“МонЦаМэ” өнөөдөр
Дэлхий дахины улс орнууд мэдээллийн агентлагуудаа додомдож, шинэ тулгар улсууд агентлагаа эмхлэн байгуулахыг хичээж байх зуур Монгол Улс Азийн анхны агентлагуудын нэг “МонЦаМэ”-г золтой л татан буулгачихаагүй юм. Ердөө үзэл суртлын нэг том хэрэгсэл гэж шинэ үеийнхэн ад үзсээр 20 гаруй жил болжээ. Ахин байгуулахдаа тулбал Х.Клинтоны хэлсэнчлэн “Дэндүү хэт ихийг төлөх” юм.
Мэдээллийн агентлаг бол гадаад сурталчилгааны хүчирхэг байгууллага байсан, байсаар ч байх болно. Үүний баталгаа нь “Россия сегодня” агентлагийг байгуулж буй явдал юм. Хүйтэн дайны хэмжээнд үнэлэх нь хаашаа юм, гэхдээ л өнөөдөр улс орнуудад гадаад сурталчилгаа зайлшгүй хэрэгтэй байна. Улстөрийн талцсан суртал нэвтрүүлгийн үе өнгөрсөн гэж бодоход дор хаяж улс орон ядаж эдийн засгийн сонирхлоор өөрийгөө байнга “рекламдах” бүтэц хэрэгтэй. Манайхан нэг кино, гялгар сэтгүүл, ролик төдийгөөр улс орны сурталчилгааг төсөлж байна. Гэтэл байнгын, тогтвортой, системтэй бодлоготой сурталчилгааг зөвхөн агентлаг л хийж чадна.
“МонЦаМэ” агентлаг өнөөдөр дөрвөн хэл дээр сонин, сэтгүүл, мэдээлэл түгээж, найман хэлээр мэдээлэл хүлээн авч байна. Агентлагийн тогтсон бүтэц, нэршлийг харвал хуучин систем хадгалагдан үлдсэнийг ойлгоно, гэхдээ энэ бол муу юм биш. Харин ч төгөлдөржүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлж авч явах ёстой үнэт зүйл, өнөөгийнхний нэрлэх дуртай үгээр бол “брэнд”.
Өнгөрсөн жил ажил авахад сайт хоцрогдсон, мэдээлэл түгээх хэрэгсэл дутмаг, компьютер техник хэрэгсэл дутагдалтай, хөрөнгө оруулалтаа тусламж, төслөөр аргацаадаг ийм л байгууллага болсон байв. Зарим ажилтан ажлынхаа төлөө хувийн компьютерээ ашиглаж байсан. Ажилдаа үнэнч үнэтэй эдгээр боловсон хүчнээс нэгийг ч халахгүй гэж амлачихсан.
Өнгөрсөн оны төсвийн хэмнэлтээс агентлагт олгосон мөнгийг бүгдийг нь сайт, техникийн шинэчлэлд зарцуулсны хүчинд өнөөдөртөө гал алдахааргүй түвшинд байна, гэхдээ л хоцрогдсон хэвээр. Ажилтнууд аль 1990-ээд оны саарал ширээгээ скочоор тогтоогоод сууж байна, төсвийн хөрөнгө оруулалтаар нэг ч газарт, нэг ч тавилга авч өгөхгүй, хэмнэнэ гэлцэж байгаа ч улс орныг гадаад таниулж буй цорын ганц агентлаг нь иймэрхүү л байдалтай байгаа. Боломжийг шавхаж сонины редакциудын тавилгыг сольсон ч тэн хагас нь хуучнаараа л байна. Ямар ширээний сайнаар ажил хийх биш, техник гол авч төр нь ингэтэл нь “мартаж” болох уу даа? Хэд давхарлаж будсан нүсэр сейфүүдээ ч сольж дуусаагүй байна. Гадны агентлагийн төлөөлөгчид ирэхэд арай гайгүй тавилгатай өрөөнүүдээрээ оруулж байна шүү дээ.
