Манай энэ удаагийн VIPerson зочноор МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ уригдлаа. Уншигч та бүхний өмнө дөнгөж саяхан Харвардын Их Сургуулийг дүүргээд ирсэн, эрч хүч, хүсэл мөрөөдөл дүүрэн залуу хүн зогсож байна. Гэхдээ тэр миний хувьд, монголчуудын хувьд ч шинэ танил биш. Ингээд түүний ярианд анхаарлыг тань хандуулья.

-Сайн явж ирэв үү. Сургуульд явахын тань өмнө ярилцлага хийж байлаа. Тэгсэн нэг мэдэхэд төгсөөд иржээ. Дахиад л өөртэй чинь ярилцлагын ширээний ард сууж байна. Цаг хугацаа амархан юм аа?

-Баярлалаа, танд. Нээрээ л саяхан явж байсан, нэг мэдэхэд сургуулиа төгсөөд эх нутагтаа ирлээ. Сургуулиа төгсөөд бүрмөсөн ирчихлээ гэж бодохоор сэтгэл дүүрэн, тайван болчихдог юм байна. Та ихийг сураад ирээрэй гээд 10 мянган төгрөг өгч байсан шүү дээ. (инээв) Одоо ч надад байдаг.

-Бэлгэдлийн л бэлэг байсан. Сонирхолтой дурсамж болж үлдсэн байна шүү, нээрээ.

-Үнэхээр сонирхолтой, нандин дурсамж.

-Хичээлийнхээ дундуур Харвардын оюутнуудтай ирж байсан. Тэр ямар учиртай аялал байсан бэ?

-Жил бүрийн хаврын амралтаар Харвардын их сургуулийн оюутнууд дэлхийн 15 гаруй оронд танилцах аялал хийдэг уламжлал байдаг. Монгол Улс энэ хөтөлбөрт анх удаа хамрагдсан. Уг аяллын бүрэлдэхүүнд манай сургуулийн Азийн газрын захирал Самель Хунгсо Ким өөрийн биеэр оролцсон нь ихээхэн ач холбогдол өгсөн хэрэг болсон л доо.Тэднийг ирэхэд манай төр, засгийн удирдлагууд, сургуулийн үе үеийн төгсөгчид, аяллын зохион байгуулалтыг хариуцсан байгууллагууд бүгд л ач холбогдол өгснөөр аялал маань энэ жилийн шилдэг гурван аяллын нэг болсонд би их баяртай байгаа.

-Тэдэнд манай орны юу юу таалагдах юм бэ дээ. Хөдөө мэдээж явсан л байх. Онгон зэрлэг байгаль гэж нэг ойлголт урдаа барьчихаад туугаад байдаг. Хотод маань өөрийн гэх онцлог юу байгаа бол. Манай хотыг гадныхан яг юу гэж дүгнэдэг бол гэж байнга бодоод байдаг юм.

-Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд болохоор дийлэнхэд нь манай улс их шинэ тутам байсан. Үнэндээ бид эх орноо дэлхий дахинд төдийлөн сайн сурталчилж, таниулж чадаагүй юм билээ. Монголын талаар гадныхан Чингэс хааны түүхэн өлгий нутаг, Морьт баатрууд, Mongolian Barbecue гэсэн ерөнхий төсөөлөлтэй байдаг. Харин улс төрийн хувьд ардчилалд шилжиж буй улс, уул уурхай түшиглэсэн эдийн засагтай орнуудын нэг гэж хардаг. Өвөр Монголтой андуурч ойлгох нь их. Жишээ нь: Нэг оюутан Би Өвөр Монголын Ордосын Чингэс хааны цогцолборт очиж үзэж байсан. Тэр бол Чингэс хаан ташуураа унагасан газар гэгддэг. Чингэс хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал суманд төсөөлөл их өндөр очсон. Тэгээд яагаад та нар Чингэс хааны төрсөн нутгийг аялал жуулчлалын тусгай бүс (national park) болгож хөгжүүлэхгүй байгаа юм бэ гэж асууж байсан.

