(Шинэ ном: Зохиогч Леонид  Млечин)

Орос хэлнээс хөрвүүлсэн орчуулагч      Цэрэнбалжирын Даваажав
Зохиомжлон найруулсан рeдaктop         Дашдоржийн  Баярхүү



“Цаазаар авах ялын тогтоол  боодол, боодлоороо асгарч байлаа, огт гэм буруугүй хүмүүс, өвгөд, эмгэд, балчир хүүхдийг буудаж байна. Шүүгдэгч чинь би хувьсгалын эсэргүү шүү гэж Хувьсгалт шүүхийн мэдрэл муутай даргад хэлэхэд л буудан хороохоор шийтгэхэд хангалттай... Буудлагыг тосгоны бүх хүмүүсийн нүдэн дээр үйлдэж байлаа. Нэг дор 30-40 хүнийг шууд буудаж, ингэхдээ буудан хороох газар руу доромжлон, гуагалж хашгичин авчирлаа”– Бүх Оросын Төвийн гүйцэтгэх хорооны төлөөлөгч Хоперын тойргийн Урюпинск тосгоноос Москвад илтгэснээс.

Террор нь иргэний дайны үеэр Зөвлөлт засгийн хувьд тусгай эрх дарх огт байгаагүйг шударга үнэний үүднээс тэмдэглэх нь зайлшгүй чухал.

“Энэ цагаан гвардийнхан шиг ичгүүр сонжуургүй, ёстой яс махандаа тултал завхайрсан өөдгүй амьтдыг би одоо болтол үзээгүй” хэмээн жижигхэн сууринд цагаантны цэрэг орж ирэхийг харсан эмч дурсжээ. Тэд бараг бүгдээрээ “боловсролтой” хүмүүс,  тэдний нэг нь шууд л төгөлдөр хуур дээр Бетховенийг тоглож гарсан. Дараа нь тэд дээрэмдэж эхлэв, гэхдээ тэдний гол зугаацал нь бүсгүйчүүд, насанд хүрээгүй  охидыг хүчиндэх явдал байв”.

Иргэний дайны үеэр үйлдсэн террорын цар хэмжээг одоо тогтооход хэцүү. Бүгд байгуулсан гавьяагаараа бахархаж байсан ч, харин буудаж дүүжилснийхээ бүртгэлийг хөтөлсөнгүй.

“Шархадсан офицерыг авчирлаа, тэр гэдсээрээ хүнд шархдаж үхэх гэж байв. Надад өрөөнд үлдэхэд эвгүй байсан учир гадагш шатны довжоон дээр гарав. Яагаад ч юм бэ надад хөгжилтэй санагдав, тэгээд би магадгүй бие даасан байдлаасаа, ганцаараа, фронт дээр байна шүү дээ гэж бодсоноосоо инээсэн ч байж болно.

Тэр үед алагдагсад, шархадагcдын аль алиныг нь би өрөвддөггүй байснаа санаж байна. Буудан хороохыг хэд хэдэн удаа үзэх, өөрөө түүнд оролцох завшаан тохиолдоно. Би шийтгүүлсэн этгээдийг их л шохоорхож, өчүүхэн ч өрөвдөлгүйгээр бууддагсан”–цагаан армийн офицерын дурсамжаас.

Санаанд багтамгүй, нийтийг хамарсан, толгой дараалсан хүчирхийлэл үл мөргүй арилсангүй. Иргэний дайн нэг ёсны нийтийн солиоролд хүргэжээ.

“Тал хөндийгөөр ёрын муу сүүлт од нисч өнгөрсөн тухай, одоо улаан, хар гварди явж өнгөрч байгаа, тэдний араас цагаан гварди хөөж явна, дараа нь Ленин өөрийн гвардийн хамт аэропланаар нисэн өнгөрнө, дараа нь Вавилоны хөл үймээн болж, ертөнц сөнөнө гэсэн цуурхал тосгодоор тарж байна. Манай тариачдын боловсроогүй ухаан бүрэн самуурч, болж байгаа үйл явдлыг ойлгож мэдэж чадахгүй болжээ“– 1918 оны зун нэгэн сонинд ингэж бичсэн байв.

