“ӨВӨЛ, ХАВАР: Голын эргийн өвөлжөөний хавар”
Сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоог уншигчид монголын шинэ үеийн түүхийг зугаа, наргиантай хэлбэрээр бичсэн Соёлын довтолгоо хэмээх гайхамшигт бүтээл, мөн Голын эргийн гацааны хавар зэрэг туужуудаар нь мэдэх билээ. Тэгвэл энэ удаа зохиолч маань уншигчиддаа Өвөл, хавар хэмээх хошин романаар бэлэг барьжээ. Түүний анхны энэхүү роман бүх номын дэлгүүрүүдээр борлуулагдаж байна.
Сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоог уншигчид монголын шинэ үеийн түүхийг зугаа, наргиантай хэлбэрээр бичсэн Соёлын довтолгоо хэмээх гайхамшигт бүтээл, мөн Голын эргийн гацааны хавар зэрэг туужуудаар нь мэдэх билээ. Тэгвэл энэ удаа зохиолч маань уншигчиддаа Өвөл, хавар хэмээх хошин романаар бэлэг барьжээ. Түүний анхны энэхүү роман бүх номын дэлгүүрүүдээр борлуулагдаж байна.
АМЬТАН БАРЬСАН БҮЛЭГ
Маршалын төлөвлөгөөний жилүүдийн нэгэн өглөө намын дарга бээр саяхан галзуураад эдгэсэн Тэрбишийн рүү шогшиж явлаа.
Европыг сэргээн босгох маршаллын төлөвлөгөө гарахаас хавьгүй өмнө монголын малыг 200 саяд хүргэх маршалын төлөвлөгөө1 гарсан юм.
Нам засгаас яаж тэгж үржүүлэхийг хэлээгүй мөртлөө ямарч байсан өсгөхийг тушаасан байж. Эхэн үедээ хойтон нэг ямаа хоёр, тэрний хойтон дөрөв гэхчлэн энгийн өсөлттэй байх учиртай байж.
Нэгэнт л малын бие олшрох хэрээр түүний үс ноос, сүү олшроно гэдгийг төр мэдэхтэйгээ тул малын ашиг шимийн төлөвлөгөөг ч нэмжээ. Мал яахав тэгээд өсдөг л юм байгаа биз, харин малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх төлөвлөгөө чөтгөр үүсэх хүртэл будлиан үүсгэжээ. Төлөвлөгөө нь буруу байсан юм биш, гол нь малын биед байх ашиг шимийг алгасаад малын биеэс авах ашиг шимийн төлөвлөгөө гаргасанд байгаа юм.
Санаандгүй ч хийсэн юм биш, тэр үед улс орноороо капитализмыг алгасч социализмд орсон болохыг нээснээс үүдээд нэг их алгасах хөдөлгөөн өрнөж байсныг дуурайсан байх магадлалтай.
Намын дарга дээр гурван хүүхэд тэвэрсэн эхнэр орж ирээд “хоёр дахь ба дөрөв дэх хүүхдээ алгасаад шууд тав дахыгаа төрүүлж алдарт эхийн одонгийн болзол2 хангалаа. Одоо түүнийгээ авна” гэж ирээд яалт ч үгүй аваад л гарч байсныг бодоход алгасах хөдөлгөөн хүчтэй байж.
Намын дарга бээр ноднин Тэрбиш чөтгөрт “хазуулж” галзууран алдснаас хойш тэднийд анх удаагаа орох гэж яваа нь энэ. Энэ жил галзуурах ээлж түүнд өөрт нь ногдож ч магадгүй юм шиг санагдаад дотроосоо жихүүцэн явлаа.
Өнгөрсөн жил мануултын голоор нэг чөтгөрийн тухай яриа дэгдэв дээ. Зарим сурвалжид гулууз мах амилаад хүн хөөгөөд байсан гэдэг бол нөгөө нэг эх үүсвэрт бүрлээчийн шарил өндийгээд хонь хариулж явсан тухай гарна.
Аймгийн гэгээрлийн хэлтсээс “ардын хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо цөөрсөн ба цаашдаа арилсаар коммунизмд орохын хэрд аяндаа устана” сэдвээр таниулга хийхээр ирсэн ухуулагч хүртэл түүнтэй таараад хэл нь татчихаагүй юу.
