Зам, тээврийн сайд асан, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүхтэй  уулзаж ярилцлаа.

-Сайдын ажлаа өгснөөс хойш хэвлэлд огт ярьсангүй.  Энэ хооронд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдсон, бас Хонконгийн арбитрийн шүүхэд заргаа авлаа, АН-ын генсек болох гэж байна, дахиад Зам, тээврийн сайдаар томилогдох гэнэ, ЗГХЭГ-ын дарга болох гэнэ гэх мэт олон мэдээлэл сонсогдсон. Ярих зүйл  ихтэй л байгаа биз дээ?

-Сайдын ажлыг өгөөд нэг жил болж байна. Ярья гэвэл ярих зүйл байна аа. Арбитрийн шүүхийн ялалтын хувьд энэ бол би ажлаа хуулийн дагуу зөв хийж байсны л баталгаа юм.

-Тэгвэл   АН-ын генсект өрсөлдсөн талаар чинь сонирхмоор байна л даа. Ямар нэг улс төр орчихов уу, яг юу болсон бэ?

-Би энэ албан тушаалд өрсөлдөхгүй гэж нэрээ татсан.

- Яагаад?

-Би ажилтай хүн. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын даргын хуулийн бодлогын зөвлөх гэдэг бол их чухал ажил. Тиймээс энэ ажлыг үр дүнтэй хийх нь зүйтэй гэж үзсэн.

-Таныг дахиад Зам, тээврийн сайдаар томилох нь гэж  бодож байлаа. Танай салбарынхан ч гэсэн тэгж ярьж, хүлээлт үүссэн байсан. Гэтэл үгүй байжээ?

-Таны энэ асуултанд би хариулт өгчихсөн.

-Би ажилтай хүн гээд үү.   УИХ-ын даргын зөвлөх хүн  ямар зөвлөгөө өгдөг вэ?

-УИХ-ын даргад өгдөг зөвлөгөөг хэвлэлд ярих боломжгүй. Ажлын онцлог тийм. Харин Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа юу хийсэн талаар асуувал яасан юм бэ.

-За тэгье. Та Зам, тээврийн сайдаас огцорч ажлаа өглөө.  Өөрийгөө зам, тээврийн салбарт юу бүтээсэн гэж дүгнэх вэ?

-Би огцроогүй. Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийгдэж би сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Энэ бол зарчмын ялгаа. Нөгөө талаар би хийсэн ажлаа тайлагнах нь л зүйтэй болов уу. Сайдын ажлыг УИХ дүгнэдэг. Харамсалтай нь ажлаа өгөхдөө УИХ дээр ажлаа тайлагнах боломж гарсангүй.

-Та салбарын сайдаар ирэхдээ ийм, тийм юм хийе гэсэн бодол, төлөвлөгөөтэй л байсан биз....

-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснийхээ дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг олон нийтэд хийсэн мэдэгдэлд зам, тээврийн салбарын амжилтын тухай тодорхой дурдсан. Эндээс харахад миний удирдсан яамны ажил гайгүй дүгнэгдээд байх шиг байгаа юм.

-Тухайлбал...

-Тэр бүхнийг багтааж ярина гэвэл  сонины зай хүрэхгүй л болов уу. Ганцхан жишээ хэлье. Тухайлбал, 2012 онд Зам, тээврийн яам байгуулагдахад Монгол Улс нийт 2699 км хатуу хучилттай авто замтай байсан. 2013, 2014 онд нийт 2655 км хатуу хучилттай авто зам баригдсан. Үүнээс Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон. Мөн аймгийн төвийг нийслэлтэй холбох ажлын хүрээнд 28 сум хатуу хучилттай замаар гол замтайгаа холбогдсон. Ингэснээр Монгол Улсын хатуу хучилттай авто замын нийт урт нь 5354 км болсон. Түүхэн амжилт шүү.

