З.Ган-Очир: Хайгуулын салбар бол мэдлэг шаардсан шинжлэх ухааны ажил
Энэ удаагийн ярилцлагын зочноор “Хөх тэнгэр капитал партнерс” компанийн захирал З.Ган-Очирыг урилаа. Тэрээр 2000 онд Канадын Хэйлибюригийн уул уурхайн сургууль, 2004 онд ШУТИС-ийг уул уурхайн ашиглалтын инженерээр тус тус төгсчээ.
“ХӨХ ТЭНГЭР КАПИТАЛ ПАРТНЕРС” КОМПАНИЙН ЗАХИРАЛ З.ГАН-ОЧИР: ГЕОЛОГИ, ХАЙГУУЛЫН САЛБАР БОЛ МЭДЛЭГ ШААРДСАН ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛ
Энэ удаагийн ярилцлагын зочноор “Хөх тэнгэр капитал партнерс” компанийн захирал З.Ган-Очирыг урилаа. Тэрээр 2000 онд Канадын Хэйлибюригийн уул уурхайн сургууль, 2004 онд ШУТИС-ийг уул уурхайн ашиглалтын инженерээр тус тус төгсчээ. Улмаар 2008-2009 онд Хонконгийн Шинжлэх ухаан технологийн сургууль, АНУ-ын Нью-Йоркийн Их Сургуулийн Leonard Stern-ний нэрэмжит бизнесийн сургуулиудад олон улсын санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан аж. З.Ган-Очир нь 2000-2002 онд Канадын уул уурхайн “Break Water Resources” компанийн “Nanisivik” уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст маркшейдер инженерээр ажлынхаа гарааг эхэлсэн юм. Тус уурхай нь дэлхийн хамгийн хойд өргөрөгт оршдог. Тэрээр өдгөө геологи хайгуул, уул уурхайн хөрөнгө оруулалт, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлийн үйл ажилагаа эрхэлдэг “Хөх Тэнгэр Капитал Партнерс” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ. Тиймээс үндэсний компаниуд чадамжаа ахиулж, гадаадын хөрөнгийн зах зээлд өрсөлдөхийн тулд ямар шаардлага хангасан байх ёстой талаар асууж тодруулснаа хүргэе.
КАНАДАД САРД 4000 АМ.ДОЛЛАРЫН ЦАЛИНТАЙ АЖИЛЛАЖ БАЙГААД ЭХ ОРОНДОО ИРЭЭД 80 ОРЧИМ АМ.ДОЛЛАРЫН ХӨЛС АВСАН
-Та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу. Энэ салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-“Хайгуулын мэдээ” сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Зундуйсүрэнгийн Ган-Очир гэдэг. Манай “Хөх тэнгэр капитал партнерс” ХХК нь хайгуул, уул уурхайн хөрөнгө оруулалт, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг. Миний хувьд ашигт малтмалын салбарт 14 жил, Монголын уул уурхайн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
-Та дэлхийн хамгийн тойд туйлаас ажлынхаа гарааг эхэлсэн. Тиймээс тэр үеийг эргэн дурсвал сонирхолтой байх болов уу?
-Миний хувьд Канадын Хэйлибюри коллежийн уул уурхайн сургуульд суралцаж байх үедээ “Break Water Resources” компанийн “Nanisivik” нэртэй цайрын далд уурхайд дадлага хийж үргэлжлүүлэн маркшейдер инженерээр ажиллах боломж тохиосон юм. Тус уурхай нь дэлхийн хамгийн хойд өргөрөгт байрладаг. Тэд ажиллаж байх үеийн сайхан дурсамжууд одоо ч сэтгэлд минь тод үлдсэн. Цаг агаарын хувьд нэлээд хүйтэн, зуны улирлын оргил үед 24 цагийн турш нартай байдаг бол өвөл 3-4 сарын турш ихэвчлэн харанхуй байдаг. Хоёр сарын турш нар огт харахгүй байх нь хүний сэтгэл зүйд бага зэрэг хүнд тусдаг хэдий ч уурхайчид өөрсдөө янз бүрийн ажил зохион байгуулж, их идэвхтэй байдаг юм билээ. Ямар ч үйлдвэрт ээлжээр, уртасгасан цагаар ажиллахад сайтар унтаж амрах ёстой байдаг. Гэтэл зуны улиралд хоногийн 24 цагийн турш нартай, өдөр шөнө нь ялгагддаггүй учраас гэрийнхээ цонхонд хог хийдэг хар уут нааж байж унтаж амардаг байлаа. Тэнд ажиллаж байхад надад нэг хөгжилтэй явдал тохиолдож байсан юм. Манай уурхайн ажил өглөөний 07 цагт эхэлдэг юм. Харин инженер техникийн ажилчид ээлжийн хийгдэх ажлын төлөвлөгөөг бэлтгэх шаардлагатай тул эрт ажилдаа ирэх шаардлагатай болдог. Гурван удаа ажлаасаа хоцрох юм бол халагдана, ер нь хатуу зарчимтай байсан. Би ажлаасаа хоцрохгүй юм шүү гэж байнга сэтгэл зовнидог байлаа. Нэг удаа өглөө сэрээд цаг хартал аль хэдийнэ 07 цаг болсон байв. Би ч сандраад ажилчдыг уурхайд хүргэж өгдөг автобусны буудалд гүйгээгээрээ очлоо. Гэтэл ойр орчимд надаас өөр хүн огт харагдсангүй. Тэгэхээр нь нэлээд хүлээж байгаад хажуугийн номын санд очиж хүнээс цаг асуутал оройн 07.30 болж байсан юм. Оройн хоолны дараа 30 мин иүр унтаад сэрэхдээ цаг андуурсан байж л дээ. Энэ мэт хөгжилтэй зүйл их тоихолдоно. Би тус уурхайд ажиллаж байхдаа Ги Лаузиер гэж мундаг инженерээс их юм сурсан даа.
-Монголд хэзээ ирсэн бэ. Ихэнх хүмүүс гадаадад ажиллах сонирхолтой байдаг байхад та ямар шалтгааны улмаас нутагтаа ирж ажиллах болов?
