“Солонгосын Зоя-д” шүлэг XXI зуунд дахин амиллаа!
Американ офицерын нинжин сэтгэлгүй тарчилгаанд Ангийнхаа нууцыг хэлээгүй солонгос хүүхний Аймшиггүй баатарлаг явдал нүдэнд үзэгдэж Алтаар биш, болдоор үзгий минь хурцлав
Американ офицерын нинжин сэтгэлгүй тарчилгаанд
Ангийнхаа нууцыг хэлээгүй солонгос хүүхний
Аймшиггүй баатарлаг явдал нүдэнд үзэгдэж
Алтаар биш, болдоор үзгий минь хурцлав
Зо Ок Хи минь, би чамдаа захидал бичиж байна
Зоригт чамайгаа үхээгүй гэж үзэж байна
Солонгос нутгаа бүрэн чөлөөлөхийн төлөө!
Сольшгүй амьдралаа дахин сэргээхийн төлөө!
Чамтай адил амь хайргүй тулалдаж байгаа,
Чамтай адил ариун үүргээ биелүүлж яваа,
Эх оронч солонгос хүн бүхний сэтгэлд
Эрэлхэг тэмцлийн ид шид болж чи хувирсан.
Аавынхаа охин, ээжийнхээ охин байсан бол чи
Ард түмнийхээ охин, эх орныхоо охин болжээ.
Ах дүү, анд нөхөд чинь хайрладаг байсан бол
Алтан дэлхийн шударга хүмүүс хүндэлдэг болжээ.
Сайхан солонгос үсгийг цэвэрхэн бичихийн төлөө
Саруул ариун хөдөлмөрийг урлан хийхийн төлөө
Модны өргөс ч оруулахгүй энхрийлж байсан,
Мохоо хутга ч бариулахгүй хайрлаж байсан,
Булбарай цагаан гарын чинь хумсыг хуу татаж
Бүсгүй хүний уран хуруугий чинь нугачсаныг санахдаа
Дайн өдөөгчдийг үзэн ядах уур хилэн,
Даян дэлхийн шударга хүмүүст бадарч байна!
Хыюу хотынхныг талбай дээр хөөж гаргалаа,
Хэсэг американчид Зоя-г минь чирч ирлээ,
Цас цус хоёрт хутгалдсан тэр бүсгүй элий балай,
Цагаа хүлээж, хөдлөлгүй үхлүүт хэвтэнэ,
Хүмүүсийг сүрдүүлнэ гэж дайсан горьдсон байх аа?
Хүмхийгээ зуусан ард түмэн, нэг шийдвэл тун хэцүү!
Яахаас ч буцахгүй зогсч байгаа тэднийг хараад,
“Яргачид” гэж занаж байгаа сүрт дуугий нь сонсоод,
Зоя бослоо! Харж байна уу? Өөрөө бослоо!
Зовлого биш, хүн гэдгээ үзүүллээ, яамай даа!
Сэвэлзсэн салхи, далайн зүгээс тогтуухан үлээнэ.
Сэвлэг гэзгий нь тугийн бүч шиг намируулна!
Эх нутгийнхээ энэ салхийг залги! Амьсгал! Зоя минь!
Эм болно, ээжийн чинь унд болно, уухайс даа, дахин залги!
Эргэн тойрон амьсгалаа хураагаад чимээгүй болоход
Эцсийнхээ үгийг зоригт Зоя ингэж хэллээ!
Гэрэлт ертөнцөд даанч бага наслаад үхэх нь дээ,
Гэвч би, эх орныхоо төлөө! Та бүхний төлөө!
Багачуудын хувь заяаны төлөө үхэж байгаадаа
Бахтай байна! Бас дахин үхэхэд ч бэлэн байна!
Ах дүү нарын минь гараас яргачид гарахгүй!
Америкийн халдан эзэрхэгчид үхлээ эдлэг!
Эрх чөлөөт Солонгос минь үүрд цэцэглэн мандаг!
Эцэг болсон, нөхөр болсон Ким Ир Сен мандаг!
Сонссон улсын үс нь өрвөсхийж, зориг нь бадарлаа.
Цочсон америкийн офицер ч “Галла!” гэж хашгирлаа.
Түмэн ард нь баатар бүсгүйнхээ өшөөг авч байна.
Төрсөн нутаг нь хайрт охиныхоо хөшөөг босгоно!
Догшин ширүүн тарчлаан туулсан чам шиг
Долоон зуун дайсныг ганцаараа устгасан Хэ Сун Хак шиг
Дайсны пулемётыг цээжээрээ тагласан Ким Чан Квор шиг
Дайчин алдраа ертөнцөд өргөн мандуулсан
Хатаасан болдын адил охид хөвгүүдийг хүмүүжүүлж,
Хатан зоригт хамгаалагч тэмцэгчээ тавьсан
Тийм эх орныг орвонгоор нь устгаж чадахгүй
Тийм ард түмнийг үндсээр нь баллаж дийлэхгүй
Гаслан зүдүүрийг туулан ялна, ард түмэн чинь
Гал нурмын дороос цэцэглэн мандана! Эх орон чинь
Сталин, Мао Зэдун хоёр Та нарын хамт байна.
Энх тайвны талынхан Та нарын талд байна.