-Таныг ажил авах үед Монгол Улс 2699 км хатуу хучилттай замтай байж. Таныг сайдаар ажилласан хоёр жилийн хугацаанд 2655 км зам баригдаж гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээрт, манай замчид үнэхээр хичээж хөдөлмөрлөсөн. Хоёрт, ЗТЯ-наас долоо хоног тутам зам дээр очиж байнгын хяналт тавьж ажилласан. Би л гэхэд өөрөө сар тутам бүх замын ажлыг биечлэн очиж шалгаж байсан. Гуравт, санхүүжилтийг богино хугацаанд шийдэж, ЭЗХЯ, Сангийн яам, Хөгжлийн банктай нягт хамтран ажилласан. Дөрөвт, нэг компани чадахгүй байж урт замын ажил гэрээлж авчихаад энд тэндгүй дуусаагүй ажилтай олон жил болдог  байсныг болиулж техникийн хүчин чадалд нь таарсан ажлыг өгөх болсон. Тавд, хугацаандаа замаа барьж дуусахгүй нь тодорхой болсон компанийн гэрээг хугацаа алдахгүй цуцалж, дараагийн гүйцэтгэгчийг яаралтай оруулдаг зохицуулалтыг хийсэн. Хамгийн гол нь надад 2008 оноос хойш хамт явсан ажлаа мэддэг мэргэжлийн баг байсан. 2012-2014 онд авто зам барьсан рекорд үзүүлэлтийг цаашид удаан хугацаанд дахиж давтаж чадахгүй.

-Яагаад?

-Өөрөө харж байгаа биз дээ. Шийдлийн Засгийн газар 2015 онд нэг ч аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто зам барьж чадсангүй. 2012 онд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрын ЗТЯ бол залгамж чанараа хадгалсан ганцхан яам байсан. Манай баг 2008 оноос ажиллаж хүрсэн амжилтаа 2012 оноос ахиулаад цаашаа явсан. Бусад яам харьцангуй шинээр эхэлж байсан.

-Танай баг ЗТЯ-нд буцаж ирлээ гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Жинхэнэ төрийн мэргэшсэн албан хаагчид шүү дээ. Н.Төмөрхүү сайдын үед ажлаас чөлөөлсөн байсныг М.Зоригт сайд буцааж томилсон байна лээ. Буруу биш биз дээ. Тэдгээр хүмүүс ямар ч улс төрийн намын гишүүн биш, тэгээд ч хамгийн сайн ажиллаж байсан. Тэд муу ажиллаад халагдсан биш, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсан байсан. Тийм чадварлаг багтай ажиллаж байсандаа бахархдаг. М.Зоригт сайд болон энэ мэргэшсэн баг ирээд замын ажил эрчимжиж байна. Одоо аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох замын ажил эрчимжиж, баригдана гэсэн итгэл төрж байна.  М.Зоригт сайд өөрөө биечлэн замаар явж шалгаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Энэ их чухал.

-Авто зам ийм байдаг юм байж, МИАТ-тэй холбоотой шүүмжлэл их гардаг?

