Хөрөнгө оруулалт ба хөөмий исгэрээ
Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулагч “Frontier securities” компанийн захирал Игата Маса “Өмнөх чуулга уулзалтын үеэр бидний хэлсэн гол санаа нь улс төрийн нөхцөл байдал, улстөрчдийн гаргаж буй шийдвэрүүд яг энэ чигээрээ байвал амжилтад хүрэхгүй.
Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулагч “Frontier securities” компанийн захирал Игата Маса “Өмнөх чуулга уулзалтын үеэр бидний хэлсэн гол санаа нь улс төрийн нөхцөл байдал, улстөрчдийн гаргаж буй шийдвэрүүд яг энэ чигээрээ байвал амжилтад хүрэхгүй. Хөрөнгө оруулагчид улам зугтаах нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнийгээ засч залруулах хэрэгтэй гэдгийг маш их хэлсэн боловч заавар зөвлөмжийн дагуу огт яваагүй. Улам л хүндрэлтэй байдалд шилжчихээд байна. Тиймээс яг энэ байдлаараа цааш үргэлжлээд явбал улам л хүндэрнэ. Эдийн засаг өшөө доошилж унана гэсэн үг. Өөрөөр хэлбэл Грек шиг болох магадлалтай... Монголчуудын гаргадаг нэг алдаа нь мөнгө авах үедээ л нөгөө хүмүүсийнхээ яриаг сонссон дүр үзүүлдэг. Мөнгөө авангуутаа үл тоомсорлож эхэлдэг. Иймэрхүү байдал нь хэнд ч итгэл төрүүлэхгүй. Хатуугаар хэлэхэд Монголын томоохон төслүүд дээр Удирдах зөвлөлд эсвэл гүйцэтгэх захирлаар нь гадаадын чадварлаг боловсон хүчнийг тавих аргачлал байж болно. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой”-н жишээ бий. Гадаадын чадварлаг захирлыг тавиач гэдэг санал гарч байсан. Гэтэл монголчууд “Энэ компани 100 хувь Монголын өмч учраас монгол хүнээ тавина” хэмээн зүтгэсэн. (Зууны мэдээ. 2015-09-03)
Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад туслах гэж япон хүн дэлхийн 30 орчим орны томоохон төлөөлөгчдийг цуглуулаад бидэнд сануулж буй үг нь энэ. Гадны хүн Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохиох гэж чармайж яваад талархууштай. Гэвч түүний захиасыг элдвээр гутааж, эх оронч рейтингээ өсгөх улстөрчид тодрох нь монгол араншин. Хөрөнгө оруулагчдыг “цус сорогч аймшигт мангас” гэх төдийд л уухайлан дэмжих пенүүд Монголын дов жалга бүрийг эзэгнэн омогшиж буй. Энэ бол манай эх оронч улстөрчдийн “гавъяа” билээ.
Игата Маса чуулга уулзалтаас Монголд ахиухан өгөөж орхих гэж манай улстөрчдийн бодлого, зан авирыг шүүмжилж хүртэл байна. Хөршдөө ирчихээд эрх баригч нарт нь хатуу үг хэлэх дуралмаар үйлдэл биш. Түүнд монголчуудын саад бэрхшээл ямар хамаатай юм. Тэр чинь монгол биш япон хүн биз дээ. Тэгэхэд манай зарим гишүүд юуны өмнө өөрөө хэдэн сар ч атугай сайд болоод, хоосорч буй сан хөмрөгийнхөө ёроолыг малтаад, цулайгаад авах шуналдаа хөтлөгдөн улаан сармайгаа хэдэн сар уралцсанаас өөр юм бодсонгүй.
Булангийн арабууд газрын тосны далай мэт баялагтайгаа золгуут барууны шилдэг мэргэжилтэн нарыг урьж удирдуулаад, энэ зуураа өөрсдийн сод ухаантай хөвгүүд охидоо дэлхийн шилдэг сургуулиудад үнэ хайрлалгүй сургаад, дараа нь тэд эх орныхоо үйлдвэрлэлийг чадамгай жолоодсон жишээ уг нь бий. Арабын энэ замналд манай эх оронч лидерүүд хорь гаруй жил анхаарал хандуулаагүйг бодоход голсон биз. Ухаантан хэт олшрохоор ухаантны зовлон учирдаг гэсэн. Монгол ухаантнууддаа цөлмүүлээд арилах гэж үү?! Газар шороондоо сэв суулгахгүй гэж архирч байгаад авилга авах санаатай. Монголд зориулсан хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаас ургах үнэтэй санаа оноонд нууцаар шургалсан мөлжигч хорон бодлогыг манай эх орончид соргог илрүүлэх нь дамжиггүй. Энэ нь тус чуулга уулзалтаас бидний авч үлдэх цор ганц “олз” болох вий дээ.
Энд монгол сэтгүүлчийн сонинд бичсэн уянгын халилыг ишлэе: “Бид дээд тэнгэрээс заяатай монгол үндэстэн. Мориноосоо буулгүй дэлхийн талыг эзэлж явсан баатарлаг Чингисийн удам билээ. Хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтаасан хосгүй морин хуур, уртын дуу, хөөмий, исгэрээ зөвхөн манай улсад бий” гэжээ. Ингэж бид зөндөөн хөөрцөглөсөн. Одоо агсам хөөрлийнхөө амыг хумьж, ашиг олъё. Олсноо хураая. Хуримтлал бий болгоод түүгээрээ баялаг үржүүлэгч гацдаггүй механизм ажиллуулъя.