Харин тэдэнд хамгийн таалагдсан зүйл нь Монгол Улс хөгжлийн гараан дээр зогсож буй энэ цаг хугацаа байсан. Та нар өөрсдийнхөө гараар улсынхаа хөгжлийг бүтээлцэх түүхэн үед амьдарч байна. Азтай гэж хэлж байсан.

Улаанбаатар хотын хувьд хот төлөвлөлтийн стандартын хэрэгжилтэндээ хэрхэн анхаардаг вэ гэж асууж байсан. Дэлхийн томоохон хотууд стандартаа их нарийн төлөвлөдөг. Нийтийн тээвэр, цэцэрлэгт хүрээлэн, сургууль цэцэрлэг, банкны салбар, хүнсний дэлгүүр гээд иргэдийн оршин суух таатай нөхцлийг хүн ам, орчин тойронтой нь стандартчилж өгдөг. Тэр битгий хэл дүүрэг дүүргээрээ барилгын өндрийн хэмжээ, гаднах хэв маягийг хүртэл тооцдог. Одоо ирэх баг дотор хот төлөвлөлтийн 3-4 мэргэжилтэн ирнэ. Та хүсвэл тэдэнтэй ярилцлага хийж болно.

-Харвардад суралцаж байгаа оюутнуудаас бөөн эрч хүч, идэвх үнэртэж байх шиг онцгой гэмээр өнгө төрх мэдрэгдэх юм. Жиргээнээс тань харахад Монголыг сурталчилсан олон арга хэмжээ болж байх шиг байсан…

-Энэ жил анх удаа Харвардын Төрийн удирдлага, Бизнесийн удирдлага, Хууль, Дизайны сургуульд нийт таван оюутан магистрт суралцсан юм. Тийм учраас бид эх орноо сургуулийнхаа хэмжээнд урьд өмнөхөөс илүү далайцтай сурталчлах боломж байна гэж харсан хэрэг. Нөгөө талаас монгол оюутнууд эвлэлдэн нэгдэж юуг хийж чаддагаа бусад улсын оюутан залууст харуулахыг хүссэн. Зөвхөн Харвард ч гэлтгүй бусад сургуулиудад сурч буй монгол оюутнуудтайгаа ч бид холбоотой байдаг. Тиймээс саяхан Харвардын зургаан сургууль болон Массачусетсийн Технологийн Их Сургуулийн (MIT) дунд “Өнөөгийн Монголын боломж ба сорилт” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэ талаар сошиалаар оюутнууд маань тус бүртээ мэдээлэл дамжуулсныг та анзаарсан бололтой юм. Үнэндээ Монголыг сурталчилсан анхны арга хэмжээ учраас хүмүүс их ач холбогдол өгсөн. “Times of London” сэтгvvлээс зарладаг дэлхийн 50 удирдагч эмэгтэйн нэгээр шалгарч байсан профессор Розабет Мосс Кантер нарын 10 гаруй профессор, судлаач, орон орны 120 гаруй оюутан залуус, мөн АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын төлөөлөл Бостон, Нью-Йорк, Вашингтон, Сан Франциско хотуудаас хүрэлцэн ирсэн. Зочин илтгэгчээр Харвардын Бизнесийн сургуулийн 2007 оны төгсөгч “Хас” банкны захирал Х.Амартүвшин уригдан оролцож өнөөгийн Монгол орны эдийн засгийн хөгжил, боломжийн талаар илтгэл тавьсан.



-Илтгэл нь сонирхолтой байв уу?

-Илтгэл сонирхолтой байсан. Нэлээдгүй олон асуулт гарсан.

-Харвардаас эхлээд дэлхийн том зиндааны бусад сургуулиудад элсэн ороход амаргүй гэж манайхан боддог. Ер нь элсч орох боломж хэр байдаг юм бэ. Өндөр шалгуур байна уу, тусдаа аргачлал байна уу?