-МИАТ-ийн удирдлагыг нь олон жилийн турш улс төрийн бялуу хуваах зарчмаар дарга нь томилдог байсан. Энэ л шүүмжлэл үүсгэдэг шалтгаан. Зөвхөн 2005-2012 онуудад “МИАТ” ХК-ийн ТУЗ нь 5-6 удаа өөрчлөгдсөн бөгөөд дээрх хугацаанд компанийн бүтцийг 12 удаа, гүйцэтгэх захирлыг зургаан удаа өөрчилж байсан байна. Би сайд болоод улс төрийн бус мэргэжлийн шалгуураар үе дамжсан гавьяат нисгэгч хүнийг захирлаар томилсон. Ашгүй одоо ч ажлаа хийж байна. Энэ нь “МИАТ” компанийг улс төрийн томилгооноос салгах гэсэн оролдлого юм. Төрийн өмч буюу ард түмний өмч болсон “МИАТ” компанийн үйл ажиллагааг дэмжиж, зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэх, түүний үнэлэмжийг дээшлүүлэх олон ажил хийгдсэн. Засгийн газар албан ёсоор тогтоол гаргаж үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгосон. Мөн 2013 оны нэгдүгээр  сард олон улсад  хүлээн зөвшөөрөгдсөн Английн “Skytrax” байгууллагын үнэлгээгээр “МИАТ” компанийн үйлчилгээ гурван одын зэрэглэлд хүрснийг албан ёсоор зарласан. Энэ үнэлгээг гаргахын тулд 800 гаруй үзүүлэлтээр нарийвчилсан чанарын үнэлгээ хийж зэрэглэл тогтоодог. Амжилт байгаа, түүнийг олж харах хэрэгтэй. Гэхдээ МИАТ бол агаарын тээврийн салбарын нэг хэсэг. Энэ салбарт олон шинэчлэл хийгдсэн. Агаарын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого баримт бичгийг 2011 онд ЗТБХБ-ын дэд сайд байхдаа ажлын хэсгийг нь ахлан боловсруулсан бөгөөд салбар хариуцсан сайдын ажлыг аваад УИХ-аар 2013 оны нэгдүгээр сард батлуулсан. Энэ бодлого батлагдсанаар Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн шинэ үе эхэлсэн гэж хэлж болно. Ингэхэд авто замаас гадна агаарын шинэ замууд тавигдсан шүү дээ.

-Агаарын зам гэдгээ тайлбарлаач?

-2012 онд намайг сайд болоход Монгол Улсаас найман чиглэлд (Москва, Бээжин, Хонконг, Сөүл, Токио, Осака, Берлин, Хөх хот, Иркутск) нислэг үйлдэж байсан бол 2013-2014 онд Монгол Улсаас нэмж найман чиглэлд (Шанхай, Бангкок, Сингапур, Франкфурт, Парис, Манжуур, Хайлаар, Эрээн) олон улсын нислэгийн шугам нээсэн. Өөрөөр хэлбэл, агаарт найман чиглэлд шинэ зам тавьсан гэж бас хэлж болно. Гэхдээ эдийн засгийн шалтгаанаар эхнээсээ зогсч байх шиг байна. Дандаа ийм байхгүй биз дээ. Агаарын тээвэр бол ирээдүйгээ олон жилийн өмнөөс бэлтгэдэг онцлогтой салбар. Дэлхийн бусад оронтой агаарт хийсэн өрсөлдөөн гэж хэлж болно.

-Сингапурын нислэг нээгдлээ гэсэн, удалгүй зогсоосон байсан.  Та их л ажил болж байж энэ эрхийг авсан гэсэн?

-Намайг ажлаа өгснөөс хойш зогсоосон байна лээ. Харамсалтай шийдвэр. Нэгд, Сингапур ниснэ гэдэг бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилт байсан. Хоёрт, Засгийн газар ч аялал жуулчлалыг дэмжинэ гэдэг бодлого барьж байсантай уялдаж байсан. Гуравт, Бээжингээс зорчигч авах эрхтэй нислэг байсан. Үүнийг тавдугаар эрх гэдэг. Тэгээд ч 1.3 тэрбум хүнтэй Хятад, жилд 50 сая зорчигч хүлээн авдаг Сингапурын хооронд 100 суудалтай онгоц дүүргэж чадахгүй байна гэдэг бол МИАТ-ийн маркетинг муу байна л гэсэн үг. Бурууг бид өөрсдөөсөө хайж сурах хэрэгтэй.

-МИАТ дахиад хоёр шинэ онгоц авна гэсэн юу болж байгаа бол?

-Би авна гэдэг байр суурьтай байсан. Одоо харин яах гэж байгаа юм бол доо. Шинэ сайдаас нь асуух хэрэгтэй байх. Дашрамд шинэ “БОИНГ” онгоцыг “Чингис” бондын мөнгөөр авсан гэдэг ташаа ойлголтыг залруулах нь зүйтэй байх. Уг онгоцыг АНУ-ын “ЭКЗИМ” банкны урт хугацааны зээлээр авсан. Энэ зээлийг авахад АНУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд, хатагтай А.Кэмпбэлл улс төрийн асар их дэмжлэг үзүүлснийг дурдах нь шударга болно.

