Танихгүй хүнээс хаяггүй идэх, уух юм бүү ав
“Тамхины тухай” хуультай хамт “Хүнсний аюулгүй байдлын тухай” тун чухал хууль энэ сарын эхнээс мөрдөгдөж эхэллээ. Уг хууль цаашид амьдралд хэвших юм бол олон хүнийг баярлуулахаас гадна цөөнгүй нөхдийг ажилгүй болгохоор байна. Нэгэнт хүнсний тухай хууль батлагддагаа батлагдаад хэрэгжүүлж эхлэх хугацаа нь эхэлчихсэн болохоор одоо энэ дагуу яах ёстой журмууд нь гарах байх
Одоо болтол тамхи татсан хүнийг тавин мянгаар торгох торгуулийн хуудсыг хэвлээгүйгээс хөөрхөн нугалаа гарч байна. Түүн лугаа хүнсний зөрчил гаргасан этгээдийг иргэд дор бүрнээ илрүүлж хэл ам хийх цаг нь болчихсон байдаг. Бидний эргэн тойронд аль эрт хугацаа нь дуусчихсан талх чихэр, боов боорцог, мах өндөг, сүү зарагдаж байна. Оросоос орж ирсэн өндгийг Өмнөговийн суманд буй дэлгүүрийн худалдагч “Шив шинэхэн” гэж огт санаа зовсон шинжгүй тууж байна. Гадаадаас авчирсан жимс ногооны ярлик нь байвч түүнийг хэн, хэзээ, юугаар зөөснийг иргэд байтугай цагдаа ч илрүүлэхэд бэрх. Орон нутаг дахь хамаг ажлыг нугалдаг “портер” гэх унаа бий. Энэ унаагаараа өчигдөрхөн хогоо жалганд аваачиж асгачихаад өнөөдөр мах сүү төмс ачаад хот орж ирж байна. Тэднээс хүнсний зориулалтын тээврийн хэрэгсэл нэхэх хууль гарсан ч үүнийг мөрдөх бололцоо одоогоор алга. Гэхдээ ядаж хуулиа, хэрэглэгчээ хүндэтгээд тэвшээ цэвэрлэчихэж болноо доо.
Дэлгүүрт байгаа бараа, цайны газрын мах, гурил бүгд хаанаас ирсэн тухай ул мөр, гарал үүсэл нь зөвхөн хяналт шалгалтынханд зориулалгүйгээр олон нийтэд ил тод байхаар боллоо. Энэ адууны махыг хэнээс авсан юм гэхэд хөдөөнөөс хот руу оруулж ирэгсэд бүгд “Цахиур Төмөрөөс Түгжилд дамжаад, Түгжил Хавчиг Луузан панзад өгснийг нь Ягаангажид бөөндөж аваад лангуун дээрээ тавьчихсан байсан...” гэхчилэн хамаг ул мөрөө үнэнээр нь олгойдох юм байна л даа. (Уг хуулийн 9-р зүйл бүхэлдээ ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн тухай заажээ). Сүүлд иймээ тиймээ юм болж юу магад гээд адууны мах зарагдаад бууз хуушуур болчихсон байсан ч бичиг баримтаа нэг жил хүртэл хугацаанд хадгалах хуультай. Хэрэв мах нь хулгайнх, эсвэл хэрэглэгчийн гэдэс эвгүйрхсэн байвал хүнсний бизнес эрхлэгч бүх бурууг өөртөө хүлээж үлэмж торгууль төлөх ба гуанзтай бол түүнээ хаалгах, портертэй бол хураалгах гэхчилэн яллуулна.
Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс хаа хаанаа эзэн биегүй хүнсний зүйл өгч авалцахаа болихыг өнөөгийн нийгэм шаардаж эхэллээ. Энэ нь бас цаагуураа элдвийн шат дамжлагуудыг ил гаргаж, татвараас зугтагсад, хулгайч ченж нь ялгагдахаа больсон байдлыг цэгцлэх, өөрөө бүтээгдэхүүн үл үйлдвэрлэх атлаа зөвхөн арилжаагаар амьдрах явдалд том цохилт болох нь бололтой. Үүнийг аргалах гээд нэр хүнд бүхий томоохон пүүс компанийн нягтлан няравтай үгсэх явдал гарах байх. Гэхдээ олон түмэн байнга хэл ам татлаад байвал хэн хулгайн юм өөртөө шахаж хэрэгт орохыг хүсэхэв.
