Ерөнхий сайдаар ажиллаж байсан, манай толгой эдийн засагчдын нэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал он солигдохын өмнө нийгмийн сүлжээ болох твиттерт жиргэхдээ "52 сая малтай, 450 мянган тн үр тариатай, 20 орчим сая нүүрс, 1,5 сая тн зэс экспортолно. Гурав дахь сая хүнээ өлгийдөнө. Ирэх онд дажгүй ээ" хэмээжээ. Бид чинь дандаа л болохгүй бүтэхгүйг нь түрүүлж яриад байхын оронд гэгээтэй гэрэлтэй бүхнийг ярьж хэлэх яасан сайхан юм бэ. Эдийн засаг улам л хямарна, улам л хэцүүднэ гэж дуулаад байхаас биш сайн талыг, сайхан зүйлийг харж сонсохоо байгаад уджээ. Гэтэл хүн гэдэг амьтан мөн чанараараа сайхан зүйлст дуртай, сайн мэдээнд баярладаг. Тиймээс аль болох нэгэндээ болж бүтэж байгаагаа эхэлж дуулгаж, бас түүнээс нь эрч хүч, эрчим энерги авч байх чухал юм байна аа.



Бид 1990 онд 25.9 сая малтай боллоо гээд хөөрч байсан нь саяхан. 1985 оны мал тооллогын дүнгээс даруй 3,4 саяар өссөн дүн учраас арга ч үгүй байсан биз. Малчид хувьдаа малтай болсноор тэдний өсгөж үржүүлэх, адгуулах маллах сэтгэлгээ ч эрс өөрчлөгдсөн гэдэг. Тэгвэл хөөрч баярлаад байсан тэр тооноос даруй дахин өсч, 52 сая малтай болчихлоо шүү дээ. 2013 оны мал тооллогын дүн 45.1 сая болж өмнөх жилээсээ 11 хувиар өсч байсан бол жилийн дараа өсөлт 15 хувиар тоологдож байна. Энэ урвайж, ундууцаад байх мэдээ мөн үү. Бид яагаад ч юм болохгүй бүтэхгүйгээ өмнөө барьж, түүндээ өөрсдийгөө шархдуулж эмтлээд байх юм. Харин одоо дандаа болж, бүтэж байгаагаа түрүүлж харахыг хичээцгээе. "Байна байна гэхээр байна нэмэгддэг, байхгүй бүтэхгүй гэхээр үгүй нэмэгддэг" гэдэг дээ. Өнгөрсөн хавар гэхэд 16.7 сая төл мал хүлээж авсан байдаг. Хангай дэлхий ээлтэй, тавтайхан байвал энэ үзүүлэлт ирэх хавар 18 сая болох төлөвтэй гэж байгаа.

Өнгөрч буй жилд 313 мянган га-д тариалалт хийж 520 мянган тн үр тариа хурааж авсан нь бидний хувьд баярлах л үзүүлэлт. Түүний өмнөх жил ургац алдаж, 388.4 мянган тн үр тариа авсан нь бидний хэрэгцээний 84 хувийг хангасан хэрэг болсон. Харин өнгөрч буй жилд хэрэгцээгээ бүрэн хангасан учраас бидний авдар үр будаатай, өлсөхгүй гэж ойлгож болно. Ер нь бид үр тариагаараа хэрэгцээгээ хангадаг болсон нь сүүлийн хэдэн оны л явдал шүү дээ. Төмсний хэрэгцээгээ бүрэн хангадаг болсноор бас овоо хэдэн жилийг үдлээ. Тэр нэг жилийн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хо­рооны хурал дээр энэ мэдээ анх хэлэгдэж, тэнд суугаа гишүүд бөөн баяр болж байсан санагддаг. Хүнсний захууд дээр монгол төмс, зэрэгцээд жинхэнэ монгол төмс гэсэн хаягтай төмснөөс л сонголтоо хийдэг байлаа шүү дээ. Харин одоо хужаа төмс гэдгийг мартаж. Төмснөөс бусад хүнсний ногооны хангалт өмнөх жил нь 54 хувьтай байсан бол 2014 онд 56-57 хувь болсон гэнэ лээ. Жилд л 4-5 хувь нэмэгдээд яваад байгааг талархаад хүлээж авахад гэмгүй. 1991 оноос хойших 23 жилийн хугацаанд анх удаа 360 мянган тн хүнсний улаан буудай хурааж авсан гэж байгаа. Манай хэрэгцээ жилийн 320 мянган тн харин бид давуулаад биелүүлж. Жилдээ 320 мянган тн хүнсний буудайгаараа 250 тн гурил гаргаж идээд байхад болдог бол өнөө жил нөөцөндөө өөрсдийнхөө тариалсныг хадгалж чадав. Болж л байгаа биз дээ.

