Понсобийн онолдсоноор ДНР, ЛНР цаашаа туйлшрав
Лорд Артур Понсонби гэж олон улсын харилцааны онолч британийн дипломатч түүхэнд тэмдэглэгдсэн юмсан.
“Засгийн газрын мэдээ”
coнины 2015.04.06-ны
№ 063 (087) дугаарт нийтлэгдсэн өгүүлэл
Лорд Артур Понсонби гэж олон улсын харилцааны онолч британийн
дипломатч түүхэнд тэмдэглэгдсэн юмсан. Тэрээр “Дайны үеийн гүтгэлэг: Дэлхийн
нэгдүгээр дайны үеийн худал суртал нэвтрүүлэг,” (Ponsonby, Arthur.
Falsehood in War-time: Propaganda Lies of the First World War,
1928) гэх номоо 1928 онд туурвисан ба түүнд нь
дайны үеийн гүтгэлэг гөрдлөг бол хамгийн чухал, гол мөн чанар нь хэмээн үзсэн
байдаг. Тэгээд тийм гүтгэлэг хийдэг сонгодог 10 сургааль (Ten commandments of
propaganda) гэгчийг дараахи байдлаар томъёолжээ.
1. Бид дайныг огтоос хүсэхгүй байна – Муу хүмүүс биднийг үзэн ядаад байна. Тэд л дайныг эхлэн өдөөлөө хэмээн хүмүүст итгүүлэн үнэмшүүл.
2. Дайн зөвхөн дайсны буруугаас болж явагдлаа. Дайсан гэдэг бол өөр хүмүүс. Тэд дайныг эхлүүлсэн, дайн хийхийг хүссэн. Харин бид бол аргагүйн эрхэнд өөрийгөө хамгааллаа гэж ярь.
3. Дайсагнагч тал бол жинхэнээсээ чөтгөр шулам. Тэгэхдээ тэдний ард түмнийг бүгдийг нь үзэн ядахыг албадаж болохгүй. Дайсныхаа дүрийг сайн тодруулж гаргаад бүх хүн амдаа харуул. Дайсны чинь удирдагч бол сэтгэл мэдрэлийн хэнээтэй, завхарсан худалдагдсан этгээд гэж харагдаг.
4. Бид эрх ашгийнхаа төлөө бус, шударга ёсны төлөө л тэмцэж байна. Аливаа дайн юуны өмнө эдийн засгийн зорилго агуулдагийг таг дуугүй өнгөрөө, зөвхөн хүмүүнлэгийн шалтгаанаар дайтаж байна гэж тэмдэглэ.
5. Дайсан харгислалыг санаатайгаар зорилготойгоор үйлдэж байна. Харин бид бол тохиолдлоор тэгж байна. Дайсны үйлдсэн харгислалыг шуурхай, дээд зэргээр байнга мэдээлж бай. Түүнийх нь эсрэг аргаа бараад л тиймэрхүү үйлдэл хийлээ хэмээн тайлбарла.
6. Хориглогдсон зэвсэг дайсан л хэрэглэж байна гэж ярь.
7. Манай хохирол их биш, харин дайсны хохирол маш их. Дайны үед амьд хүч, техникийн хохирлыг яг байгаагаар нь нэрлэх хэрэггүй, тэглээ гэхэд өөртөө ашигтай эсэхийг л тооц.
8. Соёл, урлаг, оюуны салбарынхан манай үйлсийг дэмжиж байна гэж ухуул.
9. Манай үйл хэрэг ариун гэж сурталд.
10. Манай суртал нэвтрүүлэгт итгэхгүй хэн боловч урвагчид мөн гэж зарла гэжээ.
Дээрхи 10 зарчим хуучин СССР-ийн нутагт явагдсан
дайнуудаар мөн ч их хэрэглэгдлээ. Тэр жил Молдовад, дараа нь Чечень, хожим
Гүржэд, одоо Дорнод Украинд гэхчлэн. Мэдээллийн дайн хэмээн товчхондоо
нэрлэгдэг тэр үзэгдэл л дээ. Одоо Украинд дайтагч хоёр тал ийм суртал
нэвтрүүлгийн доозыг хэтэртэл хоёр биенээ зүхэж буй.
Донецкийн АБНУ-ын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Александр Ходаковский гэгч нөхөр дайны гурав дахь үе
шатны тухай ийнхүү ярьжээ: – Мэдээж дайсан давшина, рейтингээ өсгөхийн тулд шүү. Амжилттай давшвал нийгэмд
алдаршлаа өсгөхөд хэрэгтэй. Харин бидэнд өөр зорилго байна. Манай зорилго бол
ДАБНУ-аа аврах, сонгогчдоос санал авах явдал огтоос биш. Оршин буй БНУ-аа
аюулын дор аваачиж тавихгүй, учир нь бид маш их хүч хөдөлмөрөөр БНУ-аа бий
болгосон. Энх тайвныг хүсч байгаа бол дайнд бэлтгэ гэжээ.