-Бүх хүнд энэ боломж байгаа. Гол нь аргачлалаа мэдэж, бас уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Өнөө жил гэхэд Харвардад сурах боломжийг судалж байгаа 80 гаруй залуу бидэн дээр ирж ярилцан, туршлага судаллаа. Энд эх нутагтаа байгаа олон залуу энэ талаар хандаж байна. Өдрөөс өдөрт залуус маань өөрийгөө хөгжүүлж, боловсролыг эрхэмлэх хандлага тогтож байгаад баярлахаас аргагүй. Ирсэн залуус маань тэндхийн хичээлд сууж үзэж, бас бид элсэлтийн хороонд нь ажилладаг мэргэжилтнүүдтэй холбож өгсөн л дөө. Мөн энэ сарын 24-30-ны өдрүүдэд Харвардын Их сургуулиас өмнөх Азийн аяллын хүрээнд 35 оюутан, 10 сургагч багш ирж, залуучуудын чөлөөт уулзалт ярилцлага, лекц сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үеэр орон нутагт танилцах аялал ч хийгдэх юм. Харвардын оюутнууд ирсэн энэ үеийг тохиолдуулан дэлхийн томоохон сургуулиудад элсэн ороход юуг анхаарч, бэлдэх талаар тусгайлсан сэдэв багтаахаар төлөвлөж байгаа.

-Наадах чинь үнэхээр чухал ажил байна.

-Өмнөх аялал маань амжилттай болсон учраас Ази, Номхон далайн бүсийн зургаан оронд хийх аяллын нэгт Монгол Улс маань шалгарсан. Азийн аяллын хаалт манай улсад болж байгаа бөгөөд хэрэв энэ удаагийн арга хэмжээ амжилттай болбол ирэх жилээс оюутан солилцооны хөтөлбөр эхэлж, оюутнууд байгууллагуудад богино болон дунд хугацаанд ажиллах боломж нээгдэх юм. Тиймээс би энэ арга хэмжээг “Asia Leadership Conference” амжилттай зохион байгуулахын тулд манай баг хичээнгүйлэн ажиллаж байна.

-Холын Харвард их л ойртож байгаа юм байна. Ер нь энэ том сургуулийн сүлжээг бусад улс орнууд хөгжил дэвшилдээ хэрхэн ашигладаг жишиг байдаг юм бол?

-Та их чухал сэдвийг хөндөж байна. Бусад улс энэ боломжоор дамжиж олон зүйлийг нээдэг. Ялангуяа гадаад харилцаа, боловсролын шинэчлэл, инноваци тал дээр. Өдрөөс өдөрт дэлхий ертөнц улам хурдтай, бас мэргэжлийн болж мэдлэг, мэдээлэл, технологийн хүчин зүйл нэмэгдсээр байна. Бид дэлхийн чиг хандлагыг ойлгож, бүр угтаж харах учиртай. Тийм ч учраас томоохон их дээд сургуулиуд, эрдэмтэн профессорууд, бусад улсын оюутан залуустай мэдээлэл солилцож хамтран ажиллах нь тухайн улсад ашигтай байдаг. Одоо аль нэг сургуульд, хэн нэг монгол оюутан сурдаг гэдэг тийм ч сонин биш, харин сургуулийнхаа системээр дамжуулж, ямар боломжийг нээв гэдэг л илүү чухал. Бид албан ёсны бүртгэлтэй Харвардын их сургуулийн клубыг Монголд байгуулах асуудлыг тавьсан. Төгсөгчдийн тоо 100-гаас дээш байх, мөн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлт байдаг. Манай орны хувьд 100 төгсөгчтэй болно гэдэг тодорхой хугацаа шаардлагатай болох учраас тусгайлан авч үзэхийг хүсч, төгсөгчдийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан газрын захирал Лиз Нунезид саналаа тавьсан байгаа. Мөн хаврын аяллын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэхүү хүсэлтийг тавьж, төгсөгчийн хувьд дэмжсэн албан бичиг явуулж өгнө үү гэж хүссэн. Албан ёсны бүртгэлтэй болж чадвал оюутан залуусын өмнө томоохон боломж нээгднэ.

-Тэр мэдээж. Нээрээ та нар ном цуглуулж, төв номын санд хандивлах аян зохион байгуулж байгаа гэж сонссон. Энэ талаараа сонирхуулаач?

