Сингапурын суу билэгт Ерөнхий  сайд Ли Куан Ю гэдэг эрхмийн талаархи судалгаа дэлхий даяар үргэлжилсээр. Ямар ид шидээр тэр жижиг арлыг босгоод ирсэн юм бэ гэдэг нь хөгжиж буй Монгол мэтийн улсад бол томхон сургамж, жишээ, туршлага байх ёстойсон.

Сингапурыг байгалийн баялаггүй, түүхий эдгүй, арлын жижиг улс хэмээн тодорхойлсон нь бий. Гэвч усгүй, голгүй гэж үзвэл бас эндүүрэл болно. Цэвэр устай байх, цэвэр ус хэрэглэх нь тэр улсад амьдралын хэм хэмжээ болгож чадсан тэр увидас ингэхэд юу байв?

1987.09.02-нд “Цэвэр гол” төслийн нээлт дээр  Ли Куан Югийн хэлсэн үг байна.
 
-    Намайг Сингапур голын дэргэдүүр өнгөрөхөд дандаа өмхий үнэртдэг байсансан. 1930-аад онд сургуульд сурч байхад ч энэ хачин жигтэй үнэр үнэртдэг байлаа. Голын эрэг хавийн намаг, голын ёроолоос ийм байгалийн үнэр гардаг гэж боддог байлаа. Гол өргөсөж урсгал нь удааширсан газар муухай үнэр бүр хүчтэй үнэртэж, хамар сэтлэх шахна. Би 1970-аад он хүртэл энэ муухай үнэр хүний буруу үйлдлээс болж үүссэн гэдгийг мэддэггүй байв. Харин энэ оны эхээр би хятадын шинэ жилийг үзэхээр парламентын ордны ойролцоо Сингапур голын эргээр алхаж явахад ямар ч муу муухай үнэр миний мэдрэхүйг цочроосонгүй. Олон загас, усны амьдрал голд эргэн ирсэн нь голын эрүүл байдлыг нотолж байна гэж бодсон. Үүнд хүрэхийн тулд Засгийн газрын 10 яам байгууллага хүч чармайлтаа нэгтгэн 10 жилийн турш ажилласан. Энэ нь голоос зөвхөн шавар шавхайг цэвэрлэх ажил бус, харин бохирдлын эх үүсвэрийг бүрмөсөн арилгах зорилго тавьсан.

Бүтэн 10 жил, төрийн 10 яам гар нийлэн ноцолдсон гэж байна. Тэгвэл манай энэ Туул гол, Сэлбэ голтой хэд хичнээн яам, хэдэн жил ноцолдон байж байгалийн унаган төрхийг нь сэргээдэг бол гэх бодол эрүүл саруул сэтгэдэг  монгол хүн бүрийн сэтгэлд хурах бол?

Сингапурын жишээ юу вэ? Гурван арга хэмжээ авсан байна. 1) Эхлээд юу хийх боломжтой вэ, үүнд орчин үеийн технологи амин чухал үүрэгтэй вэ гэдгээ тодорхойлсон. 2) Эерэг үр дүнд хүрэхийн тулд олон нийтэд тааламжгүй арга хэмжээ авах хэрэгтэй болсон. 3)  Амьдралын туршид тогтсон дадал зуршлыг өөрчлөх хэрэг гарсан гэж байна.

Дээр хэлсэн хоёр, гурав дахь нь албадлага юм байна. Нэг хэсэгтээ хатуу чанга гараар гол усаа хамгаалсан бололтой. Юуны өмнө хоцрогдсон үйлдвэрлэлийг устгажээ. Гол болоод эрэг хавьд хэдэн арван жил үргэлжилсэн үйл ажиллагааг нь зогсоожээ. Цэвэрлэх ажиллагааны 10 гаруй жилдээ нэг ч амсхийлт өгөхгүйгээр, хөтөлбөрийн аль нэг хэсэг нь саатвал эргээд гүйцэтгэж чадахгүй гэдэг утгаар шувтан шахаж ажилласан аж.

Голын дагуу үйлдвэрлэл бус, шинээр амралт зугаалгын газрууд байгуулагдаж, хүмүүс амьдралдаа шинэ хэв маяг буй болгохын төлөө зүтгэж, тэр зүтгэлээ сингапурчууд  бахархал болгож чаджээ.

Сингапур голыг ингэж өөд нь татахдаа  цэвэр ус бол оршин тогтнохын баталгаа, амьдралын хэм хэмжээ гэсэн хууль мөрдөж ажиллажээ. Мөн тэнд урсах өөр нэг голыг хэрхэн өөд татсан тухай түүний дурсамжаас сонирхъё.