-Төмөр замын асуудлаар улстөржсөн шүүмжлэл, улс төрийн тоглолт маш их хийгдэж байна. Та тайлбар хэлэх үү?

-Өнөөдрийг хүртэл хийгдсэн ажил нүдэнд ил учир шууд хэлье. Баримт нотолгоо нь байгаа учир гүтгээд ч нэмэргүй биз ээ. Төмөр зам бариагүй зургаан жил боллоо гэдэг. 2010 оны зургадугаар  сарын 24-нд УИХ-аас Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталсан. 2010 оны арваннэгдүгээр  сард төмөр зам барих эрхийг Монголын төмөр зам ХК (МТЗ)-д олгосон. 2011 оны наймдугаар  сард 55 сая долларыг Хөгжлийн банкнаас олгох шийдвэр гарсан ч энэ мөнгө олгогдоогүй. Харин 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар өмнө нь өгнө гээд өгөөгүй 55 сая долларыг олгохоор 2013 оны нэгдүгээр  сард шийдвэрлэсэн. Дараа нь 2013 оны гуравдугаар сард ЗГ тогтоол гарган Чингис бондоос 400 сая доллар олгохоор шийдвэрлэн мөн оны тавдугаар сараас эхлэн 200 сая долларыг үе шаттай олгож эхэлсэн. УИХ бодлогын бичиг баримтыг баталснаас хойш гурван жилийн дараа 2013 онд л шинэ төмөр зам барих төсөл эхнийхээ санхүүжилтийг авч ажлаа эхлүүлсэн гээд бод доо. Энэ мөнгөөр нэг жилийн хугацаанд шинээр барих нийт 1800 км шинэ төмөр замын ажлын зургийг бүрэн хийлгэж дуусгалаа. Намайг 2014 оны аравдугаар сард ажлаа өгөхөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын нийт барилгын ажлын 44.98 хувийг, газар шорооны ажлын 77.3 хувийг хийсэн.

-Өнгөрсөн онд болсон хоёр хөршийн төрийн  тэргүүнүүдийн айлчлалын чухал сэдэв нь төмөр замын салбартай холбоотой байлаа. Хоёр хөршийн айлчлалаар та чухал гэрээнүүд байгуулсан тухай сонирхмоор байна л даа...

-Тийм ээ. Тэр гэрээнүүд чинь одоо манай дарга нарын хаана ч очсон ярьдаг сэдэв болоод байгаа. Харин онцлон хэлэхэд төмөр замын салбар нь зөвхөн эдийн засгийн агуулгатай биш, улс орны ирээдүйн хөгжилд чухал үүрэгтэй геополитикийн салбар гээд ярихаар намайг мөн ч олон хүн шүүмжилж байсан даа. Гэхдээ хоёр хөршийн тэргүүнүүдийн Монгол Улсад хийсэн айлчлалын гол сэдэв төмөр зам байсан, улс гүрний тэргүүнүүд нүүр тулан уулзаж зөвшилцөлд хүрч байж шийдэгдэж байгаа нь би буруу яриагүйн баталгаа болсон болов уу. Ер нь юм юм л болсон доо.

-Ер нь юу болсон гэж? Одоо тэр талаараа ярьж болох уу?

-Улс орны эрх ашигтай холбоотой ярьж болох болохгүй зүйл, ярих цаг хугацаа гэдэг нэг зүйл байна.

-Гэхдээ болоод өнгөрсөн зарим зүйлийг тайлбарлахгүй бол мушгин гуйвуулах, буруу ойлголт өгөхөөс эхлээд асуудал бий шүү дээ. Тэгэхээр ярих  боломжтойгоос нь ярьчихаж болохгүй юу?