Үнэндээ энэ манай агентлаг бол Азид хамгийн анхны агентлагуудын нэг. Тэр үед Ази тив бүхэлдээ колонийн дарлалд, хоцрогдсон учраас мэдээллийн агентлаг байгуулахтай мантай л байсан. “МонЦаМэ” бол XX зууны эхээр Азийн хамгийн хүчирхэг орчин үежсэн орон байсан Түркийн “Анадолу”-тай нас чацуу агентлаг. Олон агентлагуудын жишгээр анхны жижиг товчоо, мэдээ дамжуулах газраар үүсгэлээ тооцвол бүр Олноо өргөгдсөний гуравдугаар он, 1914 онд байгуулагдаж даргаар нь Цэдэвсүрэн гүнг томилсон болж таарах гээд байгаа юм. Гэтэл 1921 оны хувьсгалын дараа анх байгуулсан албан газруудын нэг нь буюу ердөө 7 дугаар сарын 19-нд “МонТА” нэрээр бүр агентлаг болон байгуулагдсан байна. Тэр үед монгол, орос хэлээр мэдээлэл түгээж байсныг сонсоод бусад агентлагийн нөхөд үнэхээр өндөр үнэлдэг. Тэр ч байтугай анхны мэдээ бүр 3 дугаар сарын 23-нд цацагдсаныг АДБНУ-ын “ДальТА” уламжлан “Правда” сонин нийтэлсэн байна.
Өмнөх Засгийн газруудын Ерөнхий сайдууд ад үзэж, өөрөөсөө аль болох холдуулах гэж оролддог байснаас ад үзэгдсэн агентлаг арай л гэж тэсчээ. Манай хуучин улстөрчид ардтүмэндээ харагдах дуртай учраас радио, телевизийн хуулинд ихэд анхаарчээ, гэтэл гадаад ертөнцөд Монголыг мэдээлдэг ганц агентлагаа мартчихаж. Ямар Америкчууд сонгууль өгөх биш, тийм ээ? Өнгөрсөн онд ГХЯ-ны харъяанд байсны хүчинд гадаад харилцаагаа овоо жигдрүүлж авсандаа олзуурхаж байна.
“МонЦаМэ” Ази номхон далайн орнуудын 36 орны 44 агентлагийг нэгтгэсэн “ОАНА” хэмээх байгууллагын гишүүн, Т.Баасансүрэн даргын үед Удирдах зөвлөлд сонгогдсон “МонЦаМэ” 9 дүгээр сард Москвад болсон Ерөнхий ассамблейн үеэр дахин сонгогдов. Ингэхдээ “ИТАР-ТАСС”-ийг Ерөнхийлөгчид, “Киодо цушин”-ыг Удирдах зөвлөлд дэмжиж, хариуд нь “Киодо Цушин”-тэй мэдээлэл солилцох гэрээ байгуулав.
