Манай “VIPerson” хоёр дахь зочноор дөнгөж саяхан сайдын сэнтийнээс татгалзах өргөдлөө өгөөд байгаа, Засгийн газрын гишүүн, ноён Х.Баттулга уригдлаа.



-“Open door” шинэхэн сонины уншигчид таныг зочноор урихыг хүссэн юм. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа.Мэдээж танд олон хэвлэлээс урилга ирсэн байх. Бидний нэрлэдгээр та өнөөдөр үйл явдлын баатар болчихоод байна шүү дээ.  

-(инээв)

-Хамгийн эхний асуулт хамгийн сүүлд таны хийсэн алхам. Хэдийгээр асуудлууд дээрх байр суурийг тань мэдэж байгаа ч гэсэн Засгийн газрын гишүүнээс татгалзах хүсэлт гаргана гэж бодсонгүй. Ийм огцом шийдвэрийг яагаад гаргав аа?

-Ерэн оноос хойш бид чинь хэд дэх ч сонгуулиа хийчихэв дээ. 25 дахь жил рүүгээ орж явах шиг байна. 2012 оны сонгуулиар бид бас л олонх болж чадсангүй. 34- үүлээ л болсон. Сүүлд Өвөрхангайгаас хоёр орж ирсэн. Нэлээн маапаантай орж ирснийг та өөрөө мэдэж байгаа. Зургаан мянган хүний санал дутуу байсан ч чихээд л ороод ирсэн шүү дээ.  Тэгсэн хэдий ч гол зовлон маань бид олонх болоогүй. Олуулаа л маягтай. Ингээд арга буюу “Шударга ёс эвсэл”-тэй Засгийн газраа байгуулаад явсан. Тэгж байж олонх  болж байгаа юм. Ингээд урд нь төлөвлөж байсан бүх ажлуудаа хийнээ, улс орны эдийн засгийг хөгжлүүлнээ гээд ҮХХАА-н яаманд тохоон томилогдлоо. За, ингээд түрүүчийн хамтарсан засагт байхдаа л ярьж эхлүүлж байсан юмнуудаа гүйцээнэ дээ гээд л, түүхий эд гаргахгүй ээ, үйлдвэрлэлийг хөгжүүлнээ гэсэн их л өөдрөг эрмэлзэлтэй ажилдаа орж явчихсан. Энэ хамтарсан засгийг байгуулах ажилд АН-аас бол би толгойлж ажилласан ухаантай юм шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яамыг байгууллаа. Энэ дээрээ нөгөө нэг дээд тэнгэрийг бас сонин идей юм яриад явдаг юм, ажил хийх бололцоог нь олгоё гээд ярилцаж байгаад тавьлаа. Ингээд явсан. Ерөнхийдөө жилийн турш  маш нарийн судалгаануудыг хийсэн. Тэгээд яахав дээ, ажлын арга барилын зөрчил гэх юм уу даа. Ийм зүйлсээс болж тодорхой саад тотгорууд гарч ирсэн. Ажил явахад маш хэцүү нөхцөл байдлууд үүссэн. Улам л байдал  хүндэрсэн. Ингээд миний бодож төлөвлөөд яваа бүх зүйлс биелэхгүй юм байна гэсэн бодлыг өөртөө тээж эхлэсэн л дээ.

