Хөх хот
Ихэнх улс орнуудын ард түмэн хоорондоо “Саахалт айлын санаа цуг” агаад амьдралын хэв маяг, хэл ус нь өчүүхэн ялгаатай байх юм билээ. Манай ард иргэд уртаашаа хоёрхон хөрштэй боловч тэднээсээ тэс өөр ертөнцтэй. Энэ нь сайн юм уу, муу юм уу хэлж мэдэхгүй юм. Ялангуяа хятадуудтай зайгаа барьж явсан тулдаа л өнөөдөр уусчихалгүй туурга тусгаар яваа гэдэг.
Монгол хүн хөрш орныхоо хилийг давлаа л бол хэлийг нь ойлгохгүй, бичгийг нь мэдэхгүй, танил талгүй. Харин мянга түмэн жил айл хөрш яваа нь яах аргагүй үнэн.
Хөх хотод очив. Улаанбаатараас хөхөд, буцаад улаандаа ирэхлээр улсынхаа далбаархуу өнгөтэй аян зам туулжээ дээ.
Замын турш яриагүй, уншаагүй, найзлаагүй. Дуугай л яваад байв. Нэг удаа “унших” гээд оролдлоо. Ханз үсгээр “Өвөр Монгол” гэхийг зурсан бололтой юм. Дүрс үсгийг ажиглаад байхад энгэртээ хурга юмуу тахиа шувуу тэвэрсэн хүн зурчихсан мэт нүдэнд бууж байна. Үүнийг “Нэй Монг гу” гэж аялгуулав. Утга нь “өвөртөлж явдаг монголчууд” гэсэн үг юм уу даа. Харин биднийг болохоор “Вей Монг гу” буюу манайтай ямар ч хамаагүй гадна талд байдаг монголчууд гээд нуруугаа харуулаад сууж буй хүний дүрсийг бичжээ. Аль аль нь гомдмоор, далд муу санаа агуулсан үг биш юм шиг. Энд зүг чиг заасан утга алга. Заримдаа “Бей Монгу” гээд байдаг нь манайхны “Ар Монгол” гэдгийг шууд орчуулсан үг байх. “Бей Жин” буюу “Ар нийслэл” гэсэн бас нэг нуруугаа харуулсан хүний дүрс бүхий гэхдээ арай өөр ханз байна билээ. Энэ бол зүгээр л миний хувийн ажиглалт болохоос тийм үү гэж хэн нэгнээс асуугаагүй шүү.
Хятад улсын таван гол үндэстний нэг болох Өвөр Монголын Өөртөө засах орны нийслэл Хөх хот нь өөрийн гэсэн онцлогтой мөртлөө орчин үеийн хөгжил дэвшилтэй. Гадаадынхан энд ирээд “Энэ монголчууд чинь тэгж байгаад ямар айхтар хөдөлмөрч, хөгжчихсөн ард түмэн юм” гэж боддог биз. Монгол, Чингэс, улмаар нүүдэлчдийг сонирхогчдын дийлэнх нь газрын ойр үнэ хямд, үзэх юмтай гээд Хөх хот, Ордос, “Чингэсийн онгон”-ыг таалан соёрхоод л буцаж байна. Барууны ба бар орнуудаас дутахгүй гоё сайхан барилга, зам гүүр, цэцэрлэгийг зөвхөн өвөр монголчууд дангаараа, өөрийнхөө хөрөнгө чадлаар босгоогүй нь тодорхой. Эндхийн арван хүн тутмын ес нь хятад үндэстэн. Хэдий нуль хятад боловч хотыг монгол болгож харуулахын тулд хаяг зарлалыг заавал уйгаржин босоо бичиг хамтатган бичих ба автобус унаа нь хаа яваагаа монгол хятадаар хоёулангаар нь зарлана. Гадна доторх чимэглэлд монгол хээ угалз зонхилох бөгөөд хөшөө барималдаа морьтон баатар, Чингэс хааныг мөнхөлжээ.
Наанаа ийм мөртлөө цаанаа монгол үндэстнийг дээрэлхэж хавчиж уу гэвэл бас үгүй. Барга, цахар, харчингууд хонь малаа ч гаргаж билчээхээ болиод нам засгаараа өвс тэжээлээ бэлдүүлэн хүн малтайгаа жаргаж байгаа гэцгээнэ. Өөртөө засах орны уудам нутаг дэвсгэрийг ойжуулж, цөлжилтөөс хамгаалж, хөгжүүлэх тал дээр дэвшилт хүмүүн төдийгүй лус савдаг баярлууштай алхмыг зогсоо зайгүй хийцгээнэ. Нутгийн уугуул иргэд үндэсний ёс заншил, дээл хувцас, дуу бүжгээ эрхэмлэн дээдлэх талаар амныхаа зоргоор эрх чөлөөгөө эдэлнэ. Энд арьс өнгө, шашин шүтлэг, их бага үндэстнээрээ талцан тэмцэлдэх явдал шалтгаан алга. Бүгдээрээ “Жунго”-гоор ярьж, энгийн хувцас өмсчихлөөр хятад монгол нь ялгагдахгүй юм билээ. Хэн нь хэнийгээ уусгасан тухайд ч асуудалтай.
