Айзек Азимов
Алсын ирээдүйд болох мянган жилийн үйл явдлыг өгүүлэх Хөмрөгийн гурвалаа Айзек Азимов ийнхүү төгсгөлөө. Уран зөгнөл, адал явдалт зохиолын төрөлд Бүх цаг үеийн шилдэг бүтээлээр шалгарч, “Хьюго” шагналыг хүртсэн энэхүү гайхалтай цуврал нь уг талбартаа үнэхээр шилмэл зохиолуудын нэг билээ.
ХОЁР ДАХЬ ХӨМРӨГ
Алсын ирээдүйд болох мянган жилийн үйл явдлыг өгүүлэх Хөмрөгийн гурвалаа Айзек Азимов ийнхүү төгсгөлөө. Уран зөгнөл, адал явдалт зохиолын төрөлд Бүх цаг үеийн шилдэг бүтээлээр шалгарч, “Хьюго” шагналыг хүртсэн энэхүү гайхалтай цуврал нь уг талбартаа үнэхээр шилмэл зохиолуудын нэг билээ. Энэ номонд Сэлдоны маш нууц байдалд үндэслэн байгуулсан Хоёр дахь Хөмрөг тэдэнд сүйрэл заналхийлэх аюулт мутантын эсрэг, эцэст нь Нэгдүгээр Хөмрөг-тэй тулгарсан түүхийг өгүүлнэ.
Үүнээс өмнө Хөмрөг, Хөмрөг ба Эзэнт гүрэн гэсэн номууд хэвлэгдэн гарсан болно.
Айзек Азимов
ХОЁР ДАХЬ ХӨМРӨГ
Галактикийн анхны Эзэнт гүрэн Галактикийн өргөн уудам орон зайд хэдэн арван мянган жилийг дамнан оршин тогтножээ. Галактикийн бүхий л гариг эрхэс, ертөнцүүдийг ганцыг ч үлдээлгүй эгнээндээ нэгтгэж чадсан энэ гүрэн харьяа улсуудаа энх тайвны замаар удирддаг байсан ч шаардлага гарвал хатуу чанга дэглэм тогтоохоос буцаж байсангүй. Үүнээс өөрөөр улс гүрэн оршин тогтнож болох эсэх талаар хүн төрөлхтөн бодохоо болиод олон олон мянган өнгөрчээ.
Ганцхан Хэри Сэлдон л мартаагүй байв.
Тэр бол анхны Эзэнт гүрний үед амьдарч байсан аугаа эрдэмтдийн сүүлийг мушгин төрсөн бөгөөд психотүүхийн шинжлэх ухааныг бүрэн утгаар нь хөгжүүлсэн билээ.
Психотүүх нь нийгэм судлалын амин сүнс болсон хүний зан байдлыг математикийн тэгшитгэлд хувирган тооцоолдог шинжлэх ухаан юм. Аливаа үйл явдалд нэг хүний үзүүлэх хариу үйлдлийг урьдчилан таамаглах аргагүй бол олон хүний хариу үйлдлийг статистикийн хувьд тооцоолох боломжтойг Сэлдон олж тогтоожээ. Уг тооцоонд хамрагдаж байгаа хүн амын тоо өндөр байх тусам тооцооны үр дүн илүү нарийвчлалтай гарна. Сэлдоны амьдарч ахуй үед Галактикийн хүн ам хэдэн квинтиллионоор тоологдож байлаа. Тэр үеийн хүн амын хувьд Сэлдон тооцоолол хийгээд ирээдүйд Эзэнт гүрэн доройтон унаж задрах нь зайлшгүйг урьдчилан таамагласан нь тухайн үедээ хэний ч санаанд орохгүй, хэлсэн ч итгэхгүй зүйл байв. Ийм задрал тохиолдсоноос Галактикт нэгдсэн засаг захиргаа бүрэлдэх хүртэл хүн төрөлхтөн гучин мянган жилийг тархай бутархай, дайн самуунтайгаар өнгөрөөх учиртайг тэр зөгнөсөн, өөрөөр хэлбэл математикийн аргаар тооцоолжээ.