-Би 2002 онд эх орондоо буцаж ирсэн. Тухайн үед “Айвенхоу майнз” компани Оюутолгой ордыг дөнгөж олж байсан. Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирж, манай улсын уул уурхайн салбар ид өрнөж эхэлж байсан юм. Тиймээс би ч гэсэн эх орондоо очиж тэр их өрнөл дунд хамтдаа ажиллаж, ихийг хийж бүтээе гэсэн чин хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн нутагтаа ирсэн. Би Канадад сард 4000 ам.долларын цалинтай ажилладаг байсан бол эх орондоо ирээд сард 80 орчим ам.долларын үндсэн цалинтай ажилд орсон. Гэхдээ “Майн Инфо” компанид ажиллаж байхдаа Монголын уул уурхайн салбарын тухай их зүйл сурсан. Тиймээс миний хувьд их зүйл сурахын тулд гаргасан шийдвэр байсан. Тухайн үед манай улсад ажлын байр харьцангуй бага байж. Одоо бол байдал өөр болсон. Эх орноо гэсэн хүсэл, сэтгэлтэй залуус гадаадаас буцаж ирж байна. Тэднийг амьдралаа аваад явчих дайны цалинг хувийн хэвшлийнхэн өгч чадаж байна. Дөнгөж сургууль төгсөөд ирж буй залуусын хөдөлмөрийг хамгийн багадаа сард 1000 ам.доллараар үнэлдэг болсон нь сайшаалтай.
-Геологи, уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүс манай улсад нэгдсэн бодлого алга, хууль эрхзүйн орчин тогтворгүй байна гэж ярьдаг. Тэгвэл чухам яг ямар бодлого байвал энэ салбарыг хөгжихөд дэм болох вэ?
-Манай улсын хувьд зах зээлийн харилцаанд орсноосоо хойш бүрэн төлөвшиж амжаагүй, эдийн засаг маань бэхжиж, тогтворжоогүй өсөлтийн циклдээ явна. Газар нутгийн хэмжээ, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг харьцуулахад бидэнд өсөх боломж бүрэн дүүрэн бий. Бид хурдацтай хөгжиж буй нийгэмд амьдарч байна. Тиймээс төр засаг зарим зүйл дээр хурдан хугацаанд шийдвэр гаргадаг. Гэтэл зарим үед тэрхүү шийдвэрүүд нь хэт эрсдэлтэй, шаардлагатай зохицуулалт бүрэн хийгдээгүй, дутуу дулимаг зүйл гарч байна. Салбартаа олон жил ажилласан хүмүүсийн хийж бүтээсэн зүйл бүтээн байгуулалтанд их нөлөөлдөг. Тиймээс учрыг нь олж, чиглэлийг нь зааж өгч тогтвортой ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлсэн хууль тогтоомж гаргаж байхыг бүтээн байгуулагчид хүсч байна гэсэн үг.
Хурдан хувьсч буй нийгэмд олон шинэ харилцааг зохицуулах шаардлагатай байгаа нь үнэн. Гэхдээ аливаа хуулийг батлахын өмнө тухайн нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй иргэд, байгууллагуудын үгийг сонсож тусгах хэрэгтэй байх.
-Төрийн түшээд уул уурхайн салбар бол манай улсын эдийн засгийн хөгжлийн гол гарц гэж тодорхойлж буй. Гэтэл зарим нэг нь мал аж ахуй ч юм уу өөр салбараа хөгжүүлэх нь зүйтэй гэх юм. Таны бодлоор манай улсын хөгжлийн гарц уул уурхайн салбар мөн үү?
-Эдийн засгийн өсөлтийн ойрын чигийг тодорхойлохдоо бид Монгол Улсынхаа онцлогийг сайтар ойлгох хэрэгтэй. Манай улс өргөн уудам нутагтай ч хүн ам цөөтэй, уламжлалт хөдөө аж ахуй нутаг дэвсгэрийн дийлэнхэд зонхилж байна. Түүний дээр эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, иргэдэд хүрэх нийгмийн үйлчилгээний дэд бүтцийн хөгжил дутуу дулимаг байна. Тиймээс дутуу хөгжсөн бүтэц, үйлчилгээг бий болгохын тулд ихээхэн хөрөнгө, нөөц бололцоо шаардлагатай болж байна. Бодит эдийн засгийн чадамж бага байгаа үед шийдвэрлэх боломж үнэхээр хүнд. Мэдээж зөвхөн уул уурхай гэлтгүй, бусад салбараа жигд хөгжүүлэхийг хичээх нь зүй ёсны хэрэг ч гэлээ эдгээр салбаруудын аль нь ч тэр хэрэглээнд суурьлаагүй дэд бүтцийг бий болгох эдийн засаг санхүүгийн нөхцөл, чадал одоогоор үүсээгүй байна. Ихэнх улс орнуудад эдгээр дэд бүтцийн өндөр хэрэглээ байгаа учраас эдийн засгийн үр өгөөжтэй мега төслийн хэрэгжилт, эсвэл цэрэг дайн, батлан хамгаалахын зориулалтаар бий болгодог. Ашигт малтмалын нөөц бол тухайн улсын газар нутгийн хэмжээтэй их бага хэмжээгээр уялдаатай байдаг. Бид энэ буянаа дааж амьдрах ёстой. Сүүлийн үед Монголчууд “би тэнгэр заяатай” хэмээн цээжээ балбах нь их болжээ. Миний хувьд бид тэнгэр заяатай байсан ч даруу байх ёстой болов уу гэж боддог. Тэгээд ч дэлхийн түүхэнд баялагтаа, бярандаа эрдэж дааж давшгүйг ихийг хийж, баян гэдгээ харуулах гэж хий хоосон цээжээ цохиж байгаад дампууран хоосорсон хувь хүн, пүүс компаниуд, байгууллагууд, үндэстний жишээ олон бий. Мөн хураасан хөрөнгөө зөв зарцуулж, нийтэд хүргэж бүтээж чадалгүй өнгөрөгсөд ч бас байдаг шүү дээ. Тиймээс эцэг өвгөдөөс бидэнд өвлөгдөн ирсэн газар доорх баялгаа зөв ашиглах нь энэ цаг үед амьдарч буй бидний оюуны бядаас шалтгаална. Бидэнд буй давуу тал бол ашигт малтмал. Тиймээс энэхүү давуу талаа ухаантай ашиглах хэрэгтэй байна. Бас олдсон боломж, давуу талаа огт ашиглахгүй байх нь буруу. Энэ боломжийг ашиглаж зам тээвэр, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний дэд бүтэц, санхүүгийн дэд бүтцээ бий болгож чадвал бид бусад салбараа дэлхийн олон улстай өрсөлдөхүйц болгох, техник технологийн дэвшил, санхүүгийн боломж, хүний нөөцийн чадавхийг бий болгоно. Гэхдээ аливааг бий болгоход цаг хугацаа, хичээл зүтгэл, эрдэм мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй байдгийг мартаж болохгүй байх.
-Манай улсын хувьд ашигт малтмалын арвин их нөөцтэй гэгддэг. Харин эдийн засгийн хөшүүрэг болсон уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого дулимаг, дотоодын компаниуд нь санхүүгийн чадамж тааруу учраас гадны хөрөнгө оруулагчдад түшиглэн үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй байна. Тиймээс Монгол Улсын хөгжлийн гарц хэмээн нэрийдэж буй геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлж дотоодын компаниудиа чадамжтай болгохын тулд юун дээр анхаарч ажиллах ёстой гэж боддог вэ?
