”Шүүхийг шүүхийн тулд...”
Өнгөрөгч долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс сэтгүүлчдэд зориулан зохион байгуулсан сургалтын үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Хэрвээ бид процессийн хуулиудаа яаралтай өөрчилж, шинэчлэхгүй л юм бол ямар ч сайн шүүгч, прокурор, мөрдөн байцаагч томилоод зургаан сарын дараа гэхэд бүгд адилхан “адгийн шаар” болно...” гэж ярьсан.
Өнгөрөгч долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс сэтгүүлчдэд зориулан зохион байгуулсан сургалтын үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Хэрвээ бид процессийн хуулиудаа яаралтай өөрчилж, шинэчлэхгүй л юм бол ямар ч сайн шүүгч, прокурор, мөрдөн байцаагч томилоод зургаан сарын дараа гэхэд бүгд адилхан “адгийн шаар” болно...” гэж ярьсан.
Энэ нь үнэхээр шалтгаан мөн үү, эсвэл зүгээр шалтаг байсан уу гэдгийг хэлж мэдэхгүй. Гэхдээ л хэрэглэж байгаа хуулиараа ядахдаа шалтаг тавьж өгөөд байвал шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний тухай бидний яриа хий хоосон зүйл болж үлдэнэ гэдгийг ердөө долоо хоногийн өмнө болсон Л.Гансүхийн шүүх хурал бэлээхэн харууллаа. Харин ч хэргийн холбогдогч нь өөрөө төрийн өндөр албан тушаал хашиж явсан нэр нөлөөтэй хүн байж, дээр нь шүүх хуралдааныг телевизээр шууд дамжуулсан учраас манай шүүх, хуулийнхан хамаг чадлаа шавхсан байж таарна. Ядаж л өмгөөлөгчид нь сайн юм. Өмгөөлөгч сайн байсны ачаар шүүх хурлыг нээлттэй явуулж, телевизээр шууд дамжуулж, хаалттай хуралдсан бол хэдхэн цагийн дараа гарчих шийдвэрийг бүтэн таван өдрийн хэлэлцүүлэг болгож, олны анхааралд оруулж чадлаа. Гэтэл цаана нь хулгай, хүн амины гээд олны анхааралд ороогүй өөр олон хэргүүдийг яаж шалгаж, яаж нотолж, яаж шийддэг бол?! Бүр л аймшигтай юм болдог байж таарна аа даа...
Үнэндээ шүүхийн шинэчлэлийн тухай яриад даруй долоон жилийн нүүр үзчихлээ. Шүүхийн тухай багц хуулиуд хэрэгжээд гурав дахь жилдээ явж байна. Шүүх хараат бус боллоо, шүүгчийн цалинг нэмлээ, шүүгчид шинэчлэлийг дэмжлээ, ёс зүйтэй, хариуцлагатай боллоо... гэж хоёр жил ярьж, бичлээ. Гэтэл шүүхээс гарч байгаа шийдвэр, хэрэг шийдэж байгаа арга барил нь яг хуучнаараа. Үүнийг шүүхийнхэн бас л “Процессийн хуулиуд шинэчлэгдэхгүй байгаагийн хариуцлага нь шүүх дээр ирж буугаад байна. Эрүүгийн хууль хатуу байгаа нь эрүүгийн шүүгч нарт дарамт болж байна” гэж ярьж байна. Өмнө хэлсэн прокурорын үгтэй яг адилхан. Аягүй бол цагдаагаас, айлгадаг АТГ-аас нь асуусан ч бас л үүнийг хэлэх биз.
Процессийн хууль гээд байгаа нь товчхондоо гэмт хэргийг яаж илрүүлж, яаж мөрдөн шалгаж, шүүх хурлаа яаж зохион байгуулах вэ гэдгийг зохицуулдаг хууль юм. Одоогийнхоор бол Эрүүгийн байцаан шийтгэх хууль /ЭБШХ/.
