Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар Түлэнхийн төвд эмчүүлж байна. Баавар буюу Ш.Батбаяр нь хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж байхдаа өнгөрөгч сарын 23-нд камерт нь гал гарч, нуруу болон гар нүүрэндээ түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн. Нуруу хэсгийн түлэгдэлт нэлээд гүн учраас 2-3 удаа арьс нөхүүлэх шаардлагатай гэдгийг эмч нар хэлж байгаа. Тухайн үед хамгаалалтад гарч байсан хорихын ажилтнууд Бааварыг “Эмнэлгийн зориулалттай хорих өрөөний нийлэг дулаалгыг хуулан авч толгойгоо бүтээгээд өөрийгөө шатаахыг оролдсон гэж мэдээлсэн ч тэр өөрөө “Надад өөрийгөө шатаах шалтгаан байхгүй, миний өрөөнд хэн нэг нь санаатайгаар гал тавьсан” хэмээн мэдүүлсээр байгаа. Галын шалтгааныг шинжээчид “ил галаас үүсэлтэй” гэж дүгнэсэн ч чухам хэн гал тавьсан гэдэг нь одоогоор тогтоогдоогүй, хэргийн шалгалт үргэлжилж байгаа юм байна.

Түүний хувьд өмнө нь нэг удаа 2006-2007 онд мөн л хар тамхины хэргээр шалгагдаж байсан ч тухайн үед хамсаатнуудаа илчилснээр өөрөө ялаас мултарч, түүнтэй хамт шалгагдаж байсан 13 залуу 6 сараас 11 жилийн хорих ял авсан билээ. Хар тамхи хил дамнуулан худалдаалсан, тээвэрлэсэн хэргээр ял сонссон тэдний дунд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат, "Айс топ" хамтлагийн дуучин Манлай, Коби болон дижи Өөжий зэрэг Монголын рок попын шинэ залуу “од”-ууд байлаа. Түүнчлэн "Салхи" хамтлагийн дуучин Н.Алтанхуяг,  "Монгол керамик" компанийн захирал н.Баярбат, "Айс топ"-ын Ж.Бат-Оргил болон "Гайз 666", "Дижитал" хамтлагийн залуус тэднээс удаа дараа хар тамхи худалдаж авч байснаа хавтаст хэрэгт мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Монголын рок попынхон хар тамхины хэрэгт орооцолдсон анхны тохиолдол энэ бишээ гэсэн үг.

Баримт юу өгүүлнэ вэ?

Хар тамхи нь хоёр янз. Байгалийн гаралтай героин гэх мэт хар тамхины ургамлууд байхад химийн гаралтай сэтгэцэд хүчтэй нөлөөлөх эм бэлдмэлүүд байна. Байгалийн гаралтай хар тамхи нь хүнийг мансууруулдаг, донтуулдаг хэдий ч эмчлэгдэх боломжтой. Харин химийн гаралтай бэлдмэлүүд нь сэтгэцэд хүчтэй нөлөөлж, хэрцгий догшин авиртай, хар тамхинаас шууд хамааралтай болгодог учраас эмчлэгдэх боломжгүй тухай эх сурвалжид бичсэн байна.

Хар тамхины наймаа эрхэлдэг улс дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд урьд өмнө нь монголчуудыг сонирхдоггүй байв. Хүн ам цөөтэй, зах зээл багатай, ядуу орон учраас Монгол Улс тэдний хувьд зөвхөн тэээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэдэг байжээ. Монголчууд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр хилийн чанадад баригддаг, цаазын ял сонсдог шалтгаан энэ. Монголоор дамжуулан Казахстан гэх мэт улс руу яаж тээвэрлэх вэ гэдэг л тэдний хувьд сонирхолтой байснаас биш монголчуудыг сонирхож байгаагүй гэнэ. Гэвч сүүлийн үед уул уурхайн баялгаас орох орлого, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор монголчуудын тодорхой хэсэгт бий болсон тансаг хэрэглээ, том бандгар жийп, брэндийн том дэлгүүрүүд бие биеэсээ өрсөн салбараа нээх болсон зэрэг нь “Монголчуудын дунд ч гэсэн хар тамхины эрэлт, зах зээл байгаа юм байна” гэдэг дүгнэлтийг хийхэд хүргэсэн байна. Тиймээс тэд зах зээлээ эртнээс бэлтгэж эхэлжээ.

Хар тамхи худалдаалдаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд худалдан авагчид буюу зах зээлээ бий болгохын тулд гурван үе шаттай ажилладаг байна. Эхний ээлжинд тухайн улс орон, нийгмийн анхааралд байдаг урлаг соёлынхон, “од” гэгддэг хүмүүсийг сонгож тэдэнд дээр хэлсэн химийн гаралтай хямд бодисоо үнэгүй өгдөг. Тэдгээр нь түүнийг хэрэглэж мансуурч үзээд цааш нь өөрийг нь дагадаг, хүрээлдэг хүүхэд, залууст сонирхуулах, гайхуулах замаар үнэгүй өгч, тэгсээр тэр нь аяндаа байнгын хэрэглээ болдог байна. Одоогийн тохиолдолд Баавар эхний шатны үүргийг гүйцэтгэж байсан гэсэн үг. Түүнийг баривчлах үед гэрээс нь метамфитамин, анфитамин гэх химийн гаралтай цагаан нунтаг илэрсэн байна. Мөн гэрийнх нь орчмоос мансуурсан байдалтай хэсэг хүүхэд Баавартай уулзах гээд үүдийг сахиад байна гэсэн дуудлагыг хөршүүд нь өгч байжээ.