За тэгээд, Атар газар эзэмшиж ирсэн 55 жилийн түүхэндээ хамгийн анх удаа нэг га-гаас 16.9 цн улаан буудай хурааж авсан гэдэг амжилт ч бичигдэж байна. Тэгэхээр заавал бид нар болохгүй бүтэхгүй гээд л нэгнээ хэмхчих гээд байх хэрэг байна уу. Хүнс маань ч нэмэгдчихсэн хүн маань ч нэмэгдэх гээд бид хэрдээ баяртай л байгаа. Монголчууд бид гурав дахь сая хүнээ хүлээж авах өдөр хэд хоноод болох гэж байна. Хоёр сая дахь иргэнээ 1988 онд хүлээж авч байсан бол гуч хүрэхгүй жилийн дотор тэр тооныхоо тэн хагасаар нэмэгдэж байна. Гэтэл өнгөрсөн зууны эхэнд саяынхаа талаар л яригдаж байлаа шүү дээ. "Хүн амын 1918 оны тооллогоор монголчууд 542.5 мянга, хятадууд 100 мянга, оросууд 5000 гэж тооцож, нийт хүн амын тоо 647.5 мянга" гэж гаргаж байсныг нь харахад цөөхүүлийн зовлон ч юм шиг. Гадна дотно хамаагүй байгаа хэдийгээ нийлүүлээд л зургаан зуун мянга гаргаж байжээ. 1962 оны хоёрдугаар сард нэг сая дахь, 1988 оны долдугаар сард хоёр сая дахь иргэнээ хүлээж авч байсан бид 2015 оны нэгдүгээр сард гурван сая иргэнтэй улс болох гэж байна. Энэ тоо тун удахгүй олны олноор үржээд явчихна. Бид чинь ядаж 5 сая болчихвол дийлдэхээ болих үндэстэн гэж ярьдаг даа. Монголын хүн амын 51.7 хувь нь эмэгтэй, дээрээс нь 800 орчим мянга нь 0-14 насных, 1.9 сая орчим нь 15-59 насныхан гэхээр хүн амын тоо цаашид нэмэгдээд явчих нь тодорхой.

Амьжиргааны доод түвшний үзүүлэлт ч байнга өссөөр ирснийг бид мэднэ. 2002 онд баруун аймгийнхны амьжиргааны доод түвшний үзүүлэлт сарын 19200 төгрөг байсан бол өнөөдөр 146600 төгрөг болсон. Мөн онд зүүн бүсийнх 20200, Улаан­баа­тарынх 24600 байсан бол одоо зүүн нь 144500, нийслэлд 169000 болсон талаар Үн­дэс­ний Статистикийн сай­тад мэдээлсэн байх юм. Үүнийг ханшийн уналт, бүтээгдэхүүний өсөлттэй холбож нэмэгдсэн гэж тайлбарлах дэндүү өрөөсгөл учраас энэ өсөлтийн цаана эерэг тал байгааг бид харгалзах л ёстой.

Бид ганцхан "Эрдэнэт" үйлдвэртэй, хоёрхон сая хүнтэй байхдаа хэчнээн сэтгэл хангалуун амьдарч чаддаг байлаа даа. Одоо түүнээсээ илүү байх боломж бидэнд бий. Илүү хүсэл, шунал тачаал зовлон авчирдаг гэдэг шиг байгаадаа сэтгэл ханахгүй, илүүг нэхэх тусам өөрсдөд маань заримдаа зовлон болох юм.

Яндаж болохгүй далай шиг
Яасан баян нутаг вэ
гэж соц реализмийн сэтгэлгээгээр биччихсэн мөртүүд биш юм. Ийм дэлхийн тийм баялагтай газарт хилээ зоож, хашаалаад авчихсан бид Гаитид амьдарч байгаа юм шиг гамшгийн сэтгэлгээтэй амьдрах дэндүү гунигтай билээ. 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 11168,1 тэрбум төгрөг болж, 17.4 хувиар өсч байсан сайхан дурсамж бий. Тэр үед CNN-ий сэтгүүлч "Та дэлхийд хамгийн түргэн хөгжиж байгаа баян орон Катар гэж боддог уу. Тэгвэл дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн орон байна. Энэ бол Монгол" гэж ирээд танилцуулж байлаа. Бид гадагшаа гаргах юу ч үгүй, гадныханд харуулах ямар ч эдгүй улс биш билээ. Манай нийт газар нутгийн 17 хувь л судлагдсан гэж үздэг. Харин тэр судлагдсан газрын хэдэд нь ямар нөөц байгааг хэлүүлэх юун. Геологичид 11 тэрбум тн төмрийн хүдрийн нөөц байгаа гэдэг. Хоёр жилийн өмнө гурван сая тн, өнгөрсөн онд таван сая тнн төмрийн хүдэр, баяжмал олборлосон нь ирэх гурван жилд 11 сая тн-д хүрнэ гэсэн тооцоо гарсан. Манай эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг Эрдэнэтийн нөөц багассаар байгаа ч ойр орчимд нь хайгуул хийж таван лицензийг үйлдвэр мэдэлдээ нэмж авснаар тус үйлдвэрийн ашиглах нөөцийн хэмжээ нэмэгдсэн. Мөн дэлхийд тавдугаарт орох Оюутолгойн орд байна, Цагаан суваргын орд ч байна.Популизм хийж, ажлыг хойш нь татахгүй урагшилж чадвал бидэнд байхгүйгээс байгаа нь их шүү. Бас манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т ордог. Дэлхийнгурван зуугаад улсаас шүү. Дээрээс нь Монголд хэзээ ч нефть байхгүй гэж хүүхэд ахуйд маань яригдаж байсан цаг улирч Монгол Улс нефть олборлогч орон болсноо зарласан. Занар хийгээд цаашлаад яривал зөндөө л бий. Тэгэхээр юу нь болохгүй байна аа. Бидэнд болгох бүтээх боломж нь бүгд байна. Харин бид өөрсдөө сэтгэлгээний өөрчлөлт хийж, байгаа боломжоо гарздуулж хаялгүй ашиглах нь чухал юм. Ирэх он бол монголчуудад уруудаж доройтохын бус харин урагшилж дэвжихийн он цаг байх болно. Тийм ээ, энэ онд бид дажгүй ээ.