-За яахав. Жишээ нь, Хоёр хөрштэйгөө төмөр зам, транзит тээвэр талаар баримтлах чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс (ҮАБЗ) тогтоож хэлэлцээр хийх үүргийг надад өгсөн байсан. ҮАБЗ, УИХ-аас өгсөн чухал үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж гадаад оронтой хэлэлцээр хийж байхад учирч байсан хамгийн хүндрэлтэй нь хэлэлцээр хийгч тал биш, харин дотоодын улстөрчид байсан нь харамсалтай. Тэд хэлэлцээрт улс төрийн дэмжлэг үзүүлээгүй атлаа саад болж байсан нь хамгийн их урам хугалж байсан. Гэхдээ би болон манай баг байр сууриа хатуу хамгаалж чадсан. Үр дүнд нь ҮАБЗ-ийн удирдамжийг хэрэгжүүлж Монгол Улсын ирээдүйн хөгжлийг хангасан хэлэлцээрүүд хоёр хөрштэй байгуулж чадсан.

Энэ хэлэлцээрүүдийг хийх боломжийн төлөө ямар тэмцэл болсныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, ЭЗБХ-ны  гишүүд, УИХ-ын 2014 оны долдугаар  сарын 1-ний өдрийн чуулганы хаалттай хуралдаанд оролцсон Их хурлын гишүүд мэдэж байгаа. Хоёр хөрштэй гэрээ хэлэлцээрийг хийхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхийлөгчийн баг болох П.Цагаан, Зөвлөх Л.Пүрэвсүрэн (одоо ГХ-ийн сайд) ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, ажлын албаны дарга О.Очиржав, референт Ё.Жаргалсайхан, Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг (одоо ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга), Бээжин дэх элчин сайд Ц.Сүхбаатар нарын дэмжлэг болон чуулган дээр байр сууриа илэрхийлж үг хэлсэн УИХ-ын гишүүн М.Энхболд, Л. Цог, Н.Энхболд, Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Амаржаргал, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр, Д.Батцогт, С.Дэмбэрэл, Д.Дэмбэрэл, О.Баасанхүү зэрэг нэр бүхий УИХ-ын гишүүдийн дэмжлэг үнэлж баршгүй тус болсон болохыг онцлон тэмдэглэе. Ямар ч байсан Зам, тээврийн сайдын хувьд миний баримталж байгаа байр суурь зөв гэдгийг УИХ баталсан. Чуулганд оролцсон нийт 53 гишүүн бүгд миний байр суурийг дэмжиж саналаа өгсөн.

-УИХ  урд чиглэлийн төмөр замын царигаа нарийн байхаар шийдсэн. Ер нь энэ царигийн маргааны талаар та байр сууриа  илэрхийлээч..

-Би олон удаа хэлсэн. Одоо дахин хэлье. Энэ асуудлаар хэн нэгэн улстөрчийн, аль нэг намын байр суурь гэж байх ёсгүй. Төрийн бодлого байх ёстой гэж би үздэг. Учир нь улс орны ирээдүйн урт хугацааны хөгжлийн маш чухал асуудал. Тийм ч учраас би Зам, тээврийн сайд байхдаа баримтлах удирдамж боловсруулж ҮАБЗ-д танилцуулсан. ҮАБЗ хаалттай хэлэлцээд дэмжиж, маш тодорхой удирдамж  гарсан байгаа. Хэвлэлээр олон нийтэд мэдээлэх боломжгүй.

-Та бас өмнө нь хэвлэлд иймэрхүү хариулт өгч байсан. УИХ-ын хаалттай хуралдаан дээр яригдсан гээд  тодорхой бус байдаг.

-Мэдээж яригдсан. Mанай хоёр хөрш их гүрнүүд, улс төр, эдийн засгийн тодорхой бодлоготой. Тиймээс бид ч бас төрийн бодлоготой байх ёстой. “Хар хайрцагны бодлого” ч гэдэг. Тэр бодлогын дагуу бүх шийдвэр гарч байгаа. Тэр тухай та  асуугаад ч би хариулахгүй.

