Казахстан улс бүх хүүхдээ англи хэл дээр хичээллүүлэхээр шийдвэрлэлээ
Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн баасан гаригт нэгэн шийдвэрийг танилцууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан улсынхаа шилдэг эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзах үеэрээ “Казахстан улсын бага дунд сургуулийн боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.
Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн баасан гаригт нэгэн шийдвэрийг танилцууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан улсынхаа шилдэг эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзах үеэрээ “Казахстан улсын бага дунд сургуулийн боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Бүх хүүхдэд нэгдүгээр ангиас нь эхлээд англи хэлний хичээлийг албан ёсоор заана. 11, 12 дугаар ангид буюу төгсөх ангиудад бүх хичээлийг зөвхөн англи хэл дээр үзнэ” хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч Назарбаев ийм шийдвэр гаргах болсноо тайлбарлахдаа “Бид дэлхийн хөгжилтэй зэрэгцэж алхья гэвэл ингэхээс өөр аргагүй. Ингэж хөгжсөн олон орны жишээ бий. Тухайлбал Малайз улс байна. Тэд дайны дараа тусгаар тогтнолоо олж, хөгжлийн замаа сонгохдоо малайз хэлээ албан ёсны болгож, бүх ажил хэргээ явуулсан. Гэвч өчүүхэн ч амжилт олоогүй. Яагаад гэвэл малайз хэлийг дэлхий мэдэхгүй байсан. Дээр нь тэд өөрсдөө дэлхий нийтээр хэрэглэж буй англи хэлийг мэдэхгүй байсан нь хөгжилд нь саад болсон. Тийм учраас албан ёсны хэлээ англи болгосон. Яг үүнтэй адил Сингапур улс мөн англи хэлд шилжсэн. Энэтхэг улс ч ийм л замаар хөгжиж байна. Ийм олон орны жишээг дурдаж болно. Бид дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй учраас би ийм шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгджээ.
Нурсултан Назарбаевын энэ шийдвэр нь Олон улсад өргөнөөр ашиглагдаж буй Кембрижийн сургалтын хөтөлбөрийг боловсролын системдээ нэвтрүүлж буй хэрэг юм. Дэлхийн олон оронд бага дунд боловсролдоо өргөнөөр нэвтрүүлж буй сургалтын хоёр л хөтөлбөр бий. Нэг нь Кембрижийнх, нөгөөх нь Женевийн сургалтын хөтөлбөр. Дийлэнх нь Кембрижийн хөтөлбөрийг түлхүү ашиглаж байгаа юм. Казахстан улс албан ёсоор дунд сургуулийн хөтөлбөртөө, Кембрижийн системийг нэвтрүүлж буй цөөн орны нэг гэж үзэж байна уу. Тийм биш юм. Кембрижийн сургалтын системийг боловсролын салбартаа нэвтрүүлсэн бараг 100 дахь улс болов уу. Кембрижийн хөтөлбөр гэдэг бол зуун хувь англи хэлээр бүгдийг үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр англи хэлийг албан ёсны болгосон улс орон Казахстанаас өмнө 90 гаруй байна гэсэн үг. Дэлхийн 200 гаруй улс орноос Африкийн орнууд, Монгол зэрэг улсууд л үлдэж байх шиг байна. Үлдэхээр барахгүй, сая бүр олон улсын энэ хөтөлбөрийг сөрсөн хуулийг М.Батчимэг нарын гишүүд санаачлан лоббидож УИХ-аар батлууллаа. Кирилл бичгийг уйгаржин монгол бичигтэйгээ хос хэлбэрээр нь сургаж төрийн албан ёсны бичиг болгоно гэсэн шийдвэр, хууль юм. Дэлхийн олонхи улс орон “Хос бичигтэн” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үндэсний хэл бичиг, нөгөөх нь англи хэл. Бүр тодруулбал Кембрижийн сургалтын хөтөлбөр.
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын энэ шийдвэрийг одоо юу гэж ойлгох вэ. Хамгийн ойрын жишээ болсон Казахстан улс дунд сургуулийн системдээ Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлснээр “Казахстаны ирээдүйг дэлхийд бэлдэж байна” хэмээн тодорхойлж байна. Манайх уйгаржинг албан ёсны бичиг болгосноор ирээдүй хойчоо дэлхийд хэнтэй хөл нийлүүлэн алх гээд байгааг УИХ-ын гишүүдээс асуумаар байна. Өнөөдрийн төр засгийн эрхэнд суугсдыг хамгийн ихээр хөхиүлэн дэмжиж, нийтлэл бүрээ АН-ын ялалтын төлөө зориулж байсан сэтгүүлчид үнэндээ өнөөдрийн эрх баригчдад сэтгэл дундуур байдаг болж. Уйгаржинг албан ёсны болгох хууль бол Монгол Улсыг хөмөрсөн тогоонд оруулж байгаа хэрэг хэмээн судлаачид үзэж байгаа юм билээ. Монгол Улсыг сул дорой байлгах шийдвэрүүдийг өнөөдрийн эрх баригчид ямар олноор гаргаж байна вэ хэмээн сэхээтэн бүхэн халаглаж байна. Казахстан улс, Ерөнхийлөгч Назарбаев бол хөрш ОХУ-тайгаа хамгийн их сүжирдэг, ган бат найрамдалтай гэдгийг дэлхий мэднэ. Орос хэл хэмээн хамгийн их туйлширч, орос хэл номер 1 гэж болно. Тэгсэн тэгэхгүйгээр англи хэлийг сонгож, англи хэл бол казахстанчуудыг барууны соёлд сургаж, барууны өндөр технологи, эдийн засгийн урсгалыг өөр рүүгээ чиглүүлнэ хэмээн үзэж байгаа юм байна.