Үнэнийг хэлэхэд ухуулагч руу гэгээн цагаан өдрөөр хоёрын хоёр ороолон дайраад айсандаа хэл нь татсан тухай ярианд жаахан дэгс бий. Яалт ч үгүй хоёр улаан мах амилаад түүн рүү дайрч, идэнгээ алдсан нь бол үнэн. Харин хэл нь бол зүв зүгээр байж.
Чөтгөр байхгүй болохыг ухуулах үүрэг хүлээсэн этгээд чөтгөр үзснээ ярих юм бол толгойгоо ч алдах аюултай, угаасаа яриа өвчтэй хүн ийм хачин үзэгдэлтэй таарчихаад амьтан хүнд гайхуулахгүй өнгөрөх нүгэлтэй тул хэл нь татсан дүр үзүүлжээ3. Харин үзсэн харсан сонин хачнаа дохио зангаагаар ойлгуулахдаа ярьснаас их их дутаахгүй байжээ.
Тэр чөтгөр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг Моголцгийнхны Тэрбиш рүү дайрч мориноос нь унагаад, хонгонд нь соёогоо зоочихоод, цаадах нь айсандаа ухаан нь орон гаран болчихоогүй юу.
Малын эмч түүнийг галзуу чононд хазуулсан байна гэж оношлоод даруй утсгах, устгах төдийгүй ул мөргүй шатаахгүй бол эргэн тойрныхноо хазаж эхэлнэ гэж дөвчигнөөд, хөөрхий эх нь “шатаавал надтай цуг шатаагаарай” гэж дайрсны хүчинд түр үлдээв дээ. Хүний хувь заяаг их төлөв малын эмч шийддэг сонин ч цаг байж.
Хүн өвдсөн дуулдлагаар ирсэн Цагаан доктор, “галзуу” амьтанд хазуулсан гэх мэдээллээр очсон малын эмчтэй тэнд тааралдаж, ажил мэргэжлийн талбараа булаалдсан явдал гарсан юм.
Тэр хоёрын ажил мэргэжлийн тулаан одоо эхэлж байгаа ч юм биш. Малын эмч хархүү ирсэн өдрөөсөө л эхлээд цагаан доктортой хөдөлмөрийн фронтоо булаалдаж эхэлсэн билээ.
Анх буханд мөргүүлсэн хүнийг булаалдаж байхдаа бол миний хариуцсан этгээдийн буруугаас болсон тул яах аргагүй би л хариуцлага хүлээх учиртай хэмээн зүтгэсээр байгаад дийлсэн юм.
Энэ маргаан хэлэлцээрээр өндөрлөж “малын гаралтай өвчнөөр өвдсөн хүнийг малын эмч авах, харин хүний гаралтай өвчин туссан малыг цагаан доктор анагаах” шийдэлд хүрч. Цагаан доктор ч тун боломжийн шийдэлд хүрчихлээ гэж санаж.
Гэтэл ердөө маргааш нь өнөө “Буга намнаач манайд байна, Булга зүйгээч танайд байна” гэдэг шиг малын гаралтай бруцеллезтэй улсаа манайх авах нь зүй байхаа гээд сумын нийт өвчтний бараг ихэнхийг мал эмнэлгийн дансанд бүртгэчихлээ.
Мал нь хүний өвчнөөр өвдөж өгөхгүй тул цагаан докторын зах зээл хоног хоногоор хомсодсоор. Нэг удаа учиргүй бүгшүүлж байгаа хонь харчихаад ганц нар нь гарч “За хүү минь манай хэдэн тамхичдын балаг мал руу орлоо л доо, яалт ч үгүй ” гэсээр очтол “Малын мэнгэр тусдаа” гэсэн хариу, баахан шинжлэх ухааны нотолгоо сонсож мухардаад харьсан билээ.
Дээр нь илүү сургууль боловсролтой, Цагаан докторын “нэрийн эм” болсон кодинтой харьцуулахад хавьгүй баялаг эм тариатай малын эмч рүү хүмүүс ч их хандраад байх болжээ.