Хүмүүс зөвхөн гэр орондоо зориулж бага хэмжээгээр хүнс жимс хөдөө, гадаадаас чирч ирэх эрхтэй. Бусад бүх хүнс арилжааны чиглэлийнхэн “компьютерт орно” гэсэн үг. Албан байгууллагуудын үүд онголзуулан аарц, өндөг, бууз зарж байгаа явуулын авгай хүүхнүүд ч тодорхой мэргэжил, зохих зөвшөөрлөө авсан, хариуцлага шаардлагаа хангасан эсэхийг бид нэхэх эрхтэй. Нөгөө “гар дээр наймаа хийх” гэгч энэ хууль амилснаас хойш үндсэндээ байх суух ямар ч орчингүй болчихож байгаа юм. Тэд тэмцээд суулт зарлаад дэмий. Өөр ажил л хайхаас өөр гарцгүй болов уу.
“Хүнсний нэмэлт” бүтээгдэхүүн гэдэг том асуудал босч ирж байна. Талх, мантууг зүгээр хөрөнгөөр хөөлгөлгүй түргэн исгэгч хийчихдэг, аарууланд чихэр орлуулагч холидог, сүү ерөөсөө гашлахаа больсон, мах огт муудахгүй байгаа гэхчилэн “шинжлэх ухааны ололт”-уудыг нарийвчлан шалгана. Үүнээс үүдэн “хувиргасан амьд организмаас гаргаж авсан” хүнсний бүтээгдэхүүнээс манай иргэд татгалзах болж байна. Час улаан яавлаг, эрхийн чинээ гүзээлзгэнэ, америк тахиа, хятад гахай гээд амт үнэр, өнгө гэж ванлий гоё гоё хоол хүнс Монголд олдохоо болих нь. Яагаад гэвэл энэ бүгдийн ихэнх нь хоол биш хор байсан юм билээ.
Олон зуун сая, тэрбум хүн амтай улс гүрнүүд хүн амаа өлсөөхгүй тулд ч юм уу эсвэл тухайн орны хөдөө аж ахуй хэт төвлөрч монопольчлогдсонтой холбогдуулан асар их бүтээгдэхүүнийг маш түргэн хугацаанд үйлдвэрлэн гаргах болсон. Хятадын гахайн аж ахуй гэхэд 120 хоногийн дотор торойгоо 120 килограмм таргалуулж нядалгаанд оруулдаг гэнэ. Өдөрт нэг кило жин нэмэгддэг амьд бодьгал гэж байх уу таминь. Түүнийг тэжээж байгаа эрдэнэ шиш гэж ургамал нь, эрдэнэ шишийн тариан талбай нь, талбайгаа борддог химийн бодис нь цөмөөрөө “но”-той. Энэ талаар дэлхийгээр дүүрэн хэрүүл шуугиан болж байгаа бөгөөд бид зах зээлийн эхэн үед мэдлэггүйгээсээ болж хэдэн муусайн халтар төмсөө голж Эрээний цэвцийсэн ногоонд хууртаж явлаа.