Уг нь бол 2011 онд Сү.Батболд Ерөнхий сайд байх үед Кембрижийн хөтөлбөрийг Монголд нэвтрүүлж лабортори хэд хэдэн дунд сургуулийг байгуулсан. Улмаар Кембрижийн стандартуудыг нэвтрүүлж эхэлсэн. Наад захын нэг ангид суралцах хүүхдийн тоо, сурах орчин нөхцөл гэдэг огт өөр байдаг юм билээ. Зайсан, Төмөр зам, 4 дүгээр хороололд байх улсын тодорхой сургуулиудыг Кембрижийн стандарт руу их дөхүүлсэн дээ. Дээр нь хувийн сургуулиуд болох “Орчлон”, “Элит”... гэх зэрэг хэд хэдэн хувийн сургууль Кембрижийн стандарт, сургалтын системийг нэвтрүүлж байна. Эдгээр бүх сургуулиудад элит гэгдэх хүмүүсийн цөөвтөр хүүхдүүд сурч боловсорч байна. Уйгаржинг албан ёсны болгох хуулийг баталж лоббидсон хүмүүс, тэдэнд ойр байдаг хүмүүсийн хүүхдүүд л өнөөдөр Монголд Кембрижийн сургалтаар явж, англи хэл үзэцгээж байгаа нь энэ юм. Бусад хүүхдүүдийн 90 хувь нь кирилл-уйгаржин хос бичигтэн болж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхацгаах юм байна. Хардмаар л байгаа юм даа. Тэдний хүүхдүүд дэлхийн хөгжилтэй танилцаж, эн зэрэгцэж, ард хүүхдүүдийг болохоор мөнхөд хөмөрсөн тогоонд байлгах алсын хараа юм уу. Ингэж хардахаас өөр арга алга. Саяны хуулиар бол Монголын нийт дунд сургуулиуд тавдугаар анги хүртлээ гадаад хэл үзэхгүй юм. Харин дээрх хувийн сургуулиудад сурч буй элитүүдийн цөөвтөр хүүхдүүд бол нэгдүгээр ангиасаа англи хэл үзнэ. Уйгаржиндсаар, үндэсний хэл соёлдоо суралцсаар дунд сургуулиа төгсөх Монголын ирээдүйд сайндаа Хөх хот хүрэх л эцсийн цэг бий. Түүнээс цааш газар үгүй. Тийм л ирээдүйг өнөөдрийн улс орныг удирдан чиглүүлэгчид бий болгож байна. Энэ нь санаатай юу, санамсаргүй юу гэдгийг дөрөв дэх засаглалынхан олж тогтоох ёстой.
Тавдугаар анги хүртэл гадаад хэл үзэхгүй, уйгаржин бичгээр төрийн албан хэргийг явуулна гэсэн хуулийн заалтыг хуулиас даруйхан авч хаях хэрэгтэй. Хэрэв уйгаржинг сэргээвэл баруун монголчууд тод бичгээ, казахууд түрэг бичгээ сэргээх эрхтэй болно. Буриад ястнуудад ч бас сэргээх бичиг соёл бий. Гурван сая хүрч ядаж буй монголчууд гучин янзын бичиг үсэгтэй болчихвол хоорондоо яаж ойлголцох юм бэ. Талцаж хуваагддаггүй Монголын төлөө байж гэмээнэ Монгол улс хөгжинө хэмээн өнөөдөр судлаачид ярьж бичсээр байна шүү дээ. Монголын ирээдүйг хийгээд Монгол Улсыг хагалан бутаргах, Монголын ирээдүйг мухарлах ийм аюултай хууль баталснаа мэдэхгүй байна гэж баймааргүй юмаа. Дэлхийн 200 гаруй улс орны ирээдүй рүүгээ чиглэсэн бодлого ийм тодорхой байхад манайх ямар байгааг эргэн харж, дээрх аюултай хуулийн заалтуудаа даруйхан авч хаяхыг олон нийт эрх баригчдаас шаардаж эхэлж байна. Монголын сэхээтнүүд үүний төлөө нэгдэж тэмцэхээр зохион байгуулалтад орж эхэллээ. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч дэмжиж байгаа бололтой. Өнөөдөр дэлхийн 100 орчим улс “Хос бичигтэн” хөтөлбөрийнхөө нэгдүгээрт англи хэлийг оруулж, үүнийг нь дэмжсэн улс орны тоо Казахстан улсаас эхлээд өдөр сараар нэмэгдсээр байгаа энэ цаг үед ганцхан Монгол Улс л уйгаржин хэмээх эртний бичгээ албан ёсны болгож муйхарлаж байгаа нь өнөөдрийн төрийн өндөрлөгт байгаа хүмүүсийн харалган бодлого гэж үзэхээс өөр яах билээ. Дэлхийн хөгжлөөс 100 жилээр ухраах энэхүү хуулийг ирээдүй хойч чинь гэмт хэрэг гэж үзэх цаг ирж мэдэх л байх шүү.