Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын өр гадаад зээл, дотоод өр, гадаад үнэт цаасны өр, зээлийн баталгаа, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын гэх мэт өрүүдийг нийлүүлээд 10 их наяд төгрөг болсон нь эдийн засгийнхаа 50 хувьтай тэнцэж байна. Энэ бол монгол хүн бүр 3.0 сая төгрөгийн өртэй гэсэн үг. Уг нь “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн 6.1.4-т “Улсын өр нь “тухайн жилийн үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” ёстой гэж заасаар байтал төрийн эрх баригчид энэ хязгаарыг бүр 60 хувь болгоод 2014 оны төсвөө батлах гэж улайрч байна.

Засгийн газрын өр ер нь ямар хэмжээнд байвал зөв байх, улс орон өрийн дарамтанд орно гэдэг юу болох, монголчууд бид одоо яавал зохистой талаар ярилцах цаг хэдийнэ болжээ.

МОНГОЛ УЛСЫН ОДООГИЙН ӨР ИХ ҮҮ, БАГА УУ?

Аливаа улс орны дааж чадах өрийн түвшинг тодорхойлсон жишиг харьцаа байдаг бөгөөд хөгжиж байгаа орнуудын авдаг хөнгөлөлттэй зээлүүдийг гадаад өрд хамруулдаг. Гадаад өрийн ачааллыг тухайн жилийн ДНБ, экспорт, Засгийн газрын орлоготой, дээр нь өрийн үйлчилгээг Засгийн газрын орлого, экспорттой харьцуулж, нийт таван шалгуураар 1-6 тоогоор илэрхийлдэг. Улмаар эдийн засаг дахь өрийн ачааллыг сул, дундаж, хүчтэй гэж гурав ангилдаг. Монгол Улс 3.41 буюу дундаж ангилалд орсон учир ОУВСгаас Монгол Улсын гадаад өр (баталгаа гаргасан өрийг оруулаад) ДНБ-ийхээ 40 хувиас хэтрэхгүй байх шалгуур тогтоосон ажээ. Энэ үнэлгээг CPIA индекс гэдэг ба энэ нь тухайн орны эдийн засгийн бодлого ба төрийн байгууллагуудын чадварын түвшинг илэрхийлдэг. (Country Policy and Institutional Assessment or CPIA index)

Монгол Улсын эдийн засгийн бодлого болон төрийн байгууллагуудын чадвар дунд гэдгийг энгийн нүдээр ч харж болно. Үе үеийн төр засаг зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж буйгаа аман дээрээ ярьдаг ч ажил дээрээ эсрэгээр явсаар хориод жилийн нүүрийг бид үзлээ. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшил тэргүүлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг тасралтгүй татаж чадсанаар улс орны хөгжлийн суурийг тавьж чадсан тул иргэдээ өрөнд заавал оруулахгүйгээр эдийн засгаа хөгжүүлэх боломж байсаар байхад Монгол Улсын төр засаг үл тоомсорлосоор байна.

Уг нь монголчууд бид сүүлийн арван жилд эдийн засгаа солонгожуулан хөгжүүлэх суурийг тавихад хангалттай орлогыг уул уурхайгаасаа олсон юм. Бид жаахан ухаалаг байсан бол дарга сайд нар маань хамгийн том машин, орд харшаараа уралдахгүй, Арабаас үнэтэй морьдыг мөнгөөр зодон онгоцоор авчирч гайхуулахгүй, Улаанбаатарын үнэ цэнэтэй газрыг дээгүүрээ хуйвалдаад авчихг үй, иргэд нь нам, төрийн ажилтан болох гэж хэнээрхэхгүй, өөр өөрийн ажлаа чадахын дээдээрээ хийж, шударгаар өрсөлдөн, өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээж, эх орондоо алдар нэрийг олоод, ядаж хоёр хөршд өө хөрөнгө оруулчихаад сууж байх байлаа.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн хориод жилийн турш олон улсын хөгжлийн байгууллагууд, гадаад орнуудын Засгийн газруудаас нэлээд их хэмжээний тусламж, хөнгөлөлттэй зээл авсаар ирсэн. Харин өнгөрс өн оны эцсээс анх удаа Засгийн газрын бонд гарган, гадаадын хувийн банк, компаниудаас өндөр үнэтэй зээл авах боллоо. Харин энэ зээлийн ид шидийг гаргаж чадах болов уу?

АЛДАГДСАН АРВАН ЖИЛ

1980-аад оны эхээр Латин Америкийн, түүний дотор Бразил, Аргентин, Мексик зэрэг улсуудын гадаад өр мөнгө олох чадвараасаа хол давж, өрөө байтугай хүүгээ төлж чадахгүйд хүрснээр санхүүгийн хямрал эхэлсэн юм.

1960-70-аад оноос эдгээр орнуудын Засгийн газрууд бас бонд гаргаж, улс орноо үйлдвэржүүлэх, ялангуяа дэд бүтэц барих зорилгоор олон улсын санхүүгийн зах зээлээс их хэмжээний хөрөнгө, доллар зээлж эхэлжээ. Эдгээр орнууд бүгдээрээ байгалийн баялгаа олборлож, эдийн засаг нь өндөр өсөлттэй байсан учир тэдэнд зээл тун амархан олдож байсан. Ялангуяа 1973 онд газрын тосны үнэ огцом өсөж, нефть экспортлогч орнуудын мөнгөний томоохон урсгал олон улсын банкуудаар дамжин эдгээр орнуудын Засгийн газрын бондыг маш дуртай худалдан авч байлаа.