Нөгөө талаар “МонЦаМэ” ОАНА-гийн хамтын ажиллагааны хүрээнд дүгнэдэг гол гурван үзүүлэлт бичгэн мэдээ, фото мэдээ, видео мэдээ өгөлт, татан авалтаар бусад 44 агентлаг дотроо тэргүүлэгчдийн тоонд орсныг өмнөх Ерөнхийлөгч Туркийн агентлагаас зарласан юм. Өмнөх захирал С.Алтанцэцэг телевизийн хүн учраас телестудийг сайтар тоноглосны нэг том үр дүн бас харагдав. ОАНА-гийн эгнээнд ОХУ-ын “ИТАР-ТАСС”, БНХАУ-ын “Синьхуа”, Японы “Киодо цүшин”, Энэтхэгийн “PTI”, Туркийн “Анадолу”, Ираны “ИРНА”, Өмнөд Солонгосын “Ёнхап”, Умардын “КCNА” зэрэг хүчирхэг агентлагууд багтдагийг тооцвол энэ сайн үзүүлэлт. “Оросын дуу хоолой” мэдээлсэнчлэн “МонЦаМэ” Умард Солонгосын мэдээллийн Төв агентлагтай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэснээр ахин дэлхийн мэдээллийн тавцанд нэрээ гаргах болов. Эцсийн тохиролцоог Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хийсэн. Бас “Синьхуа”-тай гэрээгээ өргөтгөх тохиролцоонд хүрч, “ИТАР ТАСС”-тай нэмэлт гэрээ байгуулав. Туркийн “Анадолу” УИХ-ын даргын айлчлалын үеэр гэрээгээ шинэчлэх санал ирүүлсэн боловч нэгд гадаад томилолтын мөнгө дуусаж, хоёрт айлчлалын бүрэлдэхүүнд багтаагүй тул амжсангүй, гэвч гэрээг байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн тул удахгүй бүтэх байх. “ИРНА”-тай мэдээлэл солилцож байна. Зөвхөн Ази гэлтгүй хуучин түншүүдээ мартаагүй, Украйны хямралын үеэр “Укринформ”-ын мэдээ хүлээн авч дамжуулсан. Ямарваа мэдээ гуравдагч агентлагаар дамжихдаа л хандлага нь өөр болчихдогтал бий учраас анхдагч сурвалжаас шууд авахыг агентлагууд илүүд үздэг.
Мэдээллийн агентлаг бол цэвэр гадаад харилцаа юм. Гайхалтай нь гадаад томилолтын зардлыг “төрийн мөнгөөр доншуучлуулахгүйн тулд” маш багаар тогтоожээ. Ямар сайндаа л Умард Солонгост очих зардлаа өөрөө гаргах вэ дээ. Гэвч ажил амжсанд баяртай байгаа, айлчлалын талаар нэг их урт замын тэмдэглэл уншигчиддаа хүргээгүй юу.
Сайтын хандалт өнгөрсөн оны 11 сард 15 мянга орчим байсан болов уу гэлцэж байсан. Өөрийн боловсон хүчний нөөцөөр шинэчлэл хийснээр энэ оны 3 дугаар сард 100 мянга давж магнай хагартал баярлуулж байсан бол өнөөдөр хамгийн дээд үзүүлэлт нь 6 655 000 давлаа. “RT”-ийн тэрбумын дэргэд өчүүхэн л дээ, гэхдээ одоохондоо амжилт мөн, гэхдээ ханах болоогүй. Хандалтын үнэмлэхүй олонх нь гадаадаас байна. Үүний учир нь “МонЦаМэ” өөрийн тогтоосон чиг үүрэг нь цэвэр гадаадад мэдээлэх, учир нь “дотоодод манипуляци хийж магадгүй” учраас хориглодог, тиймээс гадаадад мэдээлэхэд гол анхаарлаа хандуулсантай холбоотой. Агентлагаа дотоодод нэр хүндтэй болгох сонирхол манайханд их байгаа, ядаж мэдээлэл олж авахад их тустай учраас аргагүй, гэхдээ хуулийн хэм хэмжээг барих нь ардчилсан нийгмийн гол шалгуур мөн биз? Тиймээс дотооддоо бол их даруухан байгаа юм.
Хүн гэж давардаг амьтан учраас “Оны өмнө 10 сая хүргэх” зорилготойгоо Ерөнхий сайдад хэлсэн ч амжихгүй нь бололтой. Учир нь Ерөнхий сайд өнгөрсөн өвөл ирэхдээ ихээхэн санаа тавьж, агентлагийн серверийг “Үндэсний дата төв”-д шилжүүлэх үүрэг өгснөөр л энэ хэмжээнд хүрсэн юм. Өнөөдөр “МонЦаМэ”-гийн хэт ачааллаас болж “дата төвд” хүндрэл гарч байгаа ч хамтрагчид маань манай техникийнхэнтэй хамтарч шийдлийг олсонд баяртай байна. Чухам хэт ачааллаас болж бэрхшээл тулгараагүй бол 10 сая хүрчих ч байсан юм билүү?
Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю-гийн хэлсэнчлэн “Амжилтаа бууруулан үнэлж, зорилтоо хэтрүүлэн төлөвлөх” ёстой учраас хандалт 450 дахин өссөн нь ердөө л хүлээлтийг хангасан хэрэг, үүнээс цааш бид шинэ уншигч олохын төлөө тулалдах ёстой гэж хамт олноо уриалж байна. Ерөнхийлөгч “Монголыг их сонирхож байгаа юм байна даа?” гэсэн, тэр үнэн байх. Өсөлтийг хангахын тулд техникийн хөрөнгө оруулалт чухал байна.
Нөгөө талаар гадаад хэлээр түгээх мэдээллийн тоог 2-3 дахин, хүлээн авч буй мэдээллийн тоог мөн 2-3 дахин нэмэгдүүлсэн нь ийм түвшинд хүргэсэн бөгөөд үүнд хамт олны чармайлт голлон нөлөөлснийг дурдах хэрэгтэй.
Мэдээллийн агентлагийн нэг чухал үүрэг мартагдсан байсныг сэргээсэн нь их чухал юм. Энэ нь шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах. Өнөөдөр найман хэлээр мэдээлэл авч байгаадаа дулдуйдан 7 хоног бүр Монголын талаар дэлхийн мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллийг шүүж, тусгай товхимол болгон УИХ, Засгийн газар, ЕТГ, ГХЯ, судалгааны байгууллагуудад үнэгүй хүргүүлээд бүтэн жил болж байна. Гайхалтай нь тэр товхимол одоо болтол Ерөнхийлөгчийн гарт очоогүйг өчигдөр мэдэв, ЕТГ-ын дарга нь номын сангаас эсвэл хүнээс авч уншдаг гэх юм, уг нь 10 ширхэгийг 7 хоног бүр оруулж байгаа, бодвол наагуур нь учраа олдог бололтой.
Гагцхүү товхимлыг хэр үр дүнтэй ашиглаж байгаа нь мэдэгдэхгүй байна, Засгийн газар бол ихээхэн сонирхож байгаа ба хуралдаан бүрийн өмнө шаардаж байгаад авдаг, Ерөнхий сайд дугааруудыг архивлах үүрэг өгчээ, харин УИХ-ын гишүүдэд хүрч байгаа нь хаагуур явдаг юм, олонх гишүүд, бүлгийн дарга нар аваагүй, мэдэхгүй гэх юм билээ.
Өдөр тутам гардаг “МонЦаМэ мэдээ” сониныг дотоодод зориулсан сонин гаргаж болохгүй учраас хаасныг өөрчилж сар тутмын “МонЦаМэ тойм” сэтгүүл болгосон. Сэтгүүлийг мөн л тусгай зориулалтаар дурдсан байгууллагуудад хүргүүлж байгаа ч хэр уншиж байгааг ёстой “Аллах л мэдэх байх”. Сар бүр сэдэв сонгож, асуудлыг монголын болон дэлхий дахины мэдээллээр тоймлон тусгаж байна. “Монгол иргэншил” дугаарыг МҮАН-ын дарга М.Энхсайхан олж уншсанаа ихэд магтсанд бүлгийн гишүүд нь уншаагүй байв.