Хэрэг бүртгэлээс эхлээд мөрдөн байцаалтын шат, прокурорын хяналт, хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэлх бүх процесс энэ хуулийн хүрээнд явагдах ёстой. Нотлох баримтыг яаж цуглуулах, үнэлж цэгнэх, шинжээч томилох, гэрчийн мэдүүлэг авах гэх мэтчилэн. Харамсалтай нь, манай ЭБШХ-д гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхдээ хөдөлшгүй нотлох баримтад тулгуурлах биш, яг хуулийнхаа нэрээр “эрүүдэн байцаах” замаар гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг өөрөөр нь хэргийг нь нотлуулах гэж зүтгэдэг, түүнийгээ нотлох баримт гэж үздэг Вышинскийн арга барил хэвээрээ. Яг ийм “нотлох баримт”-аас бүрдсэн 5000, 10000 хуудастай хавтаст хэрэг шүүх дээр орж ирдэг. Л.Гансүхийн шүүх хурал дээр ч яг л тийм зүйл болсон. 10000 хуудастай 40 гаруй хавтаст хэргийг нэгхэн өдрийн дотор уншчихдаг шүүгч хүртэл гарч ирсэн.
Уг нь бол шүүгч заавал ч үгүй 10000 хуудас хавтаст хэргийг нэг бүрчлэн уншиж цээжлээд байх албагүй л дээ. Биологийн талаасаа ч тийм боломж байхгүй нь үнэн. Зөвхөн маргаж байгаа талуудын гаргаж байгаа нотлох баримтын үнэн зөв, хэрэгт хамааралтай эсэхийг үнэлж цэгнээд шийдвэрээ гаргах нь шүүгчийн үүрэг. Тиймээс л шүүх асуудлыг “мэтгэлцээний журмаар шийдвэрлэнэ” гэж хуулинд байдаг байх аа. Тэгээд ч Герман зэрэг зарим оронд шүүгч хавтаст хэрэгтэй урьдчилан танилцахыг хориглодог гэсэн. Хэргийн талаар урьдчилан төсөөлж, гэм буруугийн тухайд хувийн итгэл үнэмшил бий болсноор хэргийг нэг талд нь шийдвэрлэх магадлалтай гэж үздэг учраас хавтаст хэрэгтэй танилцахыг хориглодог. Харин манай шүүх бол болсон болоогүй, мэдсэн мэдээгүй бүх мэдээллийг хольж хутгаж, хамж шимж байгаад “хөнгөнийг нь хүндэд нь багтаана” гэгчээр яаж ийгээд ял өглөө л дөө.
Анх Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тухайн үеийн Хууль зүйн сайд Гэмт хэргийн тухай /шинэ сайд хуулийн төслийг буцааж, “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга” гэж нэрлээд явж байгаа/ хуулийг УИХ-д өргөн барихдаа Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай /Д.Дорлигжав сайд хуулийн төслийг “Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай” болгож нэрийг нь өөрчилсөн/ хуулийг төслийг хамтад нь өргөн барьсан. Энэ бол нөгөө “процессийн” гэж яриад байгаа гол хууль маань. Уг хуулийн төсөлд тусгаснаар анхан шатны шүүх хурлыг хоёр шаттай болгож, урьдчилсан шүүх хурлаар зөвхөн хавтаст хэрэгт авагдсан хэргийн нотлох баримтуудыг шинжилдэг байхаар төсөөлж байгаа юм байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хууль зүйн шаардлага хангасан эсэхийг шинжилж үзээд нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, эсвэл нотлох баримтыг хуулийн дагуу олж аваагүй болох нь тогтоогдвол шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд нотлох баримтыг дахин бүрдүүлэх үүрэг өгвөл шүүх уг хэрэг дээр нэг талыг барьж, яллах сонирхолтой байгаа гэж үзэгдэх учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүй. Харин хоёр дахь шатанд хууль ёсны буюу хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэгдсэн нотлох баримтууд дээр тулгуурлан гэм буруугийн болон яллах асуудлыг ярина. Сая Л.Гансүхийн шүүх хурал дээр болсон шиг нотлох баримтаа яриад, гэм буруугаа ч, ял зэмээ ч яриад байхгүй гэсэн үг. Нэгэнт шүүх ажиллагаа хоёр үе шаттай явагдаж, нотлох баримт болон гэм буруу, ял зэмийн асуудал тус тусдаа хэлэлцэгдэж байгаа учраас шүүхийн шийдвэрт гэсэн алдаа гарах нь бага, одоогийнх шиг анхан шатанд шийдсэн хэрэг болгон давж заалдаад явахгүй.