-Бодол юм уу, бүр мухардал юм уу?
-Ерөнхийлөгчийн яриад байгаа давхар дээл гэдэг энэ асуудлыг далимдуулаад бид засаглалдаа нэг өөрчлөлт оруулаад авъя. УИХ нь их хурал шиг, Засаг нь засаг шиг, бүлэг нь бүлэг шиг байя гэсэн Ерөнхийлөгчийн энэ бодлогыг дэмжээд явсан. Харамсалтай нь энэ маань бүтсэнгүй. Монгол орныг хөгжүүлнэ, эдийн засгаа сэргээж сэхээнэ. Аж үйлдвэрийн орон болгоно гэсэн энэ зорилго маань бүтэхгүй магадлал гараад ирэхээр ер нь эртнээс байр сууриа илэрхийлье. Баримталж байгаа зарчмаа ил болгож зарлая гэж шийдээд өөрийн шийдвэрийг гаргасан юм. Цаашид би УИХ-ын гишүүнээрээ ажиллана. Орондоо томилогдсон сайдад бүх ажлаа хүлээлгэж өгөөд, урьд нь хийж байсан ажлуудаа үргэлжлүүлж хамтарч дэмжиж ажиллана. Бүлэг, байнгын хороод дээр идэвхтэй ажиллаж, шахаж түрж явъя гэж бодож байна. Шүүмжлэгч байя л гэсэн үг л дээ.

-Эхлүүлсэн ажлууд, тавьсан суурь тань байгаа. Бас л хэцүү нөхцөл байдал юм даа.
-Суурийг тавих гэж хэдэн жил зүтгэлээ. Би өөрөө аж ахуйн ажил хийж байсан хүн болохоор бүх л туршлага, чадвараа шингээж ажилласан. Их ч хөрөнгө мөнгө зарцуулсан. Эндээс бол алдаа бараг гарахгүй байхгүй юу.  Тэгээд яахав, хөндлөнгөөс хүчтэй шүүмжлэгч байя, шахаад явъя. Хүмүүс өөр өөрөөр их ярьж байх шиг байна. Ерөнхий сайд болох гээд ингээд байна ч гэдэг юм уу.

-Санаа бол байхгүй юу?

-Надад Ерөнхий сайд болох санаа байхгүй.

-Ер нь бол АН төвтэй улс төрийн орчинд ямар нэгэн үймээн бужигнаан гарах тоолонд ар талын тоглогчоор ганц хоёр хүнийг л заадаг. Тэдний нэг л та болчихлоо л доо. Өөрөө Ерөнхий сайд болохын тулд засгийн шүдийг нэг нэгээр нь сугалах гэж байна ч гэх .
-Таамаг бол янз янзаар явна. Энийг хэн ч барьж цагдах бололцоогүй шүү дээ. Ерөнхийдөө удахгүй чуулганаар миний асуудал орох байх. Наана нь байнгын хороогоор орох байх. Хуулиараа бол энэ чинь кнопоор унадаг юм байна л даа. Нөгөө Р.Амаржаргал гишүүний асуудал шиг.

-Ер нь энэ давхар дээлний сэдэв  үе үеийн төрийн л сэдэв байсан шүү дээ. Бүгд л ярьдаг байсан. Одоо бол шийдчих хамгийн бололцоотой үе шиг харагдаж байсан юм. Харамсалтай л байна.
-Зовлон юм. Монгол төрийн шийдэж чаддаггүй нэг том зовлон юм даа.

-Та нар олонх биш юм гэхэд олуулаа байгаа энэ үеэ ашиглаад нэгдсэн байр суурьт хүрчихэж болоогүй юм уу. Бүх юм харилцаан дээр явдаг. Янз бүрийн түвшинд ойлголцчихож чадаагүй юм уу?
-Ярилгүй яахав дээ. Зөндөө ярьсан.

-Түрүүн та хэллээ. Энэ удаагийн Засгийг байгуулахад намаа төлөөлж ажилласан гэж. Ерөнхийлөгч  зарим болохгүй байгаа сайд нар дээр хатуу шаардлага тавьсан юм билээ. Ерөнхий сайд хүлээж авахгүй гөжөөд ийм байдал руу орчих шиг боллоо л доо. Улаан цайм “эмгэг” үнэртсэн нөхдүүд ч байна. Сайд нарын сонголт хийгдэж байх үед та бүхний мэдрэмж үнэхээр ажиллаагүй гэж үү. Үнэхээр элэг доогийн том сэдэв болсон сайд ч байна шүү дээ.
-Эмгэгтэй хүн гэж хэнийг хэлж байгааг би сайн мэдэхгүй байна. Ерөнхийлөгч Ерөнхий сайд нарын дунд болсон яриаг би мэдэхгүй шүү дээ. Ер нь бол энэ том төслүүдийг санхүүжүүлэх ёстой юу гэвэл ёстой. Хөрөнгө босгож ажиллах ёстой юу гэвэл ёстой. 

