Хүйтэн дайны үед Хойд Солонгосчууд Дэлхийн залуучууд оюутны наадам гэх соц орнуудын дунд явагддаг байдаг л баярыг үзэл суртлын өндөр хэмжээнд хийрхэн хийдэг тээр жилээс хойш ер өөдлөөгүй юм даг. Тэгвэл Өмнөдүүд нь 1988 онд Сөүлд олимп зохиосныхоо  горыг ч бас чамгүй амссан харагддаг. 2012 оны хавар АН-ынхан  сонгуулийн ажлаар Сөүл орж тус хотын захад байх эзгүй хаячихсан стадионуудын нэгэнд шоу зохиож билээ. Олимпиос хойш эндхийн байр савнууд ашиг орлого олчихоор арга хэмжээ ер болоогүй гэж байсан. За тэгээд олны мэдэхээс Герег улс олимп зохиолоо, Испани хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо. Сүүлд Лондонгийн, саяын Сочигийн наадмууд байна.Том хэмжээний баяр цэнгүүний утга зорилго нь эдийн засгаас ангид боловч дараа нь дэндүү их урхаг тарьж улс орныг сүйтгэх нь гэсэн шүүмжлэл их гардаг болжээ. Айлаар жишвэл наргианы маргаашнаас эхлэн хэрүүл тасрахаа байдагтай адил юм.

2014 оны гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал тун хүнд байгаа нь бараан зах дээр хүртэл анзаарагдаж байна. Гайтай юм шиг ийм тарчиг цагаар Монголын хөдөөд орчин цагийн сум хэмээх засаг захиргааны нэгж байгуулагдсны түүхт 90 жилийн тэгш ой давхцаж таарлаа. Ардын хувьсгал ялсны дараахан 1924 онд хуучин хаант засгийн үеэс уламжлагдан ирсэн аймаг хошуудын тамгыг хураан авч “Хан” аймгууд, “Бэйс ван”-гийн хошуудыг уул усны нэрээр түр зуур сольсоншийдвэрийг  өнөөгийн  340-өөд сумдын зуу гаран нь үүссэн гэж үздэг юм билээ. Тэр дагуу энэ зун 17 аймгийн 107 сум үүнээс Говь-Алтайн 14 сум, Дорноговийн 11,Төв, Завхан, Дундговь тус бүр 8, Сэлэнгэ, Өвөрхангайд 7 сум “ерэн жил”-тэйгээр бусад аймгуудаа хошуучилж байна.  Албан ёсоор бол 1931 онд л жинхэнэ засаг захиргааны одоогийн нэгжүүд үүсэн, 13 аймаг, 327 сумтай болсон баримт байдаг. Тэр үеийн сум гэдэг нь малчидаа дагаад нүүж явдаг тугтай гэрүүдийг л хэлээд байх шиг байгаа юм. Удахгүй аравхан жилийн дараа 100 жил гэсэн лүнжгэр баяр болохнээ дээ. Мөн тэрний наана баяраа тэмдэглээгүй үлдсэн сумдын 90 жил , Ардын хувьсгаалын 100 жил 2021 онд болно.Эдгээр түүхэн үйл явдлуудыг зөвхөн эрийн гурван наадам хийх далим болгон замруулж,улс төрчид голдуу хүмүүсийн хувийн эрх ашиг зонхилсон шоунд л хамаг анхаарлаа хандуулцгаана. Тэр л чухал бололтой. Тэр баяр тэмдэглэх, түүнд зарцуулах мөнгө төсөв болдогоороо болно биз. Үүнийг зөв буруу гэж хэлэлцээд ч хэрэггүй.