-Манай үндэсний геологи, хайгуулын компаниудад тулгамддаг гол бэрхшээл нь санхүүжилт. Харин Австрали, Канад зэрэг улсын геологи хайгуулын компаниуд тухайн улсынхаа хөрөнгийн биржээс хөрөнгө босгох боломж нь бүрэн бүрдсэн байдаг. Бусад Азийн улсуудад ч мөн адил. Геологи хайгуулын салбар эрсдэл ихтэй учир урт хугацааны зээл олгогддоггүй. Тиймээс манай үндэсний компаниудад арилжааны банкиуд мэдээж зээл олгохгүй учраас санхүүжилт олоход маш хүнд байдаг. Геологи хайгуулын ажил шинжлэх ухаан, технологи, хөрөнгө, хүний чадвар шаарддаг ажил. Энэ өндөр эрсдэлийг мэргэшсэн мэдлэг дээр суурилан даван гарах учиртай. Манай зарим хүмүүс IT-г л мэдлэгийн эдийн засгийн салбар гэж ойлгоод байдаг. Гэтэл мэдлэгийн эдийн засаг олон салбартай байдаг. Тухайлбал, Солонгос улсад гангын уул уурхайг Мэдлэгийн эдийн засгийн яам нь хариуцаж ажиллаж байх жишээтэй. Учир нь геологи, хайгуулын салбар бол мэдлэг шаардсан шинжлэх ухааны ажил юм шүү дээ. Мэдлэгийн гинжин хэлхээ үүсгэж буй шинжлэх ухааны ажил юм гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй байна. Олон хүний хүч хөдөлмөр, оюуны үрээр хийгдэж буй ажил гэдгийг ард түмэн, төр засаг ойлгож, дэмжих юм бол үндэсний компаниудийн өрсөлдөх чадвар улам сайжирна гэж би хувьдаа боддог. Намайг 2002 онд Монголд ирж байхад геологи, хайгуулын голлох ажлыг гадны компаниуд хийж, цөөн хэдэн үндэсний компаниуд туслан гүйцэтгэгч үүрэгтэй л байсан. Харин одоо бол үндэсний компаниудийн маань чадамж дээшилж өөрсдөө хайгуул, инженер, геофизик, геохими зэрэг олон ажлуудыг олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц бие даан хийж чадаж дээшилж байна. Мэдээж бидэнд сурах зүйл их бий. Өрсөлдөх түвшинд хүрэхэд байнгын шинэчлэл ахиц шаардагдана. Бидэнд техник технологиос гадна тогтвортой бодлого хэрэгтэй байна. Мөн Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сайжирвал бид дотоодоосоо санхүүжилт авах боломж нөхцөл бүрдэнэ.
НАЙДВАРТАЙ АЖЛЫН ТҮҮХ, ЭРҮҮЛ ЗӨВ БИЗНЕСИЙН НЭР ТӨР ЭРГЭЭД САНХҮҮГИЙНЖИЛТ АВАХ ЭХ ҮҮСВЭР БОЛДОГ
-Үндэсний компаниудийг төрөөс дэмжихээс гадна өөрсдөө хамтарч ажиллах шаардлагатай гэж та хэлж байсан. Үүнийгээ тодруулна уу?
-Уул уурхай бол хөрөнгө оруулалт маш их шаарддаг өндөр эрсдэлтэй салбар. Тэрхүү эрсдэлийг нэг хүн юмуу эсвэл ганц компани дангаараа нуруундаа үүрнэ гэдэг үнэхээр хүнд ачаа. Тиймээс монголчууд маань үүнийг сайн ойлгож, хамтарч ажиллаж, бусдын туслалцааг авахаас айдаггүй байх хэрэгтэй. Манайхан миний санааг энэ нөхөр хулгайлчих болов уу, яах гээд байна гэх зэргээр бие биенээсээ халгадаг нийтлэг дутагдалтай. Сүүлийн үед геологийн болон бизнесийн зөвлөгөө өгдөг компани, хөрөнгө оруулалтын банкууд мэргэжлийн түвшинд ажиллаж байна. Тиймээс тэдний мэргэжлийн ур чадварт итгэж, тусламж авч сурах хэрэгтэй юм. Зарим хүмүүс гэрээ байгуулж хамтарч ажиллаж байгаад хэсэг хугацааны дараа гэрээгээ цуцлах хандлага их ажиглагддаг. Тэдгээр хүмүүсийг энэ салбарт түр зуур ороод гарч байгаа болов уу гэж миний хувьд дүгнэдэг. Хэрэв Монголын уул уурхайн салбарт олон жил ажиллая гэсэн бодолтой байгаа бол наанадаж л нэр төрөө бодох хэрэгтэй юм. Мөн боловсон хүчнээ удаан хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг хангах нь чухал.
-Олон улсын жишгээр ихэнх компаниуд олон нийтэд хувьцаагаа арилжаалж, хөрөнгө босгон нээлттэй байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр компаниуд ямар үндсэн зарчмаар хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, санхүүжилт босгодог вэ?
-Хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулалт татна гэдэг нь ирээдүйд олох ашгийнхаа тодорхой хувийг өгөөд хамтран бизнес хийж байна гэсэн үг. Энгийнээр тайлбарлахад хэрэв та манайд хөрөнгө оруулбал эргүүлээд би ашиг өгье гэсэн итгэлцэл юм. Ер нь санхүүгийн зах зээл итгэлцэл дээр тогтдог. Харин уг итгэлцлийг бий болгохын тулд хичээл зүтгэл хэрэгтэй байдаг. Тиймээс хөрөнгө босгохыг хүсч буй тухайн компани анхнаасаа хийж буй ажлаа үнэнчээр биелүүлж, бүх мэдээллээ ил тод байлгах ёстой юм. Олон нийтэд цацаж буй мэдээллүүдийн цаана хийж буй ажлаа зайлшгүй гүйцэтгэж, түүнийг нь хөндлөнгийн шинжээчид баталгаажуулдаг зарчимтай. Бие даасан санхүүгийн аудит, техникийн болон санхүүгийн зөвлөх, хуульчид зэрэг олон мэргэжилтэнтэй хамтарч олон нийтийн санхүүжилт буюу хувьцаа гаргадаг. Тэрхүү найдвартай ажлын түүх, эрүүл зөв бизнесийн нэр төр гэдэг эргээд санхүүжилт авах эх үүсвэр болдог жамтай. Манайхан нэг төсөл аваад л шууд санхүүжилт авч том захирал болох сонирхолтой байдаг. Гэтэл мэргэжлийн ТУЗ, удирдах баг маш чухал. Ер нь хэн ч, танихгүй хүнд хөрөнгө оруулалт хийхгүй. Тиймээс олон улсын хөрөнгийн зах зээлд орохын тулд од бидэнд цаг хугацаа шаада. Бид аливаа ажлыг анхнаас нь маш зөв хийж, сайн нэр төр, түүхтэй болох ёстой. Ямар хөрөнгө оруулалт татах гэж буйгаасаа шалтгаалан түүндээ тохирсон стандартаар ажлаа гүйцэтгэж, зөвлөх компаниудтай хамтарч ажиллах ёстой. Аливаа ажлыг мэргэжлийн түвшинд хийхэд эргээд хамгийн чухал зүйл бол мэргэшсэн хүний нөөцийн чадамж маш чухал.