Өнгөрсөн өвөл Содхүүг дарга байхад урдаас гахайн өөх оруулж ирэхийг мэргэжлийн хяналтынхан тас хорьчихож билээ. Урд хөршид болон Америкт хүртэл гахайны махнаас аюултай өвчин илэрч үйлдвэрлэл нь зогссон юм билээ. Энэ мөн л нөгөө генийн өөрчлөлттэй мутацид орчихсон гахайны гай түрүүчээсээ илэрсний нэгэн жишээ юм. Гахайн аж ахуйнууд нодлинжингоо өөх махаа богоон богооноор нь далайд асгаж буй мэдээ гараад л байсан. Тэрнээс нь манай сайн эрчүүд ачаад ороод ирэх гэхээр нь Содхүү шавар хаачихсан юм билээ. Луйварчид өвлийн хүйтнээр Өмнөд Солонгосоос (Солонгосын гахайг ч бас хорьчихоод байгаа) гахайн өөхийг ачааны цаана нуун оруулж байсан бөгөөд одоо хавар дулаарсан чинь үнэр танар гарсан юм уу яасан Хотын гаалийнхантай “ярилцах” шаардлага гарчээ. Гахайн өөхчид гартаа хорин сая төгрөг барьчихсан Хотын гаалийн шинэ дарга Хишигбат дээр давхиж орсон байгаа юм. Бодвол өмнө нь тийм жишигтэй байсан бололтой. Манай зах зээл сардаа 100-150 тонн өөх хэрэглэдэг. Түүгээр хүнсний компаниуд хиам хийдэг. Хиам үйлдвэрлэгчид өнөөдрийг хүртэл гахайн мах түүний өөх орсон бүтээгдэхүүнээ хийсээр л байгаа. Материалаа хаанаас татсан гэхээр тас нуудаг. Хиам болон энэ төрлийн хүнс үйлдвэрлэдэг том жижиг өчнөөн аж ахуйн нэгжүүд байдаг. Түүнээс “Мийт Хаем”, “Отгонсаран”, “Агмарко”, “МИК” гэсэн ердөө гурав дөрөвхөн компани гахайн өөх махыг хамгийн аюулгүй бүс болох хаа байсан Европ, Польшоос өчнөөн зардал тээвэр болон вагоноор зөөж ирсэн байгаа юм.
Энэ мэтчилэнгээр зарим нь иргэнийхээ үүргийг гүнээ ухамсарлаж ном журмаараа ажиллахыг хичээж байхад нөгөө талд өч төчнөөн луйварчид манай үндэсний аюулгүй байдалд аймшигтай заналхийлж буйгаа анзаарах ч үгүй яваа юм.
Ямар ч байсан “Хүнсний ба хүнсний аюулгүй байдлын тухай” хуультай болоод авлаа. Энэ бол тамхинаас ч чухал асуудал юм шүү. Монголчууд одоохондоо ядаж арван сая хүн амтай болоогүй байгаа. Бидэнд жижиг дунд аж ахуйн нэгж болон бага гарын фермерүүдээс авчиж болохоор ориг хүнсний сүлжээ байхад энэ гурав хүрэхгүй сая хүн амыг хооллож барахгүйн зовлон байх биш. “Алтан тариа” гэхэд л хогийн будаагаараа өөрсдөө гахай тэжээгээд мах өөхийг нь авчихаж байна. Тэдний хиаманд Монголын буудай тарианы үнэр л байгаа байх. Өөр хортой сэжигтэй юу л байгаа аж. Хүнсний тухай хуулинд бас нэг заалт байсан шүү. Уламжлалт аргаар бэлтгэсэн сүү цагаан идээ ба чанарын шаардлага хангасан нядалгаа, сүүний үйлдвэртэй малчин, тэр чиглэлийн аж ахуйн нэгжийг төрөөс дэмжиж мөнгөн тусламж өгсөн ч болно гэсэн заалт. Харин жижиг аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хүний нөөц байхгүй, үйлдвэрлэл болхи заваан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь мөнгөндөө горой царайлаад Хятадаас хамгийн хулхийг нь оруулж ирэх зэргээр далимдуулаад байх юм даа. Явж явж томоохон нэр хүнд олсон үндэсний үйлдвэрлэгчид л энэ хуулиас бултаж чадахгүй үүргээ гүйцэтгэж магадгүй. Харин тэд хэт монополь болох, гадаадын шинэ технологийг “хувиргасан организмтай” нь хамт оруулчих вий гэдэгт нь хянаж байх л үлдлээ. Манай том аж ахуйн нэгжүүд түрүүчээсээ мангар том ургадаг төмс тариад эхэлсэн, их сүүтэй үнээ онгоцоор ачиж ирсэн, үр тарианы хэт илүүдэл бий болтол ургац хураасан. Энэ бол бахархал биш сэжиг төрөх үйл явдал юм.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
BB
Зочин
zora
Зочин
unen
Xiam
hi
Зочин
Гахайн өөх хэрэглэгч
үнэн
Зочин
Зочин
Зочин
Г.Ганбат сартуул
Зочин
ugaadas
Бурхантын бурхангүй