Нойрмоглож байсан шалдар булдар хөдөө баярын сургаар хот руу цувцгаан таниж мэддэг болгон руу гаа утас цохин хандив нэхэн зүгээр суулгахаа байлаа. “...Морины нэг насыг нь даа. Хорин сая байхад дөхнө...” гэсэн даалгавар манайд хоёр ч газраас ирээд байна. Өнөөгийн хөдөө дэхь баяр гэхээр хэдэн хүн хуушуур зарж орлого олно. “Портер”-тэй уяачид сумаас сум руу харваж морио уралдуулан байнд ирэх мотоцикль, хивсийг нь хамцгаана. Бөхийн барилдаан гэдэг жүжгийг нь найруулж өгөхөөр улс аймгийн цолтнууд шавцгаана. Тэдний өмссөн дээл нь бүжигчин хүүхнүүд ч атаархмаар гоё. Хөрөнгө баялгыг дор бүрнээ зүхэвч нутагтаа айлчлан очигсод бүгд л ээмэг бөгжөө боловч шинэчлэн гайгүй машин зээлээр ч болохноо авч унан “Аятайхан харагдах”-ыг чармайцгаана. Наадмын өдөр Гандангаас лам авчирч талбай дээр маань уншуулах ба аймгаас микротой цагдаагийн хэсэг ирэн машин тэргийг “Р” үсэгтэй газар зогсоож өгөөд хоолондоо ороод буцацгаана.Ингээд цугларч сайн идэж ууж аваад л баярын арга хэмжээ үндсэндээ болох шив дээ. Сум болгон л өөрийн лам ба  бөхтэй.Тэрнийгээ баахан ярих бөгөөд өөр бахархах зүйлсээр туйлын ядмаг.Үнэн худлаа нь мэдэгдэхээ больтлоо домог болсон тэр яриаг нь одоо сонирхож байгаа хүүхэд байдаг ч юм уу. Архиндаа халсан хүмүүс дуу хуурныхаа завсраар ярьдаг сэдэв нь сумандаа “нэг юм үлдээх” тухай байдаг. Олны өгсөн хандивнаас мөнгө үлдсэн бол сумын төв ганц суварга, бөх юм уу  морины хөшөөтэй хоцроно биз. Хэдэн хуучин компьютер дотуур байранд бэлэглэсэн, аа тийм сумын төв рүү ордог хөтөл дээр нэмж овоо босгон хадаг зүүдэг юм байна. Ерэн жилтэй сумдын Засаг дарга нарын мэргэн ухаанд буусан санаачлага гэвэл субботник хийж хогоо түүнэ байх. Хотоос будаг олж ирэн хашаануудаа шохойдно. Зарим гудамжны чийдэнг солино. Намар тийшэхнээ дарга нарын аль нэг нь баярын үеийн хандивны мөнгөнөөс цохьчихсон тухай хов жив сөхөгдөж гарч ирнэ. Хаа газрын тэмдэглэлт ой баяр наадам энэнээс илүү үгүй дутуу ч үгүй иймэрхүү л болдог. Зах зээлийн байдал ороо бусгаа болцорлоо гээд наадмаа хойшлуулна гэж байхгүй. Хийж л таараа. Тэгээд ч төр болоод төсөвт үлэмж дарамт үзүүлэн дампуураад байх юу л болоо аж.

Баяр наадмаа та нар ингэж хий хэн нь хэндээ заахав.Харин энэ зуны хувьд төр засаг ба олон түмний анхааралд энэхүү сум гэсэн том сэдэв ороод ирлээ.Хүүхнүүдийн гоёж гоодсон байдал, хуушуурны амт, олдоц, бөхийн найрааны “Арай ч дээ”-нүүд гээд наадмын сонин хачин явж явж эцэст нь  ингэхэд энэ сум гэдэг чинь ер нь ямар хэрэгтэй юм. Ингээд л байгаад байх юм уу гэсэн бүхэлд нь тоймлосон асуудалтай бүгд тулгарах нь дамжиггүй. Энэ уул усыг тойрон эргэлдэж хэд хэдэн үе дамнан 90 жил цугтаа амьдарч буй бага оврын  нөхөрлөл иргэншлүүд өнөөдөр тайлангаа тавьж бусдаар дүгнүүлнэ. Тэгэхлээр одоо “өндөр настан”-ууд олон нийтэд өөрийнхөө юу илүүгээ, ямар бахархалаа юу ч үлдээлгүй гаргаж сурталчилахгүй бол нэг сайн наадам хийгээд нэг мөсөн тарах дээрээ ч тулж магадгүй юм. Нийгэм улам илүү нээлттэй эрүүл болж буй өнөө цагт малынноос нэхий цуглуулах зориулалтаар үүссэн хэдэн ямбий суурингуудыг татан буулгаж томсгохыг шаардах нь зүй ёсны юм.Хөдөөг чөлөөлж хот руу төвлөрөх, хотоо ч бас төвлөрүүлэн эдийн засгийн хямралаас гарах орчин цагийн их урсгалд АНУ-ын Детройд хот хүртэл өртөж балгас болчихож байгаа нь хангалттай жишээ.



