Хятад улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4.2 сая авлигач түшмэлээ баривчилж шийтгэжээ. Үүнээс 465 нь муж, яамны зэрэглэлийн түшмэд байж, манайхаар бол сайд, засаг дарга хавийн нөхөд. Тэр бүү хэл Улс төрийн товчооны гишүүд ч багтсан байдаг.

Си Зиньпин улсын дарга болсны дараа “Бар, ялааг бүгдийг дар” уриатайгаар авлигатай хатуу тэмцэж, түшмэдийг том жижиг гэж ялгалгүй авлигачин л бол агнаж эхэлсэн юм. Түүний өргөн фронтоор давшиж байгаа тэмцэлд Жоу Юнкан, Сюй Цайхоу, Линь Зихуа, Сү Рун гэх мэтийн Улс төрийн товчоо хавийн “бар”-ууд ч өртсөн билээ. 2012 оноос хойш 180 гаруй хүн “ачигдаад” байгаагаас бараг 30% нь өндөр дээд түшмэл байгаа учраас Си Зиньпиний тэмцлийг намын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй, дээд давхаргыг хамарсан гэцгээж буй.

Гэвч баригдсан “барууд” дээд эрх мэдлийн төлөөх тэмцэлд ялагдагчид учраас л шийтгүүлж буй болохоос бусад түшмэд авлигад өртөөгүй, цэвэр гэх үг биш гэж судлаач болон хэвлэлийнхэн шүүмжилж байгаа юм. Хятадад бие даасан хэвлэл мэдээлэл, хараат бус хяналт шалгалт, шүүхийн тогтолцоо бүрдээгүй учраас аль нэг дарга даамал авлигад сэжиглэгдсэн ч удирдлагадаа хал балгүй бол шалгагдахгүй өнгөрөх магадлалтай. Тодруулбал эрх мэдэлд хяналт тавьдаг улс төрийн өөрчлөлт дутагдаж буй учраас хичнээн далайцтай тэмцэл явууллаа ч өргөн хэмжээний авлига зогсох боломжгүй ажээ.

“Одоо Хятадын удирдлагын явуулж буй авлигын эсрэг арга хэмжээ өргөн далайцтай кампанит ажил маягтай болохоос бус авлигыг багасгах тогтолцоо бүрдүүлж тэмцээгүй, тиймээс удаан үргэлжлэхгүй. Наад зах нь дүрэм журам гаргаж хуулийн бүтэц бүрдүүлэх шаардлагатай, тухайлбал, хөрөнгө орлогын мэдүүлэг, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл зэргийг авдаг болох, гол хууль журам нь бие даасан чиглэл рүү хөгжих нь зүйтэй” хэмээн Брүкингс институтын Хятадын улс төрөөр мэргэшсэн эксперт Ли Чэн үзжээ.

“Хятад улс ялзралтайгаа тэмцэхгүй бол улсаа сүйрүүлнэ, тэмцвэл намаа сүйрүүлнэ” хэмээх диллематай гэгддэг учраас авлигатай тэмцэх үйл хэрэг бол зайлшгүй хийх ёстой нийгмийн шаардлагаас гадна Си Зиньпинд бас эрх мэдлээ баталгаажуулж, улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах боломж болж байгаа бололтой.

Ер нь Хятадад авлига цэцэглэх болсон шалтгааныг тогтолцооны шинжтэй ялзрал хэмээн үздэг. Өнгөрсөн 20 жилийн турш эрх мэдэлтнүүд монополь төрийн өмчийн салбартай нягт холбогдож, улс төрийн эрх мэдлээр эдийн засгийг монопольдох болсон төдийгүй энэ явдлыг хянах, хазаарлах ардчилсан бүтэцтэй хяналтын тогтолцоо бий болоогүй учраас ийнхүү тогтолцооны шинжтэй ялзрал гэж байгаа хэрэг. 

Ийм учир шалтгаанаар Транспейренси Интернэйшлийн гаргасан 2014 оны улс орнуудын авлигын индекс (Corruption Perceptions Index) үзүүлэлтээр БНХАУ 175 орноос 104-р байранд орж, өмнөх жилээс 20 байраар ухарсан. Тус байгууллага БНХАУ-ыг авлигын эсрэг өргөн хэмжээний шийдвэртэй алхамуудыг хийж байгаа боловч уг үйл явц нь ил тод бус, улс төрийн зорилготой гэж дүгнэсэн байдаг.

Хэдийгээр гадны орнууд БНХАУ-ын авлигын эсрэг явуулж байгаа үйл ажиллагаанд эргэлзсэн, үл итгэсэн байдалтай байгаа ч БНХАУ-ын дотоодод нийгэм олон нийтийн дэмжлэгийг ихээр хүлээж байна. Си Зиньпин гарч ирсний дараа нийт 56 “бар” бариад байгаа нь ардын сэтгэлд нийцэх нь гарцаагүй. Тэр ч бүү хэл төрийн албан хаагчдын баримтлах “Найман журам, зургаан хориг” гэгчийг гаргаж, “дөрвөн салхи” буюу хэлбэрдэх, хүнд сурталдах, зугаа цэнгэл хөөх, үрэлгэн зарлаган байхтай тэмцэх шийдвэр гаргаж, ухуулга сурталчилгаа хийж байна. 2013 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш үүнийг зөрчсөн 67737 үйлдэл илрүүлж, 89585 хүнийг шийтгээд байгаа юм.