-Ичмээр байна шүү дээ. Гадна дотны хөрөнгө оруулагчид хачин жигтэй баримт олныг л ярих юм. Дэлхийн банкныхан Хөгжлийн сайд дээр уулзах гээд иртэл “Муусайн эдийн засгийн алуурчдаар юу байна” гэсэн л гэх юм. Эрүүл мэндийн үзлэгт та нар ордог биз дээ. Энэ хүнийхээ асуудлыг ядахдаа дотроо авч хэлэлцээд шийдэж болохгүй байсан юм уу?
-Мэдэхгүй юм даа.

-Та энэ асуултад хариулахгүй юм уу?

-Юу хэлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Намайг ч гэсэн тэгж ярьдаг байлгүй дээ.

-Та арай тэнгэртэй ярилцаж барьдаггүй биз дээ. Өнөөдөр тэнгэр битгий уулз гэлээ гээд хамаг уулзалтуудаа цуцлаад л хаячихдаг гэх юм. Энэ чинь одоо юу болоод байна вэ ?

-Намын нэг нөхрийнхөө тухай хэвлэлээр элдэв юм ярих бодол үнэхээр алга. Тэгэхээр энэ асуултаа одоо больчих.

-Сая давхар дээлний асуудал дээр тантай нийлээд дөрвөн гишүүн намын бодлогын эсрэг санал өгсөн. Үүнээс үүдээд Р.Бурмаа гишүүнийг намаас хөөх тухай яригдаж эхлэлээ. Бусад хэвлэл мэдээллийг эрхшээж чаддаг улстөрчдийн дэргэд бол Р.Бурмаа ямар ч дэмжлэггүй “нүцгэн” л байх шиг байна. Энэ асуудлын талаар таны байр суурийг сонирхмоор байна.
-Сүрдүүлэг байх л даа.

-Тийм гэж үү?
-Тэр чинь ерөнхийдөө “Алтангадас” фракцид л үйлчилдэг нам доторх байгууллагууд шүү дээ. Гүйцэтгэх зөвлөл, Хяналтын хороо эд нар чинь үндсэндээ нэг фракфийн л улсууд болчихсон байгаа. Фракцийнхаа бодлогоор үүрэг өгөгдөөд л нэг шийдвэрийг бол дор нь гаргачихна л даа. Гэхдээ Ардчилсан намыг “Алтангадас”-аар төсөөлж болохгүй шүү. Энэ намыг дэмжсэн маш олон зуун мянган дэмжигч нар байгаа. Энэ намын төлөө насаараа явсан мянга мянган гишүүд нь байгаа. “Алтангадас” бол зүгээр л нэг фракц. Энэ талаар хоёулаа намайг яг “ориг” огцорсоны дараа ярилцъя. Тэгэх үү. 

-Огцорно гэж та баттай ноттой яагаад хэлээд байгаа юм. Таны хүсэлтийг хүлээж авахгүй ч юм билүү?

-Огцрох өргөдлөө өгчихсөн үед бол огцорно л доо.

-Тийм үү?
-Ер нь би тодорхой хэмжээгээр тайлангаа тавья гэж бодож байгаа. Хийсэн, эхлүүлсэн бүх ажлуудаа тайлагнана.


-Таныг бол Ерөнхийлөгчтэй нэлээд сайн ойлголцож ажилладаг улстөрч гэж хардаг. Яг энэ давхар дээлний асуудал дээр түүний байр суурь өөрчлөгдчих шиг л санагдах юм. Та үүнд ямар хариулт өгөх бол?

-Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож ажиллаж байгаа. Урьд нь хоёр удаа Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Ер нь бол засаглалын хямралыг өөрийн биеэрээ туулсан хүн. Хамгийн нэгд, энэ. Хоёрт гэвэл одоо энэ хүнтэй найз нөхдийн хэлбэрээр харьцах харьцаа гэж байхгүй шүү дээ. Энэ харилцаа байхгүй болсон. Хүний ёсны харилцаа хүссэн хүсээгүй алга болчихдог. Одоо бол чин үнэнийг хэлэхэд хоёр масктай нөхөр масктайгаа сууж, ажил төрлийн асуудлуудыг танилцуулж, байр сууриа солилцоод л гардаг. Ерөнхийлөгч, Засгийн газрын нэг гишүүн хоёрын л харилцаа байдаг.

-Таныг Засгийн газрын гишүүнээс татгалзах шийдвэрээ гаргасны дараа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гурав хүлээж авч уулзав уу?

-Үгүй. Энэ нөхөртэй юу ч яриад нэмэргүй гэж мэдэх л байх л даа.

-Танай МоАХ фракцийнхан юу гэж үзэж байх юм. Өөрийн тань бие даасан шийдвэр л болчих шиг болсон?
-Бүгд дэмжиж байгаа. МоАХ-ныхоо Удирдах зөвлөлд байр сууриа дандаа мэдээлж явдаг. Бид өнгөрсөн зуунд кремлээс хараат байна гэж өөрсдийгөө шүүмжилдэг байсан. Бүх шийдвэр энд биш Москвад гардаг гэж. Тийм биз дээ. Гэхдээ л улс ямар хэмжээнд байж ирсэн. Одоо 25 жилийн дараа Бээжингээс хараат болж хувирах нь ээ. Энэ асуудлыг бид нухацтай ярьсан. Тийм учраас миний засгаас гарах шийдвэрийг манайхан 100 хувь гар өргөөд л дэмжинэ. Манайхны ажил албанд томилогдсон цөөн нөхдүүд бий л дээ. Тэдний зарим нь ч ажил албыг нь буцааж өгнө гэж ярьж байгаа.

-Гэхдээ МоАХ-д албан тушаалын хувь хэр оногдсон юм бэ дээ?

-Цөөхөн ш дээ. Үнэхээр ерэн онд эд л бүхний урд явсан. Цагаан захтнууд тэр үед хаана байсан юм. Далд л байсан шүү дээ. Бүх юмны үзүүр дээр бол МоАХ явсан. Би олон юм яримааргүй байна. Хамгийн сүүлийн жишээг л хэлье. 2007 оны явдлыг. “Тавантолгой”-н ордыг хоёр том нам дагнасан хэдхэн хүний гарт байхад МоАХ жагсаал хийж байгаад л 96 хувийг нь буцааж Төрд авчирч байсан шүү дээ. Энүүгээр л одоо эд нар улс төр хийж байгаа биз дээ. Тэгж зольж зүтгэж явж буцааж авчирсан МоАХ-д ямар ч гавьяа байхгүй. Хийсэн ажлаар нь нөгөө нөхдүүд л улс төр хийж явдаг. Жагсаж тэмцэж явахад нь бүгд далд л хараад сууж байдаг. Эмгэнэл л гэж нэрлэмээр ийм үе  ирчихээд байна.

-Засгийн газар огцорно, огцрохгүй л гэлцэж байна. Х.Тэмүүжин сайд гэсэн том дуулиан дэгдсэн. Түүний орооцолдсон хэрэг явдлуудын талаар та юу хэлэх вэ?
-Ерөнхийлөгч бол тэр хүнийг их л сайн тодорхойлсон байна билээ. Бид нэг л кабинетийн сайдууд. “Эрэл”-ийн нам гэдгээс анх хамт ирсэн. (инээв)

-Ер нь бол монгол төр цэцэрлэг биш. Ухаарна биз, хүмүүжнэ биз, ойлгоно биз гэх яриа байж боломгүй л санагддаг. Ерөнхийлөгч нь ч гарч ирээд л “Жаахан харъя, засарна биз ” гэж ч байх шиг.
-Н.Багабанди гуайг бид их шүүмжилдэг байсан ш дээ. Хэлэх юмаа хэлчихгүй. Ингээд л гээд. Төрийн тэргүүн болонгуут байр сууриа учир битүүлэг, битүү илэрхийлдэг болчихдог юм шиг байна. Тонгоруулж хэлээд байгаа юм уу гэмээр.