-Гадны хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, хувьцаагаа нээлттэй хэлбэрээр худалдаалахад тавигдах үндсэн шаардлагууд нь юу вэ?
-Хамгийн гол нь тухайн төсөл нь бодит зүйл дээр тулгуурласан байх учиртай. Мөн тухайн компани нэгдүгээрт, чадвартай менежментийн багтай байх хэрэгтэй. Хоёрдугаарт, маш сайн техникийн баг, гуравдугаарт тэрхүү багийн гаргасан төлөвлөгөөг гүйцэтгэж чадах тодорхой хэмжээний санхүүжилттай байх шаардлагатай. Ер нь компаниуд ил тод байдал, сайн засаглал, хариуцлагын тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байна. Сүүлийн үед хөрөнгө оруулагчид ганц төсөл, ашиг харж санхүүжилт өгөхөө больсон. Харин байгаль орчинд хариуцлагатай ажиллаж чадаж байна уу, уг төсөл нь тухайн орон нутгийн хөгжилд үр өгөөжөө өгөх үү гэдгийг нягталдаг болж. Тиймээс хөрөнгө оруулагчийнхаа түвшинд сэтгэж ажиллах шаардлагатай байна.
ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДИЙН МЭДЭЭЛЭЛ ХААЛТТАЙ БАЙГАА НЬ ХАМГИЙН ТОМ ДУТАГДАЛ
-Манай улсын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг хөндлөнгөөс харахад ямар дутагдал ажиглагддаг вэ. Юун дээрээ илүү анхаарвал дэлхийн түвшинд хүрч ажиллах боломжтой болох бол?
-Монголын Хөрөнгийн биржийн тухайд хууль эрхзүйн орчны асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой болов уу. Одоогоор бага хувьцаа эзэмшигчдийг хамгаалах механизм сул, компани хоорондын худалдан авалт, ил тод байдлыг хангах асуудал муу байна. Гэхдээ УИХ-аар баталсан “Үнэт цаасны тухай хууль” нэлээд сайжирсан байна лээ. Тэгэхээр цаашид энэ байдал сайжирч, хөгжих боломж бий болж байна гэж би хувьдаа найдаж байгаа. Өнөөдөр Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудийн мэдээлэл хаалттай байгаа нь хамгийн том дутагдал болоод байна. Хөрөнгө оруулагчид биржид бүртгэлтэй компанийн талаар судлая гэхээр мэдээлэл олддоггүй. Хөрөнгө оруулагч гэдгийг иргэд, мэргэшсэн байгууллага, сангуудыг хамтад нь хэлж байгаа юм шүү. Институцийн хөрөнгө оруулагчид байхгүй байгаа тул судалгаа шинжилгээний мэдээлэл тун бага. Бие биедээ үл итгэсэн, ойлголцож чадахгүй байгаа байдал түгээмэл ажиглагдах юм. Үүнээс болж Монголын хөрөнгө оруулагчид дотоодын компанийг санхүүжүүлэхэд хүндрэл учирч байна. Тиймээс Хөрөнгийн бирж өөрсдөө энэ асуудлыг тодорхой журмаар зохицуулж өгөх ёстой юм л даа. Ингэхийн тулд сайн засаглал, удирдлагын асуудал болоод тухайн компанийн зайлшгүй нээлттэй байх ёстой мэдээллийн жагсаалтыг гаргаж өгөх шаардлагатай. Мөн аудитын дүгнэлтийг шаарддаг байх хэрэгтэй. Ер нь аливаа компани хөрөнгө оруулагчдыг татахын тулд мэдээллээ сайн өгч байх ёстой юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид болоод сангууд нэмэгдэж тухайн зах зээлийн хөрвөх чадвар сайжирдаг.
-Үндэсний компаниудад гадаадын хөрөнгийн бирж дээр гарахын тулд нэлээд цаг хугацаа шаардагдана гэж ойлгож болох уу?
-Гадаад гэлтгүй Монголын Хөрөнгийн бирж дээр гарахад ч хугацаа шаардана. Тухайн хайгуулын ажлын аль ч түвшинд санхүүжилт авч болно. Хайгуулын төсөл уул уурхайн олборлолт эхэлтэл нэлээд хугацаа шаарддаг. Тухайлбал, Оюутолгойн гол цооногийг 2000 онд олсноос хойш 13 жилийн дараа анх удаа экспортлох гэж байна шүү дээ. Ер нь уул уурхайн салбарыг биотехнологийн салбартай зүйрлэдэг. Шинэ эм гаргаж авахын тулд асар их хэмжээний мөнгө зарж, урт хугацааны турш судалдаг. Жаахан ахиц гарахад амьтан дээр туршина, түүний дараа зөвшөөрлөө авах гэж их хугацаа орно. Үндсэндээ нэг эм гаргаж авахын тулд 5-10 жил шаарддаг. Энэ хугацаанд маш их мөнгө зарцуулдаг. Хайгуулын салбар яг үүнтэй адил. Нэг цооног оллоо гэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай байж чадах уу, баяжуулах технологи нь өгөөжтэй байх уу гэх зэргээр судалж, зөвшөөрөл авах гэсээр байтал их цаг ордог. Тиймээс судалгааныхаа явцад санхүүжилт татах шаардлагатай болдог цөөхөн хэдэн салбарын нэг бол геологи хайгуулын салбар юм.
-Ер нь Монголын уул уурхайн компаниуд барууны стандартад хүрч олон улсын түвшинд яригдах хүртэл хэр хугацаа шаардлагатай гэж та харж байна вэ?