-Тиймээ. Манай 2015 оны төгсөгчид нийлээд сургууль сургуулийнхаа хамгийн чухал номнуудыг цуглуулж, Төв номын сандаа хандивлахаар төлөвлөж байгаа юм. Номын сангийн хувьд номын баяжилт гэдэг чухал. Тэр дундаа их сургуулийн хичээлийн хөтөлбөрт ордог ховор номнуудыг судлаачид, багш нар, оюутан залуус маань сонирхон судлах боломжийг нээхийг зорьж байгаа юм. Ийм үйл ажиллагааг цаашдаа жишиг болгож, дэлхийн өнцөг булан бүрт сурч буй залуус маань мэдлэгээ бусадтайгаа хуваалцвал чухал жишиг, гоё соёл тогтоно гэж бид найдаж байна. Номын хадгалалт, ашиглалт тал дээр гадаадад сурч байгаа оюутан залуус их санаа зовдог юм билээ. Энэ баталгааг номын сангийн удирдлагууд маань гаргаж, бодлогоор дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.

-Сайхан санаачилга байна. Өөрийг чинь өвөөтэйгөө Хэнтийн Бэрх гэдэг буйдхан тосгонд өссөнийг мэдэх юм. Ажил амьдралаа сумын Тамгын газраас эхэлж, ууган намын генсекийн үүрэг гүйцэтгэгч хүртэл ажилласан. Өнөөдөр Харвардыг төрийн удирдлагаар улсынхаа Ерөнхийлөгчийн дараа төгсөж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сургуулиа төгсч ирээд “Нүүх үү, Үлдэх үү” лекцээ тавьж шуугиан тарьж байсан. Харин өөрөө юуг энэ сургуулиас олж авав?

-Надад хэтэрхий ахадсан зүйрлэл байна. Миний хувьд би одоогоос яг 10 жилийн өмнө “Алсын хараа” номоо бичиж байжээ. 25 настай залуу өөрийнхөө өдрийн тэмдэглэлд тулгуурлаж, үеийн нөхдөдөө өөрийгөө хэрхэн хөгжүүлж болох талаар үзэл бодлоо хуваалцсан хэрэг л дээ. Харин өнөөдөр би тус сургуулиас, газар газраас ирсэн ангийнхаа андуудаас хоёрдахь номныхоо тухай санаагаа олж, тэр чиглэлээрээ судалгаа хийсэн. Тэгэхээр мэдээж энэ чиглэлээрээ нэлээд шаргуу ажиллах бодол байна. Миний судалгааны ажил Монгол Улс хөгжих бодлогоо өөрийн түүхэн өв соёл, онцлогтоо тулгуурлан тодорхойлж, хэрхэн Ази тивдээ эдийн засгийн болон улс төрийн тоглогч орон болж болох тухай тодорхойлсон ерөнхий агуулгатай байсан. Буурлаас өвлөсөн оюуны бор авдраа, өнөөгийн хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт үзэл санаатай харьцуулах ерөнхий санаа л даа. Одоохондоо энэ сэдвийн яриаг ингээд орхичих уу. Удахгүй тодорхой болно. Тэр үед ярилцъя.

-Тэгье. Хоёр дахь номыг тань хүлээж байя. Энэ төсөлд тань амжилт хүсье.

-Баярлалаа.

-Харвардын талаар бид багагүй ярилаа. Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Өөрөө нэлээдгүй хугацаанд Монголынхоо улс төр, нийгмийн амьдралыг гаднаас нь ажиж суусан. Монголын эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна. Маш товчоор тодорхойлбол?

