын тэнгисийн маргалдаан гээд ар араасаа цуварна. Тийм ч учраас дэлхий тэр чигээрээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч ийш анхаарал тавих аж.
Дэлхийн хэвлэл мэдээллүүдийн анхаарах сэдэв байна гэдэг нь ирэх жил болох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаагаараа Монгол автоматаар дэлхийн анхаарлын төвд очиж таарах нь гэсэн эхний бодлыг төрүүлнэ.
Ирэх жил Монголд болох 11 дэх удаагийн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтын асуудал энэ удаагийн сайд нарын уулзалтын ярилцах нэг сэдэв байлаа. Өнөө жил НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойгоо сүр дуулиантай хийж, ихээхэн анхаарал тавьж байгаа шиг АСЕМ-ийн хувьд ирэх жил 20 жилийн ой нь тохионо. Тэгэхээр зөвхөн төрийн тэргүүнүүд уулзаад зогсохгүй өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, Улаанбаатарын тунхаглалыг гаргахаас гадна, дараагийн 10 жилийн ажлаа төлөвлөх том зогсоол манай улс байх нь ээ.
Энэ жил анх удаа зохион байгуулсан Залуу лидерүүдийн анхдугаар уулзалтын дараагийнхыг нь АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы өмнө манайд зохион байгуулахаар болсон. Мөн худалдааны ахлах ажилтнуудын хурлыг зохион байгуулах үүргийг манайд өгсөн. Ер нь ирэх жил АСЕМ-ийн хүрээнд 15 орчим хурал болохын нэлээд нь зохион байгуулагч орны хувьд манайд болох юм. Энэ тоолонгоор мөнгө цаас урсах нь гэж үсээ үгтээх хэрэггүй болов уу. Манайхан АСЕМ хийгээд дампуурах нь гээд ярьж байгаа. Хүмүүсийн тэрхүү ойлголтыг тээсээр сониучирхан энэ хурлыг сурвалжлахаар очсоноо нуухгүй. Гэтэл ахлах ажилтнуудын хурлын зардлыг Европын холбоо, залуу лидерүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцох залуусын зардлыг Ази, Европын сан (ASEF), манайд ирээд байрлах байрны зардлыг Швейцарь улс гаргахаар болсон байх жишээтэй. Бидний хувьд зохион байгуулалтыг нь сайтар хариуцах, хариуцлагатай байхаа л хичээчихмээр юм байна даа гэж бодогдсон. Саяын хурлын үеэр Монгол эдийн засгийн хувьд асуудалтай байгаа учраас улс орнууд хэрхэн тусалж дэмжиж, хамтарч ажиллах уу гэдгээ ярилцсан гэнэ лээ. АСЕМ гээд арван толгойтой атгаалжин хар мангас мэт ярих хүмүүс их бий. Тэгвэл Монгол Улсаа траншейны хүүхдүүд, Солонгост хараар ажиллагсад, Европын улс орнуудад дэлгүүрээс бараа хулгайлагч гэсэн муу имижээр нь бус ямар үндэстэн, ямар улс гүрэн гэдгээ батлах боломж АСЕМ юм байна. Гадаад сурталчилгаа хийх ёстой, гэтэл яаж гэдгээ мэдэхгүй байна, төсөв мөнгө муу байна гэхийн оронд АСЕМ-ийг улс гүрнээ сурталчлах том боломж гэж харах нь зөв юм. Дунджаар 300-500 орчим сэтгүүлч АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах гэж очдог. Тэгвэл манайд болох 20 жилийн ойн хуралд 800 бүр цаашлаад 1000 хүрч магадгүй гэсэн урьдчилсан таамаг байгаа юм билээ. Бас ирсэн зочин бүр өндөр зэрэглэлийн зочид буудал, хэр тааруу буудал гээд олон газарт байрлана, бас иднэ, ууна. Тэр бүхэн манайд л үлдэнэ.
Ази, Европыг багтаасан АСЕМ гэх айлын дээд хэмжээний уулзалтыг өрхийн нэг гишүүний нь хувьд нэр хичээн сайтар зохион байгуулах нь чухал. Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараахь хэвлэлийн бага хурал дуусахад олон сэтгүүлч манай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хэлсэн үгээс иш татан “13 дугаар зууны үеэс Ази, Европыг холбосон гол бүс байсан их эзэнт гүрний Монголд ирэх жилийн АСЕМ-ийн хурал болно” хэмээн мэдээнүүдээ төгсгөсөн байгаа харагдсан билээ.
Ямартай ч Люксембургт болсон Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар хурал өндөрлөснөөр АСЕМ-ийн дараагийн нэг цикл Монгол Улсын мэдэлд ирлээ.