Батж. Батбаяр: Урлагийн бүтээл хэзээ ч үнэ цэнээ алддаггүй
УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаяртай ярилцлаа. Энэ удаа бидний ярилцлага өмнөхөөс арай өөр сэдвээр өрнөсөн юм.
УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаяртай ярилцлаа. Энэ удаа бидний ярилцлага өмнөхөөс арай өөр сэдвээр өрнөсөн юм.
-Таныг Монголдоо ховорт тооцогдох уран зургийн цуглуулгатай хүн гэдгийг одоо олон хүн гадарлах болсон. Нууц биш бол ийм цуглуулгатай болоход та хэр олон жилийг зарцуулсан бэ?
-Уран зургийн цуглуулга маань Төрийн соёрхолт, УГЗ Ш.Чимэддорж найзаас минь эхтэй юм. 1984-1985 оноос бид хоёр танилцаж нөхөрлөсөн. Тэр үеэс би Чимэддоржийн зургийг авч эхэлсэн юм. Тухайн үед бол мэдээж залуу, нэрд гараагүй зураач байсан л даа.
-Та өөрөө зурдаг байсан уу? Яагаад заавал уран зураг цуглуулах болсон юм бэ?
-Үгүй ээ, би бол уран зураг сонирхдог л хүн. Бүр анх уран зураг сонирхож эхэлсэн түүх маань 1977 оноос эхтэй гэж болно. Хүүхэд байхдаа 10-аад наснаасаа эхлээд марк цуглуулдаг байлаа. Дараа нь оюутан болж Орост очсон хойноо Оросын цуглуулагч нартай танилцсан. Тэд хагас, бүтэн сайн болгонд Лениний ууланд очдог, бие биеийнхээ цуглуулгыг үзэцгээдэг, би тэнд нь очиж маркаа солилцдог байлаа. Тэр үед Монголын марк их эрэлттэй байв. Хоёр сая хүрэхгүй хүнд зориулж хийж байгаа марк 300 сая, миллиард хүнд зориулж хийж байгаа маркнаас өөр шүү дээ. Цөөхөн ширхгээр хэвлэдэг, цөөхөн байх тусмаа үнэтэй. Тэр үед Монгол Улс маркаараа олон улсын үзэсгэлэнд их оролцдог, валютын эх үүсвэр болгодог байлаа. Албаар цөөхөн хэвлэж, түүнийгээ үнэ хүргэж зарна. “Монгол шуудан”-гаас гаргадаг марк их гоё, гадаад зах зээлд нэр хүндтэй байсан. Миний маркны цуглуулга тухайн үедээ сургуулийн хүүхдүүд дундаа нэлээн сайнд тооцогддог байв. Тэгээд Орост очсон хойноо Оросын цуглуулагч нартай танилцаж, маркаа солилцдог болсон. Миша, Коля гэж хоёр нөхөртэй их сайн найз болсон. Тухайн үед 40 орчим насны хүмүүс байсан юм болов уу, хорин хэдтэй хүүхдүүдэд бол их л хөгшин харагддаг байлаа. Нөгөө хоёр маань намайг гэртээ урина, цуглуулгаа үзүүлнэ. Вангогийнх гээд жижигхэн зурагнууд үзүүлнэ. Икон гэж Христийн бурхны зураг их цуглуулсан байсан. Орос, Хятадын цуглуулагч нар бол бүр өвөөгийн өвөөгөөс, Октябрийн хувьсгал, түүнээс өмнө 1800-гаад оноос эхлээд цуглуулсан байдаг юм. 1970 онд Лениний 100 жилийн ойд зориулсан арван хэдэн сери маркийг тухайн үеийн Холбооны яамнаас гаргаж, марк цуглуулагч нарт зориулж дугтуйн дээр наагаад “Первий день” гэсэн тамгатай зардаг байлаа. Тэр марк бол их үнэтэй.
