“Цензургүй яриа”  нэвтрүүлгийн энэ удаагийн зочин баг зүүсэн хүн байсан нь олны анхаарлыг татаж дуулианы сэдэв болов. Ингээд багтай хүнтэй Л.Мөнхбаясгалан хэрхэн ярилцсаныг хүргэж байна.  



Манай энэ удаагийн дугаарт оролцож байгаа зочин нэлээд онцлогтой хүн байгаа. Тэрбээр өнөөдөр төрийн албанд багагүй хэмжээний албан тушаал  хашдаг   атлаа Монголын сүүлийн  25 жилийн улс төр, эдийн засагт  өрнөсөн хөшигний цаадах үйл явцыг ярих зориг гаргасан хүн. Магадгүй энэ хүнийг одоо ярих зарим үйл явдалдаа  өөрөө  оролцсон байх гэж би харддаг. Бид түүний аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн мэдээллийг нь нууцалж, баг зүүхийг нь зөвшөөрсөн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

-Ингээд танд оройн мэнд хүргэе. Өөрийнхөө аюулгүй байдлаар энчин тавьж манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Би эх сурвалжаа нууцлах хуулийн  дагуу бас таны аюулгүй бйдлыг хангах үүднээс таны нэр ус утасны дугаарыг бусдад дамжуулахгүй чандлан хадгалах үүрэг хүлээнэ ээ....

-Баярлалаа. Хэрэв та бүхэн миний болзлыг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол би энэ ярилцлагад оролцохгүй байсан.

-Өнөөдөр Тавантолгой моодонд орж байна. Тавантолгойтой холбоотой асуудал Монголын улс төрд эртнээс эхэлсэн. Анх энэ орд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын өмч байсан. Гэтэл энэ хүн 2007 онд  гэнэт ордоо төрд хүлээлгэж өгсөн. Энэ үйл явц яаж өрнөсөн юм бэ. Сү.Батболд яагаад ийм шийдвэр гаргах болов. Эндээс Тавантолгойн улс төр эхэлсэн үү?

-Тавантолгойн улс төр 2004-2005 оны хооронд эхэлсэн. Энэ ордын түүхийг яривал 1950-аад онд улсын хөрөнгөөр хайгуул хийсэн орд байгаа. Ингээд 1990 он гэхэд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулж байж Монголын геологичид нөөцийг нь тогтоосон байдаг юм. Нийт найман тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй. Үүнийх нь 65-72 хувь нь баталгаат нөөц гэж тогтоогдсон. Энэ нь 5.6 тэрбум тонн гэж байгаа. Социализмын үед Тавантолгойн ордыг ашиглах хүсэлтийг ЗХУ-ын гишүүн орнуудад тавьсан ч амжилт ололгүй явсаар байгаад 1990 онтой золгосон. Тухайн үед геологийн салбар уналтанд орсон байсан. Тэгж байтал Ашигт малтмалын тухай хуулийг баталсны дагуу Австралийн BH biliton гэдэг компани Оюутолгой, Тавантолгойг ашиглах тусгай зөвшөөрлийг авсан ч тусгай зөвшөөрлөө буцааж өгсөн байдаг. Яагаад буцааж өгсөн бэ гээд судлаад үзэхээр тухайн компани тусгай зөвшөөрөл авсан жилдээ долоон тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн юм билээ л дээ. Үүний дараа Оюутолгой, Тавантолгойн тусгай зөвшөөрөл долоо орчим сар эзэнгүй байсан. Тэгж байтал Оюутолгойн ордын тусгай зөвшөөрлийг Фрийдланд авч, Тавантолгойнхыг Монголын цэргийн салбарт ажиллаж байсан дунд тушаалын офицер хүн авсан байдаг.

-Та тэр хүний нэрийг хэлж чадах уу?

-Тэр хүний нэрийг н.Батсайхан гэдэг шиг санаж байна. Тэр хүн ордоо ашиглачих санаатай гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хайсан ч тухайн үед коксжих нүүрсний хэрэглээ тийм ч их байгаагүй. Нөгөөтэйгүүр, Тавантолгойн ордыг хөрөнгө оруулагчид таньдаггүй байсан учир амжилт олоогүй явсаар 2003 онд тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг төлж чадахгүйд хүрч Сү.Батболд дээр очсон байдаг юм. Тухайн үед тэд тохиролцож, 80 хувийг нь  Сү.Батболд, 20 хувийг нь н.Батсайхан буюу “Майнинг  инфо”  гэдэг компани эзэмшихээр болсон. “Майнинг инфо”  гэдгийг ард М.Энхсайхан байсан л даа.