Энх тайван руу дайнаар занаж, дажин дэгдээсэн
Эрх чөлөө рүү буу шагайж сэлэм далайсан
Янз бүрийн дайснууд гарсаар ч ирсэн юм.
Ял шийтгэлээ тэд эдлэсээр ч ирсэн юм.
Ээлж нь одоо чиний дайсан нарт тулгарч байна.
Эрч нь чангарсан олсны гогцоо хүлээж байна!
Тэр цагт отгон охиноо үүрсэн хайрт эх чинь
Тэртээ дээр ялагчийн байранд суух болно!
Үнсэн товрог болгогдсон хот тосгоны үнийг авахаар
Үй түмэн яргалагдсан эх орончдын амийг нэхэхээр
Чамайг цасан дээр нүцгэн гулдарч байсны хариуд
Чандган цагаан мээмийг чинь огтолж байсны хариуд
Хийсэн үнэнийг хэзээ ч хэн ч гомдоохгүйгээр,
Гэмгүй улс түмэнд аюул дахин учруулахгүйгээр,
Эрхэмсэг ноёдыг нарт ертөнцөөс нэгмөсөн тонилгохоор
Эцсийн цааз болгож ганцхан тогтоол уншина!
Дайчин түүний төлөвлөгөөг цусаараа чи бичилцсэн
Дайсанд ухуулсан цолмон нүдээрээ чи харалцсан
Даанч тэр өдөр, бидний хамт байхгүй чинь харамсалтай!
Даруу зангаараа баясалцахгүй нь гомдолтой!
Үгүй Зоя минь чи үхээгүй, үхэх ч ёсгүй,
Үнэн үйлс чинь амьд байна, бүтэж байна!
Зоя, Зөвлөлтөөс Солонгост дахин төрсөн юм.
Зовлон учирсан орон бүхэнд төрсөөр байна!
Үл бүтэх урвагчийн цус урсахдаа
Үндсэнд хүрэлгүйгээр агаарт замхардаг юм.
Үнэнч шударга эх орончийн цус дуусахдаа
Үржил шимийн мөнх рашаан болж хувирдаг юм.
Түмэн цэцгийн дундаас хэдийг ч таслахад
Түүний сэгсрэгдсэн үр нь хөрсөнд булагдаж,
Төгс жавхлант хаврын улирал ирэхтэй зэрэг
Түрүүчийнхээс олширч, бэхжиж ургадаг юм.
Пиксан хотонд суулгаж байсан жимсний моднууд чинь
Пиг дүүртэл гудамжнуудыг бүрхэх цаг ирнэ!
Ариун үнэрий нь тэр үед таалах хүн бүхэн
Амтат шимий нь тэр цагт тамшаалах ард түмэн
Баясал жаргалын дууг аялах бүрдээ
Баатарлаг чамайгаа дурсан хүндэтгэнэ! Зоя минь
Яруухан цэцэглэх Солонгосын төлөө өгсөн амь чинь
Ялалтын туг дээр ард түмэнтэйгээ хамт мандана!
Нэрт зохиолч Д.Сэнгээгийн эдгээр мөрүүд ахмад хижээл насныхны сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдсэн дээ! “Аюуш” тууж, “Өвгөн партизаны яриа”, “Тагтаа”, “Солонгосын Зоя-д” ... гээд хөвөрч өгдөгсөн. Зоя Космодемьянская гэж Зөвлөлтийн Эх орны дайнаар төрсөн, амиа өргөсөн дайчин партизан бүсгүй байдагсан. Түүнийг фашистууд тамлаж тамлаж дүүжлэн хороосны адил үйл явдал Солонгост тохиожээ. Харин түүнд “Зоя” гэх алдрыг зохиолч Д.Сэнгээ хайрлачихсан, энэ шүлгээрээ бүхэл бүтэн 2-3 үеийг хүмүүжүүлсэн дээ!
Империализмын эсрэг дайнд тухайн үеийн БНМАУ эд материал, сэтгэл санааны гүн туслалцаа үзүүлж, солонгосын баатарлаг ард түмэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлж байсныг илтгэх энэ шүлгийн агуулгыг дээр уран зургаар үзүүлжээ. Синжон дахь уран зургийн музейн америкчуудын яргаллын буланд Эх орны чөлөөлөх дайны үеийн зовлон гунигийг ийнхүү өгүүлжээ. Пхеньян дахь Эх орны чөлөөлөх дайны музейд мөн иймэрхүү зураг чамгүй буй. Өгүүлэмж, дүрслэл, хэлэх гэсэн цэрэг–эх оронч үзэл санаагаараа бол Сөүл дэх Солонгосын дайны мемориал (дурсгалын музей) дэргэд нь юу ч биш.
Тэр үеийн Матар (одоогийн Тоншуул) сэтгүүлд империализмыг яллаж шившиглэх үзэл суртлын нөр их кампанит ажлын хүрээнд монголчуудын тархийг хэрхэн угааж байсан, түүнээс ч илүү доозоор эдүгээ хойд солонгосчуудын тархийг угааж буй зурагт хуудсууд дээр ярайж байна.
Харин дор тавих зураг бол орчин цагийн, час улаан, нэгдсэн коммунист Солонгосыг ерөөсөн уран зураг байна. Тэр цаана Монгол Улс маань ногоон өнгөөр дүрслэгджээ.