Ямар танил сценари вэ
АН доторхи үл ойлголцол гадагшиллаа.
Дөнгөж эхлэл төдий байхад иймэрхүү үйл явдлууд давтагдлаа. Энэ нь байж болох ч, эцсийн үр дүн нь өмнөхтэйгээ ижилхэн байвал харамсалтай л байна. Эндээс монголчууд ч, АН ч хожихгүй. Ялангуяа дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед засгийн эрх барилцаж байгаа нам дотооддоо хямарч эхэлбэл түүнээсээ гарч ард түмнийхээ төлөө ажиллаж чадахгүй.
Үйл явдлыг эргэж харвал 2004 оны сонгуулийн дараа АН-ынхан дотроо хямарч хямарч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эвээ олсон ч, тэр нь түр зуурын механик эвлэрэл л байж таарсан. АН-аас М.Энхсайханыг Ерөнхийлөгчид дэвшүүлсэн атлаа намын удирдлагууд, лидерүүд, УИХ дахь гишүүд нь бараг бүгдээрээ нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан. Эцэстээ тус нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, 25 гишүүн нь УИХ дахь МАХН-ын бүлэгт нэгдэж, улмаар М.Энхсайхан, Ж.Наранцацралт, М.Сономпил, Ж.Батхуяг нарын парламентын дөрвөн гишүүнээ намаас хөөснөөр үйл явдал түр намжсан. Бүр дуусаагүй. Энэ бүхний дүнд намаасаа гарсан М.Энхсайхан ч, нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаж МАХН-ын бүлэгт нэгдсэн АН бүхлээрээ ч хожоогүй. Харин ч энэ хагарал 2008 оны УИХ-ын сонгуульд ялах магадлалтай АН-ын зарим нэр дэвшигчийн саналыг хувааснаар өндөрлөсөн билээ.
Ардчилсан намынхан Монголд ардчиллыг эхлүүлэхэд манлайлснаас хойш 18 жил өнгөрлөө. Энэ хугацаанд тус нам туг ч барьж, тугал ч хариулж үзлээ. Тэдний нийгэмд оруулсан хувь нэмэр асар их ч, олон түмний дунд ардчиллыг төлөөлдөг бэлгэдэл нь жилээс жилд бүдгэрсээр байна. Нэг хэсэг нь 1990 оныхоо хэт хувьсгалч үзэл баримталтайгаа хамт өвгөн партизанаараа үлдэж, нөгөө хэсэг нь ардчилал ярьсан шинэ цагийн коммунистууд болж хувирлаа.
Харин гурав дахь хэсэг нь ардчиллынхаа үр дүн, ардчиллын нэрээр олон түмнээс авсан итгэлээ зөвхөн хувийн сонирхолдоо наасан шинэ үеийн хөрөнгөтнүүд болж төлжив. Гэтэл ард түмэн АН бол ардчиллыг дангаараа өмчилж будилдагийг нь эс тооцвол Монголын ардчиллыг түүчээлж, хөглөж хөтөлж яваа улс төрийн том хүчин гэж найддаг, итгэдэг. Өмнө нь АН-ынхан энэ үүргээ олон ч зүйл дээр биелүүлсэн, харуулсан. Харин өнөөдрийн АН тэрхүү найдвар, итгэлийн хэмжээнд байж чадахгүй байгаагийн нэг илрэл нь дөрвөн жилийн өмнөх түүхийг давтах гэж буй явдал юм.
Өнгөрсөн түүхийг давтахгүй байх боломж, эрүүл ухаан АН-ын мянга мянган гишүүдэд бий гэдэг нь эргэлзээгүй. Ганцхан АН-ыг цөөн хэдэн хүнээр ойлгодог төсөөллөөсөө Монголын нийгэм салах болжээ. Харин нэгийгээ намаас хөөж, нөгөөгөө сонгуульд зориуд ялагдуулснаа намын дотоод ардчилал гэдэг уламжлалт ойлголтоосоо салах цаг нь болжээ, энэ нам. Албан тушаал авч чадаагүйн хорсол, бухимдлаа намаараа, намын даргаараа оролдож тайлдагаараа АН-ынхан МАХН-ынхнаас ч хуучинсаг байна. Сонгуульд ялж, эсвэл эрх мэдлийг эвсч хуваалцахаараа л АН-ын зарим лидерүүд 1990 оны гавьяагаараа амьдарч мөнхөд үнэлүүлэх гээд зүтгэчихдэг. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн нь дурсагдах, үнэлэгдэх ёстой гавьяа мөн үү, мөн. Гэхдээ Монгол бол ардчилсан улс учраас тэдний энэ гавьяа зарим улсын дарангуйлагч нарынх шиг насаараа эдлэх эрх ямба биш билээ. Тэд өнгөрсөн хугацааны гавьяагаа сайн мэддэг ч, улс төрийн амьдралд нь гай болж ирсэн үйл явдлуудыг тун ч амархан мартах юм. Тийм учраас өнөөдөр давтагдаж байгаа улс төрийн үйл явдлаар дөрвөн жилийн өмнө тухайн үеийн маргалдагч хоёр тал болох, бас хоёр даргатай байсан цаг үед АН-ыг тэргүүлж байсан Р.Гончигдорж, М.Энхсайхан нар юу ярьж байсныг дахин хүргэж байна. Энэ нь тухайн үед сэтгүүлч миний авсан дэлгэрэнгүй ярилцлагын товчлол бөгөөд үүгээр АН доторхи зөрчлийг дэвэргэх, өдөөх санаа агуулаагүй болно. Харин ч танил сценариас эртхэн татгалзахад нь нэмэр болоосой гэсэндээ дөрвөн жилийн өмнөх ярилцлагаас товчлон нийтэллээ. Жишээ нь, тухайн үед Р.Гончигдорж дарга “М.Энхсайханд АН-аас Ерөнхийлөгчид дэвших орон зай байхгүй” гэж хэлж байв. Тэгвэл тэрээр тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн, харин үнэхээр зайгүй байснаа дэвшсэн хойноо биеэрээ мэдэрсэн. Намын лидерүүд нь мэдрүүлсэн ч гэж болно. Харин М.Энхсайхан дарга болохоор “Би намаа сольж гүйдэг нь биш. Би АН-аас хэзээ ч гарахгүй. Харин “Алтан гадас”-ынхан л АН-д орон зайгүй болж байгаа” гэж мэдэгджээ. Гэтэл өнөөдөр юу болсныг, хэн нь намаас хөөгдөж, хэн нь байр сууриа улам бэхжүүлснийг дөрөвхөн жилийн түүх бэлхнээ харуулж байгаа билээ. Энэхүү хоёр лидерийн ярилцлага АН-д одоо үүсэх гээд байгаа үл ойлголцлоо намжаахад сургамж, туршлага болог.