Хүмүүс их гайхаж байх шиг. Бүгд найрамдах улсаа тунхагласны 90 жилийн ойг өнгөрөгч Лхагва гаригт юу ч болоогүй юм шиг, жирийн саарал өдрүүдийн адилаар өнгөрүүлчихснийг. Уг нь тэгш тоотой ой юмсан. Тэгээд бүр “90” шүү. Цэцэг өргөх ёслол үйлдсэнээс өөрөөр нүдэнд харагдах юу ч хийсэнгүй. Цэцэг өргөх ёслолд нь УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга МАН-ын дарга нартай хамт оролцчихсоныг хэвлэл, телевизүүд “зөвшилцөл” гэх ухааны тайлбараар зөвтгөж байх юм. МАН тэр баярыг өөртөө хамаатуулаад ёслолын чанартай үг хэллээ, тэр нь ч ард олонд мэдэгдэж мэдрэгдсэн юм алга. Нөгөө үндэсний бөхийн барилдаан байдаггүй. Гэтэл 30 жилийн тэртээ ингэж тэмдэглэж байсан байх юм аа. Хуучраагүй түүх.  



МАХН-ын III их хурал хуралдсаны болон БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойг 1984 оны 11 дүгээр сарын 26-нд анх удаа Ю.Цэдэнбалгүйгээр ёслон тэмдэглэсэн түүхэн баримтууд байна. Тэр өдөр нам–засгийн шинэ удирдагч Ж.Батмөнхийн “Тэмцэл ялалтын замаар” гэх программын чанартай томхон өгүүлэл (Үнэн, 1984.11.26  № 284 /15933/) төвийн бүх сонинд тавигдаж, туулсан зам ба түүхэндээ үнэлэлт дүгнэлт өгч, ойрын ба хэтийн зорилтоо тодорхойлжээ. Энэ баримт бичиг Цэдэнбалын үеийн намын их хурлын илтгэл, Цэдэнбалын онолын зохиолуудаас зарчмын хувьд ялгарах зүйл байхгүй.

Тэр өдрийн баярын хуралд тавьсан илтгэл (БНМАУ-ын ялгуусан жаран жил, Үнэн, 1984.11.27  № 285 /15934/) нь ч агуулгын хувьд ялгарах зүйлгүй.
 
-    Одоо хүн төрөлхтөн урьд хоцрогдмол байсан улс түмэн социализмд хүрэх хөгжлийн “дөт” замын тодорхой туршлагатай боллоо. Зөвлөлтийн Дорно дахины Бүгд Найрамдах Улсуудын зэрэгцээгээр Монгол улс капиталист биш хөгжлийн тухай марксист-ленинист сургаалыг амьдралд хэрэгжүүлсэн анхны орны нэг болсонд бид зүй ёсоор бахархдаг юм.



Социализмын төгс ялалтын төлөө, Марк, Лениний аугаа их сургаалийг хэрэгжүүлэхийн төлөө андгай тангарагаар дүүрсэн энэ илтгэл, өмнөх өдрийн онол–түүхийн өгүүллээс үзвэл тэр үеийн Монголд перестройка хэзээ ч хийгдэхгүй юм байна гэж төсөөлөгдөхөөр байв. Социализмыг “бүтээн байгуулах зорилтыг дэлхийн эсрэг тэсрэг хоёр системийн тэмцэл нэн хурцадсан туйлын нарийн түвэгтэй нөхцөлд хэрэгжүүлэх болж байгаагаа бид гүнээ ухамсарлаж байна”, “Империализмын хамгийн харгис бүлгийнхэн хүн төрөлхтөний дэвшилт хөгжлийг ухраах, дэлхийд ноёрхох байр эзлэх оролдлогоо улам хүчтэй болгож байна” гэхчлэнгийн үгс бол тэр үеийн Монгол Улс нь нээлттэй гадаад бодлого явуулах, гадаад бодлогоо зөөлрүүлэх, эргэн тойрондоо дайсангүй байх, милитаризмаас татгалзах  талаар горьдоод нэмэргүй гэдгийн андгай тангараг мэт байлаа.



Яг ийм л гараан дээр тэр үеийн Монгол орон ирээд байсан ба ийм гараан дээрээс дахин гурван жил будилан, эргэж буцан байж нөгөө нэг өөрчлөн байгуулалт маань эхэлсэн дээ...