Статусын түүх

“Гадаад Монголын статус-кво” хэмээн түүхнээ Монголын нэр 1945 оны турш дуурсагдаж байсансан. Оршин байгаа бодит байдал, ерөөсөө БНМАУ тусгаар оршсоор 1945 оныг хүрсэн гэх тэр ойлголт аажмаар тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх дипломатын алхам болон цааш өрнөсөн. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад ямар статус-кво буй бол? Эдүгээ НҮБ-ын  гишүүн 193 орноос 181 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байгаа  Монголын хувьд тусгаар тогтнолын тухай яриа биш, ерөөсөө Монголын бодит байдал нь юу вэ? Статус нь аль вэ?

1945 оноос хойшхи манай статусын хувиралт ямар явж ирэв гэдэгт бяцхан аялал хийе. “Хүйтэн дайн” хэмээн 50 орчим жил үргэлжилсэн хоёр системийн эвлэршгүй тэмцэлд Монголын статус нь СССР-ийн бага дүү, Кремлийн дагуул улс гэсэн шошготой байлаа. СССР ба түүний холбоотон Монголын хувьд “Хүйтэн дайн” нь хосолсон хэлбэрээр туссан юм. “Хосолмол хүйтэн дайн” гэсэн нэр томъёо дур мэдэн зохиочхъё. Хосолмол гэдэг нь вертикаль буюу хэвтээ тэнхлэг дээр “Дорно-Өрнө” (СССР ба АНУ), горзинталь буюу босоо тэнхлэг дээр Зөвлөлт ба маоист Хятад гэсэн харьцаагаар өрнөж, Монгол нь “Дорно-Өрнө”-ийн “хүйтэн дайн”-аас үлэмж хол хөдий, тэр сөргөлдөөнийг өөр дээрээ амсаагүй,  харин тэр Зөвлөлт-Хятадын “хүйтэн дайн”-ы нэг идэвхтэй тоглогчоор оролцож явжээ.

Энэ утгаар Монголыг “Москвагийн хүүхэлдэй” хэмээн хочлох явдал өмнөд хөршөөс цухалздаг байсан. Гэтэл гэнэгүй байж байтал Зөвлөлт-Хятадын сөргөлдөөнөөс гэнэт сулраад гараад ирэв. Уяа нь тайлагдав. Нүднээ үл үзэгдэх Москвагийн гинж тас татагдав.
   
Москвагийн гинж ба Зөвлөлт-Хятадын “хүйтэн дайн” Монголд, монголчуудад асар их дэвшил хөгжил авчирсан тухай гонгинон харуусагчид одоо ч хүртэл Монголд байдаг. Үүнийг үгүйсгэх санаа байхгүй. Гэхдээ 1990-ээд оноор Монголын статус үндсээрээ, эргэж ирэхгүй болтлоо өөрчлөгдсөн гэдгийг энэ харуусагчдад дахин нэг хэлэх нь зөв. Монгол-Зөвлөлтийн найрамдал эргэж ирэхгүй ээ гэж.



Монголын шинэ статус

1990-ээд оноос хойш лав 25 жил Монгол нь ганц л статустай яваа. Тэр нь ардчилал билээ. Бид бол 1990 оноос хойш ардчилал, нээлттэй нийгэм байгуулах цоо шинэ,  амаргүй замыг сонгож, тууштай замнаж, монголын ард түмэн анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсныхаа 25 жилийн ойг энэ онд тэмдэглэж, манай улсын ардчиллын түүхэн үйл явц, амжилт, туршлагаас дэлхийн олон улс орон сонирхон судалж, даган дууриаж байгаа нь манай энэ үеийн олон улсын статус маань юм.

1990 он гэхэд дэлхийн хамгийн хаалттай орны нэг байсан бол өнөөдөр бид бүс нутагтаа төдийгүй дэлхийд хамгийн нээлттэй, хүний эрхийг дээдэлсэн орон болж чадлаа. Ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын үйл ажиллагаа нь дэлхийн олон нийтэд сайшаагдаж, хуримтлуулсан туршлага, ололт амжилтаа ардчиллыг эрхэмлэсэн шинэ тулгар хөгжиж буй улс орнуудтай хуваалцах нь Монголын төрийн гадаад бодлогын торгон  агшин, нэг шинэ чиглэл нь болж чаджээ.

Энэ лут үнэлгээг бид өөрсдөө бус, ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон, тогтоосон хэрнээ эргэж буцсан бүх улс орнууд ерөнхийдөө тэгж үнэлдэг болсон хэрэг. Ардчиллын замд “Хүйтэн дайн” дууссанаас хойш 70-80 улс шилжсэний 30-40 нь эргэж ухарсан буюу баларсан, “Арабын хавар” тохиосон арабын бүх орон ардчилалгүйгээр эргэж ухарсан, улс гэр нь бутарсан, сөнөсөн байдалтай харьцуулж Монголыг үнэлсэн хэрэг. 