Алтан гадас одонт “Новости Монголий” сонин өнөөдөр манай улсад орос хэлээр гарч буй цорын ганц сонин. Нэршил нь “Новости” агентлагтай адилхан байгаа биз, гэхдээ “Монголын мэдээ” бол зөв нэр. Яг үүнтэй адил нэртэй “Мэнгу Сяосибао” бол бүр 1929 оноос анх “Ажилчны зам” нэртэй гарч байсан хятад хэл дээрх цорын ганц сонин. “Монгол мессенжер” сонин англи хэл дээр гарсан Монголын анхны сонин, өнөөдөр Монголд англи хэлээр хоёрхон сонин гарч байгаагийн нэг. АНУ-ын конгрессийн номын сан хүртэл “*.pdf” хувилбараар захиалж авдаг. “Монгору цушин” бол Япон хэлээр гарч байгаа Монголын цорын ганц сонин. Саяхан 10 жилийн ойгоо хийсэн ба ойн үеэр хоёр орны харилцаанд оруулсан хувь нэмрийг үнэлж Японы Элчин сайдын нэрэмжит шагналаар шагнуулсан. Дээр нь монгол бичгээр гардаг цорын ганц сонин “Хүмүүн бичиг” мөн л “МонЦаМэ”-гийн бүтээгдэхүүн. Манайхан үндэсний үзэлтэн, эх орончоо гайхаж, цээжээ дэлддэг ч тэр “ориг монголчууд маань” монгол бичгээ мэддэг нь хэр бол доо, захиалгын тоо 6000 мянга орчим байгаагаас үзвэл. Харин орос үсгийг сүрхий мэддэг бололтой юм, саяхны дөрвөн үсгийн маргааныг харвал.
Сонины захиалга нэмэгдэж байна, гайхалтай нь зарим нэг үхширсэн ойлголтыг л давах нь хүнд байна. Монголын агаарын ба төмөр замын тээврийн компаниуд уг нь эдгээр сониныг авч үйлчлүүлэгчиддээ хүргэх нь үйлчилгээний нэг том соёл баймаар. Гэтэл эдгэр хэвлэлийг “шахааны сонин” мэт харж байгаа нь гайхалтай. БНАСАУ-д айлчлах үеэр Бээжингийн чиглэлийн онгоцонд суухад хятад хэлээр мэдээлэл авах боломжгүй, үйлчлэгчид нь намын хэвлэл тараагаад явж байх юм. Урьд өмнө нь анзаардаггүй байж л дээ. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Япон нисэхэд айлчлалын баг ердийн рейсээр ниссэн. Гэтэл онгоцонд ганц ч Япон хэл дээрх хэвлэл байгаагүй. ОХУ руу нисэхэд бас л орос хэл дээр юу ч байхгүй нь ойлгомжтой. Ядаж аль алинд нь англи хэлээр хэвлэл алга, байгаа нь голдуу арилжааны, нүцгэн хүүхэн, бас арьсан эдлэлийн реклам дүүрэн хагас англи хэвлэлүүд. Гэтэл үйлчлүүлэгчдийн тал нь оросууд, хятадууд, япончууд тэр тусмаа дэмий тэнэгчид биш ажил хэргийн, албаны хүмүүс голдуу байгаа шүү дээ.
Аль ч улсын онгоцонд суухад өөрийн болон гадаадын үйлчлүүлэгчид зориулсан тухайн орны хэл дээр болон түгээмэл хэлээр хэвлэсэн сонин өгдөг. Яг онгоцны хаалганы дэргэд сонин өрж, дуртай нь авч ороод очих гэж буй орны цаг үеийн байдлын талаар тодорхой мэдээллийг нислэгийн хугацаанд авах боломжоор хангадаг. Нөгөө талаас энэ бол улсын сурталчилгаа, нүүр царай. Ядаж л Монголчууд англи, орос, хятад, япон хэлээр чанартай сонин гаргаж чаддаг боловсролтой ард түмэн гэж үнэлэхээс эхлээд.
Чанартай гэдгийн учир нь өнөөдөр аль ч хэлээр гарч буй сониныг “МонЦаМэ” өөрийн боловсон хүчнээр гаргах хэмжээнд хүрсэн. Оросын элчингийн зөвлөх Л.Платонов “Танай англи сонины найруулга гайхалтай, ганцхан дутагдал байна, улстөр-эдийн засгийн мэдээлэл голложээ, соёлын мэдээллээ нэмээч” гэж байсан. ШӨХТГ-ын дарга О.Магнай туслаж цөөн хэдэн сонин “МИАТ” компаниар захиалуулсан. Гэтэл “Аэрофлот”-ын төлөөлөгчийн газар үйлчлүүлэгчиддээ зориулж “Новости Монголий”-г захиалахын дээр бүр нислэгийн хуваариа байнга нийтлүүлж байгаа юм даа.
