Амсаж үзээгүй шоколад
Тэр жилийн цагаан сар санаанаас огт гардаггүй юм. Битүүний өдөр хашааны хэдэн айлын дунд нас бага гэж гологдохгүй баахан зарагдсан хүн чинь маргааш шинийн нэгэн болно гэж л хөл хөөр болж наснаасаа ахадсан ажлын хүндийг барахдаа түүртээгүй. Нөгөө муу оодгор дээлний ханцуй нь богинодоод гар хайрч байсан ч данх өнгөлөх ажил өмнөхөөс хялбар санагдаж байлаа.
Тэр жилийн цагаан сар санаанаас огт гардаггүй юм. Битүүний өдөр хашааны хэдэн айлын дунд нас бага гэж гологдохгүй баахан зарагдсан хүн чинь маргааш шинийн нэгэн болно гэж л хөл хөөр болж наснаасаа ахадсан ажлын хүндийг барахдаа түүртээгүй. Нөгөө муу оодгор дээлний ханцуй нь богинодоод гар хайрч байсан ч данх өнгөлөх ажил өмнөхөөс хялбар санагдаж байлаа. Хэд хоногийн өмнө бууз хийх үеэр надад эгнүүлж тавих үүрэг л оногдсон юм. Хотны хэдэн айлын эмэгтэйчүүд л бие биенийхээ гэрт ороод буузыг нь элбээд чимхэлцдэг юм. Миний мэдэх мэдэхгүй зүйлийг ам хуурайгүй ярина. Тэр болгонд хөрш айлын Алтаа эгч том цагаан шүдээ яралзуулаад нуруугаа хотойлгож ирээд л чанга чанга инээнэ. Бууз хийж өндөрлөх үед лхов жив шиг, хол ойрын сонин шигэмх цэгцгүй яриа дуусна. Хааяа нэг эмээгхоолой засах үед тэд жолоогоо татна уу гэхээс бууз хэрхэн гоё сайхан чимхэх тухай яриа эхлээд л Монхоон гуайн охин гэрлэх гэж байгаа талаар яриад явчихна.Тэгснээхаа байсан хадам ээж болох хүнийх нь талаар ярьж байснаа нэг л мэдэхэд үнээ тугал, хувцас гутал, сувдан даруулга болчихсон явж байна. Тэд бүтэн жил хураасан зүйлээ бууз хийх үеэр л ингэж нэгмөсөн гадагшлуулдаг байх. Бууз чимхэх гарын хөдөлгөөн ярианы өнгө аястай яг давхцаад байх шиг санагдана. Мань мэтэд харин ганц үг дуугарах боломж олдохгүй. Хэрэв илүү үглэж элдэв юм шалгаавал, томчуудын ярианд орлоо гээд баахан загнуулах учир тэдний элдэв яриа нэгэнт сонирхлыг минь татаж байгаа болохоор чимээгүйхэн шиг сонсох л таатай байлаа.
Ажилд зарагдахах, эгч хашааны айлуудаар олон л доо. Тэдэнд ч өөр өөрийн оногдсон ажил их. Гэхдээ нохой сүүлээ, сүүл сангарцагаа гэгчээр байс хийгээд л ийш тийш зараалаар явуулах болохоор хөнгөн хөлтэйгээр нь намайг сонгоно. Хэдэн айлын дунд шууданч маягийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хувин сав нааш цааш нь болгохоос эхлээд, жигнүүр байна уу, хивс гөвөгчөө өгөөч гэнээ, аяганы алчуур илүү байна уу гэж зарлага хий жайл хооронд явах ажил мундахгүй. Ингэж гүйхдээ би залхаагүй, харин жигтэйхэн хөл хөнгөн, сэтгэлд айсуй баярын амт амтагдаад л жирийгээд байсан. Айл хооронд олон удаа ингээд гүйгээд байхаар заримдаа мартаад өөр зүйл авч очих юм уу, эсвэл дахиж очиж асуух хэрэг гарна. Ханжаагийнхаас жижиг сандал аваад ир гэхээр нь тэднийх хүртэл дэгдэх зуураа “жижиг сандлаа өгөөч, жижиг сандлаа өгөөч" гэж амандаа бувтнасаар очихдоо үүдэнд нь ирээд л мартчихна. Дахиад л очиж асууна. Мэдээж зэмлүүлнэ. Буцаад л “Жижиг сандлаа өгөөч, жижиг сандлаа өгөөч" гээд гүйсээр очдогсон.