Тэр үед л Миша надад нэг зөвлөгөө өгсөн юм. Чи одоо уран зураг цуглуул. Маркийг бол “ученик” цуглуулдаг юм. Одоо чи “студент” болсон шүү дээ гэж. Тэгээд би түүнээс 2-3 зураг авч байлаа. Тухайн үедээ нэг зургийг монгол төгрөгөөр тооцвол 1500 орчим төгрөгөөр авч байсан. Одоо надад тэр үед Оросын зураач нараас авсан арав гаруй зураг бий. Ер нь бол улс орон ядуу байх тусам урлаг үнэгүй байдаг. Тухайн үед оросууд ч гэсэн ядуу байсан учраас уран зураг их үнэ хүрдэггүй байв. Монголд ч тийм л байсан шүү дээ. Тэр үед хамгийн сайн хөөрөг 400 төгрөг л байсан. Одоо бол 40-50 сая төгрөг хүрч байна.
Дараа нь сургуулиа төгсч ирээд 1990-ээд онд Хятадаас бас олон зураг авсан. Тухайн үед хятадууд бас ядуу байсан. Ядуу хүмүүс өмсөх, зүүх наад захын хэрэгцээгээ л бодно уу гэхээс уран зураг, урлагийн бүтээлийг үнэлж мэдэхгүй шүү дээ. Зураач нь байна, сайн ч зурна, тэр нь үнэ хүрэхгүй. Яагаад гэвэл хүмүүс нь ядуу. Улс мөнгөтэй байлаа ч бүгдийг нь авч чадахгүй шүү дээ. Тэр үед би Ван Жи Мэн гэж зураачийн зургийг авч эхэлсэн. Бас л залуу, олонд танигдаагүй зураач байсан. 1958 оных л доо, ерээд оны эхэн үе гэхээр 35-36-тай л байсан байх. Одоо бол Хятадын эхний 30 том зураачийн нэг болсон. Гадаадад их үзэсгэлэн гаргана, том том үзэсгэлэнд оролцоно. Хүн нэрд гарахад мөнгө чухал. Өөрийгөө сурталчлах мөнгөгүй хүн нэрд гарч чадахгүй. Би ийм юм хийсэн шүү гэдгээ олон хүнд таниулахын тулд мөнгө зайлшгүй хэрэгтэй.
-Тэр үед та ч Монголын толгой бизнесмэнүүдийн тоонд ордог байлаа. Одоогийнхоор бол “Эм Си ЭС”-ийн Ж.Оджаргал эд нарын зиндаанд байсан юм биш үү?
-1990-ээд оны эх, 2000-аад онд бол одоогийн Ж.Оджаргал эд нар шиг л байлаа. Тэр үедээ Ван Жи Мэнээс их олон зураг авсан. Ци Бай Ши-гийн зургийг авсан. Гэх мэтчилэн уран зураг цуглуулж эхэлсэн дээ. Эхнэр маань эхэндээ ойлгодоггүй, “юу аваад байна аа, чи” гэдэг байснаа сүүлдээ өөрөө сонирхоод зураг худалдаж авдаг болсон. 1990-ээд оны эхэнд зураачдын амьдрал хүнд байлаа шүү дээ, ихэнх нь зургаа хаясан. Ар гэрээ тэжээхийн тулд гахай үүрээд ганзаганд явцгаасан. Манай Чимэддорж тэгээгүй, зургаа зурсаар байгаад л өнөөдрийн түвшинд хүрсэн дээ. Сүүлд надад хэлж байсан. “Хэрвээ чи байгаагүй бол би яг зургаа хаяад өөр юманд явах байсан. Тэр үед би хүүгээ л зураач болгохгүй юмсан гэж боддог байлаа" гэж.
-Одоо хүү нь ч бас зураач биз дээ?