-Та УИХ-д өргөн барьсан төмөр замын тогтоолд гарын үсэг зурахгүй гэсэн гээд тухайн үед шуугьж байсан. Тэр шалтгаанаа одоо хэлж болох уу?

-Энэ асуудлыг мартаагүй байгаа юм уу? Маш ойлгомжтой шалтгаантай. 2014 оны гуравдугаар сарын 18-ны өдөр ҮАБЗ хуралдаж, төмөр замын асуудлаар хоёр хөрштэй хэлэлцээр хийхэд баримтлах чиглэл удирдамж баталсан. Түүнийг хэрэгжүүлэх үүргийг надад даалгасан. Үүний дагуу хоёр хөрштэй хэлэлцээр хийж эхэлсэн. Гэтэл хэлэлцээр дуусаагүй байхад буюу 2014 оны  зургадугаар сард Ерөнхий сайд асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр намайг гарын үсэг зур гэсэн.  Гэтэл ҮАБЗ-өөс болохоор хэлэлцээрийн үр дүнд үндэслэн УИХ-д өргөн мэдүүл гэдэг чиглэл өгсөн байсан. ҮАБЗ-өөс өгсөн чиглэл, удирдамж зөрчигдөх учраас би өргөн мэдүүлэх нөхцөл бүрдээгүй байна гэдэг үндэслэлээр гарын үсэг зураагүй. Учир нь хоёр хөрштэй хийж байгаа хэлэлцээр дуусаагүй байсан.

-Тэр үед таныг танхимынхаа эсрэг ажилладаг, үгэнд ордоггүй гэх шүүмжлэл нэлээд явсан байх аа?

-Би хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөж ажилласан. Салбар хариуцсан сайдын хувьд яагаад гарын үсэг зурахгүй шалтгаан, түүний хуулийн үндэслэл, цаашид гарах үр дагаврыг Ерөнхий сайдад баримт, нотолгоотой тайлбарлаж хэлсэн. Ажиллах хугацаандаа би аливаа хууль зөрчсөн үйлдэл дээр санал нийлдэггүй байсан. Тэгээд ч хууль зөрчиж шийдвэр гарга гэдэг шахалтыг хүлээж авахгүй, тиймээс үгэнд ордоггүй байсан гэвэл үнэн.

-Энэ хугацаанд бэрхшээл нэлээд байжээ гэж ойлголоо...

-Бэрхшээл үргэлж байдаг л юм. Харин зохион байгуулалттай дарамт, шахалт, эсэргүүцэл байсан нь харамсалтай. Тэр ч бүү хэл сайдын албан тушаалаасаа огцор гэдэг дарамт ирж байсан. Гэхдээ төмөр замын асуудал яригдаж байх 2013 он болон 2014 оны эхний хагаст болсон үйл явдлууд, зарим нэг улстөрчдийн хандлага надад эргэлзээ, болгоомжлол төрүүлж, зүгээр орхиод явж болохгүй юм байна гэж бодох болсон. Тийм ч учраас 2014 оноос эхэлсэн олон удаагийн дарамт, шаардлагад автаж сайн дураараа чөлөөлөгдөх огцрох өргөдөл өгөөгүй юм.

-Улс төрийн дэмжлэг үзүүлээгүй гэж ойлгогдож байна?

-Ямар нэгэн үл ойлгогдох шалтгаанаар салбарын ажилд саад учруулж эхэлсэн.

-Тодорхой жишээ хэлж болох уу?

-Засгийн газраас шинэ төмөр замыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн 400 сая долларын үлдэгдэл 200 сая долларыг өгөхгүй байгаагаас шалтгаалан төмөр замын барилгын ажил зогссон. Мөн шинэ төмөр замын төслийг санхүүжүүлэхээр гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас ирүүлсэн 600 сая долларын саналыг ЗГ-аар хэлэлцүүлэхээр 2014 оны зургадугаар  сарын 5-нд хүргүүлсэн хэдий ч Засгийн газрын хуралдаанд ч оруулж өгөөгүй. 

-Мөнгө олоод ирж байхад уу?

