Огцруулах шүлэг
Урьд их сайхан байжээ. Ой угтсан ажил гээд л улс даяар ундардагсан. Октябрийн төдөн жилийн ой, Лениний төрсөн өдөр, Намын их хурлыг угтах, Цэдэнбал даргын тоот даалгаварыг биелүүлэх, барилгачдын эсвэл багш нарын баярыг тэмдэглэх гээд бараг өдөр болгон ямар нэг тэмдэглэлт өдөр болно,
Урьд их сайхан байжээ. Ой угтсан ажил гээд л улс даяар ундардагсан. Октябрийн төдөн жилийн ой, Лениний төрсөн өдөр, Намын их хурлыг угтах, Цэдэнбал даргын тоот даалгаварыг биелүүлэх, барилгачдын эсвэл багш нарын баярыг тэмдэглэх гээд бараг өдөр болгон ямар нэг тэмдэглэлт өдөр болно, тэрнийг тохиулдуулаад эсвэл угтаад өндөр бүтээлийн уралдаан улс даяар зарлаж ард түмэн маань ханцуй шамлан орж намзасагтаа хөдөлмөрийн амжилт гаргаснаа рапортлох нь мэдээллийн бүх хэрэгслэлийг дарж дороос нь өндийх аргагүй болгодогсон. Үнэндээ ч бид социализм байгуулах гэж сайхан халтуурддаг байсиймдөө. Нам засаг өөрсдийгөө нэг сайхан хуураадах гэсэн үг, ард түмэн ч тэрийг нь ойлгоод сайхан хуурдаг байлаа. Гэхдээ энд нэг авах юм байна, юутай ч ямар нэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулаад эсвэл угтаад ямар нэг ажил хийгээд амжилт гаргаадахъя гэсэн санаа байгаа биз! Даанч угаасаа нийгмийн тогтолцоо, эдийн засгийн механизм нь утгагүй байсан болохоор ямар ч “амжилт” гардаггүй байв.
Өдгөө эрх чөлөө, ардчилал, зах зээлийн буянаар тэмдэглэлт өдөр тохиолдуулаад юмуу угтаад хийх ажил урьдынх шиг халтуур биш, харин ч үнэн санаанаасаа идэвхитэй, шургуу зохиогддог боллоо. Ялгаа нь гэвэл хуучин цагт худлаа ч гэсэн бүтээе босгоё гэсэн уриатай байсан бол одоогийнх нураая, сүйтгэе, самаръя, хорлоё гэсэн зорилготой болжээ. Нэгэнт октябрийн баяр мартагдсан, Ленинийг танихаа больсон учир өөр тэмдэглэлт баяртай боллоо. Энэ бол сонгууль. Сонгууль угтсан хөдөлмөр завсарлага гэж үгүй. Гэхдээ сонгуулийн баяраас жилийн өмнөөс ажил хөдөлмөр улам идэвхижин оргил руугаа тэмүүлнэ. Сонгуулийн баяр тэмдэглэх хөөр хөөрцөг жил ирэх тутам төгөлдөршсөөр, хүний санаанд оромгүй мэх гох арга барилаар элбэг дэлбэг болжээ, өдгөө. Урьдын сайхан цагт мал өсгөх, тоосго өрөх төлөвлөгөөг хэр давуулснаар нь депутат сонгож урамшуулдаг байсан туршлагаа өнөөдөр хэдэн тоосго сугалж хэдэн бүтээн байгуулалт нурааснаар үнэлж депутат болгодог болсон хэрэг. Чингис хаан нэгэн их гүрнийг байгуулахын тулд “дөчин төрийг мөхөөсөн” гэж түүхэнд бичдэг. Харин манайхан нэгэн сонгуульд ялахын тулд дөчин бүтээн байгуулт нураахаар ханцуй шамлан гардаг болж. Чингис хааны мөрөөр их гүрэн үлдсэн бол манайхны мөрөөр нурж сүйдсэн эх орон үлдэх болж байна.
Урьд нь сөргөлдөгч хүчин болон зэрэгцэн нэр дэвшигчээ гөвдөг байсан бол одоо хажуу хавиргаа алдаг болсон. Гол хөдөлгөгч хүч нь мөнгө боловч эрх мэдэл булаах, хорслоо тайлах, өшөөгөө авах, зүгээр л таашаал олох гээд өөр олон учир шалтгаан бий. Сүүлийн үед нэлээд шуугиан тарьж олны анхаарал татаж байгаа шинэ технологи бол хотын захирагч Бат-Үүл рүү хийж буй довтолгоо болой. Эхлээд харахад их энгийн, ойлгомжтой бөгөөд шаал хуучин арга. Бат-Үүл Улаанбаатарыг гуравхан жилд үндсээр нь өөрчилж шинэчиллээ хэмээн хотынхон ам сайтай байгаа. Энэ нь ч аль ч судалгаагаар батлагдаж буй. Дараагийн сонгуульд тэрээр багаараа биш гэхэд өөрөө баталгаатай тэргүүлэн гарч ирнэ. Иймээс эртхэн дарж авах хэрэгтэй. Гүтгээд гүжирдээд, харлуулаад, нүүр рүү нь нулимаад, шавартай хутган нуль цэр нус болгон унагах ёстой. Ерөөсөө ч нэр нүүртэй нэгнийг нь ингэсээр ч ирсэн юм.