Төмөр зам ч ялгаагүй, Япон нь байг гэхэд нөгөө хэлээр хэвлэсэн сонинууд байвал уншихгүй гэж үү? Гэвч байдал засрах байх гэж найдна. Хэрэв энэ жил төсөв хүндрээгүй бол солонгос хэлээр сонин гаргах төлөвлөгөөтэй байсан юм. Хоёр Солонгосын агентлагуудтай адил харилцаатай манай агентлагийн хувьд аль ч улсынх нь иргэд уншиж болох мэдээллийг нийтэлсэн сонин гаргах боломж бүрдээд байгаа юм.
1956 онд анх гарсан ч анхны дугаарууд нь олдохоо больсон Оросын шинэ агентлагтай утга нэг нэртэй “Мongolia today” сэтгүүл бол ховор брэнд. Анх “Монголиа сегодня” нэрээр орос хэлээр гарч байсныг “Орчин үеийн Монгол” гэж орчуулдаг байжээ. “Современная Монголия” нэрээр ч гарч байж. Одоо бол мэдээллийн түгээмэл хэл учраас англиар гарч байгаа ба ГХЯ-ны шугамаар бүх дипломат төлөөлөгчдийн газруудад хүрдэг ба гадаад захиалга нь нэмэгдэж байгаа сэтгүүл. Энэ мэт “брэндийн” цуглуулга болсон агентлагийг музей хэлбэрээр биш зориулалтаар нь ашиглах нь өнөөдөр улс оронд туйлын чухал байна.
Дэлхий дахинд улстөрийн талцсан тэмцэл намжмал байдалд орсон ч аливаа улс орон хөрөнгө оруулалт татах, имиджээ өсгөх, дор хаяж жуулчин татахаас эхлээд мэдээллийн амар том өрсөлдөөн дунд тэмцэлдэж байна. Монгол Улс мэдээллийн “экспанс” (түрэлт, цөмрөлт) хийж чаддаггүй юм гэхэд наад зах нь мэдээллийн тэнцвэр хадгалж байх агентлагтай байх зайлшгүй хэрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд 3 ба 8 дугаар сард агентлагийн зүгээс Монголын талаарх сөрөг мэдээлэлд, ялангуяа хөрөнгө оруулагчдын зүгээс учруулсан таагүй мэдээллийн дайралтад “контр” хийх зайлшгүй шаардлага тулгарч байв. Гадаад орчны мэдээллийг мэдэрч болж байгаа хэр нь дотоодоос хангалттай “цэнэглэхгүй” байгаа нь жаахан хүндрэлтэй байв. Үүний шалтгаан нь нэгд агентлагийг мартсан, хоёрт тэгтлээ тоохгүй байгаад оршино. Шаардлагатай үед гадаадад мэдэгдэл гаргах боломж ЗГ, ГХЯ-наас гадна агентлагт байдаг. Гэтэл агентлаг тоймчгүй байсан нь гайхалтай байсан шүү. Одоо бол тоймчидтой болсон төдийгүй тулаанд оруулаад үзчихсэн байна.