-Үндэсний компаниуд маань барууны стандартад хүрч ажиллах явц эхэлж байна. Үүний тод жишээ нь “Энержи ресурс” компани бонд босгож санхүүжилт авч байгаа явдал юм. Олон улсын түвшинд санхүүжилт авах боломж нь үүсч эхэлж байна. Тиймээс үндэсний компаниуд хийж буй ажилдаа илүү хариуцлагатай, нээлттэй байж шаардагдах стандартад хүргэх юм бол олон улсын хөрөнгийн биржээс, эсвэл бондын санхүүжилт авах эх үүсвэр байна гэсэн үг. Бид гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд хөрөнгө оруулаарай гэж сурталчлаад л өөрсдөө гар хумхин зүгээр суугаад байж болохгүй. Мөн энэ манай газар нутаг гээд хөөж болохгүй. Мөр зэрэгцэн шударга өрсөлдөж, харилцан суралцаж ажиллаж байж бидний өрсөлдөх чадвар өндөр түвшинд хүрнэ. Би Монголчууд, үеийн залуусаа өөрсдийгөө зохиомлоор хамгаалж хоосон инкубацлахгүй чөлөөтэй сэтгэдэг гэдэгт итгэдэг.
-Таны бодлоор Монголын уул уурхайн салбарын явц ямар голдрилоор явж байна вэ?
-Бид зөв голдрилоороо явж байгаа байх гэж найдаж байна. Мэдээж аливаа зүйл үргэлж шулуун дардан замаар явахгүй. Хэдийгээр бид цаг их авч байгаа ч буруу зөвөө шүүн тунгаан ярилцаж байна. Энэ нь ч зөв. Ашигт малтмалаа ашиглах нь зөв үү буруу юу, байгаль орчноо хамгаалж, эргүүлэн нөхөн сэргээж чадаж байна уу, үгүй юу гэж. хэлэлцэж байгаа нь зүй ёсны асуудал. Манай улсын эдийн засаг хүчтэй тэлж буй энэ үед бидний даван туулах ёстой нэг үе шат учраас бодож тунгааж хичээх ёстой. Хамгийн гол нь хуулиа дагаж аль ч салбарт ажиллаж бүтээж буй нэгнийгээ харилцан хүндэлж зөв шийдэлд хүрч урагшилж байх хэрэгтэй. Бид төгс төгөлдөр бус, алдаа оноогоор дүүрэн явж байна. Эдийн засгийн огцом өсөлтийн үед нийгмийн хэсэг хоцордог талтайг хөрөнгө оруулагчид ойлгох хэрэгтэй. Манай нийгмийн хэсэг болох байгаль орчны асуудлаа өмнө нь хэт орхигдуулснаас болж одоо гэнэт сандарч байна. Сүүлийн үед уул уурхайн салбар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэж хэт их ярьснаас болж эргээд салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа хэрэг. Тиймээс геологи, уул уурхайн салбараа хөгжүүлэхдээ нийгэм, байгаль экологийн асуудлаа хамтад нь авч явах хэрэгтэй юм. Хамгийн гол анхаарах асуудал бол энэ салбараас төсөвт орж ирэх татвар хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдэг нь бидний ажиллаж бий болгож буй баялаг хэр үр дүнтэй болоход ихээхэн нөлөөлнө.
-Яг үнэндээ манай үндэсний компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр гарахад мэдлэг боловсрол, чадамж, хэлний бэрхшээл зэрэг олон хүндрэл тулгардаг. Бор зүрхээрээ явж буй хувийн хэвшлийнхэнд төрийн зүгээс дэмжлэг муу үзүүлдэг нь нууц биш. Түүмээс үүнийг хувийн хэвшлийнхний асуудал гээд орхих ёстой юу эсвэл төр засгаас дэмжих ёстой юм болов уу?
-Геологи хайгуулын салбар эрсдэл ихтэй учраас иргэдийн татварын мөнгийг ийм зүйлд зарцуулах нь буруу. Улсаас олон тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж болохгүй. Сүүлийн жилүүдэд геологийн үндсэн зураглалын суурь ажил орхигдсон байсан. Сүүлийн үед бас шинэ зөв бүтцээр Геологийн Алба гэж байгуулагдлаа. Төрөөс санхүү, төслийн дэмжлэг үзүүлэхээс илүү тогтвортой бодлого баримталж, боловсрол, хүний нөөцийн тал дээр хөрөнгө оруулалт хийж чадварлаг залуусыг бий болгоход анхаарах үаардлагатай юм. Тэгвэл том тусламж дэмжлэг болно.
ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАА ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДАМЖТАЙ БОЛГОХЫН ТУЛД ӨӨРСДӨДӨӨ ТОХИРСОН ҮНДЭСНИЙ СТАНДАРТТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
-Манайхан Австралийн JORC, Канадын NI-43-101, хуучин ЗХУ-ын стандарт гээд олон стандартын алинаар нь явахаа мэддэггүй. Энэ талаар төдийлөн сайн ойлголт, мэдлэггүй байдаг. Ер нь манай улсад дээрх хоёр стандартын аль нь илүү тохиромжтой вэ?
-Австралийн JORC, Канадын NI-43-101 гэж хоёр стандарт бий. Энэ бол тухайн хоёр улсын геологи хайгуулын ажилд зориулсан шаардлага юм. Австрали, Канадын геологи хайгуулын салбар бусад улс орнуудынхаас өндөр хөгжсөн учраас дээрх хоёр стандартыг дэлхий нийтээр ярьдаг. Манай улс хуучин Оросын стандартыг суурь болгосон ангиллаар явж байгаа. Миний бодлоор үндэсний геологи, хайгуулын компаниудаа хөл дээр нь босгож, олон улсын зах зээлд чадамжтай болгоё гэж бодож байгаа бол өөрсдөдөө тохирсон үндэсний стандарттай болох хэрэгтэй. Үүний тулд одоо баримталж буй стандартаа Канад, Австралийн стандартад дөхүүлэх шаардлагатай юм. Тэгэхгүй бол хоёрдоод байна. Бид тэдэнтэй ойролцоо стандартаар ажлаа гүйцэтгэснээр тодорхой цаг хугацааны дараа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрэх боломжтой .
-Өнгөрөгч тавдугаар сард “Хатуу ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр геологичид хатуу ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг тогтож чадаагүй. Хоорондоо их маргалдсан. Магадгүй нэр томъёоноосоо эхлээд зөвшилцөж чаддаггүй учраас ахиц гардаггүй юм болов уу?
-Бид хөгжлийнхөө явцад явж байгаа учраас мэдээж хоорондоо маргалдах зүйл мундахгүй. Харин яваандаа нэг шийдэлд хүрнэ. Ер нь цаг хугацаа чинь аливаа зүйлд жин дардаг шүү дээ. Зах зээлийн шаардлага нь гэж зүйл бас байгаа.