-Одоогийн  Монгол Улсын сайд М.Энхсайхан уу?

-Тийм. М.Энхсайхан 1998 онд Ерөнхий сайдаасаа буусныхаа дараа дээрх компанийг байгуулсан юм.

-М.Энхсайхан чинь П.Очирбат Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан байх аа?

-П.Очирбатыг Ерөнхийлөгч болохоос өмнө Эдийн засаг, гадаад харилцаа, хангамжийн сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Ерөнхийлөгч болсных нь дараа Тамгын газрын даргаар нь ажилласан. 

-П.Очирбат Геологи, уул уурхайн дэд сайд байсан биз дээ?

-Тэр бол 1968-1969 оны үйл явц. Тухайн үед П.Очирбат сайд байсан  нь нүүрсний салбараас төрсөн анхны сайд болсон түүхтэй. Тэр хүн 2-3 жил дэд сайд байж байгаад жинхэлсэн. Ингээд үндсэндээ Монголын уул уурхайн бодлогыг арав гаруй жил тодорхойлсон гэхэд болно. 1966 онд баталсан МАХН-ын IV программ гэж байдаг. Энэ программд уул уурхай, олборлох салбарыг төлөөлүүлэн хөгжүүлнэ гэж онцгойлон заасан. Тэр үед л П.Очирбат сайд хийж байсан юм.

-Тэгэхээр П.Очирбатыг Монголын хаана ямар ашигт малтмалын орд байгааг маш сайн мэддэг гэж ойлгож болох нь ээ?

-Гарын арван хуруу шигээ сайн мэднэ.  Тэр хүн чинь Шарын голын уурхайн ерөнхий инжинер хийж байгаад сайд болж, 1990 онтой золгоход Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгч болсон хүн шүү дээ.

-Майнинг инфо, Сү.Батболд, н.Батсайхан нарын эзэмшиж байсан Тавантолгойн ордын хувь заяа яасан бэ?

-Энэ хүмүүс уурхайг ашиглах биш зарах асуудлыг нэн тэргүүнд тавьсан байдаг. Ингэж байгаад 2004 онд Шиньхуатай холбогдож, 350 сая ам.доллараар Тавантолгойн ордыг зарах санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Ингээд дараагийн уулзалтаар мөнгө төгрөгөө шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл тухайн үед М.Энхболд Ерөнхий сайд болж, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг яаравчилна гэдгээ мэдэгдсэнээс болж иргэний хөдөлгөөнийхөн Оюутолгойн асуудлыг хөндөж эхэлсэн байдаг.

-Иргэний хөдөлгөөний сцениарыг  хэн бичсэн  юм бэ?

-Иргэний хөдөлгөөнийг анх улс төрийн зорилготойгоор бий болгосон. Иргэний хөдөлгөөний загалмайлсан эцэг нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат юм.

-Ж.Батзандан, О.Магнай нарын иргэний хөдөлгөөн шүү дээ. Тэгэхээр Б.Эрдэнэбат тэднийг санхүүжүүлдэг байсан байх нь ээ. Ингэх нь Б.Эрдэнэбатад ямар ашигтай байсан юм бол?

-Тийм. Б.Эрдэнэбат тухайн үед Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд өрсөлдөх сонирхолтой байсан юм. Нэр ч дэвшсэн. Тиймээс өөрийн өрсөлдөгч болох Н.Энхбаярын эсрэг иргэний хөдөлгөөн гэгчийг гаргаж ирсэн юм.

- Иргэний хөдөлгөөнийхөн чинь гарч ирэнгүүтээ Н.Энхбаярыг шалгуулах хүсэлтийг Улсын мөрдөн байцаах газарт өгч байсан нь ийм учиртай байж ээ?