1987.08.29-нд “Калланг мөрөн - дахин төрсөн гол” арга хэмжээний үеэр ингэж ярьжээ:
 
-    1965 онд салан тусгаарласны дараа Сингапур улсад ундны ус хэмнэх амин чухал шаардлага тулгарав. Усны дусал бүрийг дээд зэргээр үр дүнтэй ашиглах ёстой болов. Сингапурт тэнгэрээс дуссан борооны бүх усыг хуримтлуулж чадлаа гэж үзэхэд өдөрт 380-750 мянган шоо метр ус хуримтлагдана. Ийм хэмжээний усыг бид 10 жилийн өмнө ашиглаж байсан. Одоо мэдээж хэрэглээ өссөн. Бид зогсоо зайгүй хөгжиж байна. Байгаль орчны яам санаачилга гарган, төлөвлөгөөтэй ажиллаж чадвал борооны усны 60 орчим хувийг 7 голд далангаар хашин нөөцөлж чадна гэж.

Арал-хот-улсад тэр мөрөн гэж нэрлээд буй нь манай Туул голоос арай жижиг гол юм. Цаана нь том жижиг 6 гол, баруун этгээдэд дөрөв нь, хойд хэсэгт хоёр нь, арлын өмнөдөд нэг гол бий. Тэдгээрийн усны түвшинг хэмжээнд байлгахын тулд тэнгэрээс орох борооны дусал бүрийг хамж гол руугаа хийлгэнэ гэдэг сэтгэшгүй ажил мэт.

Дээр нь далайн усыг арал руу орсон хүзүүвчээр нь татан авч, маш том цэнгэг усны сан байгуулсан хур туршлага тэр улсад байна. Давуу талууд нь илт харагдахаар. Нэгдүгээрт цэвэр усны стратегийн том нөөцтэй болж, үүнийгээ ган хуурайшилт болон онцгой тохиолдолд ашиглана. Хоёрдугаарт  үерийн аюулыг хянаж чаддаг болно. Тэнд жилдээ хоёр удаа далайн түрлэг өндөрсдөг, тэгэх тоолонд гурван голын бэлчирт усны түвшин нэмэгдэж, хотын зарим хэсгийг үерт автуулдаг. Тэгвэл далан хашлага барьснаар үерийг хязгаарлаж чадна. Далангийн тусламжтайгаар голын усны түвшинг тогтмол хэмжээнд барьж болно. Мөн голын ус багасахаас сэргийлнэ. Энэ бүхнийг 20 жилд хийжээ.

“Усны чанар” гэдгийг төрийн бодлогын хэмжээнд Ли Куан Ю аваачиж тавьжээ. Энэ нь  Сингапурт хангалттай болсон байгаа голын усны нөөцийг цэвэршүүлэн ашиглаж, хүн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэх явдлыг хэлж буй хэрэг. Амьдралын чанар дээшлэхийн хэрээр амралт зугаалгын байгууламж барих хэрэгцээ нэмэгдэнэ. Амралт зугаалгын байгууламжууд баригдахын хэрээр ийм байгууламжийг сайжруулах шаардлага тулгарна. Амьдралын цэвэр хэвшил, байгаль орчин сайхан байх гэдэг хоёр ойлголт салшгүй холбоотой. Энэ хоёрын хослолыг боловсролоор нь дамжуулан хүмүүсийн оюун санаанд суулгасанаар хуучин сэтгэхүйг нь хална гэж үзжээ. Хуучин сэтгэхүйн илрэл нь гол суваг шуудуунд хог новшоо хаяж бохирдуулдаг, цэвэрлэх хоолой руу хаясан зүйлийг нь борооны ус урсган гол, тэнгисийн ус руу ордог. Гол, тэнгис цаашаа бохирддог гэхчлэн дэндүү мэдээж гэмээр зүйлийг Ли Куан Ю амны уншлага болгон, залхтал ярьдаг байв.

Түүний тэмцэл чармайлтын дүнд шавар шавхай, намагнаас өөр юм байгаагүй Сингапур арал өнөөдөр орчин үеийн хот болж, усыг цэвэршүүлэн нөөцөлж, цэнгэг нуур, усан сан байгуулснаар бүр маш онцгой хот болж боссон байх ажгуу.  

Сингапурын хангалуун амьдралын эх үүсвэр нь цэвэр усан хоолой бүхий дэд бүтэцтэй тохилог орон сууцнууд гэдгийг Ли Куан Ю мөн ч их ярьж ухуулсан даа. “Энд хэдэн жилийн дараа энд нүсэр том хот босно. Хэзээ ч бүү ай!”– энэ бол түүний хэлэх дуртай нэг хэлц үг шахуу байв.

