НҮБ-ын хаалгыг татах гэж манай улс чамгүй хугацаа хүч, сэтгэл зарцуулж, эрсдэл үүрсэн тухай дипломатын түүх өгүүлдэг. Бүр анх 1946.06.20-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өргөдлөө өгч,  манай өргөдлийг НҮБ-д элсэхийг хүссэн улсуудын өргөдлийг судлах Комисст (Аюулгүйн Зөвлөлөөс томилсон) мөн оны 8 дугаар сарын 6-нд авч хэлэлцэн, уг Комисс манай Засгийн газрын төлөөлөгчдийг байлцахыг хүссэн тул Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид мөн оны 8 дугаар сарын 17-нд Нью-Йоркийг зорьж байжээ. Төд удалгүй 8 дугаар сарын 28-нд манай төлөөлөгчдийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралд урьж суулган өргөдлийг нь хэлэлцэв. “Өргөдөл өгсөн хоёр улс дээр эргэлзээ байна” хэмээн Британийн төлөөлөгч хэлэхдээ битүүгээр Монгол, Албани хоёрыг нэрлэв. Чан Кайшийн төлөөлөгч Ся хэлсэн нь: Аюулгүйн Зөвлөлөөс тавьсан асуултад хариулсан БНМАУ-ын хариу Хятад улсад хангалттай учир Хятад нь БНМАУ-ын өргөдлийг дэмжихэл бэлхэн байна гэж хэлээд тэр дороо өнгөрсөн үеийн түүхийг дурдаж, монголчууд нь хятадыг түрэмгийлэгчид байсан юм. Хятад нь түрэмгийлэлд хэлмэгдэж байсан юм гэх зэргээр ярив гэхчлэн түүхэн номуудад бичээстэй буй (жишээ нь Ю.Цэдэнбал. Социалист Монголын хөгжил дэвшлийн түүхэн замнал, БНМАУ-ын ШУА, МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институт, УБ, 1976)  

1955 онд АНУ, ЗСБНХУ хоёр нийт 18 улсыг харилцан зөвшөөрөөд НҮБ-д элсүүлэхээр болоход Зөвлөлтийн дагуул социалист орнууд– Албани, Болгар, Румын, Унгар, Монгол орсон байв. Гэтэл нэрсийн жагсаалтаас ганц Монголыг онцолж Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Дундад Иргэн Улсын (ДИУ) төлөөлөгч Жэн Янфу: Гадаад Монгол бол Хятад, Солонгос хоёрыг түрэмгийлж байхын тулд зөвлөлтүүдийн хуурамчаар тусгаарласан улс гээд манай улсыг Солонгосын дайнд цэрэг илгээсэн хэмээн гүтгэжээ.


Солонгосын дайн


1960-аад он гараад  манай дипломат чармайлт идэвхжиж, НҮБ-д элсэхээр барахгүй, АНУ-тай дипломат харилцаа тогтоох тухай асуудал яригдаж эхлэв. Ингэхлээр нь ДИУ-ын Ерөнхийлөгч Чанкайши  Тайбэй хотоос шаралхаж гоморхсон 6 хуудас захидал АНУ-ын Ерөнхийлөгч рүү илгээн БНМАУ-ыг НҮБ-д элсүүлж болохгүй шалтгаан гэгчээ тоочихдоо Монголд “хамтран түрэмгийлэгч улс” гэсэн хаяг зүүлгэв. Тэр захидалд бичсэн нь:

  • АНУ дипломат шугамаар Гадаад Монголтой харилцаа тогтоох хэлэлцээ хийх гэж байгаа нь манай Засгийн газарт мэдэгдсэн тул ДИУ-ын Засгийн газар Гадаад Монголын асуудлаар ямагт хатуу байр суурь баримталсаар ирснээ АНУ-ын Засгийн газарт мэдэгдэн тайлбарлах шаардлагатай гэж үзлээ. Гадаад Монгол бол тусгаар тогтносон сювернитет улсын нөхцлийг хангаагүй тоглоомын дэглэмтэй улс юм. Гадаад Монголын тусгаар тогтнол гэдэг бол Ялтын нууц гэрээний нэг хэсэг болно.
  • 1947 онд Пэйташанд болсон хэрэг явдалд Гадаад Монголын цэрэг зөвлөлтүүдийн заавраар Шинжаанд халдан түрэмгийлсэн. 
  • Солонгосын хойгт дайн эхэлмэгц Гадаад Монгол тийш нь цэрэг илгээж коммунист дээрэмчин Солонгост туслаж НҮБ-д дайсагнаж байсан. 
  • Энэ бүхэн нь Гадаад Монгол тусгаар улс бишээр барахгүй Зөвлөлтийн гадаад дахь түрэмгийллийн зэвсэг болж хувирсан гэдгийг батлаж байна. 
  • АНУ-ын Засгийн газар энэ асуудлын ноцтой талыг танин мэдэхийн зэрэгцээ эцсийн уршигт үр дагаварыг тооцоолж үзэхийг хичээнгүйлэн хүснэ гэжээ.

Ийнхүү манай улсыг “түрэмгийлэгч”, “хамтран түрэмгийлэгч” гэх нэр хаяг зүүлгэн яллахдаа ямар баримт түшсэн хэрэг вэ гэдэг нь одоог хүртэл судлах нээлттэй сэдэв аж.

Тэгвэл зарим баримт сэлт АНУ-ын Тагнуулын төв газрын архиваас цухалзаж байх юм аа. Монголын цэргийг (тэр үеийн Ардын арми шүү дээ-Д.Б.) Солонгосын дайны театрт авчрахаар Хятад-Монгол, Зөвлөлт-Монголын тал ярилцсан. Хойд Солонгосын нэг удирдагч Хе Ги И (Алексей Иванович Хегай буюу Зөвлөлтөд төрж өссөн зөвлөлтийн оросжсон солонгос) 1952  оны 12 дугаар сард Монголд айлчлаад дараа нь Зөвлөлтөд очихдоо 5-6 дивиз цэрэг Монгол, Зөвлөлтөөс Солонгосын дайнд оролцуулах, үүнд Зөвлөлтийн Дундад Азиас ази гаралтай иргэдээс 3 механикжсан дивиз бүрдүүлж очуулахыг хүссэн гэсэн мэдээлэл ТТГ-ын баримтын санд байх аж. Хэрэв НҮБ-ын цэргийг АНУ хөтлөн дайнд оролцуулбал зөрүүлээд Зөвлөлт, Монголоос цэрэг оролцуулж дайныг аль аль талаас нь интернационалчлах зорилго агуулсан бололтой. АНУ-д шахалт болгохоор Монголын 10 000 цэрэг, цэргийн мэргэжилтнийг илгээх, гэхдээ байлдуулах гэхээсээ суртал нэвтрүүлгийн зорилгоор ашиглахаар шийдвэрлэж байсан тухай мөн тэнд бичсэн байна.

1953 оны 7 дугаар сарын 27-нд гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол 38 дугаар өргөрөгийн  Кэсон хотын орчим болсон ба түүнд Улаанбаатараас Ц.Намсрай, Бээжин дэх манай ЭСЯ-наас Т.Пүрэвжал нар БНМАУ-ын төлөөлөгчөөр оролцсон тухай баримтыг эргэж дурсваас Солонгосын дайнд манай улс ямар нэгэн байдлаар холбогдсон, холбогдоод зогсохгүй БНАСАУ-ын талд тууштай зогсож, агт морьд, хоол хүнсээр туслаж, мөн өдий төдий өнчин солонгос хүүхдүүдийг Монголд авчирч өсгөж бойжуулсан түүх хуучраагүй ээ.