-Сайн зурна. Фото зургийн чиглэлээр АНУ-д сургууль төгссөн Батзориг гэж залуу бий. Фото зураг ч гэсэн урлаг шүү дээ. Ингэж л би уран зурагт дурласан хүн. 2004 онд ханийгаа өнгөрөхөд дөрвөн хүүтэйгээ ярьж байгаад “Бадамханд арт” музейгээ байгуулсан. Ээжийнх нь дурсгалыг мөнхжүүлэх гэж. Мянган жилийн өмнө ч уран зураг байсан, мянган жилийн дараа ч байна. Урлаг мөнх настай.
-Та сүүлийн үед өөрийнхөө цуглуулгаас Фэйсбүүктээ байнга шейрлээд байна, маш олон хүнд хүрч байгаа. Монголын олон зураачийн зураг танд бий юу?
-Нэрд гарсан, сайн гэгддэг бүх зураачдын зураг бараг л бий шүү. “Марзан” Шарав гуайгаас эхлээд л өнөөдрийн залуу сайхан зураачдын зургууд бий. Г.Одон гуай, Н.Чүлтэм гуай, Л.Гаваа гуай, одоо үеийнхнээс Ш.Чимэддоржийн зургууд бий. Чимэддоржийн бараг 300 гаруй зураг бий байх шүү. Том бүтээлүүд ч бий, жижигхэн судалбар зургууд нь ч бий. Төрөл төрлөөрөө.
-Зүгээр харандаан таталбараас эхлээд цуглуулсан байх юм билээ. Яагаад?
-Хүн дуртай юмандаа яаж ханддаг билээ, тэр шүү байхгүй юу. Уран зураг цуглуулна гэдэг нэг талаас авьяас, мэдрэмж, нөгөө талаас хүний дур сонирхлын асуудал. Манайд олон сайн цуглуулагч нар бий. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Л.Энх-Амгалан гишүүн, Ц.Энхтүвшин, Ж.Од байна. Урлагийн музей байгуулаад сайн зураач нарын бүтээлийг сурталчлаад, борлуулаад явж байгаа залуучууд ч бий.
-Хувийн галерей олон уу?
-Миний мэдэхийн 10 гаруй галерей бий. Мэдэхгүй хэд байгаа юм билээ.
-Ерөнхийлөгч бас хувийн галерейтай юу?
-Бий бий. Сайн цуглуулагч. Их эртнээс цуглуулсан, зураг сайн мэднэ. Ц.Энхтүвшин байна. Залуучууд бас их сайн цуглуулдаг болсон. Ялангуяа бизнес хийж байгаа залуучууд уран зураг их цуглуулдаг болсон байна. Энэ чинь хүмүүсийн оюуны цар хэр зэрэг өргөжиж байгааг л харуулж байгаа юм л даа. Зүгээр нэг зураачийг дэмжих асуудал биш, Монголын урлагийг дэмжиж, тийшээ хөрөнгө оруулалт хийж, гадагшаа алдахгүй авч үлдэнэ гэдэг бол бас л эх оронч сэтгэлийн нэг илрэл гэж би хувьдаа боддог.
-Манай томчууд уран зураг их цуглуулдаг. Урлаг гэхээсээ илүү үл хөдлөх хөрөнгө, үнэ цэнээ алддаггүй гэдэг утгаар нь цуглуулдаг юм болов уу гэж харагддаг?
