Өндөр гэгээн Занабазар
Чингис Хааны алтан ураг Монгол түмний анхдугаар Богд, их соён гэгээрүүлэгч, агуу их уран бүтээлч Өндөр гэгээн Занабазар арван нэгдүгээр жарны хөхөгчин модон гахай жилийн намрын сүүл сарын хорин таван буюу 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутагт эцэг Түшээт хан Гомбодорж, эх Ханджамц хатан нарын гэрт мэндэлжээ. Түүнд Ишдорж гэдэг нэр хайрлажээ.
гийсэний 380 жилийн ойд зориулав
Чингис Хааны алтан ураг Монгол түмний анхдугаар Богд, их соён гэгээрүүлэгч, агуу их уран бүтээлч Өндөр гэгээн Занабазар арван нэгдүгээр жарны хөхөгчин модон гахай жилийн намрын сүүл сарын хорин таван буюу 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутагт эцэг Түшээт хан Гомбодорж, эх Ханджамц хатан нарын гэрт мэндэлжээ. Түүнд Ишдорж гэдэг нэр хайрлажээ. Тэрбээр тэр жилдээ Жамбалин номун хаанаас санваарь авч Занабазар хэмээх алдартай болсон аж. Таван настайд нь Төвдийн V-р Далай лам, Ванчин Богд нар хувилгаанаар тодруулж Монголын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын сэнтийд залан даншиг өргөх наадмыг 1640 онд Ширээт Цагаан нуурын дэнжид хийсэн ажээ. Ингэж Даншиг өргөх наадам үүсч бий болсон түүхтэй. Дашиг наадам өргөжин өнөөгийн Улсын их баяр наадам болсон ажээ. Монгол Төрийн уламжлалт ёс дэгийн дагуу гэгээний 13 настайд Их Монгол уулын энгэрт 1647 онд Баруун хүрээ буюу Шанхын хийдийг байгуулжээ.
Өндөр гэгээн Занабазар 15 настайдаа 1649 онд Төвдийн Лхас орж Далай ламд шавь орж, Дашлхүмбэ хийд хүрч Ванчин богдод бараалхан шавь орж таван их ухааныг заалган эрдэм номонд шамдан суралцжээ. Өндөр гэгээн Занабазар 1653 онд эх нутагтаа буцаж ирээд Төвхөн хийдийг санаачлан байгуулж “Баясгалант аглаг орон” хэмээн нэрлэжээ. Өндөр гэгээн Төвхөн хийдэд суун үндэсний төр ёс, хэл соёлыг хөгжүүлэх их зүйлийг бүтээж туурвисан ажээ.
Өндөр гэгээн Занабазар хүрээ хийд, Монгол үндэсний уран барилгын хэв загварыг санаачлан бүтээж олон сүм хийдийг бүтээн босгожээ.
Тухайлбал, 1647 онд Шанхын баруун хүрээ, 1651 онд Бүтээлийн сүм буюу Төвхөн хийд, 1663 онд Шадивдаржаалин хийд, 1673 онд Эх Ханджамцад зориулан бүтээсэн шарилын суврага, 1710 онд Дашинчилан хийд, 1711 онд Шадивчойнхорлон хийд зэрэг олон сүм хийдүүдийг барьж байгуулсан ажээ. Өндөр гэгээн хүрээ хийд уран барилгын хэв загварыг гарган барьж байгуулах ажлуудыг өөрөө гардан хийсэн байна.
Өндөр гэгээн гүн ухаан, гоо сайхан, бодь сэтгэлийн илэрхийлэл баримал, зурмал, цутгамал, хөөмөл зэрэг олон сонгодог бүтээл хийж цаг завгүй хөдөлмөрлөж байв.
Үүнд: Их хүрээний гол шүтээн Очирдарь, Майдар, Жанрайсаг, Таван язгуурын Будда, Бурханы найман мөнгөн суварга, Ногоон дарь эх, Хорин нэгэн дарь эх, Аюуш, Махгал зэрэг эдүгээ алдарт хүрсэн олон том бүтээлүүдийг бүтээсэн юм. Эдгээр ховор нандин бүтээлүүд бол Бурханы шашны гүн ухааны урлагын хэлбэр дүрс, өнгө зохицолыг хатуу барих мөртөө чөлөөт урлагын олон шинэ боломжийг нээн илрүүлсэн гайхамшигт бүтээлүүд билээ.
Түүний ур ухаан гарган бүтээсэн өвөрмөц нандин хийцийг Энэтхэг, Төвд, Монгол урчууд өнөөг хүртэл судлан алдаршуулсаар байгаа ажээ.
Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагт Занабазар бээр Монгол улсад хэрэгтэй бүгдийг цуглуулагч байсан төдийгүй Буддын гол судруудын цуглуулгыг анх бий болгосон аж. Тэрээр Ганжуур, Данжуур их хөлгөн судруудыг Төвдөөс залж авчрахын зэрэгцээ Монгол хэлээр орчуулж, олшруулан хэвлэх ажилд их анхаарч байсан ажээ. “Ганжуур”-ыг алтаар бүтээлгэж, “Жадамба”, “Сундуй”, “Банзрагч”, “Алтангэрэл”, Хурлын уншлага, Найман мянгат, Тогтоолын хураангуй, Их бодь мөрийн зэрэг, Хангал зэрэг хөлгөн судруудыг модон бар сийлэн барлуулаж ерөөлийн үгийг бичжээ.
Эрдэнэ зууд халхын ноёд, лам нар Их чуулган хийхэд Өндөр гэгээн Их ерөөл хурлыг дэглэж Майдар эргэх ёслолыг үүсгэн уламжлуулжээ.
Маань бүтээхийн гүн арга, Жанцанцогзолма, Пунцагчүсэм зэрэг зуу гаран номоос бүрдсэн “Маанийн бүтээлийн гүн увидас” боть зохиол бичсэн байна. Эндээс Маань бүтээх гүн гүн арга бүтээл “Э”, “Вам” хоёр үсгийг арга билгийн илэрхийлэл болгож, тарнийн дээд ёсыг “Цагаан хүрд”-ний ёс адил хослон бясалгах аргыг номлосон ажээ.
Сод гайхмшигт соёмбо үсгийг Өндөр гэгээн хүн олныг саар муугаас гэтэлгэхээр 1686 онд бүтээсэн байдаг.
Намжүвандан
Соёмбо үсэг арван шидэт дүрсийн чуулган болсон “Намжүвандан” хэмээх ёст тэмдэг угшилтай ажээ. Намжүвандан нь “Эх болсон амьтан арван хүчийг эрхшээсэн хутаг” гэсэн утгыг хадгалдаг аж.
Соёмбын дүрс нь ерөнхий байдлаараа бурханы дүр мэт харагддаг. Энэ нь амар амгалан, баяр баясгалангийн утгыг илэрхийлдэг ажээ.
Энэ нь Энэтхэгийн хэл шинжлэлийн арга билгийн зарчим, авиа үсгийн ёс, таван мах бодийн онолд тулгуурлан туйлшралын хоёр хэтрэлд зөв ухаарч, хэл шинжлэлийн төвшинд шийдэж чадсан төгс бүтээл юм.
тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг мөн.
Өндөр гэгээн 1686 онд Төвхөн хийдэд сууж Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдэл Монгол Улсын Төрийн сүлд Соёмбо тэмдэгийг зохион бүтээжээ. Соёмбо тэмдэгэнд Монголын анхны төр улс Хүннүгийн үеээс бэлгэдэл болгож ирсэн гал, дөл, нар, сарыг багтаасан ажээ. Соёмбо нь эртний Монголын түүх, соёл хийгээд дорно дахины арга билгийн гайхамшигт цогц Мөнхийн бүтээл юм. Монгол угсаатан үеийн үед өөрийн эрхээр оршитугай гэсэн утга агуулга бүхий гайхамшигт цогт, гандан буурашгүй мөнхий бүтээл юм. Өндөр гэгээний бүтээсэн Алтан соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг мөн.
Дарэ – Гаслан бүхнээс гэтэлгэгч баатар
Дүдарэ – Гай бүхнийг арилгагч эх
Дүрэ – Тус бүхнийг соёрхогч эх
Суухай – Тарниар адислагч эх тандаа мөргөмүү
Хэдэн мянган галавын тэртээ Элдэв зүйл хэмээх Ертөнцийн хаан байжээ. Ишдаваа буюу Билгийн саран гэдэг охинтой байв. Тэр охин эрдэм чадалт хуврагуудыг залж маш их буян ном үйлддэг байжээ. Нэг өдөр тэдгээр хувилгаад охинд ийн хэлэв:
- Чи маш их буян үйлдэв. Дараагийн ертөнцөд хөвгүүн болж төрнө. Хөвгүүн хүний төрхөөр бусдад буян үйлдээрэй гэлээ.
Ишдаваа бүсгүй:
- Ертөнцийг хоосрох хүртэл бүсгүй хүний төрхөөрөө амьтан хүмүүнийг ялгалгүй буян үйлдэнэ хэмээн тангаргалаад Дарь эх бурхан болсон гэдэг домог байдаг ажээ.
Оюнлаг Хүн сэтгүүлээс ишлэл авч бичив.