Маргааш цагаан сар. Үнэн хэрэгтээ хамгийн сайхан нь бэлэг. Айл болгон бууз банштай болохоор хүүхэд бидэнд нэг их сонин биш. Яг л ойрын ах дүү биш бол хамаагүй айлаар орвол олигтой юм өгөхгүй. Зарим хүүхдүүд танихгүй ч хамаагүй айлаар орно. Тэр олон хүүхдэд бүгдэд таалагдах бэлэг өгнө гэж байхгүй л дээ. Миний мэдэхийн ээжийн ээжийнд баахан танихгүй хүүхдүүд ороод ирэхээр нь эмээ маань дэвтэр, нэг төгрөгтэй өгөөд л гаргаад байсан. Дараа нь нөгөө жаалууд дэвтрийг нь гэрийнх нь гадаа хаяад явчихсан байхыг би олоод эмээгээс нуугаад түүж авч байтал эмээ харчихдаг юм байна. Уг нь бэлэг голсон айлын хүүхдүүдийн хийсэн гэмийг л би эмээгээ харчих вий гэж түүж авч байсан хэрэг. Харин эмээ гараад ирлээ. Тэгэхэд эмээ ихэд гомдонгуй "Хөгшин надаас юу авна гэж бодсон золигнууд вэ. Дараа нь хичээл сургуульдаа явахаар хэрэг болдоггүй юм байх даа" гэж байж билээ. Тэгэхэд эмээгээ нэг их өрөвдөж билээ.
Шинийн нэгний өглөө боллоо. Шөнө нойр хүрэхгүй өглөө болтол унтахгүй дээ гэж бодож байтал нам унтаж орхиж. Томчууд аль хэдийнээ босчихож. Бүх юм нэг л сайхан болчихсон. Өнгөлөг. Хүн бүхэн сайхан ааштай. Хатуу чанга, сургамжтай үгтэй эмээ дандаа ч сайхан ааштай байдаггүй юм. Цагаан сараар эмээ огт загнахгүй. Эмээ “За миний хүүхдүүд босоорой, нар мандахаас өмнө босдог юм шүү, сар шинэдээр билэггүй муу үг хэлдэггүй юм, дандаа сайн сайхан үг хэлдэг юм" гээд л байн байн сануулна. Өвөө, эмээ хоёр жил бүрийн цагаан сараар тэгж хэлдэг юм. Тэдний хувьд ёс дэгийг ягштал барих бөгөөд тэд үйлдэл болгоноо тайлбарлах нь хожмоо бидэнд хэрэгтэй гэснийх биз. Бид ахмадууддаа золгоод байж байтал төд удалгүй ах дүү айл саахалтынхан жигтэйхэн гоё болоод орж ирнэ. Бүгд л сайхан зантай. Битүүний орой бэлэг хуваарилж айл болгоны хүн тус бүрээр бэлдчихнэ. Миний санаанд шар гялгар цаастай дугуй шоколад өгөхөөр бэлдсэн бэр эгчийн бэлэг л гоё санагдаад байлаа.