- Зөвхөн УИХ-ын даргын суудаг өрөөний харалдаа л иргэний хөдөлгөөнийхөн жагсаж, улаан лооль шиддэг байсныг та нар санаж байгаа байх. Үүнийг гэрчлэх баримтат бичлэгүүд ч байгаа. 

-Тэгвэл    2005 оны Ерөнхийлөгчийн  сонгуульд дөрвөн хүн нэр дэвшсэн. “Эх орон-Ардчилал”  эвсэл задарсан байсан биз дээ?

-Дөрвөн нэр дэвшигчтэй байсан нь эртнээс төлөвлөсөн тоглоом байсан. Тухайн үед Н.Энхбаяр Б.Эрдэнэбатад “Эвслээ задалчихаад Ерөнхий сайдын суудлыг ав” гэж хэлсэн байдаг юм. Тэгэхэд нь Б.Эрдэнэбат, М.Энхсайхантай нийлж, эвслээ задалчихаад “Ерөнхий сайдын суудлаа авъя” гээд Н.Энхбаяр дээр ороход нь “Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл Засгийн газар тогтвортой байх ёстой” гээд залуусын ярьдгаар хулхидчихсан байхгүй юу. Ингээд эвсэл задарсан байсан учир дөрвөн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс өөр аргагүй болсон. Нэг ёсондоо эвслийг задалж санал хуваах ажлыг Б.Эрдэнэбат , Н.Энхбаярт хариу бэлэг болгон барьсан юм.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг огцруулж, М.Энхболдыг Ерөнхий сайдаар тавьсан байх аа?

-М.Энхболдыг Ерөнхий сайд болгосныхоо дараа Н.Энхбаяр “Тавантолгойн асуудлыг шийд” гэсэн үүрэг өгсөн. Гэтэл тухайн үед Тавантолгойн ордыг 350 сая ам.доллараар зарж, “Энержи ресурс”-т багтаж байсан компаниуд мөнгөө хувааж авах тохиролцоог аль хэдийнэ хийчихсэн байсан.

-М.Энхболд үүргээ биелүүлж чадаагүй учраас огцорсон уу?

-Үгүй, М.Энхболд Худалдаа хөгжлийн банкны асуудлаас болж огцорсон юм. 2001 онд Худалдаа хөгжлийн банкийг хувьчилсан. Энэ хувьчлалд Эм Си Эс, Н.Энхбаяр, О.Чулуунбат нар оролцож, Н.Энхбаяр тэргүүтэй олигархиуд хувьчилсан. Өнгөт металлын бизнес хийдэг гадны хөрөнгө оруулалт бүхий Жиральд  Метальз  гэдэг компанитай нийлж, хувьчилж авсан байдаг юм. Ингэж байтал 2006 он болж, О.Чулуунбатын Монголбанкны ерөнхийлөгчийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссан. О.Чулуунбат суудал дээрээ үлдэх сонирхолтой байсан ч Н.Энхбаяр зөвшөөрөөгүй. Тэгэнгүүт нь О.Чулуунбат Худалдаа хөгжлийн банкийг одоогийн эзэмшиж байгаа хүмүүст нь зарах үйл ажиллагааг гардаж хийсэн байдаг юм. Үүнийг нь Н.Энхбаяр М.Энхболдын хийсэн үйлдэл гэж хараад Засгийн газрыг нь огцруулж байлаа.

-Элсний 13 гэж фракцийг УИХ-д гаргаж ирж М.Энхболдын Засгийн газрыг огцруулсны дараа С.Баяр Ерөнхий сайд болсон?

-Нэгэнт Худалдаа хөгжлийн банк өөр хүнийх болсон учир Н.Энхбаяр тухайн үед М.Энхболдыг унагахын тулд С.Баярыг Москвагаас дуудсан. Ингэхдээ “Намын дарга болгож, Ерөнхий сайдаар тавина” гэсэн байдаг. Ингээд С.Баярын бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад Москвагаас авчирж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаараа тавьсан юм.

-С.Баяр Ерөнхий сайд болсныхоо дараа Сү.Батболдын эзэмшилд байсан Тавантолгойн ордыг төр мэдэлдээ авч байна гээд дөрвөн хувийг нь “Энержи ресурс”-т үлдээгээд үлдсэнийг нь төрийн мэдлийнх болгосон байх аа?

