“байх болтугай!” гээд гүйцээгээд гарчиглачихъя. Ирээдүй цаг руу хандуулсан мэт боловч дэлхийн жишгээр яг л тийм байх ёстой гэсэн санаа. Төрийн буянд дипломатын албанд зүтгэхдээ гадаад орнуудын эмч, эмнэлгээр үйлчлүүлэх завшаан олонтаа тохиож байсных тэр талын туршлагаасаа хуваалцах гэж байна. Гэхдээ эхлээд Монголын түүхэн уламжлалаар бяцхан аялна.

Уламжлал

Оточ маарамба – Монголын анагаах ухааны түүхнээ эдэн шиг нэр хүндтэй эрхмүүд гэж өөр байсан болов уу? Хувьсгал өмнөх ба хувьсгалын дараахи үеийн Монголын эмнэлэгийн ноён нурууг эд л босгож, монгол–түвд, ардын уламжлалт эмнэлгээр ард түмний эд л гийгүүлж байсан даа. Нэр хүнд гэж ёстой “тэнгэрийн амьтан” гэхүйцээр өндөрт, урилга заллагатай, өргөл барьцтай, ховорхон учирдаг үнэтэй цэнэтэй эмч нар гэж чухам эд л байсан гэлцдэг.

Монголд европ эмнэлэг нэвтрээгүй үеийн оточ маарамбын цэцэглэл “1937” оноор дуусгавар болж, тэдний орыг зөвлөлтийн улаан тарианы бригадын эмч нар нөхсөн билээ. Доктор Шастин үүний амьд жишээ байна. “Манай сургуулийнхан” туужийн баатар орос эмч бүсгүй, “Сэрэлт” киноны орос эмч бүсгүй гээд уран сайхны олон дүрээр тэр түүхийг илэрхийлсэн байдаг даа. Оточ маарамбын цэцэглэлийг орос эмч бөхөөсөн түүх.

Шинэ эхлэл

Анагаах ухааны түүхийн судлалын ном зохиол, судлаачдын ном бүтээлийг (доктор Л.Энхбаатар, сайд асан их эмч Л.Зориг гэх мэт)  үзээд байвал монголын орчин цагийн эмч, эмнэлэг ардын хувьсгалтай зэрэгцэн бий болж, аажмаар хөгжсөөр өнөөгийн төрхөө 1950-иад онд олсон ажээ. Гэхдээ нэг зүйлийг тэмдэглэхэд цэргийн эмч нар түүний үндсийг тавьж, чухам манай улсад үндэсний эрүүл мэндийн орчин үеийн тогтолцоо бий болоход цэргийн эмнэлэг гол үүрэг гүйцэтгэсэн байдаг юм билээ. МУИС-ийн дэргэд хүн эмнэлэгийн салбар байгуулагдан сургалтаа явуулж төгсөлтөө хийж эхэлснээр манай орчин цагийн анагаах ухааны бүхэл бүтэн цогц тогтолцоо ноён нуруугаа босгосон. Тэр нь 1960–1970-аад онд жигдрээд 1980-аад онд бүрэн төлөвшсөн.

Гэхдээ тэр үед ганцхан АУДС (их сургуулийнх нь анхны нэр) ажиллаад, олон зуугаар нь эмчээ бэлтгээд болоод байсан, эмч боловсон хүчнээр айхтар гачигдаж байгаагүй. Гол нь эмч, эмнэлгийн ажилчдын нэр хүнд нийгмийнхээ хүрээнд өндөрт байсныг тэмдэглэе.

Өмнөх коммунист нийгэмд нийгмийн бүх салбар төрийн хатуу мэдэлд байсан учраас эмнэлэг байгуулж эмч бэлтгэхэд мөнгө цаасны гачаал байсангүй, цалин хангамж нь ч хүртээлтэй байж ирсэн. Гэм нь эрүүл мэндээ төрдөө даатгах нийгмийн сэтгэхүй хүн амын дунд бат суусан байж билээ.

Дампуурал байв уу?