Гэхдээ л хятадыг дагасан монголчууд аз жаргалтай сайхан байгаа юм бол бид ч гэсэн дагаж очоод наалдчихвал яасан юм гэж бодохоос ч дотор харанхуйлна. Ийм олон хүнтэй жаргал зовлонгоо хамт хуваалцаж, хашаан дотроо ядаж арвуулаа биш мянга түмээрээ цуг арзаганалдан шаагилдаж амьдарч чадах хэн байх вэ дээ. Хэл мэддэг байгаад ч жирийн хятад иргэнтэй ярих сэдэв таарахгүй. Улс төрөө байг гэхэд урьд шөнө хөлбөмбөг яаж дуусав гэхэд таг. Хотын замын бөглөрлийг ингээд зохицуулчихвал зүгээр ч юм уу, яагаад Америк руу визгүй явж болдоггүй юм гэх зэрэг хэрэгтэй сэдэв хөндвөл бүр ангайна, айна. Гэхдээ хулгай хийхгүй, худлаа ярихгүй, хувцас хоол, ажил голохгүй сайхан мөрөөрөө хүмүүс юм даа. Манай умрын хүйтэн орныг зорьсон дотор газрын төлөөлөлд аль өөдгүй нь, эсвэл тусгай даалгавартан зонхилдгоос бид энэ хүмүүсийн гэгээлэг талыг бараг олж хараагүй байх.
Хөх хотын хүнсний дэлгүүрүүд эл хуль бол хоолон гэрүүд хэзээ ямагт пиг хүнтэй. Бүр хар үүрээр босоод гуанзанд орцгооно. Гудамжинд явуулын тэргэнцэр дээр утаагүй нүүрс шатааж ус буцалган, ширэм улайсгаж байгаад гамбирт ороосон хиам, ногооны хачир, халуун ногоо дээр нь түрхээд гялс хийгээд өгнө. Тэрнийг нь оюутан, сурагчид зогсоо зайгүй авч идэцгээнэ. Энэ хоолсог эрэлт хэрэгцээгээ дагаад хот тэр аяараа баяр ёслол хийж буй мэт гуанз нээжээ. Заримынх нь гэр оронд гал тогоо гэж байна уу, үгүй юу. Баяр гэснээс өдөр бүр 11.30-аас энд тэндгүй салют буудаж пижигнүүлнэ. Манайхаар бол морин цагт хурим, оршуулга, цайны газрын нээлт гээд арга хэмжээнүүд тасрахгүй явагдах ба тэр тоолонд элдэв чөтгөр шулмыг чанга дуугаар цочоон хөнөөдөг аж. Одооны салютны цацрах туяаг биш дууг нь ийн бүтээлчээр ашиглажээ. Урьд бол цаас нугалан савж юм уу түмпэн сав нүдэж чимээ гаргадаг байв.
Үүх түүхэнд тэмдэглэснээр XVI зуунд Түмэдийн Алтан хан Монгол Хятадын хил дээр Буддын шашны сүм сууринг анх байгуулснаар Хөх хотын намтар эхэлдэг. Төд удалгүй Минь улс ч зэрэгцүүлээд өөрийнхөө худалдааны сууринг нээж Гуйгуа хэмээн нэрлэсэн байдаг. Одоогоор бол анхны Эрээн-Замын-Үүд боомтууд юм. Түүнээс хойш бараг 1950-иад он хүртэл Хөх хот нь хятадуудыг Монгол руу нэвтрэхэд нь хяналт тавьдаг зааг байсаар иржээ. Шинээр Дундад ард улс эмхлэгдэн ӨМӨЗО байгуулагдахад Хөх хот тус өөртөө засах орны нийслэл болсон. Хуучин хоёр хотыг нийлүүлж засаг захиргаа, худалдааны гол зангилаа болгон хөгжүүлсэн. Анхны пад пад тракторыг энд үйлдвэрлэж тариачин иргэд олноор Өвөр Монголд нүүн ирсэн. Одоо бараг дөрвөн сая хүн амтай, Төв Азид Улаанбаатартай өрсөлддөг, Хятад улсын цээжин тушаа өвөр энгэртээ зүүсэн “Хөх” нэртэй улаан өнгийн тэмдэг нь ажээ.