-М.Энхболдын Засгийн газар Тавантолгойг төрийнх болгож чадаагүй шалтгаан нь М.Энхболдын эргэн тойрны хүмүүс Тавантолгойг эзэмшиж байсан Энержи ресурс компанид байсантай л холбоотой. Тодруулбал, Энержи ресурст багтаж байсан 14 компанийнхан М.Энхболдод саад хийсэн гэсэн үг. Тэнд чинь АПУ, Шунхлай, П.Очирбат, Молекул Б.Батбаяр, Ц.Цэнгэл, Б.Бадамжунай гээд бүгд л багтаж байгаа. П.Очирбатын хувьд Сү.Батболдыг өөргүйгээр нь Тавантолгойг ашиглаж чадахгүй гэж дарамталж байж хувиа авсан байдаг юм.

-П.Очирбат гуайн талаар нэгэн сонин мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Тэр хүн Энержи ресурс компаниас 24 мянган ам.долларын цалин авч зөвлөхөөр нь ажилладаг гэнэ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хүн хувийн компаниас цалин авч болох уу. Энэ үнэн юм уу, танд энэ талаар мэдэх зүйл байна уу?

-Би нүдээр хараагүй учир хэлж мэдэхгүй байна. Гэхдээ уг хүнийх нь хувьд  ийм ажил хийж чадахаар хүн л гэж хэлэх байна. Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа хоёр айлын орон сууцыг нэг айлынх болгож аваад намын хянан шалгах хороогоор орж байсан нөхөр шүү дээ.

-Тэгээд шийтгүүлж байсан юм уу?

-Анхааруулга аваад л өнгөрсөн байх. Тэгээд л нам жим болсон санагдаж байна.

-“Энержи ресурс”-ын  Тавантолгойн талаарх захиалгат нэвтрүүлгүүд телевизүүдээр гарахаар Энержи ресурсын зөвлөхөөр ажиллаж, жилд 24 мянган ам.долларын цалин авч байгааП.Очирбат гуай нэг л их эрдэмтэн царай гаргаад яриад суух юм. Өөрийнх нь Тамгын газрын дарга, зөвлөхөөр ажиллаж байсан М.Энхсайхан Засгийн газрын нэрийн өмнөөс энэхүү төслийг удирдаж байна.  Үүнийг ашиг сонирхлын зөрчил, хуйвалдаан гэж харж болно биз дээ?

-Болохоор барах уу. Яг л тийм дүр зураг харагдаж байгаа биз дээ.

-Хоёулаа түрүүчийнхээ яриа руу эргээд оръё. Сү.Батболд  яагаад Тавантолгойн ордоо яагаад 100 хувь төрд өгчихөв?

-Сү.Батболдод намаас нь шахалт ирүүлсний дээр Тавантолгойн ордын асуудлыг гаргаж тавьсан нөхөд ч шахсан. Тухайн үед ээж, аав нь “Бид хоёр ийм шуналтай хүүхэд төрүүлсэндээ харамсаж байна” гэж хэлсэн. Нөгөөтэйгүүр, нөхдийнх нь шахалт ч нөлөөлсөн байх л даа.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрөө шахалт үзүүлж байж Тавантолгойн ордыг Сү.Батболдоос авч, төрийн өмч болгосон тухайгаа ярьсан байдаг шүү дээ?

-Н.Энхбаярыг шахалт үзүүлэхээс өмнө Сү.Батболд Тавантолгойг төрд өгье гээд нэр бүхий хүмүүст амалчихсан байсан. Тэр үед “Тавантолгойн Сү.Батболд” гэсэн хоёр нүүр дамнасан нийтлэл гарч байсан юм. Үүний дараа аав, ээж, найз нөхөд нь асуудал үүсгэж, Сү.Батболд шийдвэрээ гаргасан байдаг юм. Тэр мэдээллийг Н.Энхбаярт хэн нэгэн хүргэснээс болж тэд 49, 51 хувийг нь хэн эзэмших вэ гэдэг дэр тохиролцоо хийх гэж оролдсон байдаг ч тохиролцоонд хүрээгүй.

-Дараа нь “Энержи ресурсын эзэмшиж байгаа дөрвөн хувь нь Тавантолгойн өрөм нь байсан юм байна”  гэцгээх болсон байх аа?