Арлын Монгол

“Арлын Япон” хэмээн манайхан газар зүйн томъёоллоор ярьдаг. Тэгвэл мэдээлэлжсэн даяаршсан өнөөгийн ертөнцөд газар зүйн эл ойлголт өнгө төрхөө өөрчилсөн. Ямар хүрээлэл дунд байна гэдгээр нь “арал” хэмээх ойлголт буй болдог болжээ. Фрийдом Хуас хэмээх ардчиллын рейтингийн судалгаа хийдэг олон улсын байгууллагын судалгаагаар ардчилсан, хагас ардчилсан, харгис, дарангуйлах дэглэмтэй хэмээн дэлхийн бүх улс орныг өнгөөр ялган тэмдэглэсэн газрын зураг интернэт сайтуудад байдаг даа. Хэрэв тэр газрын зургийг ажвал Монгол нь арал мэт эргэн тойрны хар бараан, хар саарал өнгөн дотор гялтайгаад байж байдаг. Тэр гялтгарыг л “арал” хэмээн нэрлэдэг болсон хэрэг. Өмнө талдаа коммунист дэглэмтэй, нэг намын хатуу засаглалтай тоталитари нэг гүрэн, умард этгээдэд хагас ардчилсан, ардчиллаасаа ухарч буй бас нэг гүрэн, ийм хүрээлэл дунд ардчиллын толь  болсон Монгол орших нь “арал” гэж хэлэгдэх, тэр нь эерэгээр үнэлэгдэх үндэс болж буй.  
 
Монгол Улс маань ардчиллын чиглэлээр угсраа угсраагаар олон арга хэмжээг амжилттай зохион байгуулж ирснийг маань энд монголчууд өөрсдөө үл мэдэн, харин дэлхий ямагт үнэлэх бөлгөө. 2003 онд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын бага хурал, 2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан нь Монголын хувьд том нэр хүнд авчирсан.

Энэ жил гэхэд л “Онлайн эрх чөлөө эвсэл”, “Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн” зэрэг байгууллагын удирдах үйл ажиллагааг даргалж, цаашид даргалах нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэв. Мөн “Ардчиллын боловсролын тухай” тогтоол санаачлан 2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 43 дахь бүгд хуралдаанаар батлуулж, улмаар энэ чиглэлээр тодорхой үр дүн бүхий цөөнгүй арга хэмжээг ардчилсан орнуудтай хамтран хэрэгжүүлж, хэрэгжүүлсээр байна.

Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор 2013 онд ГХЯ-ныхаа дэргэд “Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг мөрдлөг болгон өөрийн орны ардчилсан үйл явцын туршлагаас хуваалцах, олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа бэхжүүлэх, гадаадын зарим улстай хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтыг дипломат үйл ажиллагааны “зөөлөн хүч”-ний бодлогоор дамжуулан хэрэгжүүлж байна.

Багш Монгол

Дээр бичсэнээс уншигчид санаа ойлголт авсан байх. Манай улс чинь үзүүлэх харуулах юмтай, хуваалцах туршлагатай, түүнийгээ заан түгээж дэлгэрүүлэх хувь тохиолтой болжээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.  

Монгол маань хандивлагч орнуудын нэгэн адил техникийн тусламж үзүүлэх эрхтэй болсон нь хамгийн том ололт юм. Юун тусламж билээ гэх эргэлзээ байхгүй. Техникийн тусламж үзүүлдэг жишгийн дагуу бид Киргизстан, Мьянмар, БНАСАУ, Афганистан гэсэн 4 улсыг сонгож, өөрийн орны ардчилсан хөгжлийн 25 жилийн ололт амжилт, туршлагаас хуваалцах ажлыг хэрэгжүүлдэг болжээ. Энэ чиглэлээр хөтөлбөр боловсруулан хурал, семинар, танилцах айлчлал Монголдоо зохион байгуулж байна. Цаашид эл үйл ажиллагаандаа бүс нутгийн Лаос, Камбож, Балба, Бутан зэрэг орнуудыг татан оролцуулахаар төлөвлөж байна.