Энэ олон мянган жилийн зовлон зүдгүүрээс хүн төрөлхтнийг аврахын тулд Сэлдон нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь хэрэгжвэл энэ ертөнцөд энх тайван, соёл иргэншил анхны Эзэнт гүрний уналтаас мянган жилийн дараа ирэх байлаа. Тэгээд маш нарийн төлөвлөж тооцоолсоны эцэст тэр галактикийн хоёр үзүүрт “Хөмрөг” хэмээх эрдэмтдээс бүрдсэн хоёр эзэмшил улсыг байгуулжээ. Эхний Хөмрөгийг хэрхэн байгуулагдсаныг олон нийт тодорхой мэдсэн бол Хоёр дахь Хөмрөгийн талаар хэн ч юу ч дуулалгүй өнгөрчээ.
Хөмрөг (Гном, 1951) болон Хөмрөг ба Эзэнт гүрэн (Гном, 1952) номуудад Эхний Хөмрөгийн гурван зууны түүхийг өгүүлжээ. Хүн төрөлхтний нэвтэрхий толь бичих нэрийдлийн дор эрдэмтдийн бяцхан бүлэг Эзэнт гүрний нийслэлээс Галактикийн зах хязгаар дахь жижигхэн гаригийг зорин одсон ч удалгүй Эзэнт гүрнээс холбоо тасарч зах хязгаарт сондгойрон хоцорсноор эл түүх эхэлнэ. Хөмрөг нийгэм, эдийн засаг болоод хүний хүчин зүйлээс хамаарсан янз бүрийн хямралтай тодорхой үе давтамжтайгаар тулгарсан боловч тухайн нөхцөл байдалд хамгийн тохирох, цорын ганц гарцыг олон хөгжил дэвшлийн шинэ замдаа ордог байлаа. Энэ бүхнийг Хэри Сэлдон нас нөгчихөөсөө өмнө нэгд нэгэнгүй нарийн төлөвлөж тооцоолжээ.
Нэгдүгээр Хөмрөг өндөр хөгжсөн шинжлэх ухаан, техник технологийнхоо тусламжтайгаар эргэн тойрны хөгжлөөр хоцрогдсон, бүдүүлэг гаригуудыг ээлж дараалан эрхшээлдээ оруулж, унах замдаа хэдийн орсон Эзэнт гүрнээс салан тусгаарлаж, Хөмрөгт байнга заналхийлэх цэргийн эрхтэнүүдийг ч ялж байлаа. Дараа нь Хөмрөг Эзэнт гүрэнд тохиосон сүүлчийн хүчирхэг Эзэн хааны илгээсэн сүүлчийн хүчирхэг Генералын удирдлаган доорх хүчирхэг армитай тулалдаж дийлжээ. Гэтэл ингэж олон хэцүү давааг давсан ч Хөмрөг Хэри Сэлдоны ч тааварлаж чадаагүй дайсантай учирсан нь төсөөлөхийн аргагүй оюун санааны онцгой хүчтэй нэгэн мутант байлаа. Тэрээр бусдын сэтгэл санаанд нөлөөлж, оюун бодлыг нь өөрчлөх чадвартай Эрлийз байсан бөгөөд хуруугаа ч хөдөлгөлгүйгээр хамгийн хүчтэй дайснаа үнэнч дагалдагчаа болгон хувиргаж байв. Хөмрөгийн цэргийн хүчнийг тэр өөрийнх нь эсрэг тулалдах хүсэл зориггүй болгож өөрчилснөөр Эрлийз Хөмрөгийг өмнөө сөхрүүлж, Хэри Сэлдоны төлөвлөгөөг нурааж чаджээ.
Гэсэн ч Галактикийн хаа нэгтээ Хоёр дахь Хөмрөг нууцлагаар оршсоор, хүмүүс түүнийг хайсаар л байлаа. Эрлийз бүх Галактикийг эрхшээлдээ оруулах хүсэлдээ автан Хоёр дахь Хөмрөгийн эрэлд гарсан бол Нэгдүгээр Хөмрөгийн үнэнч иргэд Хоёр дахь Хөмрөгийг сүүлчийн авралаа хэмээн үзэж байв. Гэвч Хоёр дахь Хөмрөг олдсонгүй, ядаж муухан мэддэг хүн ч байсангүй.
Хоёр дахь Хөмрөгийн эрлийн түүх ийнхүү эхэлсэн юм!
НЭПКО хэвлэлийн газар
зочин
зочин
unshigch
Зочин
Зочин
P
Зочин
Зочин
Б.Золбаяр
Зочин
unshigch