Латин Америкийн орнуудын гадаад өр 1975-85 оны хооронд жилийн 20 хувиар өссөөр 1983 он гэхэд 315 тэрбум ам.доллар болсон нь бүсийн ДНБ-ий 50 хувьтай тэнцэх болжээ. (Монгол өнөөдөр яг энэ түвшинд очоод байна) 1982 онд зээлийнхээ зөвхөн хүүнд л гэхэд 66 тэрбум ам.доллар төлсөн нь 1972 оныхоос 5.5 дахин их байлаа. Тэгэхэд дээрх CPIA индекс 3.0 байсан юм. (Өнөөдөр Монгол 3.41)

1982 оны наймдугаар сард Мексикийн Засгийн газар өрөө төлж чадахгүй болж, default буюу дампуурснаа зарлаж, 90 хоногийн турш ямар ч төлбөр хийхгүй байх мораториум тогтоож, бүх зээлдүүлэгчдийг өр төлбөрийн тухай дахин хэлэлцээр явуулахыг шаардсан юм. Ингэснээр Латин Америкийн бүх орнуудын зээлжих зэрэглэл шалдаа бууж, олон улсын арилжааны банкууд Мексикийн компаниудад зээл өгөхөө зогсоож, хугацаа нь дуусаагүй зээлүүдийг ч нэн яаралтай буцааж төлөхийг шаардсан юм. Аргентин улс удалгүй энэ бүхнийг давтсан.

Үүнээс болж дэлхийн эдийн засаг хямралд орж Латин Америкийн орнуудад өгсөн зээлийхээ хүүг дахин өсгөсөн нь өрийн давхар дарамт болсон юм. Энэ хямрал нэг хүнд ногдох үндэсний орлогыг навс унагаснаас гадна, баян ядуугийн ялгааг улам тэлсэн юм. Ажилгүйдэл огцом өсөж, хүүхэд залуус хар тамхины худалдаа, гэмт хэрэгт олноороо татагдаж, биеэ үнэлэх явдал газар авсан билээ. Наяад оныг Латин Америкчууд “Алдагдсан арван жил” гэж нэрлэдэг. Төсөөтэй “арван жилийн” аяллыг Грек, Испани, Португал зэрэг орнууд эдүгээ эхлүүлээд байна.

МОНГОЛЫН СОНГОЛТ

Монголын төр засаг, эдийн засагтаа авч шингээж, эргээд хүүг нь хамт төлж чадахаасаа илүү зээлийг гадаадаас аль хэдийнэ авчихаад байна. Гэтэл сонгуулиасаа цааш хардаггүй улст өрчид нэмж иенээр зээл авах “Самурай” нэртэй бонд гаргахаар улайрч байна. Төрийн удирдлагууд гадаадын хувийн компаниудаас зээл авснаа гавьяа байгуулсан мэт сурталчлах юм.

УИХ-ын дараачийн сонгуулийн хойтон жил буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд 500 сая долларыг тухайн зургаан сарын хүү болох 35.0 сая долларын хамт төлөх тухай хэн ч бодохгүй байгаа бөгөөд бондын төлбөрийн хуримтлалыг яаж хийх тухай юу ч бодож эхлээгүй байна. 2022 онд 1.0 тэрбум ам.долларыг нэг өдөр төлөхөө бол бүр мартсан бололтой. Өр төлөх санг яаралтай байгуулж, жил бүр хуримтлуулах журам гаргахын оронд нэмж өр тавих гээд байгаа зарим улстөрчдийг өрөө төлөх цагт Интерполоор хайгаад ч олохгүй биз ээ.

Монгол Улсын бүх өрийг төсвийн зардлаас төлж байгаа учир бондын өр, Засгийн газрын баталгааг бас төсвийн тэнцэлд оруулж бүртгэн, төсвийн зардлыг ДНБ-ий 2.0 хувиас хэтрэхгүй хүрээнд хамруулах хууль батлахыг УИХ-ын гишүүдэд уриалж байна.

Бондын хөрөнгөөр бий болгосон дэд бүтцийг эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ашигласан, эсэхийг шалгах хэмжүүр тогтоох, тэгж ашиглаж чадаагүй бол дахин өр тавьж дэд бүтэц байгуулахыг хорих заалт хуулинд оруулъя.

Төр гадаадаас өр тавьж биш, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг урт хугацааны том төслүүдэд татах хууль зүйн тогтвортой нөхцөлийг бий болгох, концессийн гэрээг түргэн шуурхай байгуулж, чанартай, цагт нь хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нийтийн хөрөнгөөр аж үйлдвэржүүлэлтийн том төслүүдэд хөрөнгө оруулалт хийхгүй байх, Хөгжлийн банкинд төр засаг баталгаа өгөхийг хязгаарлах цаг болжээ.

Нийтийн засаглалыг бэхжүүлэн сайжруулах, төр засгийн үйл ажиллагааг тод болгох нь цаг үеийн тулгамдсан шаардлага хэвээрээ байна. Өрийн дарамтанд арван жилээ алдсан Латин Монгол бид болох ёсгүй шүү дээ.