Үүнийг тэсч чадаагүй цагаан доктор намын даргаас “хүний эмчид үзүүлэх хүний тоог нэмэх арга байна уу” гэж асуух нь эвгүй гэж үзээд “Энэ суманд чинь хүн өсгөх барих бодлого байна уу, таминь” гэсээр оржээ.
Намын даргад монголын малыг 200 сая хүргэх албан даалгавар бол байсан боловч хүн өсгөх талаар өгүүлсэн ямар ч юм байсангүй билээ...
Энэ удаа ч малын эмч түрүүлээд ирчихсэн байлаа.
-За, хүнээ би эхлээд үзчих үү гэж зуунги хэлсэн нь малын эмчид хийх юм алга шив дээ гэсэн утгатай байлаа. Малын эмч мөчөөгөө өгсөнгүй
-Мал, амьтны гаралтай гаралтай галзуутай тэмцэх журмыг барина даа хэмээн хэдэрлэв.
-Ингэхэд бид өвчтөний өвчлөлийн жинхэнэ шалтгааныг тодруулаагүй байгаа
-Та арай чөтгөрт дайруулсан гэх гээгүй биз?
-Сэтгэл санааны хурц цочролоос үүдээд нэвроо... гээд тэртээ тахлын жил орос доктороос цээжилсан шинжлэх ухааны үгээ бүтнээр нь санаж чадаагүй цагаан доктор
-Хий юм харах ч удаа байна гэв.
-Сэтгэл санааны хэт цочролоос болоод невросистемд үүссэн ачаалал ихдэж хий юм харах, сонсох процесс үүссэн гэх гээд байна уу та хэмээн малын эмч нь хамаагүй илүү шинжлэх ухаанч хариу хэллээ. Бичиг үсгийн гэрийн сургуультай Цагаан доктор орос докторыг хагас жил дагаад сумын эмч болсон бол малын эмч нь гурван жил техникумд сурч диплом өвөрлөсөн нэгэн байж.
Хүн ба малын эмчийн хооронд гарсан боловсролын зөрөөг бүгдээрээ мэдээд байгаа юм. Энэ талаар яриа гараагүй биш гараад авч. Хэл ам таталдгаараа алдартай моголцогийнхны Тэрбиш нэг удаа яг ийм сэдвээр асуулт тавьж. Намын дарга түүнд нь
-Хүн болбоос ус ширгээж уух зэргээс эхлээд өөрийн өвчнөө анагаах чадвартай, хий харгахад халуун чулуу атгахад сайн гэхчлэнгээр анагаах ухааны өргөн мэдлэгтэй. Харин нэгдэл нийгмийн мал бол өвчнөө анагаах бүү хэл, өвдөж зовсноо ч хэлж чадахгүй хөөрхийлэлтэй амьтан. Ийм учраас малын эмч илүү өндөр боловсролтой, цалинтай байдаг хэмээн сайхан тайлбарлаж өгсөн удаатай.
Малыг эмчийн дайралт ингээд зогссонгүй
-Та энэ хүнийг хий юмнаас айсан гэх байна уу, тэгвэл хонгонд нь шигдсэн соёог юуных гэх билээ
Ийнхүү ялалт малын эмчийн талд шилжиж, хөөрхий Тэрбишийг амьдаар нь галдах аятай юм болоод байхад намын дарга иржээ.
Хүн өвдсөн сургаар ирсэн ч юм биш, харин хүний, малын эмч хоёр нэг дор цуглаад байхад нам дарга тэнд байлцах нь зүйтэй гэж үзснээс болжээ.
Намын дарга үзэл суртлын чухал ажлыг байнга саатуулагч энэ этгээдийг малын эмчийн үгээр болоод шатаавал ч шатаачаасай гэж бодох боловч үүнийгээ ил хэлэхээс айлаа. Хүний эмч, намын дарга хоёр чөтгөр байдаг гэж хэлж болохгүй учир малын эмчид ялагдав.