-Жинхэнэ байрь суурь нь хаанаа яваа юм гэж төөрмөөр?
-Тийм. Балбах гэхээр дандаа л өөрийнх нь хүмүүс байдаг. Тэгээд хайрлах хайр нь түрүүлээд байдаг ч юм уу. Мэдэхгүй , нэг тийм юм байдаг шиг байгаа юм.

-Ард түмнээ цахим орон зайн тоглогчдоор төлөөлж хараад байх шиг. Бас тийм биш шүү дээ.
-Мэдээж тийм биш. Цахимынхан бол зүгээр л нэг хэсэг. Амьдрал дээр бол байдал тэс өөр. Мэдээллийн салбартай холбоотой өөрийн гэсэн мэдрэмжүүд их байдаг байх л даа. Аргагүй шүү дээ.

-Бид үйлдвэржинэ гээд л мөрөөдөөд байгаа. Гэтэл хөрөнгө оруулалтын маань орчинд ноцтой дохионууд хангинаад эхлэлээ гэж хүн болгон хашгирч байна. Энэ яг бодит ирж байгаа түгшүүр үү, үгүй юу ?
-Аюул нүүрлэчихсэн шүү дээ.

-Манай хөдөө аж ахуйн салбарт гадны гэх хөрөнгө оруулагчид орж ирдэг юм уу, ер нь?
-Хөдөө аж ахуйн салбар бол ер нь гаднаас тэгж их хөрөнгө оруулалт орж ирдэг салбар биш. Газар тариалан бол маш бага салбар. Гэхдээ байх ёстой. Монголчууд хил хаахад л ард нь гурилтайгаа сууж байх ёстой. Ийм л стратегийн салбар байхгүй юу.

-Монголчууд яг өөрсдийн үндсэн хүчээрээ л ажиллаж байдаг салбар бол хөдөө аж ахуй. Сүүлийн жилүүдэд энэ салбарт ажигллагсадын сэтгэлд бас гал асч, сэргэлтүүд ирсэн гэж хардаг юм.

-Хөдөө аж ахуйн салбар бол хамгийн гайгүй байгаа л салбар шүү дээ. Гурилын үнэ, махны үнэ дээр жаахан хэлбэлзэл гардаг. Инфляци барьдаг хоёр гол сэдэв энэ л дээ. Энэ хоёр бол хөдөө аж ахуйн салбарт зүтгэж байгаа хүмүүсийн үндсэн хөдөлмөр.

-Хүнсний ногоогоо бид урдаас чингэлэг чингэлгээр зөөдөг байлаа. Гурилаа завсар зайгаар нь бас жаахан авдаг. Одоо  хэдэн хувийг өөрсдөө хангаж байна?
-Ер нь бол гурил дээр 75-80 хувийг хангадаг. Алсдагдсан аймгууд 15-20 хувь. Жишээ нь, Улаанбаатарт үйлдвэрлэсэн гурилыг Увс руу аваачиж зарахад өртөг өндөр учраас цаанаасаа авахаас өөр аргагүй л дээ.