1990-ээд оны анагаах ухааны хөгжилд наанатай цаанатай хандаж дүгнэмээр санагддаг юм. Коммунист нийгэм нурлаа гээд эрүүл мэндийн тогтолцоо дагаад нурчихсан мэт халагладагийг би зөвшөөрөхгүй. Эрүүл мэндийн салбарт хувьчлал нэвтэрснийг буруутгах арга байхгүй. Эрүүл мэндээ төрдөө даатгах нийгмийн сэтгэхүй хүн амын тархинаас арилгаагүй байгаагаас болж гол зөрчил оршсоор байх шиг санагддаг юм. Угаасаа байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, нүүдэлчин амьдрал нь эрсдэлтэй, дээрээс нь төрөлхийн хэнэггүй гүдэсхэн монголчууд социализмын үед үнэ төлбөргүй эмчлүүлж байсан тэр сэтгэхүйгээсээ салах дургүй явсаар өнөө хүрсэн.

Эмнэлэг төлбөртэй болж, эм тариа үнэд орлоо гэж гоморхож байгаа бол юуны өмнө эрүүл мэндээ зөвхөн өөртөө даатгах ёстой. Эрүүл мэнд, амь насаа хайш яйш авч явдаг зангаа гээх хэрэгтэй. Өвчлөхөд 90 хувь нь өөрөөс чинь шалтгаалдаг гэдгийг ойлгох цаг болсон мэт.

Дампуурал байсан уу гэвэл байсан. Энд би юуны өмнө ганцхан АУДС ажиллаад болоод байсныг хэлэх гэж байна. Одоо анагаах ухааны 8 их сургуульд мянга мянгаар нь эмч үйлдвэрлэж байгааг нэг ёсны гэмт хэрэг, ёстой нөгөө дампуурал нь хэмээн үзэж болно. Эмчийн нэр хүнд унасан нь эмч хэт илүүдсэнийх, энэ 8 их сургуулиас гологдол их гарч байгаагийнх болов уу.

Сэтгүүлчдийн идэвхи

Зурагтын нэг сувгаар ийм дүрс үзүүлж байх юм. Сурвалжлагч бололтой нэг годгор охин гудамжинд яваа иргэдээс эмнэлгийн үйлчилгээ ямар байна гэж асууж байх юм. Цаадуул нь амандаа орсон болгоныг чалчиж байна. Эрүүл мэндээ төрдөө даатгадаг сэтгэхүйгээ л илэрхийлж бухимдлаа гаргаж байна. Би бол өмнөөс нь өвчлөхөд 90 хувь нь өөрөөс чинь шалтгаална шүү гэчихмээр л байв. Монголын өнөөгийн эмч, эмнэлгийн нэр хүндийг унагахад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд чамгүй ажиллаж байх шиг. Хариуцлага сахилга гэж ярих гэж байгаа бол эхлээд тэр сургалт руу нь харах хэрэгтэй. Хүн амдаа хэт ахдахаар тэр анагаах ухааны 8 их сургууль, түүнд суралцаж байгаа мянга мянган оюутнуудыг, төгсгөж байгаа мянга мянган мэргэжилтнийг шүүмжлэх хэрэгтэй мэт. Нэгэнт л хүний амь настай ажиллах ёстой, тэгвэл тэр сургуулиас зөвхөн “онцууд” л төгсөж байж тэр үүргээ биелүүлж чадна. Анагаах ухааны их сургуульд “онц”-оос өөр дүн авч, тавьж болохгүй, хэрэв энэ үзүүлэлтийг хангаагүй бол сувилагч асрагч болдог жишиг гадаадад бишгүй бий шүү дээ. Сэтгүүлчид минь эмнэлгүүдийн булайг уудлах биш эхлээд  тэр их сургуулиуд руу нь орооч гэж уриалмаар байна.



Эмч–Тэнгэрийн амьтан

Би, миний гэр бүл гадаадын олон эмнэлэгт хэвтэж үйлчлүүлсэн  туршлагаасаа хуваалцая. Орос, Хятад, Казахстаныг нь манайхан мэдэх тул энд бичихгүй. Өмнөд Солонгос ч манайханд нэн танил болоод байгаа. Тэгвэл монголчууд олноороо үйлчлүүлж байгаагүй Энэтхэг, Египет, Малайз, Япон, Ливанд би гарчигт бичсэн тэр зүйлийг ажигласан юм. Эмчийн нэр хүнд ямар өндөрт байдаг юм бэ? Тэд нь ямар их үнэ цэнэтэй, олддоггүй ховор хүмүүс вэ гэдгийг ёстой нэг мэдрэх шиг болсон доо. Сүүлдээ ч айх шиг.

Тэд зөвхөн эмч эмчлэгч төдий биш юм. Тэд бол их сургуулийн нэр хүндтэй профессорууд, тэд бол нийгмийн томхон зүтгэлтэн, буяныг түгээгч, соён гэгээрүүлэгч нар. Тэдэнд биеэ үзүүлэхийн тулд тусгай цаг авч, бас ямар шалтгаанаар очих гэж байгаагаа урьдчилан тайлбарлаж, ихээхэн хөдөлмөр шаардаж байж нүүр тулбал дээдийн заяа. Тэр утгаараа мэргэжил нь ч хамгийн нэр хүндтэйд тооцогдоно. Нийгмийн байдлыг нь үзвэл ер нь барууны стандартын орнуудад эмч шиг баян тансаг хүмүүс алга. Тэдэн шиг элит алга.

Манайх шиг 8 их сургуульд мянга мянгаар нь эмч үйлдвэрлэдэггүй учраас тэнд бол жинхэнээсээ шигшигддэг юм байна. Эмнэлэг нь хувьд, өрхийн эмчийн болон даатгалын тогтолцоо нь төгөлдөр тул цалин хангамж гэж ёстой атаархмаар. Нью Дели, Каир, Токио, Бейрутэд дипломат хүлээн авалтууд дээр эмч нар хүндтэй зочид байдаг нь тэд хичнээн нэр хүндтэй, эрхэм, элит улс болохыг нь хэлээд өгнө. Тэдний эмнэлгүүд гэхэд л гарчигт өгүүлсэн дээдсийн хүрээлэн л гэсэн үг. Багширсан олон өвчтөн байдаггүй, үүрээр очиж номер авдаггүй, ерөөсөө эрүүл мэндээ төрдөө даатгадаггүй учраас байгаа ганц эмнэлгээ цэмцийлгээд байх нь тэр дээ.

Орвонгоор нь өөрчлөе

“Эмч–Тэнгэрийн амьтан” гэдэг ойлголтыг даруйхан бий болгохгүй бол Монголын анагаах ухаан нэг байран дээрээ дэвхцээд урагшаа ахихгүй. Энэ 8 их сургуулийг шигшиж ангилаад татан буулгах буюу зориулалтыг нь өөрчилмөөр байна. Эмч нараа гадаадад түлхүү бэлтгэмээр байна. Өвчлөхөд 90 хувь нь өөрөөс чинь шалтгаална шүү гэдэг сэтгэхүйг эхийн хэвлийд байхаас нь эхлээд бүх хүн арддаа толгой дараалан суулгамаар байна. Даатгалын тогтолцоог боловсронгүй болгомоор байна. Төрийн мэдлийн эмнэлгүүдийг цаашид хувьчилмаар байна.



Төр оролцоод ирэхээр л ажил урагшлахгүй байна гэсэн санааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан нэг хурал зөвлөлгөөн дээр амьд жишээгээр ярьж байсан даа. Тэрээр нийтийн хоолны салбарыг жишээ болгосон нь маш зөв зүйтэй, бүр ончтой жишээ байлаа. “Хэрэв нийтийн хоолыг хувьчлаагүй бол өдийд бид амттай хоол олж идэхээр Эрээн, цаашлаад бүр Бээжин орох байсан шүү” гэх санааг Төрийн тэргүүн маань жишээлснийг би энд эмнэлэг дээр татаж авчран уриалан дуудах гэсэн юм.

Эмч гэж тэнгэрийн амьтан, эмнэлэг гэж дээдсийн хүрээлэн байх болтугай!