Ялалтандаа эрэмшсэн малын эмч түүнийг яг Бруно шиг шатаана гэж давхилаа. Тэрбишийн эхнэр үг хэлэх сөхөөгөө алдаж, намын дарга ч түүдгийн гал бэлддэг ч юмуу гэж бодож байх тэр үед эх нь хэмээх хэл амтай чавганц хөндлөнгөөс дайрлаа
-Миний хүү рүү амьтан биш чөтгөр дайрсан. Та нарт ямар хамаа байна...шатаадаг юм бол намайг хамт шатаагаарай...хэмээн тачигнаад дайрлаа.
Ер нь айхавтар хэл амтай чавганц байсан тул малын эмч ч айсан гэсэн. Дургүйг нь хүргэчихэж гэмээнэ, шийдсэн тэр этгээд хүүгээ зориут нэг сайн хазаж аваад дараа нь үүдэн шүдээ сайн хуурайдаж үзүүрлээд, нам эвлэлийн даргаас эхлээд хүн, малын эмчийг оруулаад сумын бүх хариуцлагатанд ам хүрэхээ сийхгүй.
Хүний эмч Цагаан доктор л зайлуул “Гарыг хүлж, амыг боож, хүн хазахааргүй болгочихоод харзная” гэж байж авч үлдээгүй бол өдийд Тэрбиш гээч хүн байхгүй байх байсан.
Тэрээр галзуурч үхээгүй боловч турж үхэх бол дөхсөөн, дөхсөн. Ходоод сайтайдаа үлдсэн гэдэг юм. Түүний амны боолтыг тайлах зоригтой аавын хүү гарсангүй. Хүмүүс ээжийг нь ч хавьтуулсангүй. Хэл ам хэрүүл тэмцэл нь гүйцэгддэггүй тэр чавганц хүүдээ хазуулаад галзуурчихвал харин ч овоо хэдэн амьтанд шүдээ хүргэж байж зогсоно гэдгийг мэддэг болоод тэр.
Цагаан доктор хүний эмч юм болохоор хүнлэг нь аргагүй санал гаргаж “кодин уулгаад үзвэл яасан юм бэ” гэж. Хэн түүний амны боолтыг авах билээ, авлаа ч ам руу нь яаж хийх билээ дээр тулаад гацлаа.
Тэрбиш сүүлдээ тэлчлэхээ ч болиод хөшсөн тул үхчих шиг боллоо гэж үзэж толгойнх хажууд нь том шаазан тавганд хойлгын идээ будаа засаж, арц уугиулаад амных боолтыг тайлтал ухасгээд үмхээд авчээ. Боолтыг авсан хүнийг бишээ, өнөө тавагтай идээг.
Галзуурсан, чөтгөр болсон хоёрын нэг гэж айсан хүмүүс хөдлөх нь бүү хэл дуугарч чаддаггүй. Тэгж тэгж айдаггүйгээрээ алдартай эх нь “Үхсэн хойноо ч турж үхлээ юу” гэж зандарч.
Гэтэл өнөө “чөтгөр”
-Тэгэхгүй яахийн, долоо хоног амандаа юу ч хийгээгүй юм чинь гэжээ. Хүмүүс түүний амьд байгааг, ухаан санаа нь хамгийн сүүлд орж ирэхдээ эргэж гараагүй байгааг тус тус мэдэв.
Харин нэлээд нь түүнийг удахгүй жинхэнээсээ үхэх байх гэж бодсон байна. Яасан гэхээр, тэрхүү сонин “Талийгаач” өөрийнхээ гашуудлын идээг шаазан тавагтэй нь хамт идчихсэн байж. Ходоод сайтайдаа үлдсэн гээд байдгийн учир энэ.
Хожмоо тэр чөтгөрийн учир нь тодорхой болсон. Хямгач арвич амьжиргаагаараа алдартай “нарийн” Пянбуу тэр жил маршал Чойгалсангийн ноос бэлтгэх төлөвлөөг биелүүлэх гээд биенийхээ үснүүдээс гадна, ойр хавь байсан амьд бүгдийг хяргажээ.