Бааварын камерт ассан галын дүгнэлт... Саатуулах өрөөний баруун урд буланд байсан орны толгойн орчимоос гал эхэлж гарчээ.

Харин үүний дараа буюу хоёр дахь шатанд хар тамхины бүлэглэлүүд илүү үнэтэй бүтээгдэхүүн болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн, героин гэх мэтийг нийлүүлдэг байна. Энэ хүрээнд нийгмийн нэлээд чинээлэг хөрөнгөлөг хэсэг, мөнгөтэй хүний хүүхдүүд орж ирдэг ба тэр нь хар тамхины наймааны жинхэнэ хэрэглэгчид болдог байна. Өмнө шалгагдаж байсан хар тамхины хэрэгт ч гэсэн УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Ш.Сайханбсамбуу, Батж.Батбаярын хүүхдүүд гээд дандаа нийгмийн чинээлэг хэсгийн хүүхдүүд холбогдож байсан. Хар тамхины бүлэглэлүүдийн онилсон хэрэглэгчид, үндсэн зах зээл нь тэд. Өөрөөр хэлбэл, хууль бус бүлэглэлүүд хэдийн зорилгодоо хүрсэн гэсэн үг.

Үүний дараа тэд мэдээж эрх мэдэлтэй хэсэг рүү хүрээгээ тэлж эхэлдэг. Учир нь тэнд хар тамхины хэрэглээг бий болгож чадвал хамгаалалтаа ч гэсэн бий болголоо гэсэн үг. О.Чулуунбат, Батж.Батбаяр нарын хүүхдүүд ч гэсэн ийм л замаар ялаас мултарсан хэрэг. Харин Бааварын хувьд тэр хамгаалалт нь байхгүй учраас өнөөдөр цагдаад баригдаад шалгагдаж байгаа ч байж болох шүү дээ. Тэр үүднээсээ бол өөрт нь гомдолтой байж болох ч өмнөх хэргийн үед зөвхөн хэрэглэгч гээд ялгүй өнгөрсөн хүн өнөөдөр өөрөө түүнийг тээвэрлэгч, худалдаалагч болсон байгааг үзвэл Монголд хар тамхины хэрэглээ, мансуурал, донтолт бодитой төдийгүй зайлшгүй зүйл болоод хувирчихсан байна. 

Улаан гараараа тэмцэх үү?

Харамсалтай нь өнөөдөр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мэргэшсэн байгууллага, бүтэц манайд байхгүй. Цагдаад хар тамхины хэргээр мэргэшиж ирсэн ганцхан хүн байсныг нь суманд төлөөлөгчөөр явуулсан тухай ч сонсогдож л байсан. Иймэрхүү сэтгэхүй, арга барилтайгаар өнөөдөр манайд нүүрлээд байгаа хар тамхи, мансуурлын хэргүүдтэй тэмцэж чадахгүй нь ойлгомжтой. Хэдийгээр “Гааль дээр хар тамхи илрүүллээ” хэмээн мэдээлэгддэг ч тэр нь зөвхөн тохиолдлын чанартай л болохоос биш өдөр тутмын хяналт тавьж чаддаггүй, тийм бэлтгэгдсэн хүч, шаардлагатай тоног төхөөрөмж ч байхгүй гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж байгаа. Илрүүлсэн хар тамхиа лабораторид шинжилгээнд өгтөл угаалгын нунтаг байсан тохиолдол ч байдаг л гэх. Гэтэл тэр нь үнэхээр угаалгын нунтаг байсан уу, эсвэл лабориторид шинжилгээнд очих замдаа угаалгын нунтаг болоод солигдчихсон уу гэдгийг мэдэх арга, тийм бүтэц байхгүй. “Женко” Баттулгын 17 чингэлэг спиртийн хавтаст хэрэг алга болсон, С.Болдхэтийн гаалиар татваргүй оруулж ирсэн хоёр контейнер виски кетчуп болоод хувирчихсан шалтгаан ч энэ энэ байж магадгүй.  Тиймээс энэ төрлийн, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх мэргэшсэн байгууллага, Мөрдөх албыг яаралтай байгуулах шаардлага байна. Өнгөрөгч бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслүүд нь ороод дэмжигдсэн, энэ долоо хоногт УИХ-д орж ирнэ гэж байгаа ч үүнийг зөвхөн хуулиар хийх боломж байхгүй. Дахиад нөгөө хуулийнхны яриад байдаг “дэд бүтэц” буюу байшин сав, боловсон хүчин, харуул хамгаалалт, техник технологи нь хэрэгтэй болно. Ингэхгүйгээр хоёр их гүрний дунд байгаа цөөхөн монголчууд хар тамхи, хүний наймаа, бохир мөнгөний дамжин өнгөрүүлэх бааз төдийгүй хөрс суурь, үүр уурхай болох нь байна.