-Үндэсний компани гадны хөрөнгийн бирж дээр гарахын тулд дээрх хоёр стандартын аль нэгээр баталгаажиж СР буюу мэргэжшсэн хүнээр гарын үсэг зуруулсан байх ёстой байдаг. СР-ийн эрхийг геологи, уул уурхайн салбарт таван жил ажилласан туршлагатай хэн ч шалгалт өгч тэнцсэнээр авах боломжтой. Энэ тухайд?
-Гарын үсэг зурах эрх бүхий “qualified person” нь манайхаар дор хаяж мэргэшсэн инженер зэрэглэлтэй байдаг. Манай шаардлага илүү хатуу байдаг учраас Монголын мэргэшсэн инженерүүд ур чадвар, мэдлэгийн хувьд маш сайн байдаг. Гэхдээ зөвхөн Монголын хүрээнд л ярьж, ийм байх ёстой гээд байдаг. Үнэндээ бид дэлхийн хэмжээнд сэтгэж гадаад зах зээл дээр оюуны чадал, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөх ёстой. Монголдоо л бид ажиллана, та нар биш гээд өөр стандарт шаардлага тавиад байх нь хамгаалалтын бодлого болдог. Миний бодлоор бид хамгаалалтын биш тэлэлт өргөжилтийн бодлогоор хандах ёстой. Харин дэлхийн жишигт ойролцоо стандарт шаардлагатай болвол бид хүлээн зөвшөөрөгдөх магадлал илүү болно. Учир нь бид JORC-той ижил шаардлага нхцөлтэй ажлыг хийж сурсан гэдэг утгаараа юм. Бид чадалтай инженер, геологиудаа олон улсад ажиллах цонхыг нээх ёстой. Манай улсJORC, NI-43-101-тай төстэй стандарттай болж, түүнийг нь олон улс хүлээн зөвшөөрвөл манай инженерүүдийн баталгаажуулсан материал хөрвөх боломжтой болно.
-Гэхдээ Монголчууд дээрх шаардлагуудыг хангаж гарын үсэг зурах эрх авлаа ч гэсэн гадныхан биднийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хуурамч тайлан гаргаж, аливаад шударга хандаж чаддаггүй, хариуцлага муутай гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
-Би маш хурдан гүйдэг гэж хичнээн хэлээд тэмцээн дээр амжилт гаргаж батлахгүй бол хэн ч итгэхгүй шүү дээ. Яг үүнтэй адил бид JORC шиг стандартыг дотооддоо маш сайн хэрэгжүүлж, хяналтаа чангатгаж чадвал тодорхой хугацааны дараа манайхныг гадаад зах зээл дээр хүлээн зөвшөөрнө. Бид үүнийг хийж чадна гэдгээ батлан харуулах хэрэгтэй. Мөн манайхан геологи хайгуулын салбарт АНУ, Канад зэрэг улсуудтай харьцуулахад хоцорч байна. Тиймээс бөхчүүд барилдааны ур чадвараа ахиулахын тулд сайн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэлд гардгийн жишгээр гадны чадварлаг мэргэжилтэн, компаниудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Гадныхан манай дэвжээн дээр барилдаж байж бид сайжирна. Гэтэл бид зарим нэг зүйл дээр хэтэрхий яараад байдаг тал бий. Угаасаа аливаа зүйлийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд цаг хугацаа шаарддаг биз дээ. Тиймээс биднийг чадвартай гэдгийг эхлээд гадны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрнө, тэгээд Азидаа түүний дараа дэлхий нийт хүлээн зөвшөөрнө шүү дээ.
-Гэтэл манайхан хөрөнгө оруулалт, санхүүжилт авахын тулд гадныханыг урин дууддаг хэрнээ тэднийг манай баялаг, байгаль экологид өөриймсөг ханддаг учир Монгол мэргэжилтнүүд маань л эх оронч сэтгэлтэй байх ёстой гэдэг. Энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Хэрэв бид хийж буй ажилдаа мэргэжлийн үүднээс хандах юм бол илүү үр дүнтэй байх болно. Миний хувьд энэ салбарт 14 жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд байгальтай хүний юм шиг ханддаг Монгол төдийгүй гадны компанийг ч харлаа. Мөн өөрийн юм шиг хандсан Монгол бас, гадаадын компани ч байсан. Аливаа зүйлд хүнийрхүү эсвэл өөриймсөг хандах асуудал нь эцсийн дүнд тухайн компанийн удирдлагаас л шалтгаалах болов уу. Түүнээс биш гадныхан гэхээр л хүнийрхүү гэж ойлгох нь өрөөсгөл. 2005 онд би гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байсан. Тухайн үед маш их алт олборлож, ашигтай ажиллаж байгаа нэг Монгол компанийн орон нутагт хийсэн хөрөнгө оруулалт нь хоёр оюутанг их сургуульд сургасан байдаг. Гэтэл миний ажиллаж байсан гадны компани тухайн үедээ 10 гаруй сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг дөнгөж баригдсан эмнэлэгт нь хандивлаж байсан юм. Тэрхүү аппаратыг би өөрөө хүргэж өгч байсан учраас сайн мэдэж байна. Тэгэхээр гадны компани Монголд хүнийрхүү ханддаг гэж ойлгож болохгүй болов уу.
-Гадны хөрөнгө оруулагч гэхээр л таагүй хандаж, цензур тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрөл хумих нь буруу гэсэн үг үү?
-Гадна, дотно гэлтгүй тухайн компанийн татвар Монголын Засгийн газарт очно. Тиймээс гадны компани гээд татварын ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх бус дотоодын байгууллагуудтай адил хэмжээнд байх ёстой болов уу. Монголын Засгийн газар авах юмаа аваад ард түмэндээ өгөх юмаа өгч байх ёстой. Ер нь хөрөнгө оруулагчдыг гадна дотоодынх гэж ялгах дургүй. Хөрөнгө оруулагч гэдэг утгаар л харах хэрэгтэй. Монголд ажлын байр бий болгож байгаа хүн болгон л чухал. Гол нь бүх хөрөнгө оруулагч дүрэм журмын дагуу ажлаа хариуцлагатай явуулах хэрэгтэй. Эргээд хэрхэн ажиллаж байгааг нь ялгаж салгаж хандах хэрэгтэй. Түүнээс нэг нь муу байлаа гээд бүгд муу ажиллдаг гэсэн үг биш шүү дээ.