-Ухаа худаг бол 480 сая тонн нүүрсний нөөцтэй. Энэ нь 4.5 тэрбум ам.доллар гэсэн үг. Нөөцийнх нь 80 хувь нь коксжих нүүрс байдаг. 5-35 метрийн хөрс хуулаад л нүүрсэндээ ордог энэ хэсгийг Энержи ресурст өгөх шаардлага байгаагүй.

-Тэгээд яагаад өгчихсөн юм бэ?

-С.Баяртай л тохиролцсон байх. “Энержи ресурс”-ынхан “Бид 5.6 тэрбум тоннын нөөцтэй ордод нэмэлт хайгуул хийж, найман тэрбум болгосныхоо төлөө Ухаа худагийг авсан” гэдэг юм билээ. Ер нь бол Ухаа худагийг “Энержи ресурс”-т өгснийхөө төлөө С.Баяр намынхаа сонгуулийн санхүүжилтийг олж авч, өөрөө ч тодорхой хувь хүртсэн. Оюутолгойн гэрээг байгуулж хэрхэн хувь хүртсэн нь тодорхой болж байгаа шиг л С.Баяр Тавантолгойгоос ч хувь хүртсэн шүү дээ.

-УИХ-ын 2008 оны сонгуульд С.Баяр намаа удирдаж ороод ялалт байгуулсан ч долоодугаар сарын 1 гэгч хар өдөр тохиосон. Та тэнд байсан уу?

-Би жагсаалыг холоос ажиглаж байсан. О.Магнай тэргүүтэй жагсагчид МАХН-ын байранд очиж шаардлага хүргүүлэх гэхэд нь хамгаалалтад байсан цагдаа нар жагсагчдын өөдөөс чулуу шидсэн байдаг юм. Энэ дүрсийг огт гаргадаггүй. Цагдаа нар жагсагчдыг өдөөн хатгасан гэхэд болно. Энэ хамгаалалтад дандаа шинэ цагдаа нар байсан. С.Баяр 2007 оны 11 дүгээр сард намын дарга болоод Ерөнхий сайдын суудлаа авсан. Ингэснийхээ дараа намынхаа хурал дээр “2008 оны сонгуульд намаа ямар ч хамаагүй аргаар ялуулна” гэсэн. Ингэхийн тулд С.Баяр бүхий л үйл ажиллагааг эртнээс төлөвлөсөн.

-Долоодугаар сарын 1-ийг төлөвлөсөн гэж үү?

-Үндсэндээ тэгж хэлж болно. Яагаад гэвэл хоёр сард МАХН хандиваар бус түрээсээр санхүүжнэ. Үүний тулд намын байраа томсгох шаардлагатай болсон тул намын байраа нураах уу, өөр газарт шинэ байр барих уу гэдэг хоёр хувилбар гаргаж ирсэн. Ингээд шинэ байрны хоёр, гурван схем зураг зуруулсан байдаг. Энэ зурагнуудаас одоогийн байрныхаа зургийг шалгаруулсан. Энэ байр ирээдүйд хорин хэдэн давхар байшин болно, хуучин байрнаасаа гурав дахин том багтаамж бүхий барилга шүү дээ. Ингээд түрээсээр санхүүжнэ гэсэн зорилго нь биелж байна гэж үзэж болно. Нөгөөтэйгүүр, 2008 оны тавдугаар сараас эхэлж цагдаа нарыг бэлтгэсэн байдаг. Тэр үеэс л дүүргүүдийн цагдаа нар бэлэн байдалд байсан. МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаа нар дандаа 30 хоногийн дамжаанд сууж цагдаа болсон нөхөд учир ямар ч дадлага туршлагагүй байсан юм. Энэ нь ч жагсаалын үеэр ажиглагдаж байсан.

-Долоодугаар сарын 1-нд буудах тушаал өгсөн хүн нь одоо болтол тодорхойгүй байдаг?

-Энэ бол улс төрийн шийдвэр байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр галт зэвсэг хэрэглэе гэж ярьсан л юм байна билээ шүү дээ.