-Та хачирхалтай ажлууд их сэдэх юм. Одоо энэ шинэ сум төслийн талаар хүмүүс янз бүрийн л байр суурьтай байна. Сум нэмж байгуулж, мөнгө үрж яах юм бэ. Харин ч хуучин сумдыг хоёр хоёроор нь нэгтгэх хэрэгтэй ч гэх. Энэ шинэ сум гэх төсөл таны мөрөөдлийн хаана явсан төсөл юм бэ. Яагаад ийм ажил хийх болов?
-Эх орон Улаанбаатараас эхлэдэггүй. Эх орон бол монголын энэ уудам нутгаар тархан сууж байгаа малчдаас эхлэнэ. Энэ хүмүүст үйлчилдэг цэг нь сум. Эх орон сумаас эхлэдэг. Утга нь энэ. Улаанбаатар бол өөр газар. Өөр ойлголт. Сумд маань ная ерэн жил наслажээ. Цаг хугацааны эрхээр хуучирчээ. Элэгджээ. Мартагджээ.

-Яг л шонгийн моднууд шигээ гандсан.

-Тэгсэн. Ш.гүрбазар хэлээд байгаа биз. Говийн ганц айл...одоо сумын ганц айл гэж. Тэгэхээр энэ малчид гэдэг энэ хэсэг чинь манай монгол улсын хамгийн үндсэн стратегийн том бүтэц байхгүй юу. Нийтдээ 146 мянган өрх энд ажиллаж байна. Хотынхон бол энийг яагаад ч ойлгохгүй. Дан ялангуяа Сэлэнгээс гарч ирсэн зарим гишүүд бол бүр ойлгохгүй. Тэд сумуудыг нэгтгэнэ гэдэг. Сум хэрэггүй гэдэг. 

-Хайран мөнгийг улс төрд өөрийн эзлэж байгаа орон зай, зангаргаараа далимдуулж хөдөө элсэнд аваачиж булж байна гэж таныг тэд шүүмжилж байгаа.

-Тэгж байгаа. Шүүмжлэх нь зөв. Шүүмжилж байж сэдэв өөрөө босч ирж, амьдарч явдаг. Нэг суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр, соёлын төв гээд 13.470 метр квадрат барилга баригдаж байгаа юм. Хөдөө байгаа малчин хүн соёлын төвөөр үйлчлүүлэх ёстой. Спортын заалаар үйлчлүүлэх ёстой. Сургуульд үр хүүхдүүд нь сурах ёстой. Эмнэлэгт эмчлүүлэх ёстой. Бүгд үүний төлөө аймаг руугаа яваад байж чадахгүй. Тийм учраас энэ цэгийг бид хөгжүүлэх ёстой. Мөнгөн дүнгээр нэг сум 13 тэрбум төгрөгөөр босох юм. Төсөвлөсөн нь 10 тэрбум. Энэ хооронд долларын ханшны зөрөө гарсан. Урьд нь нэг дурак л 13 тэрбум төгрөгөөр казинод тоглочихдог л байсан. Тэгээд шоронд суусан болоод л гараад ирдэг  биз дээ. Нэг сумаар л тоглочихож байсан. Нэг суманд 3000-6000 хүн л байдаг. Ийм тооны хүмүүст үйлчлэх цэгээр нэг хүн тоглочихсон байгаа биз. Өнөөдөр энэ тоог хөрвүүлэхэд зургаан сая доллар. Тэгвэл одоо  зургаан сая долларын үнэтэй байранд амьдардаг сайд нар байж л байгаа шүү дээ. Зүгээр л нэг хүнд зориулсан байр тийм үнэтэй. Тэгэхээр монголын 50 сая малыг авч явж байгаа малчдад үйлчилж байгаа сум гэдэг цэгийг 100 жилийн дараа бид өөрчлөх ёсгүй юу. Үүний төлөө л би хатуу зогсоод, зүтгүүлж байгаа. Эхлүүлсэн нь хоёрхон л сум.

-“Майдар” гэж нэг төслөөс болж таныг бас нэлээн баалах юм. Энэ ямар учиртай төсөл юм бэ?