Нам төвт хуулийн засаглалыг бэхжүүлнэ

Мэдээж энэ бүх кампанит ажил авлигын уг сурвалжийг тасалж чадахгүй учраас Си Зиньпин дээр дурдсан тогтолцооны ялзралтай тэмцэхээр оролдож байгааг намын хурал, гаргаж буй шийдвэрээс харж болохоор байгаа юм. Улс төрийнхөн төрийн өмчит компаниар дамжуулж баяжиж, эргээд тэр компаниудаа дэмжих замаар зах зээлийн эрүүл өрсөлдөөнийг үгүй хийж байгаа учраас 2013 онд Коммунист намын III бүгд хурлаар төрийн өмчит компанийн хувьцааны 10-15 хувийг хувийн компаниуд эзэмших боломжтой болгох зэрэг шийдвэр гаргасан.

Харин 2014 оны IV бүгд хурлыг “Хуулийн засаглал” сэдвээр хийсэн нь намын түүхэнд анхных болов. Хурлын өмнө шинжээчид “нам том уу, хууль том уу?” хэмээх асуултыг тавьж байсан ч тус хурлаас гарсан шийдвэрээр “Нам Үндсэн хуулийн дагуу улсаа засаглана, намын дотоод дүрэм журмын дагуу нам өөрийгөө засаглана” хэмээсэн нь үндсэндээ намын дүрэм бол Үндсэн хуультай дүйцэхүйц гэсэн санаа мэт. Үнэндээ Хятадын Үндсэн хуулинд ч Коммунист намаар удирдуулна хэмээх заалт бий. Мэдээж ингээд хурлын шийдвэрээр “Нам хууль тогтоож, хуулийг сахиулж, хуулийг хэрэгжүүлнэ” хэмээсэн ба “Намын удирдлага хийгээд социалист хуулийн засаглал хоёр нэг зүйл мөн” хэмээн УТТ-ны Байнгын хорооны гишүүн Ван Цишань тайлбарласан нь шинжээчдэд тодорхой хариулт боллоо.

Хятад улс Үндсэн хуулиараа парламентын засаглалтай боловч хууль тогтоох бодит эрх мэдэл ийнхүү Коммунист намдаа хэвээр байна. Бодит байдал дээр тулгарах нам, төрийн аливаа ашиг сонирхлын зөрчлийг намын дотоод хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Хятадын онцлогтой социалист “Эрхзүйт ёс” нь “Хятадын социалист ардчилал”-ын адил коммунист нам төвтэй онцгой шинжээ хадгалсан хэвээр байх нь тодорхой. Бие даасан хууль эрхзүйн тогтолцоог бий болгож, эрхзүйт нийгмийг төлөвшүүлэх нь урт удаан бэрх үйл явц л даа.

***

Юутай ч Хятадууд дээр дооргүй авлигатай янзан бүрээр тэмцэж, тэмцэхээр оролдож байгааг хальт харлаа. Манай эх оронд харин авлигатай хэрхэн тэмцэж байдаг юм бол доо? Ямартай ч Авлигатай тэмцэх газар байгуулаад авсан, төрийн захиргааны албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлгийг авч байгаа (чухам хэр үр дүнтэй ажил юм), бас ч гүй Авлигын эсрэг хуультай гэжугаа.

Гэхдээ л Авлигатай тэмцэх газрыг буцаагаад хэн шалгах вэ, удирдлагынх нь томилгоо улс төрөөс ангид байж чадах уу, барах уу? Яахав үйл ажиллагаа, санхүү гээд хэдэн талаас нь шалгадаг бүтэцтэй л юм билээ. Гэвч хүмүүст төрсөн сэтгэгдлээр бол хятадаас нэг их ялгарах юмгүй, дээд түвшинд улс төрийн өрсөлдөгчөөсөө салах гоё хэрэгсэл гэх имижтэй газар болсон. Дунд түвшний төрийн албаны хүнд суртал, авлига авах, албан тушаалаа ашиглан дээрэлхэх хандлага найгүй хэвээр.

Авлигатай тэмцэнэ гэдэг ганц газар байгуулаад нэг хууль батлаад болчихгүй байх мэдээж. Салбар бүрийг цэгцлэх, олон хууль журмаар ашиг сонирхлыг сарниулж өгөх, эрх мэдлийг нь хуваарилж, хазаарлаж, хяналтыг нь бас уялдуулах гээд нарийн төвөгтэй ажил бий байх. Мөн ч бэрх идээ бээр юм даа хаа сайгүй.