-Баримт нь байгаа. Хэрэв Засгийн газар бондын санхүүжилтийн үлдэгдэл 200 сая долларыг МТЗ компанид өгөөд, гадаадын банк санхүүгийн байгууллагаас санал болгож байсан 600 сая долларын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээд өгсөн бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам энэ онд баригдаж дуусах байлаа.

-Төмөр замыг гацаасан, их хэмжээний хөрөнгө мөнгө идсэн уусан гэдэг хардлага байдаг?

-Улс төрийн зорилготой зориуд тарааж байгаа хар пиар. Гацааж байсан юм бол сөрөг хүчин болох МАН-ын сайд Н.Төмөрхүү миний дараа энэ албан тушаалыг аваад 10 сар ажиллахдаа тэр гацааг гаргаад явна биз дээ. Гэтэл нэг хүрз шороо ч нэмэрлэж чадаагүй. Н.Төмөрхүү сайдын буруу биш. Төмөр замын ажлыг гацаах эрх мэдэл нь Зам тээврийн яам дээр байхгүй. Гацаа нь өөр газар буюу Засгийн газар дээр байсан. Хэн, яагаад гэдгийг ч хэлж чадна.  Хөрөнгө мөнгө завшсан гэх асуудлыг АТГ шалгаад үгүй гэдгийг тогтоосон. Гэхдээ миний өөрийн хүсэлтээр шалгасан. Харин гүтгэсэн хүн нь шүүхээр ял авсан. Ер нь төмөр замын бүтээн байгуулалтын мөнгө Зам, тээврийн яамаар дамжаагүй, мөнгө яаманд хамаагүй байдаг. Мөнгөний асуудал Сангийн яам, Хөгжлийн банк, Монголын төмөр зам компанийн хооронд л явагддаг.  Тэгээд ч миний дараа 2014 оны аравдугаар сараас хойш өөр намын сайд энэ албан тушаалд очлоо. Тийм л луйвар байгаа юм бол илрүүлээд гаргаад ирэх хугацаа хангалттай боллоо шүү дээ. Миний сонссон дам яриагаар бол Н.Төмөрхүү сайдыг томилогдсоны дараа  Их хурлын зарим гишүүн төмөр замтай холбоотой бүх материалыг хуулбар хийж авч тэр луйврыг хайсан гэсэн. Тэгж тэгж мухардсан. Луйвар хийсэн бол би ингээд байж байх уу.
 
-Төмөр зам барина гээд шороон далан барьсан гэдэгт тайлбар өгнө үү?

-Юуны өмнө даланг шороогоор барьдаг гэдгийг хэлье. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын даланг Солонгосын “Samsung” компани барьж, түүний хяналтыг Германы төрийн өмчит “Германы төмөр зам” (Deutsche Bahn) компанийн герман инженерүүд хянаж ажилласан. Тиймээс ямар ч алдаа гараагүй, олон улсын түвшинд хийгдсэн. Ямар ч луйвар байхгүй. Тухайн үед Ерөнхий сайд Н. Алтанхуяг газар дээр нь очиж үзсэн. УИХ-ын дарга бас очсон. Саяхан шинэ сайд М. Зоригт очсон байсан. 1000 сонсохоор нэг очиж үзэх нь зүйтэй. Энэ асуудлаар хаана ч, хэний ч өмнө би шалгуулахад бэлэн гэдгийг хариуцлагатай хэлье.

-Таван толгой ордыг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээний талаар та   дүгнэлт бичиж, шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн. Яагаад?

-Миний бичсэн санал, дүгнэлтийг дахиад уншаад үзвэл та яагаад гэдэг асуултын хариултаа олно доо. Маш товч хэлье. Учир нь энэ талаар маш их зүйл ярьж болно. УИХ-ын 10 гишүүнтэй ажлын хэсгийн гаргасан 90 хуудас дүгнэлтэд тодорхой бичигдсэн байгаа. Энэ гэрээг бэлтгэсэн хүмүүс Монгол Улсын  эрх ашгаас урвасан гэж УИХ-ын ажлын хэсгийн дарга Л.Эрдэнэчимэг гишүүн хэлсэн. Би санал нийлж байгаа.