-Гурван шалтгаантай гэж би бодож байна. Нэгдүгээрт урлаг гэдэг өөрөө мөнгө. Гурван жилийн өмнө ам.доллар 1400 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 1900 болчихсон байна. Банкинд гурван жилийн өмнө хадгалуулсан мөнгө ханшийн уналтаас болоод одоо бараг 30 хувийн алдагдал хүлээнэ биз. Гэтэл урлагийн бүтээл бол хэзээ ч ханшийн уналтад нэрвэгддэггүй. Үйлдвэр, хөрөнгө оруулалт ч гэсэн эрсдэлтэй. Хэрвээ чамд урлагийн маш сайн бүтээл байвал түүний үнэ өснө үү гэхээс буухгүй. Нэгдүгээрт тэр утгаар нь хүмүүс урлагийн бүтээлийг сонирхож цуглуулж байна. Хоёрдугаарт урлагийн бүтээлийг цуглуулж байгаа байдал нь тухайн хүний хэн бэ гэдгийг хэлж өгдөг. Хүн мөнгөтэй байж болно. Гэхдээ эх орондоо, үр удамдаа үлдээх өв соёлд хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Чи жишээ нь тэр цуглуулгаа аваад үхэхгүй шүү дээ. Монголдоо, үр хойчид чинь үлдэнэ. Энэ бол иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа хүний эрхэм чанар гэж би боддог. Гуравдугаарт энэ бол чиний нэр хүнд, эд хөрөнгийн баталгаа. Хувь хүн ч бай, компани ч бай нэр хүндтэй байх ёстой. Дээр нь чи баталгаатай хөрөнгөтэй байх хэрэгтэй. Чиний музейд байгаа нэг зургийг хараад хүн “Энэ мөн их хөрөнгө өө” гэж боддог биз дээ. Наад зах нь банк чамд зээл өгөхдөө итгэлтэй байна. Манайд яадгийг мэдэхгүй, гадаадад бол тийм л байдаг. Японы банкууд “Иточу”-гийн музейг хараад “Үүнээс үнэтэй ямар баталгаа хэрэгтэй юм бэ” гэдэг. Төгрөг биш, доллар биш, машин ч биш. Бид хоёрын энэ сууж байгаа буйдан бол өдөр өдрөөр л үнэ нь унаж байгаа шүү дээ. Урлагийн бүтээл бол тийм биш. Токиод “Иточу”- гийн музей, “Марубени”-ийн музей гээд Японы бүх том компаниуд өөрийн музейтэй. Тэр байтугай Хятадын компаниуд музейтэй. “Самсунг”-ийн музей гэж Сөүлд асар том музей байна. Маш их үзмэртэй, маш гоё тохижуулсон. Тиймээс Монголын ч бай, дэлхийн ч бай том компаниуд өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд урлагийн бүтээлийг цуглуулж санхүүгийн баталгаагаа харуулдаг. Тийм сонирхлоор хүмүүс уран зураг, урлагийн бүтээлийг цуглуулж байгаа гэдэгтэй бол би санал нийлнэ. Муу хэлэх ч аргагүй. Эдийн засгийн чадавхитай улс орнууд бол урлагийн бүтээлийг хамгаалах хууль гаргасан байдаг юм билээ. Хэрэв чи олсон ашгаасаа урлагийн бүтээл худалдаж авбал татвараас чөлөөлдөг, зөвлөгөө өгдөг, түүнийг нь дэмжиж хөнгөлөлттэй зээл олгодог. Манайд ч гэсэн ийм бодлого хэрэгтэй.
-Манай зураачдын бүтээл гадаадад хэр их үнэ хүрсэн тохиолдол байдаг юм бол?
-Тавин мянган ам.долларын үнэ хүрсэн бүтээл бий. Ер нь бол уран зургийн үнэ цэнэ хэн зурсан бэ гэдгээсээ шалтгаалдаг. Тэр бол брэнд. “Прадо”-гийн цүнх, “Прадо”-тай яг адилхан хийчихсэн өөр цүнх байхад дэлхий нийтээрээ “Прадо”-г л авна шүү дээ. Яагаад гэвэл “Прадо”-г хүн бүхэн мэддэг. Хүний үнэлэмж гэдэг чухал. Хүн үнэтэй л харагдах хэрэгтэй шүү дээ. Чи зан ааш, үзэл бодлоороо үнэтэй байж болно. Эсвэл үнэхээр фирмийн сайн хувцас өмсөөд явж байхад дэлхийн бүх хүний 90 хувь нь чамайг үнэлнэ. Чамд 90 хувийн үнэлэмж хэрэгтэй юу, муу хэлж байгаа 10 хувь чухал уу? Хэн ч 90 хувийг сонгоно биз дээ.