-Энэ үйл явдал болсны дараа Ц.Элбэгдорж намын дарга нарыг дуудаж уулзахдаа “Та нарын хүмүүс буудсан сумны хонгио миний халаасанд байна” гэж хэлсэн байдаг. Хаанаас тэр хонгиог олоод авчихав аа?

-Буудсан хүнийх нь араас дагаж яваад  хонгиог нь цуглуулж явсан юм байлгүй. Маш цөөхөн буудсан байхад хонгиог нь олж авсан байна гэдэг сонин л асуудал байна.

-Долоодугаар сарын 1-ний ард улс төрийн ашиг хонжоо байсан уу?

-Байгаа. МАХН-ын нэр дэвшигчдээс эхлээд үүнийг төлөвлөж байсан. Хан-Уул, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарыг нэр дэвшүүлэхдээ “Сонгуулийн дараа ялсан ч ялаагүй ч жагсаал зохион байгуулна. Та нар тус бүртээ 1000 найдвартай залуу бэлтгэж бай” гэсэн үүрэг өгсөн байдаг.

-МАХН тухайн үед ялалт байгуулсныхаа дараа Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулсан нь ялаас зайлсхийсэн алхам мөн үү?

-Энэ бол үүний том нотолгоо.

-С.Баяр болохоор “том төслүүдээ хөдөлгөх гэж хамтарсан” гэдэг?

-Долоодугаар сарын 1-ний хэргийн ялаас зайлсхийсэндээ хамтарсан Засгийн газар байгуулснаа нуухын тулд дээрх яриаг гаргасан.

-Тэгээд яагаад Ерөнхий сайдын суудлаа өгчихөв?

-Ерөнхий сайдын суудлаа 2009 оны наймдугаар сар гэхэд өг гэсэн шахалтыг улс төрийн тодорхой хүрээнийхэн С.Баярт хийсэн байсан. Тэгэхгүй бол долоодугаар сарын 1, Оюутолгойн гэрээний асуудлыг чинь гаргаж тавина гэсэн юм билээ. Ингэх болсон шалтгаан нь дээрх хэргүүдээс үүдээд С.Баяр Монголын улс төрд гай тарина гэж айсных л даа.

-Яагаад С.Баярыг залгамжлагч нь Сү.Батболд гэж?

-С.Баярын өөдөөс зоригтой дугарч, шахалт үзүүлж чадах хүн Сү.Батболдоос өөр хүн байгаагүй.

-Сү.Батболд хүнд шахалт үзүүлэхээр хүн мөн үү. Ялангуяа С.Баярыг шахаанд оруулах хүн гэж үү?

-Наанаа их зөөлхөн мэт харагддагч цаанаа маш хатуу хүн шүү дээ. Тухайн үед Сү.Батболдоос өөр С.Баярыг шахаанд оруулах хүн байгаагүй.

-С.Баяртай холбоотой байрны асуудал хөндөгдөж эхэллээ. Өнгөрсө жил “Цензургүй яриа”-нд орохдоо С.Баяр эвлүүлэг гэж хэлсэн ч өнөөдөр УИХ-ын нэр бүхий гишүүн С.Баярын байрны талаарх мэдэгдлийг хийчихлээ. Та энэ талаар юу хэлэх вэ?

-С.Баяр 2006 он гэхэд түрүүчийн эхнэр, хүүхдүүдээ ногоон паспортоор АНУ-руу гаргасан. Тэр долоон байрны тав нь яах аргагүй худалдаж авсан байр.  Үүний гурав нь бэлгийнх. Тэгээд он сараар нь хөөж үзвэл дээрх байруудыг Оюутолгойн гэрээ батлагдахаас өмнө худалдаж авсан байдаг юм. С.Баярыг Ерөнхий сайд болсны дараа нефтийн үнэ дэлхий дахинд өсч, манайх улсын нөөцөөс 28 сая ам.доллар гаргаж их хэмжээний шатахуун нөөцөлж авсан. Тэр шатахууны ихэнхийг НИК-д өгснийнхөө ашгаар тэр гурван байрыг бэлгэнд авсан гэж би дүгнэж байгаа. С.Баярт байр бэлэглэсэн гээд байгаа н.Давааням гэдэг хүн чинь НИК-ийн орлогч захирал байсан хүн шүү дээ. Ер нь н.Давааням, С.Баяр хоёрын бизнес нэг гэдэг юм билээ.