Ингээд ирэхээр Бат-Үүл яаж таарах вэ? Хүн юм болохоор хариу барьж таараа. Өөрийг нь гүтгэж байгааг хэлж баримтаар нотлох байх. Үүнээс гадна гол нь түрүүнд нь ерэн жил, ардчиллаас хойш хорин жил хотыг атгаж байсан гарууд ямархуу байсныг уудалж таарна. Тэртэй тэргүй хотын архивт мундахгүй юм хадгалагдаж үлдсэн л байж таараа. Айл болгоноос хураадаг хогийн мөнгөөр Үүл хог худалдаж авдаг болсноор илбэтэй юм шиг хот хоггүй болсон. Мөнөөх мөнгө тэгээд тэгээд илүү гарсан учир түүгээр нь “ногоон уут” гэгдэх болсон хогны уут худалдан авчирч айлуудад тараажээ. Хүнээс хог арилгана гэж мөнгө авчихаад илүү гарчихлаа гээд цэцэрлэг сургууль бариад уналтай нь биш. Гэтэл урьд нь хүмүүс хогийн мөнгөө тушаадаг л байсан, харин хот хогондоо дарагдсан байлаа шүү дээ. Ингэхээр тэр их мөнгийг урьдын удирдлагууд хааш нь “хаядаг” байсан бэ гэсэн асуулт аяндаа гарч ирнэ. Үүнд нь Үүл дарга хариулна. Ингэнгүүт урьдын дарга Мөнхбаяр, Билэгт, Миеэ Энхболд нар ямар нэг хариу өгөхөөс өөр аргагүй болж ацан шалаанд орноо доо? Дээлээ нөмөрдөггүй юм гэхэд АТГ-д дуудагдана, юун сонгууль манатай болно. Хогийн мөнгө бол юу ч биш. Цааш нь зөндөө асуудал ар араасаа ундрана… Бат-Үүл рүү гэнэт дайран довтолж буй шалтгааны жинхэнэ учиг энд байна!!! Бас л хөөрхөн цаагуур бодсон байгаа биз? Шоронгийн арга л гэдэг юм даа.
МАН дотор хамгийн том фракц нь “хотын” гэж алдаршсан Миеэ Энхболдын бүлэглэл. Сүүлчийн хурлаар эднийхэн шийдвэр гаргах эрх бүхий намын бага хурлын гишүүдийн дийлэнхийг эзлэн авснаар өөрийнх нь эсрэг томоохон хүчин нөгөө талд нь гарсан билээ. МГИМО-ын бүлэг, шүлэгч Мөнхөөгийн бүлэг, Санж Баярын бүлэг, Нямдоржийн хөгшчүүд, Хүрэлсүхийн залуучууд, хөөрүү нялхс гээд нэлээд олон бүлэглэл ил далд оршин хойтонгийн сонгуульд бэлдэж байгаа. АН-ын тэнэгүүдээс ялгаатай нь фракц мракц гэж зарлан хөөрч хоорондоо ил дайн зарладаггүй л болохоос. Хойтон АН нам даруулж МАН төрийн эрх барина гэдэгт эд бүгдээрээ 99 хувь итгэлтэй байгаа. Магадгүй л юм. Төр барихаар хэний бүлэг орой дээр залрах вэ гэдэг нь харин орших, эс оршихын асуудал.
АН-ынхан нас дээр гарч зөнөг залгах дээрээ тулсан боловч мөнөөх л ерэн оны залуугийн халуурал өвчин нь эдгээгүй, намын дээр биш гэхэд ядахнаа нэг ядруухан фракцын удирдагч болох гэж орондоо унтах завгүй озолдон дайтна. Удирдагч нар нь өөрснөө сэлэм эргүүлчихсэн фронтын толгой дээр уухайлна. Харин МАН бол уламжлалтай нам. Мөн л хөнжилдөө орох завгүй хөхөлдөн тулалдаж буй боловч толгойлогчид нь давааны орой дээр дуран барьж суучихаад горьдлого тээсэн тэнэгүүдийг урдаа түрнэ. Нөгөөдүүл нь дараа нь юу болохыг ч төсөөлөхгүй шүлсээ үсчүүлэн “тодроно”. Их шүлстэй нь өөрийгөө ирээдүйн сайдаар, ам нь хатчихсан нь ядахнаа дүүргийн дивтат болно гэж итгэчихсэн яваа. Тэднийг жаал согтоож байгаад энэхүү увайгүй үйлдлийн учрыг нь асуухаар “намын даалгавар” гэж тэнэгтэх юм билээ. Нам гэж юу юм бэ? Дарга ухаантай нэг нь л даалгасан байгаа, түүнээс “нам” гээд тусдаа дээд тэнгэрийн бурхан байхгүй.