Тэдний дотор хоёр нохой нь орсон юмсанж. Нэгэнт л аж ахуйч, арвич хямгач хүн юм хойно тэднийгээ эхэлж ахарлах байдлаар хяргаад, үлдсэн үсийг нь сахлын пэрээтгээр хусчээ. Нохойны арьс гэж хөрс муутай, улаан мах байдгийг тэхэд л хүмүүс мэдэж. Гулууз мах амилаад, хүн амьтан хага татчих гээд байсан учир энэ. Ганцхан тэрбиш ч түүнд хэлмэгдсэн юм биш. Улаан мулзан хоёрыг хээр унтаж байхад нь сэг таарлаа гэж баярлан идэх гэж оролдоод үнхэлцэг нь хагарсан гурван ч чоно, тонших гэж байгаад сүнс нь зайлсан тавын таван бүргэд, хоёр тас, нэг ёл бий гэлцдэг.
Ер нь нарийн Пямбуу ганцхан нохойгоо ч хяргаагүй байх. Урхи тавьж хулгана зурам хяргаад байна, ааруул дээр суусан зөгийг бариад, хямсаагаар чимхэчихсэн “Шавьж ч гэсэн гэдсэндээ хэдэн хялгастай байдаг юм байна, хөөе” гээд дуран барьчихсан суусан ч гэх шиг, юм юм л дуулддаг байсан.
Гэвч социалист нийгэм байгуулж байгаа цоглог ард түмний инээд хөөрийг ноосны хатуу төлөвлөгөө ч дарж чадаагүй гэдэг. Малынхаа ноосыг дутаагаад түүнийгээ гүйцээх гэж бүх биеийнхээ үсийг хуссан хэдэн мулзан харчуул цуглачихсан ганц юм задлаад “суга цавиар хүйт оргиод эвгүй л юм. Гэхдээ бид азтай. Төмс хураах төлөвлөгөө тасалсан ногоочид өөрийнхээ төмсийг авч тушаасан гэдэг шүү...ха ха, хи хи” болцгоож суужээ.
Гэтэл өнөө ногоочид нь яасан гээч. Бас л нэг лонх юм задалчихсан “Аз дайрна гэж энэ л байх. Луувангийн төлөвлөгөө тасалсан улсын хажууд оргүйд орвол охинтой хө” гэлцэн нуг нуг хөхрөлдөж байжээ.
1 Энэ төлөвлөгөөний тухай янз бүрийн яриа байдаг. Удирдагч Сталин монголын хүн амыг өсгөсөнд орвол малыг нь өсгөсөн нь хамаагүй ирээдүйтэй гэж үзээд энэ төлөвлөгөөг гаргасан гэх. Тэгээд мал өсөхийн хэрээр хүн хорогдох тийм арга бодож олсон нь тэр бөгөөд төлөвлөгөө тасалсан хүнийг нь хасаад явах их энгийн хувилбар гэх.
2 Тэр үед таван хүүхэд төрүүлсэн эхэд “алдарт эх” одонгийн анхан шатныхыг өгдөг байсан. Уг одон эхэндээ “алдарт эцэг” нэртэй байсан ба таван хүүхэдтэй айлын өрхийн тэргүүнд өгдөг байсан гэх. Гэтэл нэг айлын таван хүүхдэд таван өөр эцэг тодрон нэг одонг булаалдсан зарга үүсчээ. Эхний тохиолдолд ч яахав тавууланд одонг хувилан өгөөд асуудлыг шийдсэн бололтой байдаг. Харин дараа нь нэг айлын тав дахь хүүхдэд гурван өөр эцэг тодрон маргаан үүссэн нь одонгийн нэрийг өөрчлөх шалтгаан болжээ. Энэ мөчөөс хойш маргаан бага гарахыг бодолцон зөвхөн эхэд нь одонг олгох, нэрийг нь түүндээ тохируулан солих шийд гарсан гэж ярилцдаг.
3 ер нь тэр ухуулагч зүүдлэхдээ ярьдгийг нь тооцох юм бол хоногийн 24 цагийн турш амаа хамхидаггүй нэгэн байж. Энэ дадал нь үхсэн хойно нь ч үргэлжилжээ. Нас барснаасаа хойш долоо хоногийн турш нь хэл гозолзоод байсан учраас оршуулж чадахгүй хүлээсэн гэх.
NASA
kkk
bayaraa
bayaraa
Зочин
nasan
Зочин
eric
Зочин
Joker