Бид тэдэнд юу зааж зөвлөх вэ гэвэл, Монголын ардчилал, хүний эрхийн өнөөгийн байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар олсон ололтуудаа л санал болгоно. Эндээ гэж хэлэхэд нэр бүхий дээрхи 8 улсын дэргэд Монгол нь ардчиллын хөгжлөөр хол ахисан, ядахнаа иргэний нийгмийг гайгүй сайн бэхжүүлсэн гавьяатай юм. Цаашлаад засаглалын төвлөрлийг багасгах, төр- засгийн эрхлэх ажлыг аль болох ТББ-ууд руу шилжүүлэх (Төр оролцоод явуулахад түвэгтэй ажил зөндөө байдаг гэдэг утгаар), тэр утгаараа Монгол нь ТББ-уудын үлгэр жишээ орон болох зорилтыг давхар тавьж, энэ талаархи туршлагаа ч хуваалцахад бэлэн байна. 

Шинэ имиж

Ийнхүү цоо шинэ статустай шинэ Монгол XXI зууны босгыг алхаад эхний 15 жилээ үдэж байна. Өмнө нь, түүхэндээ, ямагт “Чингисийн Монгол” гэсэн нэр хаягтай байсан, тэгвэл одоо “Ардчилсан Монгол” гэсэн нэр хаяг нь нөгөөхөөсөө давсан байна. Дэлхийн хамтын нөхөрлөл, олон улс орнууд бидэнд анхааруулж байна: Ардчилал гэдэг чинь, ардчиллын үлгэр жишээ болж байгаа чинь Та нарын юм биш шүү. Энэ бол дэлхий дахины үйлс шүү. Танай ардчилал унаж болохгүй шүү. Хэрэв Танай ардчилал унавал дэлхий дахинд муу уршигтай. Та нар бол Орос, Хятадын дунд орших ардчиллын арал шүү – үүнээс өөр үнэлгээ дүгнэлт хэрэгтэй гэж үү?

Хоёр хөрш орон ардчиллын замаас холуур байна, гэтэл тэр хоёроосоо давж гарахгүй жижиг Монгол яанаа гэх харуусал болгоомжлол нийгэмд байдаг. Гурван талт харилцаа, хамтын ажиллагаанд чинь тэр “ардчиллын арал” гэх тэр статус чинь сөргөөр нөлөөлөхгүй байгаа гэх болгоомжлол цухалздаг. Үүнийг ойлгож болно.

Гэхдээ нэгэнтээ 25 жилийн турш энэ зам дээр хэлбэрэлтгүй зогсчихсон, тэр утгаар хоёр хөршөөс манай сонгосон замыг хүндэтгэж ирснийг бас мартаж үл болно. Нэгэнтээ ийм замаар замнаад бусдаар зөвшөөрүүлээд ирсэн бол ардчилал хөгжүүлнэ, ардчиллыг дэмжинэ гэдгээ гадаад бодлогынхоо тулгуур зарчмын нэг болгож хуульчлах хэрэгтэй мэт. Ардчилал, хүний эрхийг дээдлэхийг Үндсэн хуулиндаа суулгаж тунхаглаж өгвөл нөгөө  гуравдагч хөршийн бодлогоо явуулахад ч үндэслэл болж өгөх санж.

Эдүгээ эдийн засаг, цэрэг стратеги, мөнгө санхүү, геополитикийн тоглолт явуулах гээд олон хэмжүүрээр яривал Америк, Монгол хоёрт зэрэгцэх, дүйцэх юм байхгүй. Гэхдээ л эрх тэгш харилцаа хэлбэржин тогтсон.  

Эдүгээ АНУ, Монгол хоёр эрх тэгш түнш байгаа нь ардчиллын гавьяа юм. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг АНУ өөрөө хоёр жил даргалахаар болж байна. Уг нь өмнөх тохиролцоогоор бол Нигериа даргалах ёстой байлаа. Гэтэл Африкийн аж үйлдэрийн төв гэгдэж байсан энэ орон баялгийн хараал тусаад, дээр нь шашин хооронд мөргөлдөөн нэрвээд дотооддоо дайн мөргөлдөөнтэй, юун даргалах манатай.

Төвийг сахих Монгол

1911 онд Монгол нь тусгаар тогтнолоо тунхаглаж байхдаа тэр үеийн удирдагчид нь гуравдагч хөршийн эрэлд гарч, Монголоо хүлээн зөвшөөрүүлэхээр аргаа бартал ажилласан байдаг. Шашин төрийг мандуулсан, хэнээс ч хараат бус төвийг сахисан Монголын үзэл баримтлал тэр үед ийнхүү төлөвшиж эхэлсэн. Дараа нь 1920-иод онд эл үзэл баримтлал Жамсрангийн Цэвээний үзлээр цааш хэлбэршсэн. “СССР, Хятад хоёроос баталсан бөгөөд бусад олон улсаас хүлээн зөвшөөрсөн төвийг сахих улс болох хэрэгтэй. Энэ нь үлгэрлэвээс Швейцарь улс лугаа адил буй” хэмээн түүний бичиж байсан мөрүүд мартагдашгүй үлджээ. Төвийг сахисан, гуравдагч хөрш бүхий Монголын тухай үзэл “1937 он”-оор дарагдаж, тэр нь “Хүйтэн дайн”-ы үед мартагдах дээрээ тулж, харин 1990 оны ардчилсан хувьсгалаар дахин амилсан билээ.