-Монголд бол 10 хувь нь л үнэлэх байх шүү?
-За тэрийг ёстой мэдэхгүй. /инээгээд/ Ямар ч байсан хүн өөрөө өөрийгөө үнэлэх нь л чухал. Чи үнэтэй байж илүү их зүйлийг бүтээж чадна. Чамайг хэн ч тоохгүй бол чи юу хийж чадах юм. Өөрийнхөө юу хийж чаддагаа хүнд харуулна гэдэг чинь өөрийнхөө үнэ цэнэ, үнэлэмжийг л өсгөж байгаа хэрэг. Энэ бол зөв. Гэхдээ түүнийгээ яаж илэрхийлэх нь чухал биш, тэр бол чиний өөрийн сонголт. Буруугаар илэрхийлбэл хэн ч чамайг үнэлэхгүй. Уран зураг, урлагийн бүтээл үнэгүй байсан үе Монголд бий. Монголд байтугай Орос, Хятадад ч үнэ цэнэгүй байсан. Хүмүүс нь ядуу, урлагийг ойлгох боломж олгодоггүй тийм цаг үе байсан. Яг одоогийн Хойд Солонгос шиг байдалд л Орос, Хятад, Монгол гурав байлаа шүү дээ. Одоо бол Норовбанзад гуайг, Жанцанноровын хөгжмийг хэн үнэ цэнэгүй гэж хэлэх юм бэ. Үнэ цэнэ гэдэг бол авьяасаас гадна хүний хөдөлмөр, зүтгэлээс шалтгаалдаг зүйл. Авьяас билэг гэдэг хүнтэй хамт төрдөггүй. Хүн өөрөө чармайж, зүтгэж байж үүнийг бүтээдэг юм.
-Тэгвэл та юунд авьяастай вэ?
-Юм цуглуулахдаа жаахан авьяастай юм уу гэж сүүлийн үед бодоод байгаа. /инээгээд/ Намайг хүн муу хэлж болно, шуналтай энэ тэр гэдэг л юм. Би бол өөрийгөө тэгж боддоггүй. Би хэзээ ч хэмжээгүй их баян байя, хэмжээгүй их эрх мэдэлтэй болъё гэж яваагүй. Надад тийм боломж байсан уу гэвэл байсан, би түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ надад мөнгө олъё гэсэн бодол бол байсан. Хүн бүрт тийм бодол байдаг. Яаж олохов, олсноо юу болгохов гэдэг л чухал. Надад бол төрөлхийн нэг юм цуглуулах сонирхол байдаг юм шиг. Арван жилд байхдаа марк цуглуулсан, оюутан болоод уран зураг, зах зээлд ороод мөнгө цуглуулсан, дараа нь хувьцаа... Цуглуулсаар яваад л өдий хүрлээ. Одоо бол би буян цуглуулж байгаа. Чадлынхаа хэрээр. Надад бас чадахгүй юм бий шүү дээ.
-Ямар буян?