-Мэдээж геологи, уул уурхайн салбараа хөгжүүлж гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль эрхзүйн орчин тогтвортой байх хэрэгтэй. Тэгэхээр олон нийтээр хэлэлцүүлж буй “Ашигт малтмалын тухай хууль”-ийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Олон нийтээр хэлэлцүүлж буй “Ашигт малтмалын тухай хууль”-ийн тухайд уул уурхайн орчинд зохицуулалт хийсэн шинэлэг авууштай заалтууд байсан. Манай улсын уул уурхайн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн заалтууд байгаа нь сайшаалтай. Гэсэн ч тодорхой заалтууд бүрхэг, хэт нэг талыг барьсан дутагдалтай зүйл бас байна. Тухайлбал, бодлогын өөрчлөлтийг тухайн төрд байгаа хүнээс хамааран өөрчилж болохоор нөхцөл байдлыг суулгаж өгсөн нь маш буруу. Хууль дэлгэрэнгүй тодорхой байвал хэрэгжихэд илүү амар. Хуулийн заалт хэт ерөнхий байвал тухайн албан тушаалтан, байгууллагын үзэмжээр шийдэгдэх цоорхоотой бьайвал хэцүү. Нэг ёсондоо бид төрийн бүтцэд хэтэрхий их эрх мэдэл өгөх нь их эрсдэлтэй шүү дээ. Үнэхээр сайн, чадвартай хүн төрийн эрх барьвал сайн л байна. Харин хувийн ашиг сонирхол нь давамгайлсан хүн төрд гарвал бас л буруу тал руугаа эргэчихнэ. Тэгэхээр өөрөө өөртөө хариуцлагатай байна гэдэг шиг зарим байгууллагад эрх мэдлийг төвлөрүүлэлгүй оролцогч талуудын хэн хэнийх нь ашиг сонирхлыг хангахуйц байх ёстой болов уу. Энэ бол зөвхөн миний үзэл бодол шүү. Улам боловсронгуй болгож ашигт малтмалыг тойрсон харилцаанд учраад буй үл ойлголцлыг шийдэх гэж оролдсон хэд хэдэн шийдэл байгаа нь чухал. Тэр дундаас чанартай сайн хууль гаргаж авч чадвал сайн. Бүх талууд нээлттэй туйлшралгүй хамтарч суух хэрэгтэй.
-Монгол Улс хөрөнгө оруулалтын нөхцөл Мьянмар, Кипр, Мозамбек зэрэг улсуудын дараа бичигддэг. Эдгээр орнууд манайхаас юугаараа илүү вэ?
-Кипр улсын хувьд эдийн засгийн бүтэц нь манайхаас өөр. Харин Мозамбек улс сүүлийн үед ашигт малтмалын салбартаа хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа. Хууль эрхзүйн орчин нь манайхаас илүү сайн, тогтвортой байж болох юм. Мяньмар бол бидний ард яваа харин хэр хурдан гүйцэж ирэх нь тэднээс л хамаарах байх. Ер нь тогтвортой орчин, итгэлцэл их чухал байдаг. Нэг жишээ дурьдахад 2002 онд Монголд уул уурхайн салбар дөнгөж хөгжиж эхэлж байх тэр үед Мадагаскар гэдэг улс манайхтай зэрэгцэн олон улсын тавцанд цойлж гарч ирсэн юм. Тэр цаг үеэс хойш манай улс уул уурхайн салбарт янз бүрийн хууль гаргаж байсан хэдий ч аль ч Засгийн газрын үед үндсэн зарчмаасаа гажилгүй өнөөг хүрсэн. Харин Мадагаскарт явцын дунд хоёр удаа хувьсгал гарсан. Тиймээс өнөөдөр Мадагаскарт хэн ч итгэж хөрөнгө оруулалт хийхгүй байна. Тус улсын ард түмний амьдрал нь ядуу, ажилгүйдлийн түвшин өндөр учраас орлого бүр таг байна. Харин манай улсын хувьд байдал арай дээр байгаа учраас бид Мадагаскарыг бодвол уул уурхайн салбарт арай илүү тогтвортой хандаж байгаа. Тиймээс бид цаашид илүү тогтвортой бодлогоор хариуцлагатай хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Бид бусдаас шаардаж буй тэр хариуцлагаа өөрсдөө ч хэрэгжүүлэх ёстой. Манай улсын хувьд хоёр том төслөө эхлүүлж чадахгүй дуншаад байхаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч л байгаа байх. Бид ард түмнээрээ олон жил хэлэлцлээ, одоо ажил хэрэг болгох хэрэгтэй. Нэр хугарахаар яс хугар гэж манай ардын сайхан зүйр үг байдаг шүү дээ.
МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ТОМООХОН ТӨСЛҮҮД МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-Өндөр хөгжилтэй орнууд ч гадаадын хөрөнгө оруулалт авдаг. Манайх гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж, хөрөнгө оруулалт татахын тулд хэрхэх ёстой вэ?
-Манай улсын эдийн засагт гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байсан үе бий. Тэр үед бид зөв ажиллаж байжээ. Харин гадны хөрөнгө оруулагчид нутаг буцаад манайхаас гараад явах үед бид бизнесийн орчноо таагүй болгожээ. Бид хууль эрхзүйн тогтвортой орчинтой, түүнийгээ даган биелүүлдэг, ил тод байх зайлшгүй шаардлагатай. Ялангуяа бизнесийн тоглоомын дүрмийг дагадаг байх хэрэгтэй. Зарим үед дэвшилттэй сайхан зүйл боддог. Гэсэн ч аливаа зүйлийг үргэлж олон талаас нь харах хэрэгтэй. Манай улсын эдийн засагт мега гэж ярьдаг томоохон төслүүд маш их хэрэгтэй байна. Эдгээр төслүүд нь тухайн улс оронд ашиг өгөхийн зэрэгцээ дэд бүтцийн хөгжил бий болгож өндөр чадамжтай хүний нөөцийн санг бүрдүүлж өгдөг. АНУ, Австрали зэрэг амжилттай явж буй улс орны түүхийг харахад мега төслүүдийн үндсэн дээр мэргэшсэн багтай болсон байдаг. Манай улсын хувьд анхныхаа мега төслийг Оюутолгой, Тавантолгой дээр хэрэгжүүлж байна. Үүнийг дагаад төмөр зам, дэд бүтцийн салбар бий болж байна. Тэгэхээр бидэнд маш их боломж байна. Үүний тулд шударга зарчмын үндсэн дээр гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд тэднийг дээрэлхэхгүй, гомдоохгүй, бөөрөлхөхгүй явах юм бол болно. Миний хувьд давхар аялал жуулчлалын бизнес эрхэлдгий хувьд энэ салбарыг сайн мэддэг. Уул уурхайн салбарын орон зайг бид аялал жуулчлал гэж их ярьдаг хэрнээ гадныханд таагүй ханддаг топ 10 улсын нэгд ордог шүү дээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар лиценз олгохыг хорьсон. Үүний улмаас гадны хөрөнгө оруулагчид дайжиж геологи, хайгуулын салбар хумигдаж, олон мэргэжлийн компаниуд ажилгүй сууж байна. Энэ байдал 3-4 жил үргэлжлэх шинжтэй байна гэж ярих юм. Харин та уг нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Хайгуулын талбай байхгүй учраас үндсэндээ үндэсний компаниудийн ажил багассан тал бий. Мэдээж үргэлж улсын төсвийн ажил хийхгүй, тэгээд ч тендерт ялна гэдэг хэцүү. Нөгөө талаас нь харах юм бол Монголын ард түмэн ашигт малтмалын хайгуулын болоод олборлолтын тусгай зөвшөөрлийг хэтэрхий их олгосон байна гэж үзсэн учраас ийм шийдвэрийг тухайн үедээ гаргасан байх. Ер нь манай улсын хувьд газрын бодлогоо тодорхой болгох нь нэн шаардлагатай юм. Ингэснээр тухайн орон нутгийн хэмжээнд хаана хайгуулын тусгай зөвшөөрлийг өгөх үү, аль хэсгийг малын бэлчээр, аль хэсгийг нь газар тарэгиалан болгох уу, хаана нь байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх үү гэдэг нь тодорхой болж орон нутаг, улсын хэмжээнд бүгд мэддэг тодорхой байх ёстой. Үүнийг л бодлогын тодорхойгүй байдал гээд эндээс сонирхогч талуудын үл ойлголцол үүсээд байна. Өнөөдөр манайд газрын тогтвортой бодлого байхгүй байгаа нь хэн нэгний буруу биш. Ер нь бид буруугаа хэн нэгэн рүү чихэлгүйгээр хамтдаа шийдэх ёстой. Газрын бодлогоо байгаль орчин, эдийн засгийн асуудалтай уялдуулан гаргаж ирэх хэрэгтэй. Ийм л шинэчлэл хийх ёстой болов уу.
