Нэр утга нь солигдсон ч “Зургаан сарын-1” манийг мэдээ орохын л хүүхэд баяр­ладаг өдөр байсаар ирсэн. Хичээл тарж, хөхөө донгодож, цэцэг урган баярлахгүй бай­хын аргагүй цаг үе юм даа.

Энэ өдрийг бусад баяр лугаа тэмдэглэн бөхийн ба­рил­даан зохиож, орой нь бааранд сууцгаах зохимжгүй. Түүнээс гадна хамгийн эмзэг­лэх зүйл бол хүний өөрийн бүх л хүүхдийг алагчилж бол­дог­гүй. Манийг балчир бай­хын л энэ өдөр боломжтой айлын хүүхдүүд бондойтлоо баярлаж, борчуул нь атаар­хаж өнждөг байсан даа. Одоо ч хэвээрээгээр барахгүй. Зур­гаан сарын нэгэнд маш олон хүүхэд уйлдаг. Зарим нь ч эрхээрээ хатаад чарладаг биз.

Хөөрхий зайлуул, мянга мянган бяцхан жаалууд энэ өдөр ах эгчээ даган гэрээсээ гардаг. Тэгээд төлбөрөө тө­лөөд аз жаргалтай наадаж буй үе тэнгийнхнээ харах­лаар аяндаа л хоёр нүдний нулимс бүрхээд ирнэ дээ. Ер нь нялх амьтны нүд хэцүү гэдэг. Хоёр хөөрхөн гөлөгний нэгэнд нь хоол өгөөд нөгөөг нь золбин болохоор нь өшиг­чөөд хөөх эвгүй шүү. Март­санаас саявтар “эх үрсийн өдөр”-т зориулж  амьтны  17 ширхэг зулзагыг газар савж бүрэлгэх хойлог хийлээ гэв үү.  Иймэрхүү хатуу сэтгэлтэй хүмүүст хүүхэд мүүхэд гэсэн сэтгэл зүрх байдаг ч үгүй биз. Зарим газарт нялхас нь хур­дан морь уралдуулах хэрэг­сэл төдий ч болсон юм шиг. 
   
Нийгмийн анги давхаргын ялгаа гээч юм аль ч улс хотод байсаар ирсэн.  Баян хоосны ялгааг хүүхдийн нүднээс нуух бодлогыг  Засгийн газар, Хотын захиргаа  болгон ба­римталдаг. Сургуулийг ижил­хэн формын хувцас өмсүүлэ­хээс өгсүүлээд. Хүн ам ихээр төвлөрсөн том хот болгон “Диснейлэнд”-тэй болцгоо­жээ. Болцгоох ч юу байхав маш ашигтай бизнес тул энэ салбар дээр уралдаан өрсөл­дөөн их. Үртэй болгон тийшээ очиж ганц удаа ч болохнээ тоглож наадах нь тодорхой. Их өртгөөр “Диснейлэнд” босох тусам тоглоом нь янз­тай ч үнэ нь уйлуулна.  Анзаа­раад байхад хотууд төлбөртэй тоглоомын газрыг хот дотроо биш гаднаа бай­гуул­сан харагддаг. Яагаад гэхээр “Галзуу хулгана” дав­хиж явааг автобус, машины цон­­хоор харах тоолонд хүүх­дүүд орилж чарлаад амар заяа үзүүлдэггүйтэй холбоо­той гэнэ. Хотын даргын хүүх­дээс эхлээд хог түүдгийнх ч ялгаагүй ажлыг нь хийлгэхгүй тоглох гээд байдаг. Тэр хэцүү нүдэнд харагдахгүй бол амар шүү дээ. Түүнээс гадна жаа­хан том болсон жаалууд өөрс­дөө гүйгээд оччих газар их үнэ цэнэтэй тоглоомын газар ажиллах нь маш осол­той. Энд хүүхдийн буруу ерөөс байхгүй, харин хот төлөвлөлтийн алдаа юм. Гэрийн хажууд шахуу байх гоё тоглоомон дээр баян айлын хүүхэд өдөр болгон наадаж, хэлээ гарган гараа даллахад, мөнгөгүй “өнчин цагаан ботго”-нууд төмөр тортой хашааны цаанаас шүлсээ залгин нүдээ унагац­гаана. Хүүхэд насанд ижил­хэн форм өмсүүлж өсгөх хариуцлагыг төр засаг, эцэг эх хамтдаа хүлээх ёстой. Мөн баяжлаа  ч бурмаар тэжээх­гүй, гуйлгачин болсон ч гуяны булчирхайгаар хүүхдээ хоол­ло­доггүй уламжлалтай. Янз бүрийн ялгавар гарч мэдэх сэдлүүд аархсан томчуулаас гараад байдаг. Энэ нь хүний өөрийн бүх хүүхдэд сайнаар тусдаггүй юм.