-Ирээд удаагүй байгаа болохоор мэдээж надад бүрэн хэмжээний мэдээлэл байхгүй байгаа. Гэхдээ миний бодлоор өнөөдрийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал туйлын эгзэгтэй, бас хариуцлагатай цаг үедээ байна. Саяхан шүү дээ, 2011 онд эдийн засгийн бодит өсөлт 17.5 хувьд хүрч, дэлхийд хамгийн хурдтай хөгжиж буй эдийн засагтай эхний гурван орны нэг байв. Тэр үед биднийг Катар, Чили зэрэг уул уурхай түшиглэсэн эдийн засгаараа амжилтад хүрсэн улсуудтай харьцуулж, бусад улсын оюутнууд кофенд урьж, хөрөнгө оруулалтын орчныг маань сонирхож, тухайн амжилтын талаар мэдээлэл авахыг хүсдэг байв. Бид мэднэ, Катар улсын төрийн систем нь авлигаас ангид, улстөрчид нь сонирхлын зөрчил багатай учир урт хугацааны тогтвортой бодлогоор уул уурхайгаас олсон орлогоо бусад тэргүүлэх салбараа хөгжүүлэхэд зарцуулснаар бизнесийн зөв бүтэц, тогтвортой хөгжлийн суурь бүрдсэн оронд тооцогдох болсныг. Нэг үгээр хэлбэл Катар уул уурхайн баялгийн амжилттай менежмент хийсэн улс. Ганцхан жишээ хэлье л дээ. Тэдний хүн ам манайхтай адилхан ч, Жорж Тауны их сургууль салбараа Катарт нээчихэж байх жишээтэй. Ингэснээр хэдхэн жилийн дотор боловсролын индекс, өрсөлдөх чадвар, шинэ үеийн боловсон хүчнийх нь чадварын цар хүрээ илт өсөөд эхэлсэн байдаг. Харин Монголын хувьд яасан. Тэр цагаас хойш ердөө гурван жилийн дараа буюу 2014 оны байдлаар эдийн засгийн өсөлт 7.8 хувь болж, хоёр дахин унасан. Энэ юунаас болов. Мэдээж дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой. Энэ бол гадаад хүчин зүйлс. Гэхдээ гадаад хүчин зүйл гэхээс илүү улс төрийн бодлогын алдаа буюу дотоод хүчин зүйлс өнөөдрийн энэхүү нөхцөл байдлыг үүсгэсэн гэж би дүгнэж байна. Энэ байдлаараа явбал бид Катар гэхээс илүү Нигери улсын дараагийн загвар болчих магадлалтай гэж олон улсын ажиглагчид, зарим хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсэн.



-Нигери шиг болох нь гэх үгс Монголоор дүүрэн л нисч байна?

-Нигери улс 1970-аад онд газрын тосоороо дэлхийн эдийн засгийн анхаарлын төвд орж, хамгийн баян орнуудын нэг болж байлаа. Алтан үе нь ирлээ гэгдэж байв. Гэвч улстөрчид нь бизнеснийхний халаасанд орж, сонирхлын зөрчилтэй улстөрчид хэт ихэссэнээс болж, урт хугацааны төрийн бодлогоо тухайн үеийн бизнесийн эрх ашгаар сольсоор эдийн засгийнхаа ерөнхий бүтцийг эвдэж, 1980-аад оны эхээр эдийн засаг нь гадаад өр дээрээ хоёр ч удаа дампуурч байсан сургамж бий. Тиймээс бидний хувьд маш эгзэгтэй цаг хугацаа ирчихээд байна. Катар шиг хөгжих үү, Нигер шиг дампуурах уу. Энэ цаг үеийн шийдвэр гаргагчдын өмнө түүхэн хариуцлага байна гэсэн үг.

-Энэ удаагийн хямрал өмнөх хямралуудаас тийм ялгаатай гэж үү.Өмнө нь олон л удаа эдийн засгийн болон санхүүгийн хямрал боллоо гэдэг бид ямар нэг хэмжээгээр даван туулаад л ирсэн шүү дээ?

