Та харьцуулалт хийж болно. Хүний амьдралын 70 нас, 80 нас гэдэг бол байдаг л зүйл. Овойж оцойсон ажил үйлс бүтээгээгүй мөртлөө энэ зэргийн насалчихсан хүн энэ хорвоод түг түмээрээ байдаг даа. Монголд ч гэсэн. ГХЯ-ны барилгын хоёр зэрэгцээ зураг дээр тавилаа. Баригдаж байх үеийн зураг, нөгөөх нь 4 жилийн өмнө, өмнөх өндөр байшингийн оройгоос авсан өнгөт зураг байна. Анхлан энэ байшингийн нүүрэн талыг хийхдээ тухайн үеийн Зөвлөлтийн хотуудын галт тэрэгний төв вокзалын барилгын дизайныг хуулбарласан юм гэнэ лээ. Тиймдээ ч эрдэмтэн Бямбын Ренчин гуай "Лхамсүрэнгийн вокзал" гэж хоч нэр өгсөн байгаа юм. Лхамсүрэн гэдэг нь маршал Чойбалсангийн дараахи Гадаад хэргийн сайд л даа.


Тэгвэл улс гүрэн, хот тосгод дээр авч үзвэл 70 жил, 80 жил гэдэг мөн ч  айхтар их хугацаа юм. Энэ хооронд улс гүрэн үхэх сэхэх, хөгжих, мандан бадрах, уруудах доройтохын бүхийл үеийг бүр хэд хэд туулж, хэн болохоо дэлхий дахинд хэд хэд харуулчих хугацаа аж. Ийм оршил хэлсний учрыг Та энд үзүүлж буй зэрэгцээ олон зурагнаас ойлгож болно. Ганц нэг 1960-аад оны хар цагаан зураг орууллаа. Түүнийг ч мөн өнөө үетэйгээ харьцуулж болно.


1921 онд ямар Монгол орныг хувьсгалчид хүлээн авсан, тэр л дүр төрхөөрөө бараг 1950-иад он хүрсэн байдаг. Хөгжил дэвшил байсныг үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ их хэлмэгдэл, II дайн гээд садаа бишгүй байсан хэрэг.


Хойд өмнө хоёр их социалист хөрштэй болж аваад энх тайван бүтээн байгуулалт маань эхэлсэн шүү дээ. Соёлын довтолгоо, атрыг эзэмшсэн, нэгдэлжих хөдөлгөөн, хотжилт, Найрамдлын Дархан, Эрдэнэт, Зөвлөлтийн цэрэг мэргэжилтний их арми гэхчлэн Монголыг орчин үеийнжүүлсэн түүхэн үзэгдлийг 1960-аад оноос хойш л ярьдаг.


Энд тэр хуучин  байшин барилга, гудамж нь өнөөдөр ийм болчихоод байна хэмээн болхи харьцуулалт хийх гээгүй. Байшинг байшинтай нь харьцуулах гээгүй.


Хуучны тэр байшин, шороон замтай гудамжны зураг архивын сан хөмрөгт нэлээдгүй ихээр байна. Тэдгээрээс сонгож ганц нэгийг энд орууллаа. Засвар хийж сайжруулсангүй, яг байгаагаар нь үзүүллээ.


Харин өнгөтөөр үзүүлсэн зураг нь миний өөрийн авсан одоогийн зурагнууд. Тэр хуучин байшин, хуучин гудамжны ойролцоох шинэ дүр төрх маань өнөөдөр ийм болоод байна шүү гэдгийг л харуулж буй хэрэг.


Монгол орны хөгжлийн түүхийг энэ хар цагаан зурагнууд илтгэж байна. Үнэхээр яг тийм нийгэм байсан юм шүү, тийм хөөрхийлөлтэй  байсан юм шүү гэдгийг хойч үедээ, залуустаа мэдүүлж таниулах зурагнууд.   


1950-иад он хүртлэх Монгол бол үндсэндээ нүүдэлчин төрхөө хадгалж байсан ба 1950-иад он бол Монголын социализмын байгуулалтын нэг үе шат, харин монголчууд бол  иргэншин хотжиж эхэлсэн түүхэн үе шатны яг эхлэл нь байв. Биет жишээ нь бидний үеийнхэн бэлээхэн байж байна.


“Аавын үеийнхэн Монголд иргэншил, хотжил, үйлдвэржил авчирч миний үеийнхэн анхны үр шимийг нь хүртсэн юм болов уу. Эмнэлэгт төрж, ясль, цэцэрлэг, сургуулиар дамжсан, гүйдлийн ус, цахилгаан дулаантай орон сууцанд өссөн хамгийн анхны үеийн төлөөлөгч бололтой, би” хэмээн Баабар бичсэн байдаг даа.


Нийгэмд шинэ үе төрж, “40 мянгатынхан” анхдагч нь болцгоосон. “Соёлын довтолгоо”-ны тухай яриа тэдний хувьд ул болж, сурах гэгээрэх, дэлхийг таних хүсэлд хөтлөгдөж, цаашлаад телевиз, барууны дуу хөгжим Монголын доторхи “Монгол”-ыг буй болгожээ.


1960-аад онд нийслэлд маань орон сууцны анхны хорооллууд бий болж, монголчууд төрөл арилжиж эхэлсэн гэж үздэг. Хот орж ирсэн хөдөөний хүнд бол анхны сэтгэгдэл нь ямар ч байсан гэгээтэй байсан болов уу.


Богдын ногоон орд, Төв музей, Дүрслэх урлагийн музей, “Элдэв-Очир”, “Ард” кино театр, Ленин клуб, дуурь, драмын театр, Хүүхэд залуучуудын төв парк, сүүлхнээр Хувьсгалын музей гээд үзэх үзвэр, сонирхох зүйл тэр үед  бий болжээ. Чухам л “Азийн цагаан дагина” хэмээх нандин алдрыг нийслэл маань тэр үед хүртсэн билээ.


Ахуйн талаас нь нэлээд примитив байдлаар төсөөлж болж байна. Бидний тэр үеийнхэн өмнөх үеийнхнээсээ дээрдсэн, ядаж гар нүүрийн  савангаар үс гэзгээ, эдийн савангаар биеэ угааж хэвшсэн, шампунь үс ангижруулагчийн тухайд дээдсүүдэд ч ойлголт суугаагүй, харин Дорнод Европын ах дүү социалист орнуудаас анх удаа савласан жимс, чанамал, ногоо, салат ирж хүн ардын хоолны илчлэг нэмэгдэн, тэр хэрээр хотын хүүхдүүдийн царай цайж, бие нь өсгөлүүн болж иржээ.


Гээд бичээд тоочоод байвал барагдахгүй их түүх, барагдахгүй их дурсамж болчихоор юм. Гэвч Та зэрэгцээ хоёр зурагнаас харьцуулалт хий. Өнгөрсөн 70-80 жилд Улаанбаатар төрөл арилжжээ.