Эд нар увайгүй үйлдлээ “нам” гэдэг хийсвэр ойлголтоор их халхална аа. Хүний араас дүрчихээд намын эрх ашиг мэтээр тайлбарлана. Албан тушаал хөөцөлдөн үхэх гэж яваагаа “нам даалгахаар нь нэр дэвшлээ” хэмээн хээв нэг цайруулна. Алив тэр даалгавар өгдөг “нам” гэгчээ хуруугаараа заагаадах даа гээд эрүүдвэл эсвэл таг болно, эсвэл явж явж нэг бүлэглэлийн толгойлогчийн нэрийг хэлнэ, өөр яахын? Мань “нам” олон шүлсчинд “даалгавар” өгчээ. Хорвоо ямар тэнэгээр дутах биш! Монголын бүх шатны дивтаатын орон тооноос олныг. Зарим нь нийтийн сүлжээгээр нэр устайгаа гялалзана, зарим нь шууд гардан тулаанд, зарим нь зурагтын дэлгэцнээс салнаа нэг байхгүй. Мэдээж байлдаанд олон нь “үрэгдэнэ”, “нам” нь тэднийгээ “оршуулах” ч үгүй мартана. Зарим нь дээлээ нөмрөнө, “нам” тэднийгээ өмөөрөх ч үгүй чигт нь хаяна. Тэгсээр ирсийм, тэгэх ч болно. “Амьд” үлдсэнүүдэээс аз нь шовойсон хэдхэн нь юм олж зууна, бусад нь тэгээд гомдсондоо Энхбаярыг л дагадаг байх даа! Яагаад гэвэл уулын орой дээр дурандаж суугаачдад ч сандал ширээ хүрэлцэхгүй байхад чинь.
Энхбаярыг цагтаа МАХН-ын хөгшчүүд өхөөрдөн гудамжнаас татаж гаргаж ирсэн юм. Харин цаадах нь бүгдийг нь гол гаргасан даа. Сүүлдээ намаа хуваагаад хойтохыг нь уншчихсан. Одоо түүнтэй хамт хууччуулаа түмбэржүржиг болгож байсан гаруудын ээлж ирсэн. Эрт ургасан чихнээс хойно ургасан эвэр, хорвоогийн л жам юм даа. Харин одоо хоолондоо орох гээд түмпэн саваа агссан “бацаанууд” бол завсрын үеийнхэн, хорвоогийн хамаг муу муухайгаар дамжин шоронгийн аргад сурсан хүнд гарууд. Баянголын гэгдэх Эрдэнийн шоронгийн арга шинэлэг чанараа алдаад хүүхэд нохой ч хэрэглэдэг болсон цаг шүү дээ, өнөөдөр чинь. Харахгүй юу, шүлэг тэрэлж байгаа юм болоод л Шекспирээс дутахгүй трагеди бичин найруулж байна шүү дээ. Болор цом чинь аль амбасын үеийн хөөрөл. Атуузны билет өгсөнгүй гэээд Бат-Үүлийг огцруулна, тэгэхгүй бол өлсгөлөн зарлана гэж Монголын ирээдүй нар заналхийлж байна. Ганц хоёр нь ч гэсэн үнэнгээсээ өлсөөд үхчихээсэй билээ, ердөө л атуузны билетийн төлөө өлсөж үхсэн гэж Гиннесийн номонд орж мөнхрөнө шүү дээ. Аятай юу, улсын маань нэр л алдаршина. Тэр номонд ороход заавал хэдэн мянган бөх барилдуулж ажил болж яана вэ, бэлээхэн баатрууд байна, наана чинь!
Ер нь сонгууль угтсан наадам ч сайхан дээрээ л явна. Улсынхаа хилээр ширхэг ч өвс гаргахгүй гээд хэдэн гар эзгүй хээр алдлаад хэвтчих юм. Ерээд оны дундуур нэрт улс төрч дархан аварга маань Дорнодын өвсийг машин машинаар нь хил давуулан зарж байхад тэртэй тэргүй ашигладаггүй өвс, тэгээд ч гал түймрийн аюултай гэж магтацгаагаад л байсан нь санаанд тодхон. Ер нь энд тэндгүй л зугаатай, наргиантай. Үзэх харах, бишрэх шүтэх, гайхах алмайрах, жигших бөөлжих юмаар ч элбэг дэлбэг л байна. Уйдахгүй дээ, ойрын хэдэн сардаа. Огцор огцор хэмээн оронд нь очих хүмүүс орилолдоно. Үнэхээр ч тэд оронд нь очно, яагаад гэвэл манай ард түмэн сонгох юм чинь!
2015.10.20