-Та “Кайманы  арлын “ММС” компанийг 1.3 тэрбум долларын өрөө барагдуулчихаад буцаж ирээд Тавантолгойн ордыг ав” гэж хэлж болох  уу-

Хэвлэл мэдээллээр Тавантолгойн асуудлаар  иргэд, судлаачид, эдийн засагчид, улстөрчид, хуульчид өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Тэдгээрийг бүгдийг уншлаа. Нэг асуудал ихээхэн анхаарал татаж байх бөгөөд түүнийг дахин Төрийн тэргүүний анхаарлыг хандуулмаар санагдаад “copy and paste” хийлээ. Тогтож суугаад, буруу, зөвийг тунгаагаад уншаарай.

Тавантолгойн ордыг ашиглах “Төслийн компани”-ийн 51 хувь нь Хонгконгийн бирж дээр хувьцаагаа гаргасан Кайманы арлын “ММС” (Mongolian mining corporation) 49 хувь нь Хятадын төрийн өмчит “Шенхуа” компанийн эзэмшилд очих шинжтэй хэлэлцээрийг М. Энхсайхан хийж байгаа ажээ.



Засгийн газар ”Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай 2014 оны 268 дугаар тогтоолын 1-д “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд 2010 оны 12 дугаар сарын 8-нд зарлан явуулсан Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант  шалгаруулалт”-ын үйл ажиллагааг дор дурдсан нөхцөл, шаардлага, зарчмыг баримтлан үргэжлүүлэн явуулахаар шийдвэрлэсүгэй” гэжээ.

Тэгвэл 2010 онд зарласан тэр тендерийн богино жагсаалтад дараах компаниуд шалгарчээ:

  1. Шенхуа Энержи (БНХАУ) болон Мицуй (Япон) компанийн  түншлэл,
  2. Пибоди Энержи (АНУ),
  3. 3. Оросын төмөр зам компани, СУЭК (ОХУ), Японы консорциум, Солонгосын консорциум, 
  4. Вале (Бразил), 
  5. Экстрата Коал (Австрали) 
  6. Арселормитталгрупп (Люксембург)

Засгийн газрын тогтоолоос харахад 2010 онд зарласан тендерийг үргэлжлүүлж явуулна гэсэн нь энэ 6 компанийн дунд үргэлжилнэ гэсэн үг болох нь тодорхой болоод ирлээ. Гэтэл анхнаасаа тендерт ороогүй Кайманы арлын “ММС” гэдэг компани хаанаас гарч ирээд бүр 51 хувь авах болчихов оо?

Ерөнхийлөгч өө! Энэ луйвар биш гэж үү? Харин таны хэлсэнчлэн “Шалгуулаад л үз” гэсний дагуу шалгалтыг хэн хийх вэ? Та хэн шалгахыг хэлээгүй. Сэтгүүлч Л. Мөнхбаясгалан уу? Эсвэл М. Энхсайхан уу?

Кайманы арлын “ММС” компанийг 1.3 тэрбум долларын өрөө барагдуулчихаад буцаж ирээд Тавантолгойн ордыг ав гээд хэлчихгүй юм уу Та? 1072 хувьцаатай иргэн би гуйж байна аа. Болгооно уу? Эрсдэл хүлээчих вий гээд УИХ-аар хэлэлцүүлэхгүй байгаа тань үнэн бол ММС чинь ингэж эрсдлээ арилгачихаад УИХ-аар хэлэлцүүлэн хуулийн дагуу ажиллацгаавал ямар вэ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар аа!

Улсаа эрсдэлд оруулахгүйн төлөө амь хайрлахгүй ажиллах тангараг өргөсөн гишүүдийн өмнөөс та хоёр минь санаа зовинож хаа холын Кайманы арлын “ММС” гэдэг компанийн өмнөөс өөрсдөө эрсдэл хүлээх сайхан гэж үү. Үүний цаана л нэг нууц байх шиг...