Ж.Мөнхбат: МАН засгаас гарахгүй гэж үүрэг хүлээгээгүй
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.
-Ардчилсан намын хэсэг залуус Тусгаар тогтнолын ордныг барихад төсвөөс 11 тэрбум төгрөг өгсөн, түүнийг буцааж төл, эсвэл байраа хураалга гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Энийг та юу гэж хүлээж авч байна вэ
-2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа тэр үймээн самуунд оролцсон хүмүүсийг Өршөөлийн хуулиар сулласан. Бас хохирсон аж ахуйн нэгжүүдийн хохирлыг яаж барагдуулах гэж Хохирлыг нөхөн барагдуулах хууль баталж тэр хуулийн хүрээнд асуудлыг шийдсэн. Хохирлоо шийдүүлсэн байгууллагуудын нэг нь л МАН. Манай хохирлын хэмжээг хөндлөнгийн гурван ч компани аудит үнэлгээ хийж, эцэст нь Сүхбаатар дүүргийн шийдвэрээр тогтоосон. Бүх асуудал хуулийн хүрээнд шийдэгдсэн, нэгд. Хоёрт, гэвэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар улстөрийн нам хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх эрхтэй. Тэр дагуу л бид Тусгаар тогтнолын ордны зарим өрөөгөө түрээслүүлж хэдэн ажилтнуудаа цалинжуулаад явж байгаа. Хууль ном нь ийм байхад нэг намын дотоод хэрэгт оролцдог, үл хөдлөх хөрөнгөд нь халдах гэж оролдох бол увайгүй улстөр л дөө.
-Хуучнаар Лениний музейн байрыг музей болгоно гээд авсан. Одоо Тусгаар тогтнолын ордныг авбал ямар зориулалтаар ашиглана гэж байгаа вэ
-Музей болгох гээд байна, Лениний музей байрлаж байсан хотын намын хорооны байраа өг гэсэн. Бид үнэхээр музей болгох юм байх гээд өгсөн. Гэтэл өнөөдөр сонсохнээ музей болгохоо больсон сурагтай. Төрийн нэрээр ийм явуургүй улстөр хийж болохгүй л дээ. Хэрвээ намын өмч, байрны асуудал хөндөх гэж байгаа бол АН-д төрөөс дөрвөн байр өгсөн.
Төв шуудангийн өмнөх одоо үйл ажиллагаа явуулж байгаа байр. Зориг сангийн байр, Соёлын төв өргөөний хүзүүвчинд байсан байр, МоАХ-ны байр гээд. Эднийг бас л Засгийн газрын шийдвэрээр тухайн үеийн МҮДН, МҮАН, МСДН, МоАХ-д өгсөн. Эдгээр намууд нэгдэж АН болсон. Асуудлыг адилхан л тавья. Тэгвэл АН ч гэсэн энэ дөрвөн байраа хураалга. XXI хороололд байгаа МоАХ-ны байрыг нь Ардчиллын музей болгоё, энэ хүзүүвчинд байсан газар дээр нь УИХ-ын номын сан барья. Нөгөө хоёр байранд нь угаасаа хүрэлцэхгүй байгаа хүүхдийн цэцэрлэг байгуулъя л даа. Бид буцааж өгдөг, тэд булзаж бултдаг нь шударга бус биз дээ. Жишээ нь, миний сонссоноор Соёлын төв өргөөний хүзүүвчинд байсан байраа манай арилжааны нэг банкинд 2-3 тэрбум долларын барьцаанд тавиад, төлж чадахгүй газраа тэр банкиндаа зарж буй сурагтай. Бас АН-ын зарим байр нь хувь хүний нэр дээр байдаг юм байна. Нам ийм том өмчөө алчуур болгоод зүгээр бэлэглэхгүй нь тодорхой, худалдсан л байж таараа. Энэ бүгдийг хэвлэлийнхэн та нар сонирхох хэрэгтэй, бид ч өөрсдийн шугамаараа судална.
-Гэхдээ Тусгаар тогтнолын ордныг төрд авна гээгүй, төрөөс олгосон 11 тэрбум төгрөгөө буцааж төл гэсэн юм биш үү
-УИХ-ын баталсан нөхөн олговрын хууль, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрт буцааж олгоно гэсэн заалт байхгүй. Хэрвээ УИХ-ын хуулиар олгосон нөхөн олговрыг улстөрийн шалтгаанаар буцаах гэж байгаа бол 2008 оны хэрэг явдлыг өдөөж турхирч, тэр нь хуулийн байгууллагаар нотлогдоод эцэст нь дээрх хуулиар өршөөгдсөн тэр хүмүүсийнхээ хэргийг ч дахин сөхөх хэрэгтэй.