-Уг нь балбахгүй баярлах  ёстой юм л даа. Улаанбаатар хотод  өнөөдөр дахин төлөвлөлт хийнэ гэдэг бол маш хэцүү.  Боломжгүй. Тийм учраас дагуул хотуудыг л хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Зам тээвэр,барилга хот байгуулалтын  сайдаар ажиллахдаа энэ дагуул хотуудын төлөвлөлтийг хийж байсан юм. Тэрний нэг төсөл нь энэ шүү дээ. Бид анх 1947 онд Сүхбаатарын хөшөөг бариад, түүнийгээ тойруулаад хотоо төлөвлөж байсан. Одоо Майдар гэж бидний ирэх цагийн бурхан гэж эрхэмлэн шүтдэг шүтээн байнаа даа. Энэ шүтээнээрээ бэлгэдээд 200 мянган хүн суурьших хот байгуулъя л гэж байгаа юм. Музейгээ, театруудаа, бүх юмаа төлөвлөөд ийм эко хотыг байгуулъя.  Майдар бурхныг  ирэх цагийн бурхан гэдэг. Одоо 1500 жилийн дараа ирэх юм гэсэн.  Цаг цөвүүн болж, хүмүүсийнх нь сэтгэл гундаж, бодол санаа нь бохирдсон, нэг тийм таагүй юмс нүүрлэсэн үед ирдэг бурхан юм гэнэ лээ.Тэгж л өвөг дээдэс маань ярьдаг байсан.  Би бол мэдэхгүй шүү дээ. Тэгээд л сайн цагийг дуудах  бэлгэдлээр нь л Майдар бурхныг сонгосон байхгүй юу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бид нар анх ярьж байсан хот юм л даа. Манай Улаанбаатар яг ямар хэв шинжтэй хот гэдэг нь ойлгогддоггүй. Хүмүүс ер нь тэгж хэлдэг. Азийн хот юм уу, европын хот юм уу. Бүх юм нь холилдчихсон. Тэгэхээр ийм нэг эко хотыг байгуулъя гээд л ярьж эхлүүлсэн зүйл. Эко хот гэхээр өнөөдөр дэлхий даяараа дэмжиж байгаа. Дэлхийн хамгийн том аюул юу болсон бэ гэхээр дайн дажин биш, ерөөсөө л экологи болсон. Үүний эсрэг эко хотуудад оруулдаг хөрөнгө оруулалтууд дэлхий даяар явж байгаа. Ганцхан манайд л орж ирээгүй. Бид тэр хөрөнгө оруулалтыг татъя. Энэ дээр Майдар хэмээх ирж яваа цагийн бурханаараа симболоо хийсэн сайхан хотыг босгоё. Ийм л юм. Ер нь бол бид энэ янзаараа урд хөршөөсөө ялгагдахгүй болчихлоо шүү дээ. Зүс царай ч адилхан юм. Хоол унд ч адилхан болж байна. Тэгэхээр энэ буддын шашин гэдэг юмаа бид хадгалж хамгаалж үлдээд, ядаж шашнаараа өөр байя. Яагаад Алтанбулагийн хилийн цаана гарангуут нэг христийн сүм байна. Энэ чинь бас л нэг бодлого шүү дээ. Ядаж бид шашнаараа өөрсдийн оршихуйгаа тунхаглаж, хадгалж явъя л гэсэн санаа шүү дээ.Одоо удахгүй хэл нь адилхан болох нь. Зөндөө олон мянган хүүхэд хятадад сурч байна. Хэрэв чи бид хоёр гадаадад ингээд яриад сууж байвал хоёр хятад хүн сууж байна даа л гэж ярина. Тэгнэ ш дээ. 