Саяхан хэвлэл мэдээллийнхэн Ерөнхийлөгчтэй уулзах үеэр Баабар “Хөрөнгө оруулалтын шинэ хуулийн тухай Засгийн газраас пропаганда хийж байна” гэж хэлсэн. Мэдээллийн орчинд мэдрэмтгий, мэргэшсэн хүн учраас барьж байна. Үнэн л дээ, жишээ нь шинэ хуулийн тухайд хөрөнгө оруулагчдын зүг пропаганда хийх шаардлагатай бол хийж болно. Гэхдээ “саарал” түвшинд. Жишээ нь агентлаг гадаад орчинд пропаганда хийлээ гэхэд зайлшгүй бодит эх сурвалжтай, олон давтамжтай мэдээллээр үнэмшүүлэх ёстой. Хамгийн гол нь зорилго үнэн байх, өөрөөр хэлбэл Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдыг татах чин эрмэлзэлтэй байгааг үнэнээр нотлох ёстой. Агентлагийн хамгийн гол хүч нь нэр төрд байдаг. Мэдээллийн бодлогыг агентлаг хандлагаар зохицуулдаг, түүнээс нэг сүрхий мэдээ, эсвэл “МонЦаМэ бүрэн эрхийнхээ ёсоор мэдэгдэж байна” гэхээр цаадуул ньгараа өргөчихдөг ч юм биш л дээ. “МонЦаМэ”-гийн мэдээг шалгахгүй “үнэн” гэж үздэг ба “эшлэдэг”-т л агентлагийн гол хүч байгаа юм. Хэрэв хуулийн цоорхойг нөхвөл бас л сурталдана. Улс орны өнөөгийн эрх ашиг бол хөрөнгө оруулалт татах.
Өнөөдөр агентлагт тулгарч байгаа гол асуудал бол гадагшаа цацагдаж байгаа мэдээллийн бодлогыг хэн барих вэ? гэдэгт тулчихаад байна. Заримдаа нөхөддөө хошигнодог юм. Монголын Засгийн газар гадаад мэдээллийнхээ гол сувгийг “хувьсгалч-хөдөлгөөнчин” нөхөрт даатгачихаад санаа амарлингуй явж болох уу даа? гэж. Өмнөх нийгэмд агентлагийн Ялангуяа мэдээллийн хэрэглээ өсөж байгаа үед.
Тайлбарлалтгүй, улс орны эрх ашгаас гажих ёс суртахууны эрх надад байхгүй. Энэ бол ядаж үндэсний үзэлтэнд байх зарчим. Гэхдээ л энэ хяналтгүй байдлыг өөрчлөх ёстой. Ядаж УИХ, ЗГ, ЕТГ-аас хамтран гадаад мэдээллийн бодлогыг зохицуулах үүрэгтэй “ядаж” зөвлөл байгуулах ёстой бус уу? Гэхдээ МҮОНТВ-ийн зөвлөл шиг бөөн дурын уран сайханчид бол ч олхиогүй л дээ. Хамгийн зөв арга зам бол зөвлөлийг тус бүрийн Хэвлэл мэдээллийн албаны дарга нараар бүрдүүлэх, ингэхдээ нэр зааж биш албан тушаалаар зааж бүрдүүлэх нь чухал гэж бодож байна. Өмнөх нийгэмд агентлагийн мэдээллийн бодлого чиглэлийг намын ТХ-ны үзэл суртлын хэлтэс гэдэг нүсэр бүтэц хариуцаж байсан.
Хоёрдугаар асуудал нь боловсон хүчний мэргэшил. Агентлаг бол гадаад орчинд өрсөлдөх учраас ажилтнууд нь чөлөөтэй ч бай, чөдөртэй ч бай сэтгүүлч биш “суртал нэвтрүүлэгчид” байх ёстой. Наад зах нь анхны мэдээг дотоодын уншигчид биш, гадныханд зориулж бичих ёстой. Өнөөдөр агентлагт энэ талын ядаж нэг хуудас заавар ч алга. Тиймээс энэ чиглэлийн ном, сурах бичгүүдийг сонгож орчуулах нэг арга байна, эсбөгөөс ядаж хэдэн хүнээр энэ чиглэлийн судалгааны ажил хийлгэх шаардлагатай байна. Хүйтэн дайны жилүүдэд агентлаг Зөвлөлтийн хавсарга явсан учраас бие даасан гадаад мэдээллийн бодлого явуулах үндэсний боловсон хүчин алга, байсны олонх нь мөнх бусыг үзүүлсэн байна. Ялангуяа радиогийн гадаад нэвтрүүлгийн алба, агентлагийн гадаадад мэдээлэх хэлтэст удирдах алба хашиж байсан хүмүүс нэн ховорджээ. Агентлагт гүйцэтгэгчид биш идеалогичид, технологичид туйлын чухал. Туршлагатай гүйцэтгэх ажилтнууд бол хангалттай л байна.