-Нэлээд том ялгаатай. Өмнөх хямрал бол гадаад биш дотоод өртэй холбоотой асуудлууд байсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол улс өнөөдрийнх шиг хэмжээний гадаад өртэй байж үзээгүй. Нэг үгээр хэлбэл бид дэлхийн тавцанд улсынхаа нэр төрөөр дэнчин тавьж, хариуцлага хүлээсэн. Өнөөдөр бид зөвхөн Засгийн газрын өрийг яриад байдаг. Гэтэл цаана нь хувийн хэвшил болон арилжааны банкуудын томоохон хэмжээний эдийн засагт шууд нөлөөлөх гадаад өрүүд байгааг мартаж болохгүй. Өр улам нэмэгдсээр л байна. Нэг үгээр хэлбэл нэг өрөө нөгөөгөөр дарах өрийн тасралтгүй цикль рүү аажмаар шилжих хандлагатай болж байна. Дэлхийн банкны улирлын тайлангаас харахад өнөөдөр Монгол Улсын гадаад өр 2014 оны эцсээр Засгийн газрын 3.6 тэрбум, Хөгжлийн банкны болон хувийн хэвшлийн 3.5 тэрбум, Арилжааны банкнуудын 1.6 тэрбум ам.долларын өртэй байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нийт 8.7 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. Харин энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 75 хувьтай тэнцүү гэсэн үг. Хөгжиж буй орнуудын дийлэнх Засгийн газруудын алдаа Засгийн газрын өрөө бодоод хувийн хэвшлийн өрөө тооцохгүй орхисноос болдог гэдгийг судлаачид хэлдэг юм билээ. Манай сургуулийн профессор Кармен Райнхартын хийсэн судалгаагаар 1970-2014 оны хооронд гадаад өрөө төлөх чадваргүй болсноор санхүүгийн дампуурал зарласан орнуудыг судалж үзэхэд 73 хувь нь гадаад өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 80 хувиас доош байхад тохиолдсон байдаг. Үүнийг Монголын өнөөгийн байдалд авч үзвэл Монгол Улсын эрсдэл 70 хувиас дээш байх магадлалтай гэж дүгнэж болно. Тийм учраас туйлын хариуцлагатай үе гэж давтан, давтан онцлохоос аргагүй байна. Яг ийм үедээ Монгол Улс, монголчууд бид нэгдмэл байр суурьтай байж, боломжуудаа зөвөөр ашиглах хэрэгтэй. Өрөөс өрийн хооронд өдрийг аргацаасан бодлогоор урагшилбал дээр дурдсан эрсдэл гарч болохыг үгүйсгэхгүй.Санхүүгийн дампуурал нэг зарлагдвал энэ нь олон улсын нэр хүнд, эдийн засгийн орчинд нөлөөлснөөр дампуурал дахих магадлалыг өндөрсгөдөг. Аргентин гэхэд найман удаа гадаад өр дээрээ дампуурсан жишээ байдаг шүү дээ. Дампуурлаас улбаалсан сөрөг үр дагаврыг засахад зарим улсад хэдэн арван жил, зарим улсад зуунаар шаардах хугацаа ордог гэж үздэг юм билээ.

-Танай намыг Шийдлийн Засгийн газарт орж ирсэнд дэмжигчдийн тодорхой хувь таагүй хандаж байх шиг. Улс орноо бодсон гэх энэ шийдвэр дээр та ямар байр суурьтай байсан бэ?

-Зөв шүү дээ. Улс орны эдийн засгийн байдал иймд хүрчихээд байхад өөр ямар сонголт байх билээ. Хамтраагүй бол бүр хүнд нөхцөл байдал үүсэх байсан. Хамтарсны үр дүнд гадаад орчинд тодорхой эерэг өөрчлөлт гарч эхэлж байгаа нь үнэн.

-Уул уурхай түшиглэж амжилт гаргасан болон мөн бүтэлгүйтсэн орны талаар жишээ авсан тань сонирхолтой байлаа. Мэдээж нэг нь хөгжөөд, нөгөө нь алдахад олон хүчин зүйлс нөлөөлсөн байх. Гэхдээ төрийн бодлого талаас алдсан гол ялгаа нь юу гэж дүгнэгддэг бол?