-Нөгөө хоёр байр нь Тавантолгойн дөрвөн хувийг Энержи ресурст өгсний бэлэг юм биш биз дээ?

-Байж болно шүү дээ. Оюутолгойнх бол биш. Тухайн байруудыг худалдаж авсан он сар нь тохирохгүй байгаа юм. Үнэхээр л Рио тинто авлига өгсөн бол ийм бохир аргаар өгөхгүй байсан.

-Г. Уянга гишүүн гэнэт С.Баярын байрыг бариад гараад ирэв?

-Г.Уянга гишүүнийг гаргаж тавихаас хоёр жилийн өмнө энэ байрны асуудал цахим ертөнцөөр гарч байсан. Тухайн баримт дээр бүртгэлтэй байгаа компаниуд нь хаана бүртгэлтэйг нь олох гэж нэлээд хугацаа зарцуулсан байх. Тэгээд тодорхой болсных нь дараа Г.Уянгад өгсөн. Ардын баатар хэрэгтэй биздээ.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар оруулах шаардлагагүй гэсэн утгатай зүйл яриад байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг батлах үед С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрын хооронд томоохон тохиролцоо хийгдсэн юм шиг байгаа юм. Оюутолгойн гэрээн дээр МАН ба С.Баяр эрх ашгаа шингээе, Тавантолгойн гэрээг хийхэд АН ба Ц.Элбэгдорж эрх ашгаа шингээе гэж. Санаж байна уу, үгүй юу. Тухайн үед “Энержи ресурс” угаах үйлдвэрийн шав тавихад Н.Алтанхуяг очихгүй гэж байгаад очиж, тууз хайчилсан. Энержи ресурсынхан “Чамайг Засаг барьж байх үед Ардчилсан нам байртай болох ёстой. Бид санхүүжүүлнэ” гэж хэлж байж туузаа хайчлуулсан юм шүү дээ. Ингэснийхээ дараа Н.Алтанхуяг “Манай нам байртай болно” гэж мэдэгдээл байраа нураах ажлыг эхлүүлсэн байх аа. Харамсалтай нь “ Энержи ресурс” амласнаа биелүүлээгүй учир мань хүн тавантолгойн асуудлыг шийдэхээс цааргалсан юм. Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг энэ асуудлыг шийдэхийг шахсан ч мань хүн хөдлөөгүй. Тэгэхээр нь Ерөнхийлөгч дан, давхар дээлний асуудлыг хөндсөнөөр Засгийн газрыг нь унагасан. Үүнийг ч Н.Алтанхуяг хожим нь ярьсан байсан. Одоо Ерөнхийлөгч Ч.Сайханбилэгийг дарамталж Тавантолгойг хөдөлгөх гэж байна.

-Тэгэхээр Н.Алтанхуягийн Засгийн газар тавантолгойг хөдөлгөөгүйнхээ төлөө огцорчихсон юм биш үү?

-Тийм.

-Н.Алтанхуяг яагаад өөрийнхөө залгамжлагчаар Ч.Сайханбилэгийг сонгов?

-Нүүрс хөтөлбөр, өөрийнх нь гэр бүлтэй холбоотой асуудлуудаас л болсон шүү дээ. Хэрэв Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгохгүй бол гэр бүлийг чинь хорино гэснээс л айсных.

-Тэгэхээр АТГ-г Ерөнхийлөгч удирдаж байна гэсэн үг үү?

-АТГ-ыг ерөнхийдөө Ерөнхийлөгч л удирдаж байгаа шүү дээ. Түүний саналаар л дарга нарыг нь томилдог биз дээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Тавантолгойн гэрээг УИХ-аар оруулахгүйгээр шийдчихнэ гэж үзсэний үндсэн дээр эрхэм Ерөнхийлөгч маань Худалдаа хөгжлийн банкны 5.5 хувийг худалдаад авчихсан байна гэж би харж байгаа.

-Энержи ресурсыг Монголын компани мөн биш гэж маргах  болж?