Аль ерэн жилийн өмнө эдгээр 106 модыг тарьсан. Одоо улсаас усалж бордох хугацаа хангалттай болоо биз. Цаашдаа өөрөө биеэ даагаад ургаад хөгжөөд яв гэвэл  чадах нутаг аль хэр олон бий вэ? Хожим аз эз аль нь ч болдог байсантомоохон уул уурхай илэрч, түүнийг дагасан дэд бүтэц танай хавиар орж ирж нэг хэсэгтээ сэргэж хөгжих завшаан гарч болох юм.Энэ нь эдийн засагтай холбоотой тусдаа сэдэв. Харин олон арав,хэдэн зууны турш хүмүүсийн анхаарлыг татсан онцгой чухал орчин гариг дээр мэнгэ лугаа өчнөөнөөр тэмдэглэгджээ.Газар зүйн төрөл бүрийн солбилцол тохиолдлоор рашаан ус, ургамал,агаар салхинд нь өөрчлөлт орж хүн амьтны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг,ер бусын инерги хуримтлагдах буцаад задрах процесс байгаль дээр байнга явагддаг. Манай орны уудам дэлгэр нутагт тийм газар мэдээж цөөнгүй тохиолдоно. Чухам энэ учир шалтгаанаар танай сум 90,100 жил оршин тогтнож байгаа бол юу хэлэхэв. Жуулчдын нүд хужирлах Чингэс хааны ташуураа гээсэн домоггүй, Цэдэнбал ч дайраад гарсан удаагүй, мөнх цастай уулсгүй, үлэг гүрвэлийн яс олддогүйд нь нутгаа голоод хэрэггүй. Энэ уулын ард төрж эндээсээ ууж идэж амьсгалж байгаа охидын дийлэнх нь гойд царайлаг байдаг тийм газар оронтойгоо бид өөрсдөө ч анзаараагүй өдий хүрсэн тал бий. Өвчин зовлонгоос ангижруулдаг, урт наслуулдаг,хүчтэн бяртангууд төрөмтгий халуун рашаан онцгой газруудыг хав дарж хадгалах, зөвхөн хойч үедээ зориулна гэдэггүй. Энэ бол ашигт малтмал биш. Цаг уур, гол мөрний голдиролбайнга хувирч, үйлчилгээ нь буурдаг, өөрчлөгддөг тул одоо цаг хамгийн чухал нь юм. Мөн хэдийгээр хот төвлөрөл, алт зэсний баялаг уурхай нээгдсэн ч бусад үзүүлэлтүүд нь хүн амьтанд тохирохгүй байж болно.Ялангуяа цацрага идэвхит бодис, хар тугалаг их хэмжээгээр агуулагдсан нутаг монголд цөөнгүй бүртгэгдсэн байгаа. Яагаад ч юм энэ талаарх мэдээлэл их бүрхэг байдаг юм билээ.

Өнөө зун наадмаар олон ч хүн нутагтаа очих байх. Тэд зөвхөн зах зээлээс шалтгаалж нутгаа орхисон уу? Яагаад зарим нь эндээ байгаад байгаа нь ч бас л томоохон судлагдхуун. Хэрэв буцаж очоод амьдарая гэвэл дутуу юм алга гэж сайрхахаас өмнө бусад газраас давуу юу байдгийг өнөөдөр арай өөр талаас нь хайж үзвэл бас сонирхолтой л юм.  Амьдралын үндсэн хэрэглээний сагсанд 300 гаран төрлийн асуудал байдаг. Тэдгээрийн ихэнхийг шаардлагтай гэж үзвэл эзгүй цөл, далай дээр ч бий болгох боломжтой. Тэгэхлээр орон нутаг дахь одоогийн эдийн засгийн сайн муу үзүүлэлт төдийгөөр бүхнийг хэмжих боломжгүй. Ер буюу зуу орчим жил  үргэлжилсэн тогтвортой амьдрал бол ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход хангалттай судалгаа болно. “ТЭЗҮ”-ээ зөв гаргаж чадвал танай суманд төр засгаас ач холбогдол өгөх ч юм билүү.

Түүнээс гадна манайхан баяр гэхээр л нутгаасаа төрсөн гэх эрдэмтэн, зохиолч, бөх мэтийн энгэртээ одон зүүсэн хэдэн яравгар юмнуудыг дагаад хөлөө хугалчихаа алддаг. Тэд яахав та нарыг баахан доош нь хийж пээдийчихээд яваад өгнө. Харин нутаг амьтай бизнесмэнүүдээ сайн тойгдож зарж борлуулдаг бүтээгдхүүн нь хулхи биш бол авч хэрэглэж жудагтай байцгаа гэж наадмаар цугласан олонд албан ёсоор хэлэх хэрэгтэй. Бодвол энэ үеэр багагүй хандивыг нь хүртээ байлгүй.

Бөглүү сууринг маань ганц баясгадаг мэдрэл муутай цайлган “тэр муу”-даа ганц тэрлэг оёод өгчихөөч. Идэш ууш хийх цагаар хэрэг болдог, толгой тархи бариад өгдөг, гагнуур засвар гэхээр л хамгийн түрүүнд санаанд буудаг,морь бөх цоллодог, ажил явдал, найр наадам тэр гуайгаар заавал дутагддаг өөр газрынхан танихгүй ч сумандаа бол  хөгшин залуугүй анддаггүй “нэргүй зарц“-ууддаа тохирсон бэлгийг нь өгч баярлуулбал гоё шүү дээ. Ийм л сэтгэлийг халуун элгэн нутаг минь гэдэг юм.