-Би зөвхөн энэ хоёр ч биш манайхтай төстэй нөхцөл байдал бүхий олон орны жишээг судалж, харьцуулан үзэж, өөрийнхөө хэмжээнд багагүй толгойгоо гашилган суудаг байлаа. Гол нь зөвхөн уул уурхай биш юм. Харин эдийн засгийн эрүүл зөв орчныг бүрдүүлэх нь чухал. Нэг үгээр хэлбэл бид зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш, харин энэ түр зуурын боломжийг ямар салбарт яаж тогтвортой хөгжүүлэх вэ, урт удаан хугацааны бодлогоо хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудал юм билээ. Таны хэлснээр тухайн орон бүхэн л өөрийн гадаад дотоод онцлогтой. Гэхдээ нийтлэг хүчин зүйл бол төрийн урт хугацааны зөв бодлого хэрэгжүүлж, бизнесийн зөв орчныг бүрдүүлж чадсан эсэхээс ихээхэн хамаардаг. Ер нь амжилтанд хүрсэн дийлэнх орнууд төр нь урт хугацааны бодлогын хөтлөгч байж, бизнес нь тэр бодлогын орчинд баялаг бүтээсэн байдаг. Тэр орчин нь бүх хувийн хэвшилд тэгш ханддаг, шударга өрсөлдөөнийг бүрдүүлдэг, төрийн оролцоо хамгийн бага байх орчин. Эсрэгээрээ алдаанд хүрсэн дийлэнх орнуудын хувьд бизнесийн эрх ашиг нь төрийн бодлогыг тодорхойлдог болсноор, төр урт хугацааны бодлогоо алдаж, бизнесийн ашиг сонирхлын золиос болдог. Ингэснээр бодлогын тэнцвэр, бизнесийн орчны тэгш өрсөлдөөний зарчим алдагддаг.Харамсалтай нь манайд нэгдэх гэхээс илүү хоёрдахь шинж тэмдэг нь бүрдээд байгаа нь ажиглагддаг. Нэг үгээр хэлбэл улс төр, бизнес хоёр нэг зоосны хоёр тал байж болно. Харин хэзээ ч нэг зоосны нэг тал болчихож болохгүй.

-Гаднаас ирээд удалгүй намынхаа удирдах ажилтны зөвөлгөөнд сууж байгаа харагдсан. Улс төрийнхөө ажлыг юунаас эхэлье гэж бодож байна даа?

-Сонсохоос л эхэлнэ дээ. Байхгүй байсан болохоор надад сонсох шаардлага их байгаа.

-АНУ руу суралцахаар яваад хоёр жил болсон бил үү. Танай НАМЗХ дотор юу өрнөөд байна аа. Их л эвтэй, хүчтэй залуусын нэгдэл байсан санагддаг. Юунаас болоод зөрчил үүсэв?

-Байгууллагын дотоод асуудал болохоор уншигчдад сонирхолтой сэдэв байж чадахгүй болов уу. Манай залуучуудын байгууллагын сонгогдох насны хязгаар 35 байдаг. Шинэ үеэ дэмждэг энэ зарчим байгууллага бий болсон цагаас эхлээд өнгөрсөн 18 жилийн хугацаанд мөрдөгдсөөр ирсэн. Гэтэл үүнийг хэсэг нөхөд маань 40 болгож өөрчлөх гэж оролдсоноор энэ маргаан үүссэн. Миний хувьд 18 жил явж ирсэн түүхэн зарчмыг өөрчлөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Ингээд л энэ зөрчил хурцадсан гэх үү дээ.

-Насыг 40 болгоход тийм их ноцтой асуудал гэж үү. Яахав таван жилээр л уртасах л биз?

-Хүмүүс жаахан ташаа ойлгоод байгаа юм. Сонгогдох насны доод хязгаар 35 гэдэг бол 39 хүртлээ залуучуудын холбооны сонгуультай байж болно гэсэн үг. Харин сонгогдох насны доод хязгаарыг 40 болгоно гэдэг бол 44 хүртлээ байх нь. Бараг л Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд залуучуудын холбооны сонгуультан өрсөлдөх боломжтой болох нь байна шүү дээ.

-Танай холбооны нэгэн үеийн түүх дурсагдаж байна. У.Уламбаяр НАМЗХ-ны ерөнхийлөгчөөс мөн л энэ насны босго заасан заалтаар бууж байлаа. Тэгээд жаахан бухимдуу миний ярилцлагын зочноор орж “За яахав, би буулаа. Миний оронд 35 арай хүрээгүй У.Хүрэлсүх маань боллоо” гэж хэлж байж билээ. Эртний явдал байгаа биз. Өнөөдөр ахиад л нөгөө настайгаа “ноцолдоод” байж байдаг.

-Эртний түүх байна. Яахав дээ, энгийн утгаараа ч 40 гарсан хүмүүс залуучуудын дунд ойрхон ажиллана гэхээс илүү, улс төрийн агуулгадаа л илүү анхаарна шүү дээ. Та өөрөө сайн мэдэж байгаа. Энгийн залуучууд, олон нийтээс бүр холдохоос гадна, нам дотор жинхэнэ утгаараа нам үүсэх эрсдэлтэй.