Манай Улаанбаатар хо­тын хувьд төлбөртэй тоглоо­мын газар нь олны хөлийн газар байршиж байна. “Хүүх­дийн парк” гэх энэ газар нь жинхэнэ тоглоомтой хотуу­дын хажууд бол зугаацаад байх юмгүй. Гэхдээ л Монгол­доо байгаа ганц парк боло­хоор ийшээ уйлаан майлаан оочир дугаар болон цувцгаа­даг. Одоо тэгээд ядаж байхад хүүхдийн газраас нь бизнес­мэнүүд өм өм тасдаад авчих­сан. Авсан газар дээрээ гоё юм барина гэж байна. Үнэн худлааг нь мэдэх арга алга. Мэдэхээс л зочид буудал, орон сууц барьдгаа барь­чих­сан. Хүүхдэд зориулсан зочид буудал гэж баймаар­гүй.  Нэгэнт барьчихсан бай­гууламжийг нураалтай биш. Харин газрынх нь төлбөрийг зах зээлийн үнээр бодож олж авах хэрэгтэй.

Одоо манай энэ хэл ам болоод байгаа парк түүний орчинд хүүхдээ дагуулж очихын эцэсгүй. Дотор нь янз бүрийн хүмүүс хөлхөж хол­хилдсон, болзоо нь юм уу юу нь юм. Үнгэлдэж үнсэлдсэн аавын цээж, ээжийн юунууд сээгсэлзээд хүүхдийнхээ өмнөөс санаа зовмоор. За тэгээд лааз түүдэг хүмүүстэй цуг зэрэгцэж суугаад хуушуур идэх ч бас арай биш ээ. Ядар­сан ард түмнийхээ талд явж тэдэнтэйгээ хамт гээд тэгж бас боломгүй байна. Нэг хэсэг паркад траншейныхан дүүрээд дээрээс нь золбин нохой үүрлээд тоглох гээд очсон хүүхдийг бариад авчих­даг байсан шүү. Энэ газрыг хүүхдэд биш залууст зориул­сан цэцэрлэгт хүрээлэн бол­гохоос өөр хувилбар алга. Тэгээд ёстой өдөр шөнөгүй, өвөл зунгүй  тачигнаж байна биз.

 Паркийг авсан компаниар  Тэрэлж, Налайх эсвэл Бат­сүм­бэр, Зуунмод хавьцаа бай­галийн үзэсгэлэн, цэвэр агаар, тунгалаг ус бүхий нутаг сонгож Монгол онцлог оруул­сан олон улсын хэмжээний хүүхдийн хотхон байгуул­маар байгаа юм. Гадаад хо­туу­дын жишиг угаасаа тий­шээ хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн аль нэгээ заа­вал дагуулж очдог юм билээ.

Хүүхдийн баяраар хүүх­дээ­рээ баярхах яахав. Бусад хүүхдийн нүд хэцүү. Нүднээс гадна ходоодыг нь зовоох “бэлэг” гэдэг түгшүүртэй бараа худалдан авцгаадаг. Шудар­га, аюулгүй, хугацаа хэтрээгүй чихэр жимс боож баглаж үзээ­рэй дээ та минь.