Түүний ярьснаас дахиад эшлэе:–  Зөвхөн итгүүлж ятгасны хүчээр тогтвортой байдлыг хангаад хөгжил дэвшилд хүргэж чадахгүй гэдгээ бид ойлгож байсан. Иймээс эхэн үедээ алдаа гаргасан. 1964 онд бид орон сууцыг худалдаж эхэлснээр хэрэглээний үнийн индексийг өсгөсөн. Бид яагаад үүнийг хийсэн бэ гэвэл маш энгийн. Үл хөдлөх хөрөнгө нэг онцгой шинж чанартай. Юуны тулд бид үл хөдлөх хөрөнгө гэдэг билээ? Тийм ээ, үүний онцлог нь үл хөдлөх мөн чанартаа байдаг. Харин үнэ цэнэ нь итгэлцэл дээр суурилдаг. Өсөлт, байнгын тогтвортой байдал, иргэдийн орлого, цаашдын тогтвортой байдал ба өсөлтийн төлөв үүнд багтана. Ингэвэл цаашаа явна гэжээ.

Хүн хангалуун байдалдаа дасаад илүү сахилга бат, илүү дарамтыг хүсэхгүй байж магадгүй. Харин өөрийнх нь хөрөнгө дэнчинд тавигдсан бол хүсэхгүй байсан ч хүчин чармайлтаа гаргаж л таарна гэсэн нь чухам Монгол руугаа татаж авчраад яг одоо  нэвтрүүлмээр оновчтой туршлага мэт санагдана. Хүнийг хүн хүмүүжүүлдэггүй, сургууль цэцэрлэг, багш, сурган хүмүүжүүлэгч, хууль цаазын алин нь ч хүнийг хүмүүжүүлдэггүй, хүнийг мөнгө л хүмүүжүүлдэг гэсэн алтан дүрэм Сингапурт ийнхүү хэрэгжсэн юм болов уу хэмээн бодогдоно.  

Сингапурчуудыг эд хөрөнгөтэй бол хэмээн Ли Куан Ю насан туршдаа уриалан дуудсан. Болгож ч чадсан. Тэгснээ “Энэ бол миний хийсэн ажил, тэд их хөрөнгөтэй байгаад би бахархаж байна” гэж ганц үгээр таглах аж.

Монголд системтэй биш ч орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнд Сингапурын туршлагаас авмаар юм мөн их байна. Тэр хөтөлбөрийн тулгын чулуу нь орон сууц өмчлөл хэмээн тэнд үздэг аж. Түүний ярьснаас эшлэе:
 
-    1960-аад онд сингапурын олонхи иргэд шахцалдсан ноорхой байранд амьдардаг байлаа. Хүмүүс ядуу, амьдрал нь хүнд. Усан хангамж, орчин үеийн бие засах газар байхгүй. Ирээдүйд сайн сайхан болно гэсэн найдвар бүр ч байхгүй. Харин хүн амын тоо жилдээ 4.5 хувиар өсч байв. Иймээс бидний эн тэргүүний зорилт бол орон сууцнуудыг хамгийн богино хугацаанд барих явдал байв. Эхлээд энгийн нэг,  хоёр өрөөтэй байрнууд барьж, хүмүүс орон гэртэй болоход нь тусалсан.
-    Би бүр эхнээс нь орон сууц өмчлөгчдийн холбоо байгуулахыг хүссэн. Миний цаад зорилго бол хүн бүр сууц өмчлөгч болж, Сингапурт хувь хөрөнгө эзэмшүүлэх бодол байсан хэрэг. Сууц өмчлөл 1964 оноос эхэлсэн. Хүмүүс эргэлзэж итгэл муутай хандсан. Бүгд байртай болно гэдэгтээ тэд итгээгүй. Тэр үед хамаг нөөц бололцоо Малайзад төвлөрсөн хэвээр, манай албаны нөхөд ч сайн ажиллаагүй. Гэхдээ үүнийг үл харгалзан зөвхөн дан ганц Засгийн газрын хатуу байр суурь гэлтгүй ард иргэд өөрсдөө аливаа бэрхшээлийг даван туулахад бэлэн байсан явдал л өнөөгийн Сингапурын үндэс суурийг тавьсан юм гэжээ.

Тийм ээ, золиос хохирол гаргалгүйгээр улс орныг урагш хөгжүүлнэ гэж байхгүй. Гэхдээ Сингапур шиг золиос хохиролоо ард түмэнд тустай үйлс болгон өвлүүлэх нь чухал бус уу?

          Д.Баярхүү, Э.Долгион нарын хамтран бичиж буй
                                                               “Эрин зууны их шинэчлэгч Ли Куан Ю” номын хэсгээс