-Таны хувьд гадаадын компаниудад ажиллаж туршлага хуримтлуулсан. Ер нь Монголд ажиллах нөхцөл боломж хэр байдаг вэ?
-Зөв ажиллаж байгаа үед боломж үргэлж байдаг. Ер нь хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөхөд зөвхөн гадны компани гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид илүү их мэдэрдэг юм. Байдал биш боллоо гэхэд гадны хөрөнгө оруулагчид гараад явчихна, эсвэл өөр оронд очоод ажиллана. Харин дотоодын мэргэжилтнүүдээ цалинжуулаад ажиллаж буй үндэсний компаниуд тэрхүү давалгааг хамгийн их мэдэрдэг юм. Бид ямар гадагшаа явж хайгуул хийх биш. Эх орноо гэсэн урам зориг дүүрэн залуус шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг шиг яалт ч үгүй ажиллаж л байна. Гэхдээ мэдээж хүний тэсвэр тэвчээр тодорхой түвшинд л хүрнэ шүү дээ. Уг нь сүүлийн гурван жилийн дотор эдийн засгийн өсөлт явагдаж буй учраас улс эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцоё гэсэн Монгол залуус гадаадаас ирж компани байгуулан ажилласан. Гэтэл өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим нь няцаж байна, бүр эргээд явж байна. Хямрал нь эдийн засаг, зах зээлийн үзэгдэл ч гэлээ дотоодын компани бодлогын дэмжлэг авдаггүй учир уул уурхайн салбарын ажлын байр их хумигддаг. Боловсон хүчнээ ажлын байраар хангахын тулд манай компанийн хувьд уул уурхай, боловсрол, технологийн салбар руу бага багаар ажиллаж байна. Манай улсын бизнесийн орчин тогтвортой болвол ирэх 10 жилд томоохон үндэсний компаниуд төрөн гарах болов уу. Гэхдээ бид зөвхөн уул уурхай гэлтгүй олон салбарт хүрч ажиллахаар шамдаж л байна. Мэдлэгт суурилсан эдийн засгийн гол хүч инженер, эрдэмтэд, нарийн мэргэжилтнүүд хувийн хэвшлийг дэмжиж байж л бий болно шүү дээ.
-Таны хувьд харьцангуй залуу хүн хэдий ч ажлын багагүй туршлага хуримтлуулсан. Энэ амжилтанд хүрэхийн тулд ямар зарчим баримталж амьдралдаа мөрдлөг болгодог вэ?
-Миний хувьд өөрийгөө нэг их амжилтанд хүрсэн гэж бодохгүй байгаа. Мэдээж хийж бүтээх зүйл их байна. Манай компани энэ нийгэмд бусдын л адил хөл дээрээ босох гэж явна. Миний бодлоор тухайн компани санхүүгийн болоод мэргэжлийн хувьд бүрэн чадамжтай болохын тулд боловсон хүчиндээ анхаарах нь хамгийн чухал. Эцсийн дүнд ямар ч ажлыг хүн л хийдэг шүү дээ. “MCS”, “Ньюком” зэрэг чадамжтай үндэсний томоохон компаниудийг харахад тэд хүний нөөцдөө анхаарч мэргэжилтнээ чадавхжуулсан нь амжилтанд хүрэх хөшүүрэг нь болсон байдаг. Манай зарим компанийн удирдлагууд хямрал болохоор ажилтнуудаа цомхотгодог. Тэгээд байдал арай дээрдээд ирэхээр дахиад л мэргэжилтэн хайгаад явдаг. Тиймээс хэдийгээр хямарч алдагдал хүлээж байгаа ч гэсэн сайн бэлтгэгдсэн боловсон хүчнээ хадгалж үлдэх хрэгтэй гэсэн зарчын дагуу ажилладаг. Тэвчээртэй, хүлээцтэй олон талаас нь бодож, зорилгоо харж л ажиллахыг өөртөө сануулдаг.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Монголын геологи хайгуулын салбарт ажиллаж буй залуус өөрсдийн хийж буй ажлаа олон нийтэд ойлгуулж, туршлага солилцдог байх хэрэгтэй. Үүнд мэдээллийн хэрэгслийн үүрэг чухал байдаг. “Хайгуулын мэдээ” сэтгүүлийн хувьд энэ салбарт ажиллаж буй хэн бүхэнд хэрэгтэй мэдээ материалыг нийтэлдэг нь надад таалагдсан. Ялангуяа залуу геологичид уншиж байх хэрэгтэй. Тиймээс танай сэтгүүлийн үйл ажиллагаа улам дэвжиж, уншигчдынхаа мэдлэгт үргэлж хувь нэмрээ оруулж байхыг хүсэн ерөөе.
2013.05 сар
Д.ОЮУНЖАРГАЛ
Demjigch
Demjigch
Unshigch
Geologist
зочин