-“Энэрэл нигүүлсэл, оюун билгийн төв” гэж миний лам багшийн байгуулсан ТББ бий. Би түүнийг дөрвөн жил толгойлж байна. Багшийнхаа санаачилж эхлүүлсэн сайхан үйлд гар бие оролцоод, сэтгэл зүрхээ зориулаад босгосондоо баяртай байдаг. Миний багш Ажаа гэгээн Эх нялхсын төвд “Хорт хавдартай хүүхдийн үндэсний төв” гэж эмнэлэг байгуулаад улсад бэлэглэсэн. Одоо эмч мэргэжилтэнг нь бэлтгэхээс нь өгсүүлээд эмнэлэгтээ туслалцаа үзүүлээд л явж байгаа. Ийм үйлсэд л би өөрийгөө зориулж байгаа. Одоо намайг хүн юу ч гэж хэлсэн би тоохгүй. Би улс төрийг хаясан, бизнесийг хаясан. Миний зорилго бол одоо хүмүүст сайн юм хийхсэн л гэдэг байна. Уг нь цусны хавдартай хүүхдүүдийг эмчлэх зорилгоор анх энэ эмнэлгийг байгуулсан. Одоо бол хавдрын эмнэлэг болгоод өртгөтгөөд ажиллаж байгаа. Манай Засгийн газар ч их тусалсан. УИХ-ын олон гишүүн сэтгэл гаргаж дэмжсэн.
-Ерөнхийлөгч та хоёрын дунд нэг зурагны асуудал яригдаад байдаг. Тэр ямар зураг вэ?
-XVIII зууны үед зурсан Нийслэл хүрээний зураг. 2002 онд би Говь-Алтайн нэг хөгшнөөс авсан юм. Шороон будгаар зурсан зураг л даа, хэн зурсан нь тодорхойгүй. Нэлээн том зураг даа, 120*140-ийн харьцаатай. Тэр хөгшинд үе дамжиж ирсэн зураг гэсэн. Эвхээсээрээ даавуу нь сэмрээд урагдчихсан, гэхдээ их сайн зураг. Манай Чимэддорж над дээр ирээд “Тэнд нэг тийм зураг байна, үүнийг авах ёстой юм шүү. Гадаадад гарчих вий” гэсэн юм. Тэгээд би тэр хөгшнөөс зургийг авсан.
-Тэгээд яагаад Ерөнхийлөгчид өгчихсөн юм? Их үнэтэй авсан уу?
-Гайгүй хямдхан авсаан. Одоо ч гэсэн их үнэтэй зураг биш, гэхдээ сайн зураг. Намайг авах үед ч тэр хөгшин хэлж байсан юм. “Танай намын дарга байсан Элбэгдорж гэж хүн авна гэсэн. Би яаж ийгээд авна, битгий зараарай гэсэн юм. Гадаадад сургуульд явчихаад холбоо барьж чадахгүй байна. Дөрвөн саяас доош бол яасан ч өгөхгүй, өөр авах хүн байгаа” гэсэн. Тэгээд л би авсан.
Тэгээд 2003 онд Элбэгээ гадаадаас ирээд нөгөө хөгшин дээрээ очсон чинь “Өө, тэр Батбаяр гэдэг нөхөр шалсаар байгаад аваад явсан” гэсэн байгаа юм. Тэгээд би ч, манай хүн ч жаахан эвгүй байдалд орохгүй юу. Дараа нь би тэр зургийг нь “Танд байх ёстой зураг юм шиг байна аа” гээд өөрт нь өгсөн л дөө. Нэлээн дээр, Ерөнхийлөгч болоогүй байхад нь өгсөн юм аа. Үнэхээр “Марзан” Шаравын зурсан зураг бол асар үнэтэй үнэтэй. Гэтэл тэрнээс бүр 100 гаруй жилийн өмнөх зураг л даа. Уран зурагны үнэд нэгдүгээрт хэн зурсан бэ гэдэг, хоёрдугаарт хугацаа чухал. Би ганц л зурагны түүх ярьж байна шүү. Гэтэл зураг болгон түүхтэй.
-Таны цуглуулгад нийтдээ хэд орчим зураг бий вэ?
-1500-аад зураг бий. Тэр болгоны түүхийг бичнэ гэвэл их хугацаа орно. Тийм зав даанч гарахгүй юм.
монх
монх
Jamsran
Uuliin tumur
Зочин
Зочин
Зочин
Зочин
ZOCHIN
уншигч
уншигч
su
Зочин
Ts
Зочин
Mnggg
Зочин
Зочин