-Танай холбооныхон чинь намын генсек, нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүд, сайдууд болчихлоо. Гэтэл ерөнхийлөгч нь оюутан болчихсон шүү дээ.

-(инээв) Тийм ээ, оюутан ерөнхийлөгчтэй болчихсон.

-Дэд сайдаас татгалзаж байсныг тань мэдэх юм. Генсекийн үүрэг гүйцэтгэгч болсны чинь дараа жинхэлнэ гэж хардаг байсан ч татгалзсан. Яагаад?

-“Хэрэв зургаан цаг мод хагалахыг хүсвэл, таван цагт нь сүхээ ирлэ” гэдэг үг байдаг даа. Миний хувьд илүү том агуулгаар нь харахыг хүссэн. Манай намд, манай залуучуудын байгууллагад гадаадад боловсрол эзэмшсэн залуучуудын санаа бодлыг ойлгож, гадны нүдээр өөрсдийгөө ажиглах, ирээдүйн боловсон хүчнээ гадны өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэх систем бий болгох хэрэгцээ байсан. Бид намынхаа тойрог дотроо харсаар, олон нийтийн тойрог дотор юу болж байгааг мэдэр-дэггүй. Эсвэл улс дотроо маргалд-саар хөрш орнууд хэрхэн хөгжиж байгааг анхаар-даггүй сул тал бий. Албан тушаалд хүн оройтдоггүй, харин өөрийгөө бэлтгэхэд оройтож болох талтай.

-Хүчтэй үг байна. Би ярилцлагынхаа гарчгийг олчих шиг боллоо.

-Ганаа эгчээ. Та намайг явахад хэлж байсан үгээ санаж байна уу?

-Ямар үг байлаа, мартсан байна?

-“Чи хол газар очоод олон зүйлийг ойлгож мэдэрнэ. Тал мэдлэгээ академик мэдлэгээс, харин талыг нь энд байгаа нөхдөөсөө олж авна” гэж хэлж байснаа.

-Саначихлаа.

-Таны хэлсэн энэ үг нэлээд бодогдсоон.

-Таны талаар орон нутгаар юм хэвлэж тарааж байна гэж сонссон бас зарим нэг хэвлэлээр таагүй мэдээлэл гарсан байна лээ. Энэ тухайд?

-Зарим нөхдөөс минь барьж байгаа төгсөлтийн бэлэг. (инээв) Гүтгэж биш, бодлого ярьж, мэтгэлцэж өрсөлддөг соёл руу л явмаар байгаа юм даа, бид.

-Танай НАМЗХ дотор яг юу болоод байгаа юм бэ. Ерөнхийлөгч нь сурахаар явсан, эргээд ирсэн. Гадуур элдэв л яриа явах юм. Хэдийгээр танай байгууллагын дотоод асуудал ч гэлээ сонирхол татаад байх юм.

-Дүүгийнх нь хувьд нутагтаа ирээд удаагүй байна. Бидэнд битгий зов доо. Бүгд л анд нөхөд. Байсан байгаагүй цаг хугацаа, ойлголтын зөрүү, буруу зөв мэдээлэл гээд олон зүйл бий. Уулзаад ярихаар учир нь олдож л таарна. Сургуульд сурахаар явахын өмнө та ярилцлага авахдаа сургуулиа төгсөөд ирэхэд чинь ярилцлага авна гэж хэлж байсан тэр сайхан бэлгэшээлээр эгчтэйгээ сайхан хуучилж байна. Бүтэн мэдээлэлтэй болоод танилцсаныхаа дараа улс төрийн агуулгаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Болох уу.

-Болохгүй ч юу байхав дээ. Нарийн ширийн зүйлээ мэдэж л байгаа байх. Гэхдээ олон нийтэд зарлах болоогүй гэж үзэж байвал би ойлгож байна аа. Ямартай ч эх орондоо тавтай морил. Өөрөөс тань их эрч хүч авлаа. Манай уншигчид ч тэгэх байх гэж найдаж байна.

-Баярлалаа, танд. “Open door“ сонины зочдоор манай улсын нэр хүндтэй эрхмүүд уригддаг. Намайг урьж ярилцсанд баярлаж байна. Та бүхний ажилд улам их амжилт хүсье.