Хойд зүг явах бүх замыг хаадаг байсан бартаа ихтэй Далан харын нурууг засч янзлан ойжуулаад өөрчилсөн байна. Эрээн-Хөх хот хооронд шууд явах зам нээгдсэн. Хурдны замаар Монгол Улсын өмнөд хил рүү гурван цаг гаран яваад очно. Далан харын нэгэн энгэрийг амьтны зоо парк болгосон нь манайх Богд уулаа тэгмээр санагдсан. Амьтад нь хагас торонд хагас зэрлэгээрээ явах тул өнгө зүс гайгүйтэй. Араатан амьтны ертөнц рүү орохдоо автобуснаас гаралгүй цонхоороо хараад аажуухан явчихна. Бусад амьтадтай танилцахдаа байгаль дээр нь хажуугаар явган явж болно. Амьтасд зориулсан тэжээлийг бага багаар савлаад зарна. Хүүхдүүд өрөвдөөд түүнээс нь худалдаж аваад өгнө. Олны буянаар амьтныхаа ихэнхийг энэ мэтчилэнгээр тэжээчих арга бас байна аа. Гадаадынхан тэр бар, арслан мэтийг кинон дээрээс харсаар байгаад уйдцарсан байдаг юм уу тоохгүй. Оронд нь зээр, хагас зэрлэгшүүлсэн хонь ямааг их шохоорхох юм. Ялангуяа хоёр бөхтэй тэмээн сүрэг. Элдвийн шувуунуудыг бөөгнүүлж байгаад асар том торон байгууламж дотор хашжээ. Тэгээд усан оргилуур, хүрхрээ хийн, зарим газар нь амьтны аятай хөгжим хангинуулан үлгэр домгийг бодит байдалд авсаархан дөхүүлж шүү. Шувууд энэ ертөнцийн хамгийн чалчаа амьтад ч юм байгаа. Спорт заалнаас том энэ торны оройд хэсэг газар цоороод онгойчихож. Түүнийг талын хүрэн бүргэд нэвт цохиод оргосон гэнэ шүү. Бусад нь араас нь цуваад нисчихгүй байхыг бодоход хаана аюулгүй хоолтой гэдгээ одооны амьтад мэддэг болоо юу даа.
Хотын хүнсний захаар явж байгаад тахиа галуу зарж байгаа хэсэг дээр аймаар юм үзэв. Хүмүүс тортой галууг хонь худалдаж авахтай адил баахан барилж үзээд авахаар болно. Наймаачин өнөө амьд шувууг суга татан гаргаж ирээд хоолойг нь тас хайчлаад доошоо харсан цорго руу шургуулчих юм. Толгойгүй их биенээс хачин авиа шиг гараад сарвалзаж хамаг цусаа юүлнэ. Тэгээд сайн үхэж дуусаагүй байхад нь буцалж байгаа бохир ус руу дүрээд бүх өд сөдийг нь зумалж шалзлаад гаргаад ирнэ. Гэдэснээс нь нэг юм сугалж аваад нөгөө галуугаа халуунаар нь уутлаад өгч байна.
Хөх хот гэлтгүй газар бүр л өөрийн гэсэн дэг жаяг брэнд эрэлхийлдэг биз ээ. Эндхийнхний хувьд “сайн дурын уран сайханчин” ихтэй. Настангууд дөрөв тавуулаа хамтлаг болон гудам цэцэрлэгт эгнэж суугаад л хятад ардын дуугаа хангилуулж өгнө. Тэд өмнөө мөнгө тосох түмпэн тавихгүй, цаанаас нь ингэж бай гэж хэн нэгэн шаардаагүй. Зүгээр л сайн дураараа ингэж өөрсдийгөө баясгадаг хүмүүс зөндөө. Мөн байсгээд хөдөөнөөс өвөр монгол малчид ирж төв талбай дээр сайн дурын концерт тоглоно. Гудамжинд эрчүүл өдөржингөө хятад шатар, хөзөр тоглоод тамхиа баагуулаад суучихна. Тэрэн дээр нь харин хүмүүс их шавж сониучирхана. Эмэгтэйчүүдийн хувьд тэвэг өшиглөх, хатгамал оёх зэргээр уйдаагаа гаргах юм билээ.
Сүүлийн үед зах зээл улам лавширснаар муу юм их дуулдах боллоо гэцгээж байна. Том хотуудад хулгай, луйвар гарах болсон. Хүнд мөнгө өгөхөөр тоолох явцдаа дундаас нь сугалаад атгуулчихдаг луйвар хавтгайрсан гэнэ. “Чамд би сая нүдэн дээр чинь тоолоод өгөө биз дээ” гээд орилж цамнаад бөөн хэрүүл үүсгэнэ. Манай хармайны хулгайч нараас илүү чадамгай суйлаач нар бий болсон гэж байна. Хятад гүрэн үй олуулаа амьдрах явцад хамгийн их гай болдог хулгай, луйвартай маш хатуу тэмцэж ирсэн туршлагатай. Гэмт этгээдийн хурууг, гарыг нь тас огтлох ял оноож байж хулгайчаасаа салж байсан гэдэг юм билээ. Одоо энийгээ эргээд сэргээх гэхээр хүний эрх зөрчсөн бөөн асуудалд орно. Энэ олон хүмүүс дунд хулгай нүүрлэвэл ёстой амьдрах аргагүй аюул үүснэ. Иргэд хулгайчаас маш их айж гадны хүмүүст дахин дахин сануулдаг болсон байна билээ.
Зочин
Зочин
Зочин
unshigch
mongolzuu
Зочин
dddd
zochin
Зочин
Зочин
Зочин
666
666
666
123
Зочин
Gangster
Зочин