Тариа, ногоо, зуд гурвын цуглаан дээр
Цагаан сарын өмнөхөн уламжлал ёсоор Засгийн газар хуралдаж ”Улсын тэргүүний сайн малчин, тариаланч”-аа тодрууллаа. Энэ удаа урлаг соёлын салбарт олны танил болсон поп ”Камертон” хамтлагийг ”Улсын аварга хамт олон” болгожээ. Өөрөөр хэлбэл тус хамтлагийн дуучин ”Эба” буюу Б.Эрдэнэбат өнөө жил хамгийн сайн ажилласан тариалангийн компанийн захирал нь юм байна.
Харин "Камертон" хамтлаг хийгээд Эба болон түүний тариачин хамт олон нь одоо Улаанбаатарт ажиллаж амьдардгийг мэдэлгүй хөдөө тийш дэмий шахуу явчихаад иржээ. Албан мэдээнд дурдсанаар бол Сэлэнгэ аймгийн Сант сумын "Монгол газар шим" хэмээх компани "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор шалгарсан. Тэр компани нь алтны магнат, ноён Мянганбаярын охин компани нь. Энэ компанийн гүйцэтгэх захирал нь Эба. Харин ажилчдын ихэнх нь дуучид биш Сант сумын харьяат тракторч механикжуулагчид аж. Нийтдээ хориод үндсэн ажилчинтай газар тариалан эрхлээд тав зургаан жил болж буй айл юм байна. Намрын тариа хураалтаас хойш хавар тариалалт эхлэх хүртэл хийх ажил байхгүй тул ажилчид нь байгууллагынхаа хаалгыг түгжээд тараад явчихаж. Өвөлдөө сул зогсолтын хөдөлмөрийн хөлсний нормативаар цалинжиж зүгээр байхаар аар саар ажил хайгаад зарим нь хот суурин бараадсан сурагтай.
Өнгөрсөн намрын ургацын тухайд гэвэл эх орон даяар хур бороотой сайхан зун болж тариачид түүхэндээ байгаагүй их арвин ургац хураасан жил байлаа. "Монгол газар шим" компанийн хувьд 836 га талбайд улаан буудай тариалсан. Усархаг жил дээр нэмээд усалгааны төхөөрөмж ажиллуулсан. Усаа Орхон мөрнөөс татсан гэхээр энд замбараагүй их будаа ургасан байж таараа. Сант сумын ХАА-н мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ: "Монгол газар"-ынхан жил бүр сайн ургац авч байгаа. Эдний 260 га талбай нь байнгын усалгааны системтэй. Тэр талбайгаа уриншлалгүйгээр гуурсан тариалалт хийж жил бүр борддог. Тэгээд га тутмаас 40 центнер будаа авдаг. Энэ жил гэхэд 2600 тонн ургац хураасан агаад түүнээ улсад болон хувийн гурилын үйлдвэрүүдэд борлуулаад дууссан" гэж хэллээ. Сумын төвөөс урагш нэлээд зайтай тэдний үтрэм парк дээр очиход манаачаас өөр хүн алга байв. Талбай дээр усалгааны системээ угсраастай нь орхисон бөгөөд хашаандаа трактор, комбайн бусад агрегатуудаа жагсаан үлдээжээ. Хашааны буланд их хэмжээний сүрэл пресслэн хураасныг очиж сонирхвол тариан түрүүг салгалгүй тэр чигээр нь боочихсон байх юм. Түрүүтэй сүрлэнд будаа нь хэвээрээ боловч олон дахин ачилт тээвэрлэлтэнд сэгсрэгдэн ихэнх нь хаягдсан бололтой. Байгаа нь болохоор борц болтлоо хорчийн хатаж ямар ч байсан гурил болохоосоо өнгөрсөн эд байв. Харин малын тэжээлд нэлээн үнэд хүрч мэдэхээр. Гадуур ийм түрүүтэй солоом боодол нь газар дээрээ 5000 хүрнэ гэж ярьж байлаа.
Сант сумын иргэдийн ярьж байгаагаар энэ намар тариа хураахад цаг агаар их саатсан гэнэ. Хураалтын цагаар олон удаа бороошсон. Газар хатахыг хүлээж байх зуур дахиад л тэнгэр бүрхэж сүүлдээ зарим талбайгаа хураалгүй орхисон аж. Өвсний сөл гандмагц тариалангийн бүс рүү малчид намаржаандаа буухаар орж ирцгээн мал нь хурааж амжаагүй тариа руу дайрчихсан байна. Тэгээд л санд мэнд үлдсэн жаахан тариагаа толгойтой юутай нь хамсан болоод заримыг нь дийлэлгүй үхэр малд хаяж өгчээ.