“Гурван зуун жилийн өмнө Орос яагаад тийм амархан зальт этгээдүүдийн олз болоо вэ, итгэмтгий зан, харанхуй бүдүүлэг байдал, Оросын  нийгмийн хэврэг бүтэц нь ялагдлынх нь үндэс болжээ. Байж болшгүй, санаанд оромгүй гэмээр хувирал гарах бололцоог тэр үед ч нөхцөлдүүлсэн, одоо ч нөхцөлдүүлж байна гэдгийг би туулж өнгөрүүлж байгаа түүхэн үеийнхээ тухай бодонгоо дөнгөж одоо л ойлголоо...”– профессор Юрий Готье өдрийн тэмдэглэлдээ бичжээ.

Иргэний дайн улс орныг солиоруулсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Тэгээд ч хүмүүс санаанд оромгүй үнэмшмээргүй зүйлийг солиотой зохиомол зүйлээс ялгах чадваргүй болсон байжээ. Цагаантнуудын хамт Орос орныг орхин явсан жаал хүү үнэмшилтэйгээр ийн ярьжээ:

“Хот хэмжээлшгүй их өлсгөлөнд автсан учраас бид Новочеркасскаас зугтаж гарсан юм: тэнд хүний мах идэж байлаа, гудамжинд хавх тавьж, хүмүүсийг бариад тэдгээрээр бифштекс болон бусад хоол хийж зах дээр зардаг байлаа”.

Хүмүүсийг устгах орчин үеийн арга нь хүний амь насыг тоож үздэггүй дундад зууны аргатай хосолсон ер бусын харгис хатуу чанараараа Орос болон дэлхийг иргэний дайн донсолгосон юм. Шалтгаан нь юу байв, үр дагавар нь юу байв: Дэлхийн нэгдүгээр дайны нуувчинд өнгөрүүлсэн 4 жил үү, нийгмийг хүчирхийлэлд дуудсан большевикуудын уриалга уу, улсын задрал уу, байлдаан ширүүссэн явдал уу? Онцгой комисс үй олныг хамарсан террорыг төрүүлсэн үү, эсвэл террор нь түүхэнд урьд хожид байгаагүй залхаан цээрлүүлэх байгууллага буй болохыг зайлшгүй зүйл болгосон уу?

1919 оны эхээр улаантнууд Кисловодск хотыг орхин явжээ. Хотын Онцгой комиссын ахлах мөрдөн байцаагч Ксения Михайловна Ксения охин нь өвдсөн учир улаантнуудтaй ухарсангүй. Ксенияг цагаан гвардийн сөрөх тагнуулынхан баривчилжээ, гэвч тэр шөнө Ессентуки руу оргожээ. Нэгэн эмчийн гэрт нуугдав. Цагаантнууд түүнийг олж өгсөн хүнд тавин 50-ыг өгнө гэж зарламагц эмч мөнгөнд шунан түүнийг барьж өгчээ.

Цагаантны нэгэн сонинд бичихдээ: “Сайхан гэр бүлийн сайхан эмэгтэй, генералын охин тэрбээр жинхэнэ гайхамшиг байлаа. Түүнийг баривчлах ордерыг ашиглан олон арван хүн буудан хороосон. Шүүх түүнд дүүжилж цаазлах ял оноосон ба Ксения эцсийн мөчөө хүртэл биеэ барьж, маш эрэлхэгээр үхсэн. Зах дээр босгосон дүүжлүүрийн дор зогсож байхдаа (түүнийг олон хүний нүдэн дээр цаазалжээ) өөрийг нь харгалзагч офицерт:

-  Би өөрийн үнэний төлөө үхэхдээ аз жаргалтай байна. Та нар түүнийг мэдэхгүй, та нарт өөрийн гэсэн өөр үнэн байдаг, гэхдээ минийх ялна гэдэгт итгээрэй гэж хэлж билээ.

Түүнийг толгойд нь цагаан уут углалгүйгээр жирийн байдлаар, маш гоёмсог хөх торгон даашинз, лаакан гоё шаахайтай нь дүүжлэв. Ксенияг дүүжлүүрээс буулгахад ой гутмаар юм болов: галзуурсан мэт бөөн хүмүүс төө олс авахаар улайран дайрав, тэр нь онцгой аз авчирдаг юм гэнээ, ховорхон тохиолдох эд шүү...

Ксениягаас гадна бас хэд хэдэн комиссарыг нудрав. Гэхдээ ер нь цөөхөн хүн цаазалсан даа. Унасан засагтай холбоо сүлбээтэй гэж үзсэн бүхнийг баруун солгоогүй ороолгосон... “Хөрөнгөтөн эмэгтэйчүүдийг” тагнаж байсан “Гранд Отелийн” үйлчлэгч нарыг шүүсийг нь гартал ороолгосон, тэр ч байтугай большевикуудыг эрх барьж байх өдрүүдэд комиссаруудтай явалдсан хөнгөмсөг нэгэн хатагтайг хэтэртэл ороолгов... Хүмүүс хоолой нийлүүлэн: “Зүйтэй! Комиссаруудтай орооцолддог ийм новшнуудыг ингэх хэрэгтэй!” гэж хашгирч байв. Хөнгөмсөг хатагтайн хөөрхийлөлтэй хувь заяанд туйлаас баярлаж байсан хүүхнүүд онцгой хэрцгий байлаа” гэжээ.



Лениний хамтран зүтгэгчид, албатууд орон даяар “ардын болон хувьсгалын дайснуудыг” дуртайяа хана руу харуулан зогсоож байлаа. Хамаг учир хувь хүмүүст байгаа юм болов уу? “Хувьсгалч бүрийн дотор жандарм нуугдаж байдаг” гэж хэлсэн Гюстов Флобер гэдэг франц хүний зөв юм болов уу? Феликс Эдмундович Держинскийг ариун алуурчин гэж нэрлэцгээнэ.

“Тэр бол хэт улайрсан фанатик нөхөр байлаа. Солиотой юм уу даа гэх сэтгэгдэл төрүүлдэг. Түүнд  нэг л аймаар юм агуулагдаж байна. Урьд тэр католик шашны лам болохыг хүсч байсан, тэгээд хэт шүтлэгээ коммунизмд шилжүүлжээ” – философич Николай Бердяевн дурсамжаас.

Держинский маш зөрчилтэй хүн байсан л даа. Тэрээр сайн сайхны төлөө эрмэлзэл, муу муухайг хийх авьяас хоёрыг гайхмаар хослуулсан байв.

Держинский өнөөдөр ч гэсэн домог яриа, цуурхлаар дүүрэн ороолон шиг хүн хэвээр байна. Түүнийг сэжиглэхгүй юм гэж үгүй!  Тэр ч байтугай хоритой зүйл болох хамгийн ойрын төрлүүдтэйгээ хайр сэтгэлийн холбоотой байсан гэлцдэг.

Феликс Эдмундович дайснуудаа устгаснаас таашаал авдаггүй, гэхдээ тэгэхийг зайлшгүй чухалд тооцдог байжээ. Тэрээр шорон, цөллөгийг туулж гарсан, тэр хэрээрээ зүгээр байгаа хэнийг ч шийтгэхгүй гэдэгтээ хатуу итгэлтэй, түүнийгээ ч шударга явдалд тооцдог байв. Цаазлах, өршөөх эрхийг өөртөө олгож, чекистүүддээ цаазаар авах шийдвэр гаргахыг зөвшөөрснөөрөө жинхэнэ шударга бус систем бий болгоно гэж тэр бодоогүй байх.

Сунжирч удааширсан дэлхийн нэгдүгээр дайн байж боломгүй тэр их хорсол, үзэн ядалтыг төрүүлсэн ба тэр нь  цаашаа 1917 оны хоёр хувьсгалын төрүүлсэн бүрэн дур зоргын ажиллагаагаар үржлээ. Нийгмийн бүхэл бүтэн ангиуд, бүлгүүдийг дайсан гэж үзэхлээр энэ нь жинхэнэ хууль бус ажиллагаа болж хувирна.

1919 оны эхээр Сталин “Петроградыг хамгаалж буй цэргүүдэд” гэсэн тушаалд гарын үсэг зуржээ:

Энэ тушаалаар зарлах нь:


Цагаантны талд орсон бүхний гэр бүлийнхнийг хаа байгаа газраас нь нэн даруй баривчлах болно.

Тийм урвагчдын газрыг эргэлт  буцалтгүйгээр нэн даруй хууран авах болно.

Урвагчдын бүх өмчийг хураана.

Урвагчдыг өршөөхгүй. Тэднийг газар дээр нь буудан алах тушаалыг Бүгд Найрамдах Улс даяар өгсөн болно.

Ажилчин, тариачдын үйл хэргээс урвагчдын гэр бүлийг барьцаанд авна...

Цагаантнуудыг нэг ч хүн үлдээхгүйгээр устгах хэрэгтэй. Ингэхгүйгээр найрамдал  тогтохгүй.

Цагаантны тал руу нэг л алхсан хүнийг газар дээр нь хороо.

Бүх сумангуудад уншин сонсгосугай.

Бүгд Найрамдах Улсын Батлан Хамгаалах Зөвлөлөөс бүрэн эрх олгосноор И.Сталин”...