Хэнээр ч хүлээн
зөвшөөрөгдөөгүй Днестр хавийн БНУ гэгчээс
бүх талаар суралцаж байна. Гэхдээ Днестрийн БНУ-ын хувилбар, тэр төрт улсын
загварынх нь барьцаанд бид орохгүй, ДАБНУ, ЛАБНУ (оросоор
ДНР, ЛНР) бол зөвхөн шилжилтийн
үе шатанд оршин байх учиртай. Харин бидний дайн шувтрах үед бол Оросын өмнөдөд
оросын тал баримталсан, фашизмыг эсэргүүцэгч улс буй болно. Өөрөөр хэлбэл бидэнд бүх Украин хэрэгтэй байна гэж
тэрээр ярьжээ.
Украин улс хэзээ
ОХУ-ын талд баттай зогсоно, Европыг баримжаалсан Европын талын бодлогоосоо Киев
хэзээ ухарна тэр болтол дайнаа зогсоохгүй гэсэн дайчин мэдэгдэл ийнхүү
цууриатаж байна. Түүний хэлснээр
Донбассын III дайн мөд дэгдэх юм
байна. Киев дэх хунт хэзээ
алга болно тэр болтол Донбасс Украины бүрэлдэхүүнд хэзээ ч эргэж орохгүй,
өөрөөр хэлбэл Януковичийг хууль бусаар огцруулсан тэр улс төрийн хүчин засгийн
эрхнээс зайлан зайлтал ДАБНУ, ЛАБНУ нь тэмцлээ үргэлжлүүлнэ гэх өнгө аястай өөр
өдий төдий мэдэгдэл оросын тал баримтлагчдын сайтуудад явж байх юм.
ДАБНУ гэж өөрийгөө
зарласан БНУ-ын тусгай хүчний нэг командлагч Дмитрий Сапожников гэгчийн нэгэн дайнч мэдэгдэл bbc.co.uk порталын мэдээнүүд дотор цохиж явна. Оросын цэрэг Украинд байлдаж байгаа
гэдгийг албан ёсоор дэлхийд зарласан бараг анхны мэдээ энэ болов уу. Донбасст сайн дурын бус, бүр мэргэжлийн цэрэг байрлаж байна, бид Дебальцево, Донецкийн
аэропортын хавьцаа томхон хэмжээний тусгай ажиллагаа оросын
цэргийнхний туслалцаатайгаар хийлээ, шийдвэрлэх тулалдаан тэнд өрнөлөө,
Донбассын сайн дурын цэргийн тэр ажиллагааг ДНР, ЛНР-ийн удирдлагатай хамт оросын генералууд зохицуулж
байлаа. Дебальцевод Украины зэвсэгт хүчнийг бүсэлж авсан Логвиновогийн төлөөх тулалдаанд ОХУ-ын танкийн анги оролцлоо. Бид Логвиновог бүслэлтэд авахад 3-5 өдөрт багтаан манай (оросын) танкууд хүрэлцэн очлоо. Оросын арми, буриадууд очлоо. Дебальцевод зөвхөн дан буриадуудаас бүрдүүлсэн буриадын анги ирсэн байлаа. Тэд хаашаа
юунд ирсэнээ сайн ойлгож байлаа. Гэвч албан ёсоор бол “Бид хээрийн сургуульд
явж байгаа” гэцгээж байв. Шөнө хэн ч юу ч олж харахгүй болохоор тэднийг шөнө
дунд вагоноор авчирсан, тэгэхдээ тэднийг албадаж авчраагүй, явахгүй гэсэн нь
үгүй гээд үлдэж болох л байсан юм билээ. Харин ирцгээсэн нь бүгд сайн дураараа
ирсэн гэж байна билээ. Тэдний тусламжтайгаар, тэдний хүнд зэвсэг очсоны ачаар
бид Дебальцевог авч чадлаа даа хэмээн тэрээр илэн далангүй ярьжээ.
Д.Сапожниковын ярьснаар бол, Донбасст украины талд эхний ээлжинд америк, европын цэргийнхэн байлдаж байжээ. Түүний яриагаар Дебальцево дахь тусгай ажиллагааны үеэр гадаадын 300 орчим цэрэг
олзлогдсон ба тэдний ихэнхи нь мэргэн буучид, мөн олон тооны цэргийн зааварлагч
байжээ.