Түгээхээс гадна хүлээн авах чиглэлд ч мэргэжилтэн шаардлагатай. “ИТАР-ТАСС” агентлагийн гадаад мэдээний орчуулагчид нь сэтгүүлчид биш цэвэр “орон судлаачид” байдаг учраас тухайн орон, бүс нутгийн үйл ажиллагааг махчилан орчуулах биш шинжилгээ хийж гаргаж байна. Ийм мэдээлэл төр засагт асар үнэ цэнэтэй.
Олон хүн “МонЦаМэ” агентлагийг зүгээр л нэг том факсын аппарат гэж харж байсан, харж ч байна. Төсвийн тодотголоор нэлээд хэмжээний төсөв хассан ч сүүлийн сард бас дур мэдэн төсөв танаж байна. Агентлаг бол байнгын хөдөлгөөн дунд мэдээ үйлдвэрлэж, түгээж байдаг газар болохоос цалин, өрөө байвал тэгсгээд тамга тэврээд сууж байдаг түшмэлүүдийн контор биш, үйлдвэрлэлд зайлшгүй түүхий эд (гадаад, дотооод мэдээлэл) авах мөнгө хэрэгтэй, тиймээс төсөв танахгүй байх нь зөвхөн агентлагийн эрх ашиг биш улсын эрх ашиг болохыг дурдах ёстой.
Энэ ажлыг авахдаа Ерөнхий сайдад хэлсэн юм. “Бид хоёр улстөрийн шинэчлэлийн төлөө удаан үзэлцэх нь бололтой. Тиймээс мэргэжлийн ажил сонирхож байна, “МонЦаМэ” агентлагт томилж өгөөч. Гадаадын аль ч хэвлэл манайх руу бараг дадлагын оюутан явуулаад Монголын талаар аль л болохгүйг шүүрдэж бичээд байна. Энэ байдлаар бараг Хойд Солонгосынх шиг имиж бүрдэх байх. Үүнийг засаж залруулах шаардлагатай болов уу” гэж. Алийн болгон “хар пиарчин” гэгдэж явах вэ дээ, ядаж өрсөлдөгчид дундаасаа илүү гарахын тулд ядаж “пропагандист” болмоор байснаа нуултгүй. Ядаж л атар онгоноороо байгаа энэ салбарт анхны шан татвал ядаж судлагдаагүй салбар учраас амар бус уу? Хэрэв сүрхий хөгжвөл энэ салбарт мэргэших, байр сууриа олох тун хүнд байх болно.
Дөрвөн жилийн дараа агентлаг мэргэшсэн, тодорхой чиглэл, стандартад захирагддаг, онол, арга зүйн суурьтай, түүнийг нь улам хөгжүүлэх бололцоотой болчихсон байвал улсад л хэрэгтэй. Чухам иймээс хэчнээн суусан ч нийтлэлчийн блогтоо өгүүлэл бичих зав гарахгүй байгаа тул уншигчдаасаа өршөөл эрж байна.
zochin
Зочин
xun
angry bird
paah tiim u
OMNOH HUN GOE HELJEE :)))
zochin
ari
Ардчилсан хувьсгалчдад мэдлэг боловсрол хамаагүй
Mgl111
уншигч
ene ramzaid
Зочин
Зочин
атар
Enhee
Mongol
ramzai
Шороотын Цэвээн
lop
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
mn
Tuya
Tuya
zochin
zochin
unshdag
Зочин
Хуягаа энэ хаанахын IP вэ? Танайх шалгачих байх
ииии
mgl
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин