Ядуурлын хаалга тогшиж буй Монголын Засгийн газар хуралдав. Дээрдэх царай алга. Ард иргэд нь Амарбаясгалант хийдийг зорин баяжуулдаг бумба тахиуллаа. Тэр дороо хэдэн төгрөгтэй болсон хүн бий. Газар дээр нь харсны хувьд үүнийг гэрчилнэ.

Оршил

1986 онд Дорж Шүгдэн сахиус шүтэхийг хориглосон XIV Далай ламын шийдвэрийг олж үзээд түүнтэй эгнэгт муудалцан таван жилийн дараа Монголд орж ирсэн Гүрдаваа ринбүчи Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахиж эхлээд 20 жилийн нүүр үзжээ. Мөнөөх бумба нь “айл гэрийг эд юм, идээ ундаагаар хангалуун, өвчин эмгэггүй, үхэл хагацалгүй байлгаж ил утгандаа ядуугийн зовлонг гэтгэлэхэд нь туслах ашиг тустай” гэнэ. Хүн бүрийн хүсэл ийм буюу. Тавь орчим хүнтэй эхэлж асан ёслолд ноднин таван мянган бумба цуглажээ. Жил жилийн найман сард болдог тахилгыг баян, ядуу ялгалгүй зорьж байна. Хүн бүхэн баяжих хийгээд баяжихын шалтгаан лугаа төгөлдөр байх болтугай.

Бумбаны далд утга нь “гэгээрлийн хутагт хүргэх билэг билгүүний эрдмээр тусалдаг” гэнэ. 2003 онд Зава Дамдины хойд дүрээр тодорсон Осгонбаяр (сахилын нэр нь Лувсандаржаа) 50 сарын бясалгалаасаа гарч ирээд бумбаны тахилгыг нь түмэнд дэлгэрүүлсэн, өглөгийн эзэн Д.Батсайханыг алгадаж, Л.Энх-Амгалан, Ж.Од нарыг баахан донгодсон. Хамаг хүслийг биелүүлэгч эрдэнийн их суварга “Жаран хашор”-ын цогцолбор зэргийг бүтээхэд их хэмжээний хөрөнгөө өргөсөн бизнесменүүдээсээ “дахиж юм авахгүй” хэмээн мэдэгдэв. Осгонбаяр орчлонгийн амьдралаас “тасарсан” бололтой юм. Хүн бүхэн гэгээрэл хийгээд гэгээрлийн шалтгаан лугаа төгөлдөр байх болтугай.

Даатгалтай үйлчилгээ

Өнгөрөгч долоо хоногийн дундуур (2013.08.08-нд) эхэлсэн Гонгорын бумбаны тахилгыг зоригсод нэг өдрийн урьдаас Амарбаясгалант хийдийг зүглэлээ. Засмал замаас салаад энхэл донхол, шавар балчиг дундуур 35 км туучин хүрдэг аж. Гэвч манайхан суудлын жижиг тэргээр ч давгүй явж байлаа. Волькесваген Цохтой жаалхан бүсгүй ч олны дунд харагдсан. Монголчууд баяжих их хүсэлтэйгээс гадна жолоо сайн барих юм. Манай жолооч ч хүний дор орсонгүй. Уул нь жолооч бус манай дизайнер Д.Жавхлан байгаа юм.

Томилолтоор тийш явж байгааг олж мэдээд танил маань бумба дайсан тул “жинхэнэ сүсэгтэн”-ий ёсоор бүгдийг үзэх боломж бүрдэв. Нэг л оролцсон бол дор хаяж гурван жил дараалан ирэх номтой учир туршлагатай сүсэгтэн захаас аван таарна. Тэдний заавар сургамжийг үнэлж баршгүй. Очсон дороо эрдэнийн зүйлээр дүүргэж, лацадсан бумбаа 25 мянган төгрөгийн хамт тушааж хувийн дугаартай боллоо. Гурав хоногийн дараа түүгээр бумбаа олж авах юм. Ноднин 20 мянган төгрөгийн хураамж авч байсан бол өнөө жил үнэ нь өсчээ. Төгрөгийн ханштай уялдаатай болов уу?! Бидний цалинг инфляциас хамааран нэмдэгсэн бол зовлонгийн шалтгаан багасана даа.

Олны танилууд ч бишгүй таарав. Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням ах дүүсийн нийлсэн таван бумба нэг дор тушааж байна. Бид тахилгын хурал эхлэхээс нэг өдрийн өмнө очсон тул элдэв дараалал, хэрүүл шуугиангүй ажлаа амжуулсан. Харин маргааш нь бумбаа өгөх гэж сүсэгтнүүд цэрэг цагдаадаа тулав. Ёслолын үеэр орон нутгийн 30 гаран цагдаа дайчлагджээ. Өглөөний долоон цагт дараалалд зогссон хүн үд дунд гол ажлынхаа ард гарч байлаа. Ингээд өөрийн хүслээр хурал даган баясъя гэвэл сүсгээрээ мөнгө өгнө; харин Ганжуур, Данжуур уншуулах бол 10 мянган төгрөг тушаана. Энэ хүртэл ирчихээд хэдэн төгрөгөө харамлах хүн хаанаас байх билээ. Мөн хийдийн гол дуганы үүдэнд байх чулуун суварга дундуур үнэ төлбөргүй шурган гарч нүглээсээ салж болно.

Гол дуганд Гомбо бурхан зүрхнээсээ хувилган гаргасан гэх Гонгор бурхны тахилгын хуралд сууж байгаа зарим хүн ямар ном хурж байгааг мэдээгүй ч ихэд сүсэглэн байлаа. “Архаг бумбачин” (олон жил ирсэн сүсэгтнийг бид ингэж нэрлэсэн юм) бумбаны гоёмсог хайрцаг, түүнийгээ агуулж явах эвтэйхэн цүнх савтай байна. Мөн эвхдэг сандал үүрч явах бөгөөд дуганд хамгийн аятай байрлалыг түрүүлэн эзэлдэг аж. Бүх сүсэгтэн дуганд багтахгүй гэж үзээд хийдийнхэн камер, өсгөгчөөр хурлыг гаднаа шууд дамжуулж байлаа. Дотор шахцалдаж сууснаас гадаа сүсэглэх нь хавьгүй чөлөөтэй, биед амар. Хуралд суухдаа идээ бэлтгэж ирэх учиртай аж, түүнийгээ өөрсдөө барьж суухаас гадна дотор тахилын ширээн дээр өрж болдог. Гэхдээ жилийн жилд идээ будаа холигдож солигдох явдал гардаг шүү гэж гэсгүй нь анхааруулав.



“Гонгор бурхны шүтээн бумбаны шид бүтээл эргэлзэл үгүй магадтай” гэж хийдээс тараасан гарын авлагад бичжээ. Тэр ч учраас болов уу, “Хийдийн бараар барлаж аравнайлсан хар цагаан хэл ам дарагч Цагаан шүхэртийн дарцаг”-ийг гурван мянган төгрөгөөр зарж байлаа. Хорин таван мянган төгрөгөөр гарцаагүй баяжихаар болсон хүн гуравхан мянган төгрөгийн даатгал хийлгэхэд алдах юу байна! Энэ мэт баяжих хөлжихтэй холбоотой эд зүйлсийг хийдээс гадуур ч өргөн дэлгэр зарна. Ямпай хаалганы баруун этгээдэд “Буян хишгийн даллагын сум” зарж зогсоо Хэнтий аймгийн Галшар нутгийн эртэй таарлаа. Гичирт нь таван өнгийн хадаг уясан зэс зэвтэй улаан сум даллуулсан баялагийг үтэр түргэн эзэнд нь авч ирэх шидтэй гэнэ. Бумба тахиулсан бол баяжина, гэхдээ хурдан тусмаа л сайн. Хөөрхөн юм бодоод олчихож. Хүн бүхэн баяжих хийгээд баяжихын шалтгаантай бүхнийг бодож олох болтугай.

Шүгдэнгийн наадам

Жилээс жилд өргөжин дэлгэрч байгаа ёслолд Дорж Шүгдэнгийн гол хутагт Дижан Чогдул ринбүчи 2011 онд биеэрээ залран тахилгыг нээж байжээ. Энэ үеэр зуу давсан насандаа жанч халсан Гүрдаваа ринбүчигийн арван хэдэн настай ганц хүү оролцсон нь улам ч сүсэг төгөлдөр болгосон гэнэ. Мөн Монголын толгой баячууд ураг төрлөөрөө Амарбаясгалант хийдэд харамгүй өргөл барьц өгдөг болсон нь монголчуудад нэгийг бодогдуулсан биз. Намрын тэргүүн сард Бүрэнхан уулын өвөрт түм түжигнэж бум бужигнах болсон байна. Заншил ёсоор сүсэгтнүүд гэр бүлээрээ ирэх учир Ивэнгийн хөндийг эрээн майхан дүүргэнэ. “Архаг бумбачин”-гууд майхнаас гадна тогоо шанагаа ганзаглаад ирдэг аж. Газар дээрээс нь хонины мах кг-ийг нь найман мянгаар авч болохоос гадна хэдүүлээ санаа нийлбэл эр хонь 160, төлөг 100, ямаа 80 мянган төгрөгөөр аваад чанаж, шарж, түлж идсэн ч болно. Өглөөдөө нутгийн малчид сүү литрийг нь мянгаар зарах тул хар цай уухгүй.

Хорин жилийн туршлагатай хийдийнхэн худалдаа үйлчилгээнд тусгай газар зааж өгөөд горьтиг татжээ. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн иргэд болон аж ахуйн нэгжүүд голлон хоол ундаар үйлчилж байна. Хуушуур энэ жилийн ханшаараа мянга, харин шорлог найман мянган төгрөгийн үнэтэй. Гучаад хоолон гэрээс гадна элдэв бараа таваарын худалдаа дэлгээстэй. Ус ундаа, шашны эд зүйлээс аваад хувцас хунар хүртэл өргөн сонголттой. Газар газраас ирсэн наймаачид худалдаа хийхийн хажуугаар бумбаа ч тахиулах тул нэг сумаар хоёр туулай буудаж яваа улс. Орон нутгийн санд татвараа тушаасан болохоор бумбаны шидээс илүү бодит ашгаа урьтал болгоно. Өрсөлдөөн ихтэй учир аль чадлаараа сурталчилгаа явуулах аж.

Энд төвлөрсөн үйлчилгээг аттракцион тоглоомууд наадмын шинжтэй болгож байлаа. Дартсын сумаар бөмбөлөг онохоос өгсүүлээд хөгжөөнт тойруулга ч иржээ. Багахан хэмжээний хүүхдийн парк юм даа. Компьютерийн элдэв тоглоомоосоо холдсон жаалууд хэдэн өдөр нар салхинд зугаацаж болно. Ганц хүүхэд гэлтгүй томчуулд ч биеийн чилээ гаргачих зүйл олдоно. Ерөөс сүсэгтнүүд тахилгад оролцохын хажуугаар хэдэн өдөр амрахаар ирцгээдэг бололтой юм. Бүгд л дор бүрнээ унших ном, тоглоом наадгайтай.

Нутгийн иргэд 2-3 ортой гэрийг хоногийн 100 мянгаар түрээслүүлнэ гэхийг анх сонсоод хэн орох вэ дээ гэж бодсон ч шөнөдөө бүгд эзэнтэй болчихсон байлаа. Хийдийн ойролцоох гурван жуулчны баазын гэрүүд дээрхээс хавьгүй үнэ багатай, дээр нь цагаан хэрэглэлтэй боловч аль эрт захиалгаар дууссан гэнэ. Харин байнга их хэмжээний хөрөнгө оруулдаг өглөгийн эзэддээ хийдийнхэн дөрвөн модон байшин бэлтгэжээ. Хийд орныг нь өөд татахын тулд оффшор банкинд мартсан мөнгөнөөсөө ч ихийг өгсөн хүмүүсийг тусгайд нь харж үзэхээс аргагүй.

Энэ газар таарсан танилууд “Сайхан наадаж байна уу” гэж мэндлэх нь элбэг. Эргээд нэг харвал бөх барилдаж, морь уралдаагүй л болохоос бусдаар нээрээ л наадам. Шүгдэнгийн наадамд оролцсон бүхэн нэг сумаар хоёр туулай буудах мэт. Нутгийн малчид хүний мөрөөслөө тайлахын ялдамд ааруул хуруудхан зарчихна. Зочид баяжихын шид олохоос гадна нар салхинд амарчихна. Наймаачдыг яриад яахав, дээр хэлсэн. Амарбаясгалант хийдийнхэн сурталчилгаа хийхийн зэрэгцээ санхүүжилтээ олчихно. Хүн бүхний энд ирсэн хүсэл биелдэггүй юмаа гэхэд алдах юмаар бага.

Баталгаатай ганц юм

Амарбаясгалант хийд XIV Далай ламын нүд үзүүрлэдэг Дорж Шүгдэн сахиустайг мэдэлгүй Гонгорын бумба тэвэрч ирсэн сүсэгтэн буян, нүглээ дэнслэн суухтай таарч байлаа. Баячууд буян санахдаа олсон хэдээсээ өргөж байгааг анзаарахын оронд бумба тахиулаад хөрөнгөтэй болчихож гэж андуурсан хүн сүсэгтнүүд дунд захаас аван бий. Юутай ч бүгд Гонгорын бумбатай болоод авсан. Одоо сунаж унатлаа ажиллах л үлдлээ. Тэгж гэмээн нь баяждаггүй юмаа гэхэд турж үхэхгүй нь лав юм.

Гонгорын бумбаны тахилга хэмээх эргэл мөргөлийн нэгэн зүйл аялал жуулчлалын маршрут дүрээ олчихжээ. Бүрэнхан уул, Ивэн голын хөндийгөөс үүнийг лавтайя олж харлаа. Баяжихын шалтгаан мөнөөсөө мөн. Монгол хүн бүхэн ажиллах хийгээд ажиллахын шалтгаан лугаа төгөлдөр орших болтугай.