Бэр эгч өмнө нь надад өртэй юм л даа. Учир юу гэвэл нэг удаа зургаахан настай надаар зөндөө ус зөөлгөөд тэр нь 40 литрийн сав дүүрсэн гэхээр наддаа бол их ажил. Эгч шагнана гэсэн ч шагнахаа мартчихсан юм. Би хэдэн өдөр л хүүхдүүдтэй нь хамт ажил тарахыг хүлээж" өнөөдөр л нөгөө шагналаа авчрах байх гэж хүлээдэг байсан. Гэвч эгч огт санаагүй. Эхэндээ тойруугаар хэлдэг байлаа. Маргааш нөгөөдөр гэсээр хоног өдөр ч өнгөрлөө. Эгч бүүр мартсан. Харин би одоо ч мартаагүйг бодоход их л хүлээсэн юм шиг байгаа юм. Мэдээж намайг гомдоож хууръя гэж бодоогүй байх л даа. Зүгээр л мартаж орхисон байх. Тийм болоод ч тэр үү цагаан сараар тэднийхээр орж, бэлгэнд бэлдсэн тэр гоё шоколадыг авчихвал би өр цайрчихаар байлаа. Шинийн нэгний өдөр ч боллоо. Нэг хашаанд байдаг болохоор ядах юмгүй л аавын дүүгийнх рүү гүйгээд орчихлоо. Эгч айлын хүүхдүүдэд бэлэг өгч байна. Нөгөө шар цаастай дугуй шоколадаа бэлгэн дээрээ тавиад өгч байна. Би ч бэлгээ авах гээд л зогсоод байлаа. Олон хүн бужигнаад яаран сандран бэлэг өгч зогссон бэр эгч "Мөнгөө миний дүү дараа бэлгээ авчих, хажууханд юм чинь" гэлээ. Би ч яахав урамгүйхэн гарлаа. Гэхдээ горьдлого тасраагүй. Тэр орой нь, маргааш нь ч эгчийг бэлгээ өгөхийг хүлээсээр л. Хэд ч хоночихов. Би тэднийхээр эргэлддэг ажилтай боллоо. Эгч намайг анзаарах сөхөөгүй, орсон гарсанд үйлчлээд л. Шинэ хуучрах ч дөхөв. Тэссэнгүй. “Эгчээ би цагаан сарын бэлгээ аваагүй, та дараа аваарай гэсэн" гээд л зориглож байгаад хэлчихлээ. Юунд ч юм гомдоод хоолой зангираад байв. Бэр эгч “Өө тэгсэн билүү, алив Мөнгөөдөө цагаан сарын бэлэг өгөлгүй яахав" гээд л ухасхийлээ. Бээлий, нэг төгрөгтэй өглөө. Өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирлээ. Надад ямар ч гоё бэлэг байсан сонин биш байсан юм. Яагаад ч юм тэр дугуй шоколадыг л авчихвал сэтгэл амрах гээд байсан хэрэг. Тэр үед юм ховор болоод ч тэр үү, тэгтэл их авах хүсэл төрсөн биз. Өөрийн эрхгүй дүүрээд ирсэн нулимсаа нууж чадсангүй. Эгч аргадлаа. Үнэн хэрэгтээ нөгөө шоколад нь аль хэдийнээ дуусчихсан хэрэг. “Эгч нь дараа авч өгнөө" л гэж байна. Өмнө нь намайг шагнана гээд мартчихсан болохоор энэ удаа би найдсангүй. Ингээд л манайх ч хот руу нүүж, би ч дахиж хөдөө цагаан сар тэмдэглээгүй. Гэхдээ өдий болтол бэр эгчийн өгөх байсан тэр шоколадны амт л амсаж үзээгүй болоод ч тэр үү, өнгөрсөн он жилүүдтэй хамт сэтгэлд үлдчихэж.Түүнээс хойш түмэн янзын амттан идсэн л дээ.Харин амсаж үзээгүй тэр нэгэн шоколадны амт надад хожим хүүхдэд худал амлаж болохгүйг ойлгуулсан тийм л амт байсан юм. Одооболж өгвөл хүүхэд баярлуулах, хүүхдэд амлавал заавал өгөх гэдэг болсон. Мөн настай хүний өгсөн бэлэг юу юунаас үнэтэй санагдаж,эмээгийн гараас авсан мэт сайхан санагддаг болсон доо.Том болж тусдаа цагаан сар тэмдэглэх болсноос хойш хүүхдийн бэлгэн дээр заавал дугуй шоколад тавьж өгдөг болсон. Амталж үзээгүй тэр нэгэн шоколадны амтыг айлын хүүхдүүд амсаг дээ.