-Арай хатуу хэлж байгаа юм биш үү?

-УИХ-ын 10 гишүүний гаргасан дүгнэлтийг үндэслэж хэлсэн үг шүү дээ. Үгүй гэдгээ тэгвэл тэр хүмүүс батлах хэрэгтэй. Ер нь Тавантолгойн ордыг авах гэсэн улс төр, бизнесийн бүлэглэл төмөр замын бүтээн байгуулалтыг гацаасан. Монгол Улс өөрөө энэ төмөр замыг барьж эзэмших боломжийг л зогсоох үйл ажиллагааг тэд л явуулсан. Хэрэв Засгийн газар 2014 оны зургадугаар сард  олон улсын санхүүгийн байгууллагаас миний босгосон 600 сая ам. долларын зээлийн санхүүжилтийг шийдвэрлээд өгчихсөн бол Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил энэ онд дуусах байсан гэдгийг дахин онцлон хэлье.

-Төмөр замын хувьд ямар байх нь зүйтэй вэ?

-Монгол Улсад шинээр баригдах төмөр замыг төрийн өмчит Монголын төмөр зам компани өмчлөх ёстой гэдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010, 2011 онд төмөр замын асуудлаар гаргасан зөвлөмжүүд, Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолтой нийцэж байгаа. Монгол төрийн эдгээр шийдвэрүүдийг би сайд байхдаа хийж гүйцэтгэсэн. Н.Төмөрхүү сайд үргэлжлүүлсэн. Одоо шинэ сайд М.Зоригт ч бас үргэлжлүүлэх ёстой.

-МАН-ын Н. Төмөрхүү сайд зам бариагүй гэдэг шүүмжлэл гарсан?

-Аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох авто замтай холбоотой яригдсан байх. Энэ яахав ээ,  барьж болно. Гэхдээ төмөр замын асуудлаар Н.Төмөрхүү сайд Үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, удирдамжийг баримтлан улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж ажиллаж чадсанд баяр хүргэх хэрэгтэй. Зарим нэг сонирхлын бүлэг бодохдоо Н.Төмөрхүү сайдыг ятгаж, хүссэн шийдвэрээ гаргуулж чадна гэж бодсон байх.

-Ямар эрх ашиг?

-Хууль зөрчсөн гэрээгээр Тавантолгойн ордыг төмөр замтай нь авах гэсэн эрх ашиг.

-Төмөр замд аудит оруулж шалгах хэрэгтэй, гэтэл шалгуулахгүй байна гэдэг шүүмжлэл байгаа. Та юу гэх вэ?

-Шалгуулсан. Би хоёр жил сайд хийхэд ЗТЯ-ыг Үндэсний аудитын газар жил бүр шалгасан. Тэр шалгалтын дүнг УИХ-д тухай бүр танилцуулсан. Одоо ч шалгаж байгаа. Хэн ч саад хийгээгүй. Үндэсний аудитын газраас очоод мэдээлэл авахад нээлттэй. 

-Та тэгээд тухай бүр тайлбар хийхгүй, удаан дуугүй явж хардуулж, элдвээрээ хэлүүлэх хэрэг байсан юм уу.  Өөрийгөө хамгаалсан улс төрөө хийж шуугиан тарьж болох л байсан юм биш үү?

-Миний улс төр хийх нь зөвхөн хувь хүний хэрэг. Гэтэл түүнээс үнэтэй Монгол төрийн эрх ашиг гэж чухал зүйл  бас байна. Хэвлэлийнхэн та нар олон зүйлийг мэдэхгүй, шуудхан хэлэхэд мөсөн уулын оройг л харж байгаа.

-Та тэгвэл хэлээд өг л дөө?

-Надад тийм эрх  байхгүй. Ингээд яриагаа дуусгая. Цагийн юм цагтаа гэдэг байх аа.