-Танаас нэг зүйл асууя. АН-ын тодорхой улстөрчдийг Америкийн соёлыг тээгчид, бодлогогыг хэрэгжүүлэгчид гэж ярьж хэлдэг. Таныг болохоор оросын талыг баримтлагч гэж шүүмжлэх юм. Та үүнийг яаж хүлээж авдаг вэ?
-(инээв) Оросууд бол биднээс зүс царай, хэл соёл, шашнаараа тэс өөр улс л даа. Орос бол газар нутаг томтой, газар нутагтай нь харьцуулах юм бол хүн ам цөөтэй. Газар нутгаа тэлэх бодлого явуулахгүй, ийм улс л даа. Ер нь 30-40 жилийн дараа дэлхийн хүн амын өсөлт, байгалийн баялагийн төлөөх тулалдаан л болох болов уу. Жишээ нь, сибирийн баялгийг оросууд хэнтэй хамтарч ашиглах вэ гэдэг  маш том толгойны өвчин гарч ирэх байх л даа. Сибирийг яах вэ гэдэг энэ толгойн өвчний хажуугаар бидний монголчууд хаана, хэнтэй, ямар бодлогоор явах вэ гэдгээ алсын хараатайгаар, тун зөвөөр бодож олох хэрэгтэй. Жишээ нь, төмөр зам гээд л балбаад байна. Төмөр зам гэдэг энэ зүйлийг чинь 70-100 жилийн стратегийг харж байж тавьдаг зүйл шүү дээ. Түүнээс биш 2016 оны сонгуульд ялах гэж тавьдаг зүйл биш. 2020 оны сонгууль бодож хийдэг зүйл биш. Төмөр зам гэдэг энэ зүйл бол дан ялангуяа манайх шиг далайд гарцгүй орны хувьд, хоёр талдаа ийм том хүчирхэг гүрэнтэй  улсын хувьд 100 жилээ харж тавих ёстой зүйл. Ийм л салбар юм. Харамсалтай нь богинохон бодолтой улстөрчид маань тун гоомой алхмуудыг хийгээд эхэллээ. Юу хэлэх вэ дээ. Эмгэнэл л юм. Зохион байгуулалттайгаар энэ улсыг элгээр нь хэвтүүлэх юм яваад эхлэв үү дээ гэх бодол өөрийн эрхгүй төрөх юм. Энэ их эмгэнэлтэй бодлого шийдвэрүүдийг хараад дотор нь суугаад байх хэцүү л дээ. Та ч гэсэн ингээд сонин хийнэ гээд тусдаа  гарч байгаатай адилхан л байхгүй юу. Тэр хаалтын гэрээг чинь анх би хөндөж зурагтаар ярьж байсан юм шүү дээ. 

-Санаж байна.

-Энэ бол одоо мөнхөд л үйлчилнэ. Аль нам гарсан нь хамаагүй. Ерөнхийдөө энэ хэвлэл мэдээлэл тэрүүгээр л тэжээгдэж байгаа биз дээ. Сонины борлуулалт байхгүй байгаа. Та бол их эрсдэлтэй алхам сонгосон байна. Хоёулаа л эрсдэлтэй алхам сонгочихлоо л доо. (инээв) Одоо тэгээд яахав дээ.

Гунигтай үгс цөөнгүй унасан бидний яриа түүний дээрх наргианаар өндөрлөлөө.  Гаднаас нь харахад хөмсөг зангидсан, шаналанги төрхтэй энэ хүн миний мэдэх хамгийн сонин хүмүүсийн нэг. Түүнтэй ярилцах гоё ч нэг  “хэцүү” байдаг. Тэр “хэцүү” нь дотроо харж байгаа том юмаа жижиглэж тайлбарладаггүй. Тийм ч учраас тэр ойлгогдохоосоо ойлгогдохгүй нь их.  Том атлаа жижиг харагдаж, тодорхой байр суурийн эзэн атлаа тодорхой биш үзэгдэж, тэрэн дундаа гунигтай оршдог. Ийм л хүн. Нэгэнтэй тэр надад “Үнэлэгдэх цаг ирнэ. Гэхдээ арай Бодоо шиг 100 жилийн дараа биш байлгүй дээ” гэж хэлж байсан. Түүнд ойлгогдох цаг ирнэ. Гэхдээ 100 жилийн дараа биш байх аа...