Эдүгээ бид 25 жил ардчиллын замаар хөгжил дэвшлийн огт өмнөө адбиш зорилтыг шийдвэрлэн яваа. Тэгвэл тэр хөгжлийн гадаад таатай орчин нь энэ 25 жилд төвийг сахисан, нээлттэй, идэвхтэй, прагматик, олон тулгуурт гадаад бодлогын үр шим байлаа. Төвийг сахина гэдгээ анхлан Гадаад бодлогын үзэл баримтлалдаа хоёр хөршийн сөргөлдөөн дунд гэдгээр эвтэйхэн суулгаж өгсөн. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүний статусаа ч тунхаглан хэрэгжүүлсэн. Цөмийн зэвсгээс ангид бүс болсноо ч зарласан. Энэ бүхэн маань төвийг сахиx бодлогын маань бүрдэлүүд байлаа. Төвийг сахина хэмээн гадаад бодлогодоо хатуу тунхаглан зарлаж томъёолоогүй атлаа хэрэг дээрээ төвийг сахисаар ирсэн нь нууц биш. Тэгвэл одоо түүнийгээ илээр зарлаж, гадаад дахь хөрш түнш орнуудынхаа хардлага сэрдлэгийг арилгах цаг болсон мэт.   
   
Нейтраль Монгол

“Арал Монгол”-ыг нөгөө талаас нь “Нейтраль Монгол”  буюу “төвийг сахисан Монгол” хэмээн нэрлэх явдал байдаг. Үндэслэл нь Монгол бол газар зүйн байршлын хувьд “нейтраль бүс” гэдэгт байна гэлцдэг.

Юу гэвэл Зүүн хойд Ази, Зүүн Ази, мөн Төв Азийн голд нь оршиж буй ардчилсан, нээлттэй, тогтвортой улс. Цэрэгжсэн, зэвсэглэсэн, өрнөдтэй сөргөөцөлдөх стратеги бүхий хоёр гүрний завсарт эл мөргөлдөөнд оролцохгүй, нутаг дэвсгэртээ гадаадын цэрэг байрлуулахгүй, цөмийн зэвсгээс ангид жижиг Монгол нь аргагүй л төвийг сахин оршиж байна.

Интеграцын хувьд Зүүн ба Зүүн хойд Ази руу бид ханддаг боловч Төв Азийн улс гэвэл дэлхийд илүү ойлгогдохоор. Иймд Төв Азийн улс гэдгээ мартаж болохгүй.

Дээр хэлсэнчлэн бидэнтэй мөр зэрэгцэн Киргиз, Мьянмар ардчиллын төлөө явж байна. Тэд суралцаж байна. Араас нь Афганистан, Балба, Бутан, Лаос, Камбож, улмаар Хойд Солонгос ардчиллын замаар явах ирээдүйн төлөв буй. Эдгээр орнуудад Монгол нь үлгэр жишээ, багш болж болно.

Бид Киргиз, Мьянмарт  ардчиллын төлөө амжилттай ажиллаж байна. Олон арван жил хаалттай, цэрэгжсэн дэглэмтэй явсан Мьянмар (Бирм гэх нэрээ сольжээ) дэлхийн анхаарлын төвд байна. Тэр улсын хөдлөх гишгэх бүрийг дэлхий нүд цавчилгүй харж ажиглаж, нааштай үйлдлийг нь дэмжин дэвэргэж буй. Тэгэхдээ үүндээ Монголоор “гул барих” хандлага зэрэгцжээ. Монголын ардчиллын туршлагыг суулгачихвал боллоо гэж үзжээ. Үүнд нь нөгөөх “Нейтраль Монгол”-ын номлол чухал үүрэгтэй болж ирэв.  Скандинаваас Мьянмар руу Монголоор дамжин орох, үүнд Монголын “нейтраль бүс” чухал давуу тал болно хэмээн ярих нь буй. Баруун Европ, Умард Америкаас Бирм рүү хийх гео-улс төрийн их нүүдэлд нь төвийг сахисан, ардчилсан Монгол маань гол трамплин болох цаг айсуй!?

“Засгийн газрын мэдээ”, 2015.09.10