Игата Масагийн зөвлөгөө, сэтгүүлчийн уянгын халил хоёрын нэгийг зөвтгөж, нөгөөг буруутгах гэсэнгүй. Зөвлөгөө, уянга хоёр тэс өөр төрөл. Гагцхүү аливаа асуудалд хандаж буй япон монгол сэтгэлгээний цар хүрээ, өнгө аяс хаашаа байна? Үүнийг ид насныхан сайтар тунгааж, зөв хариуг гаргаасай. Хэтэвчээрээ мөнгө далалдаг Сарандаваа хатагтайн бизнесийн гайхамшиг юунд оршдог гэж бодож байна? Сарандаваа түрийвчээрээ даллаад мөнгө ирэхгүйг сайн мэднэ. Түүний ухаан хэтэвчээрээ даллахад мөнгө бус, мөнгөө барьсан тэнэгүүд цугларна гэж сэтгэсэн. UB паласын танхимыг дүүргэх тэнэгүүд хангалттайг тэр олж харсан. Уулзалтаа хаана хаана хэдэн удаа хийхээ ч тооцсон. Үүнд энэ овжин эмэгтэйн чадвар оршино. Сарандаваагийн хоол бол тэнэг харанхуй масс. Тасалбар нь өндөр үнээр шаглагдсан. Яг энэ загвараар манай улстөрчид сонгуульд өрсөлддөг. Хөрөнгө оруулагчдыг үзэн ядагчид УИХ-д суудал авахад хүрэлцэхүйц хэмжээнд өсчээ. Тэднийг дөрөөлбөл бат. Хөрөнгө оруулалтаар эхэлсэн яриа яагаад сонгуулийн тухай болчихов оо гэвэл Сарандаваа ба түүний пенүүдийн сэтгэц манай өдгөөх бизнес сэтгэлгээний толь гэх гэсэн юм. Бидний сэтгэлгээ хоцорчээ.
Ийм харанхуйд “Эрдэнэс Тавантолгой”-г гадны өндөр чадамжтай боловсон хүчнээр удирдуулах нь бүү хэл Сарандаваагаар удирдуулсан ч бүлэглэлүүдийн лоббигоор тавьсан эрх мэдэлгүй хүүхэлдэйнээс илүүрхэнэ. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчлаад Сарандаваад өмчлүүлсэн нөхцөлд тэр яатуу чадвараа дайчлахаа мэднэ. Харамсалтай нь дэлхийн хэмжээнд Сарандаваа хол харайхгүй л дээ зайлуул. Жишээ нь манайд сайн бөх төрдөг. Гагцхүү сургалт алга. Энд бөх ярихаа больё. Томхон төслүүддээ гаднаас “дасгалжуулагч” тодорхой хугацаанд уриад, оюунлаг залуусаа дагалдуулаад, сургаад авах нь өнөөгийн нөхцөлд арай дөхөмтэй зам биш байгаа? 20 жилийн өмнөөс ингэсэн бол амжилтад хүрсэн.
“100 хувь монгол өмч учраас” захирал болсон монгол хүүхэлдэй тал талаас шаардах шахааг биелүүлэхгүй бол хусуулаад зогсохгүй шоронд хатна. Тиймээс хүүхэлдэй эн түрүү хувиа борлуулж аваад зугтахыг хичээдэг. Тэгэхээс өөр яахав. Зөв. Жишиг тийм болсон цаг. Хувьчлаад авчихвал Сарандаваа удганы ухаанаас хүүхэлдэйн ухаан, боловсрол хамаагүй илүү юм чинь үзүүлээд өгнө. Иймхэн учигний орооцолдоог монголчууд 25 жил гүрнээрээ мунгинаад тайлж чадсангүй. Хичнээн ч хөрөнгө, хичнээн ч боломж, хичнээн ч хугацаа алдав даа. Одоо Грекийн араас дампуурах тухай гадаад дотоодгүй ярьж эхлэв. Өчүүхэн тээглээг давж, тэнгис мэт баялгаа мөнгө-хөгжил болгож чадахгүй даанч дээ. Муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэдэг энэ. Гуравхан сая хүн амтай жоохон улс уг нь амархан босоод ирнэ. Чингисийн Монгол ертөнцийн шившиг болбол хорь гаруй жил төр засаг зайдалсан нэр бүхий хэдэн мулгуу-дүнхүү эрх баригч л хамгийн их уйлах байх даа хөөрхийс. Гэхдээ үүнд монгол хүн бүхэн буруутай. “Хүний муу ядуурдаг” гэж аав минь хүүхдүүдээ шахдаг байсан тул бид чармайж өссөн. Төр засаг тэгж сурагвал ядуус гомдоод сүйд хийнэ биз. Лав л ажилд дор дороо зүтгээд сэхье гэх зорилгод бүгд нэгдэхгүй. Япон, солонгос, хятадууд яаж зүтгэж чармайж хөгжив. Тэдний чадсаныг бид чадахыг жүдоч хөвгүүд охидынхоо тэмцэлдээнээс хараач.
2015-09-04
Зочин
Мг
Зочин
золо
догсом
Зочин
batt
Бадрах
Зочин
Зочин
Залуус
Жагаа
Unen hellee
zochin
"Hogshin uhna" gegch-id
"Hogshin uhna" gegch-id
мазаалай
Зочин
tsuurhai
Зочин
Зочин
unshigch
Зочин
Зочин
Зочин
Unshigch
ХӨГШИН УХНА ЖОРООЛОНО ГЭДЭГ ШИВШИГ!!!
Зочин
Анхаа
Зочин
Зочин
Зочин
zochin
mmm
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
МОНГОЛ ЭРДЭМТЭН
Зочин