Хуулийн засаглал хөгжсөн зарим оронд анхан шатны шүүх хурлыг бүр дөрвөн үе шаттай явуулдаг аж. Нотлох баримтын шүүх хурлын өмнө цагдан хорионы шүүх хурлыг явуулж, хэргийн холбогдогчийг цагдан хорих шаардлагатай эсэх, батлан даалтанд гаргахаар бол ямар дэнчин авах зэргийг хэлэлцдэг байна. Мөн гэм буруугийн шүүх хурал, яллах шүүх хурлаас тусад нь явуулна. Нэгэнт хөдөлшгүй нотлох баримтаар гэм буруутай нь тогтоогдсоны дараа хэргийн холбогдогч хохирогчтой уулзахаар хөөцөлдөж эхэлдэг. Учир нь хохирлоо бүрэн барагдуулсан тохиолдолд ялыг хөнгөлөх боломжтой. /Харамсалтай нь одоо манайд үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар хүнд гэмт хэрэгт холбогдсон этгээд хохирлоо барагдууллаа ч гэсэн ялаас нь хасдаггүй учраас хохирол барагдуулах сонирхол хэнд ч байдаггүй/ Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл ч гэсэн эхлээд анхан шатны шүүх хурлыг ийм дөрвөн үе шаттай явуулахаар бичигдсэн байсныг сүүлд хоёр болгож жижигрүүлсэн юм байна. Нарийн ярьвал цагдан хорих ч гэсэн манайд маргаан дагуулдаг асуудлын нэг. Шүүгчийн захирамжаар цагдан хорих, шүүх хурал хийж шийдвэрт хүрэх хоёр шал өөр л үр дагавартай байх болов уу.
Сургалтын үеэр илтгэгч багш нарын нэг нь бас нэгэн сонирхолтой зүйл ярив. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа манай Эрүүгийн хуульд “хүн хулгайлах” гэж гэмт хэрэг бий. Сүүлийн үед маш ихээр гарах болсон, улс дамнасан, зохион байгуулалттай том хэргүүдийн нэг. Гэсэн ч энэ хэргээр яллагдсан ганц ч хүн байдаггүй юм байна. Учир нь цагдаагийнхан хэргийн араас хөөцөлдөж арай гэж бариад, шалгаж тогтоогоод, хэргийг нь зүйлчлээд прокурор луу явуултал тэнд очоод “хүчиндсэн”, “зодсон”, “биеийг нь үнэлүүлэхийг завдсан” гэдэг гурван тусдаа хэрэг болоод задарчихдаг. Учир нь манай Эрүүгийн хуулийн “гэмт хэргийн бүрэлдэхүүн” гэдэг ойлголт хэтэрхий хоцрогдож үеэ өнгөрөөсөн, анх 1960 онд авсан яг тэр үзэл баримтлалаараа яваа учраас орчин үед бий болоод байгаа шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлага хангадаггүй аж. Яах ч аргагүй ашиг олох зорилгоор нэг нь хууран мэхэлж авчираад, нөгөө нь залилан мэхэлж өрөнд унагаад, шахалтанд оруулж байгаад хүчээр биеийг нь үнэлүүлдэг зохион байгуулалттай бүлэглэл байхад “гэмт хэргийн бүрэлдэхүүн” гэдэг зүйлээ мэдэхгүйгээсээ болоод үйлдэл тус бүрээр нь салгаад биччихсэн.
Л.Гансүхийн хэрэг дээр ч бас манай хуулийнхан яг үүн шигээ ажилласан. Ерөнхий сайдын зөвлөх байсан хүн албан тушаалаа ашигласан л байж таараа, зөвлөх, туслахаа ажиллуулсан юм чинь ашиг сонирхол байсан л байж таараа, жингийн зөрүү байгаа юм чинь идсэн л байж таараа... гээд бүгдийг нь жирийтэл жагсааж байгаад “албан тушаалаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан” гээд яллачихсан. Гэтэл үнэндээ тэнд нь “гэмт хэргийн бүрэлдэхүүн” гэхээр зүйл байсан уу үгүй юу, Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөр гэгчийн цаад зорилго нь юу байсан бэ гээд харвал их л өөр дүр зураг гарна даа.
Зочин
Зочин
Tsend
Зочин
Зочин
Зочин
Өвгөн
Өвгөн
Зочин
Baagii