-Захирлуудынх нь зөвлөлд хятад хүмүүс байдаг юм билээ. Монголын үндэсний компани гэчихээд яагаад манайд биш гадаадад бүртгэлтэй байгаа юм. 51 хувь нь Монголын комани гэж яриад байгаа ч хувьцаа эзэмшигч монголчууд нь хувьцаагаа зарчихвал яах юм бэ гэдгийг бодолцох ёстой. Монголчуудад уурхай ашиглах арвин туршлага байхад яагаад заавал Шиньхуаг оруулж ирэх гээд байгаа юм гэдэг нь сонин байгаа биздээ. Ирээдүйд Монгол Улс хэд хэдэн гэр бүл, Хятад улсаас хараат болох л ирээдүй рүү зүтгээд байна шүү дээ. Бээжингийн цэргийн тойрог гэж байдаг юм билээ. Тэр тойрогт манай Оюутолгой, Тавантолгой хамрагддаг.

-Тавантолгойн асуудал хурцдаад ирэхээр та манай нэвтрүүлэгт орсон юм байна гэдэг бодол төрж байна. Ер нь та энэ талаар хэр удаан судлав?

-Миний сүүлийн 20 жилийн хөдөлмөр тавантолгойн ордын эргэн тойронд дахь асуудлыг судлахад зарцуулагдсан.

-Одоо та ажлаа хийж байгаа нь хамгийн аюултай. Та өнөөдөр багаа тайлаад энэ талаар яривал амь насанд тань нөлөөлөх үү?

-Нөлөөлнө.

-Тавантолгой биш ч байсан нөлөөлөх үү?

-Нөлөөлнө.

-Яагаад ингэж асуугаад байна вэ гэхээр хүмүүст таныг тусгай ажил хийдэг гэдгийг тань хэлэх хэрэгтэй байх гэж бодсоных. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой асуулт асууя. Энэ хүнийг авлигач гээд ял оноож шоронд хийсэн. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөсөн. Тэгэхээр айж явсан нь дээр байх аа?

-Өнөөдөр манай хууль зүйн системийн тогтолцооноос айж явахгүй бол болохгүй. Хуулийн хамгаалалт маш муу. АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлэг авч байгаа байдал нь маш бүдүүлэг. С.Баяр шалгуулна гээд байгаа нь “Тийм асуудал байхгүй юм байна” гэсэн мэдээлэл өгүүлэх зорилготой. Маш олон улстөрч ч С.Баярын санаснаас бүх зүй болоосой гэж хүсч байгаа. Яагаад гэвэл тэд ч гэсэн С.Баярын зам мөрөөр замнах гээд байна шүү дээ.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зүгээр нэг тоглоомын хүү шиг санагдах юм. Танд тэж харагддаг уу?

-Ч.Сайханбилэг бол ганцхан зорилготой. Гол нь Тавантолгойг хөдөлгөх. Нөгөөх нь Оюутолгойг явуулах. Гэрээг батална гэвэл та нарт тус бүрт нь 100 мянган төгрөг өгнө гэдэг нь ард түмэнд авилга өгнө гэж амалж байгаагийн л илрэл биз дээ. Хамгийн сүүлд би нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Өнөөдөр Монголын төрийн шийдвэр гаргах түвшинд  “МГИМО 10”  гэж бүлэглэл бий.  Төгссөн сургуулиар нь нэрлэж байгаа юм.  МАН-аас таван хүн байдаг нь Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Цогтбаатар, Ё.Отгонбаяр, Д.Зоригт АН-аас П.Цагаан, Я.Батсуурь, Л.Пүрэвсүрэн, Б.Баттөр зэрэг хүн бий. Тэд Москвагийн олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Тэднийг Эм Си Эс-ийн Ж.Оджаргал удирддаг. Бүх бизнесийг нь зохицуулдаг. Аль ч нам ялсан ялгаагүй. Тиймээс би энэ хүмүүст Тавантолгойг өгч болохгүй гэж хэлээд байгаа юм. 2010 онд Тавантолгойн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтад оролцсон дэлхийн консерциумууд “Монголын Засгийн газартай ярьснаас Энержи ресурстэй ярьсан нь хялбар юм байна. Эм Си ЭС-ийн оффист яригдсан яриа Засгийн газрын шийдвэр болж гардаг юм байна” гэж Америк, Япон, Солонгосчууд хэлж байсан юм шүү.