Ийнхүү эх орныхоо үнэн төрхийг илчилсэн Д.Сапожников гэх энэ этгээд өөрийнхөө хэн болохыг ч нуусангүй. Дорнод Украины салан
тусгаарлагчдын армийн нэг дарга энэ нөхөр бол Оросын монархист намын Петербург дэх салбарын дарга, барилгын компанийн эзэн, Донбасст байлдахаар сайн дураараа 2014 оны 9 дүгээр сард Украиныг зорьсон, Дебальцево, Донецкийн
аэропортын төлөөх тулалдаанд оролцоод, одоо Санкт-Петербург хотдоо амралтаараа ирээд байгаа аж.
Д.Сапожниковын “Оросын арми, буриадууд очлоо, буриадын анги ирсэн байлаа” гэсэн дээрхи
ганц өгүүлбэр ихээхэн эргэлзээ төрүүлэхүйц юм. Энэ нөхөр юун тухай ярив, ямар
ноцтой мэдээлэл түгээв, үүгээрээ юу хэлэх гэв?
Интернэт дэх сайтуудад Сапожниковын ярьсныг нотлох
мэдээлэл хэдэн арваараа байж байх юм аа. Хэрэв www.google.mn сайт руу ороод үзвэл итгэхэд бэрх өдий төдий мэдээ тавигдсан байх юм.
Мөнөөхөн Улаан-Үдэд “Ачаа 200” гэх хаягтайгаар Донбасст алагдсан 20 орос цэргийн шарил ирлээ гэсэн мэдээ хэд хэдэн портал дээр гарчээ. Жишээ
нь informnapalm.org, censor.net.ua гэсэн хоёр сайт дээр Ираклий Комахидзе гэдэг блогер
дэлгэрэнгүй бичжээ. Бүр зураг хөрөгтэйгээ байна. Буриадын нийслэлийн ойролцоо Сосновка гэх газар байрладаг оросын армийн десантын дайрагч 11 дүгээр тусгай бригадын
(ОДШБр) дайчид Украинд очиж байлдаад 20 нь украины армийн их бууны галд амиа
өргөсөн гэсэн байна. Тэднийг Буриадаас Псков руу татаж
аваачин оросын армийн шүхэр-десантын 76 дугаар дивизэд харьяалуулж байлдаанд
оруулсан болж таарчээ.
Оросын “Коммерсантъ” сонин өнгөрөгч 2 дугаар сард Илья Барабанов гэх тусгай сурвалжлагчийнхаа сурвалжлагыг дэлгэхдээ ДНР,
ЛНР дэх байлдааны даалгаврыг Украинд очсон оросын мэргэжлийн цэргийнхэн өндөр түвшинд хийж буй тухай палхийтэл
мэдээлчихснийг уншаад итгэж ядан байсан бол Сапожников энэ удаа ёстой нэг нотлох шиг болжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, түүний орлогч Александра Вершбоу нар Оросын цэрэг Дорнод Украинд байгаа болон нэмж ирж
байгаа, олон мянгаараа амиа алдаж байгаа тухай нэг бус удаа сануулан, элдэв
мэдэгдэл хийхэд нь итгэж ядаж байдаг
байсан бол одоо бүгд үнэн болж таарч байх шиг. Вершбоугийн хэлснээр бол, 2014 оны 4 дүгээр сараас хойш Украинд явагдсан
зэвсэгт мөргөлдөөнд оросын 6000 цэрэг алагдсан болж
таарлаа.
Цэрэг очуулснаа нуух битгий хэл бүр оруул, байлдуул, ялж гар гэсэн уриалгаа
Төрийн Думын экс-депутат, Плехановын нэрэмжит оросын их сургуулийн дэд захирал Сергей Марков top.rbc.ru/politics сайтад ил тодоор илэрхийлжээ. Оросын арми цагийг хүлээн анаж байгаа мэтээр
тэр нөхөр бичсэн байх юм. Украины арми зэвсэг техникээ шинэчлээд Донбасс дахь боевикууд руу халдлаа л бол Оросын арми шууд халдаж орно, оросын зэвсэгт хүчний
хоёр том бүлэглэл Украины хилийг даваад байна хэмээн Төрийн Думын экс-депутат зарласан байх юм.
Мөнөөх Сапожников гэх дайчин эрийн
улайм цайм мэдэгдэл байна: Орос Донбасст байлдааны ажиллагаанд оролцож байгаагаа нуугаад яах юм бэ? Крымын түүх байна шүү дээ. Түүх давтагдана. Крымыг нэгтгэхэд
оросын цэрэг оролцлоо гэдгийг эхлээд бүгд л үгүйсгэж няцааж байсан. Гэтэл одоо
үгүй шүү дээ. Бүр баримтат кино (Андрей Кондрашовын
“Крым.
Эх орондоо эргэж ирэх зам”) хүртэл гараад ирлээ шүү дээ. Тэгэхлээр энд ч гэсэн тийм юм болж л таарна
хэмээн би бодож байна гэжээ...