Сумын Засаг дарга Өлзийбадрахтай уулзлаа. Тэрээр энэ суманд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар гурав дахиа засаг барихаар сонгогдож буй туршлагатай улстөрч болоод байгаа нэгэн юм. Биологийн багш мэргэжилтэй Бадрах даргыг зарим нь бас багш аа ч гэж дуудна. Сая сонгуулийн сурталчилгааны үеэр хууль зөрчсөн гээд шүүхэд дуудагдсан тухайгаа ярианы завсар хэлээд авна билээ. Яасан гэсэн чинь Сэлэнгэ аймгийн төв дээр байдаг "Сайхны хөтөл" дээр авахуулсан зураг нь хэл ам татжээ. Монгол Улсын хойд хил дээр очсон болгон заавал очдог уг хөтөл мэдээж дээрээ овоотой. Гэтэл нэр дэвшигчийн сурталчилгааны фото зургийн ард "Сайхны овоо"-ны зураг хамт гарчихаж. Тэгэхээр нь өрсөлдөгчид "Сурталчилгаандаа бурхан шашны холбоотой зүйл ашиглаж сонгогчдоос илүү санал аван ялчихлаа" гээд шүүхэд өгчихөж. Шүүх тунгаан болгоогоод "Овоо бол овоолсон чулуу болохоос шашин биш гэж тайлбар толь бичигт бичжээ. Тэгээд ч энүүхний төдийд сонгогчдын санал нөлөөлөх нөхцөл байдал нотлогдсонгүй" гэсэн үндэслэл гаргаж гомдлыг хэрэгсэхгүй болгосон гэнэ.
Амьдрал ба хууль хоёр заримдаа ингэж зөрчилдөн инээд барчихдаг. Их дургүй хүргэвэл хууль нь зүтгэсээр байгаад дийлчихнэ гээч. Тэгээд инээдэм биш ханиад болно.
Одоо Сант сум цас зудын байдалтай байгаа. Нийт жар гаран мянган толгой мал онд мэнд орохоор өвөлжиж буй. Өвөлжилт цаашдаа хүндэрч уулархаг газартаа төд, тал газраа хэд ч гэнэ үү цасан бүрхүүлтэй... Өвс тэжээл, малчдад өгөх тусламж, туулах чадвар сайтай унаа хөсөг... гээд хөдөөгийн бараг бүх сумдын ярьдаг тэр яриа ажлууд л байна. Малын буян их гэдэг үнэн шүү. Манай оронд сэрүүн ормогц зам, уурхай, барилга, мэдээж газар тарианы бүх ажил нам зогсож хийх ярих ч юмгүй болцгоодог. Зөвхөн мал малчин хоёр л ажил дээрээ үлдсэн. Тэгэхлээр дуртай ч дургүй ч өвөлжин хаваржин малнаас өөр юугаа ярих юм. "Өвөлжилт хүндэрлээ" гэхэд хонь ямаа хоолондоо хүрч чадахаа больжээ гэж ямар ч монгол хүний толгойд шууд буудаг. Залгуулаад тэдэнд туслах ёстой юм байна гэж ойлгогдоно. Тэгээд төрөөс, хувиасаа, улаан загалмай, олон улс хүртэл тусламжийн гараа сунгацгаана. Сүүлийн үед хотынхон махны үнэ өссөнд жаахан дургүй болсон болохоос малчдад туслах хөдөлгөөний эрч хэвээрээ байгаа.
Цас зудтай газарт өвс тэжээл тусламж өгдөг бол Сант сум цаг агаарын тэр болзлыг давуулан биелүүлсэн харагдана.
Энэ шударга биш хуваарилалтад Сэлэнгийн ногоочид их дургүй байна. Мөн тариачид ч "мал мал..." гээд байн байн яриад байхаар дуртай биш байна билээ. Сант буюу хуучнаар "Цагаантолгойн САА" гэдэг байсан энэ суманд 600 гаран өрхийн 2000 гаруй хүн ажиллаж амьдарна. Түүний зуугаад өрх нь зөвхөн малаар дагнах ба бусад нь газар тариалан, төрийн байгууллагад ажилтай. Тэр тусмаа тэдгээр мал дагнасан малчид нь энэ суманд сүүлд баруун аймгаас нүүж ирсэн иргэд түлхүү аж. Малын тоо механикаар өсч бараг далан мянгад хүрээд байгаа болохоос саяхныг хүртэл энэ сум 26-хан мянган мал тоолуулдаг байжээ. Тэр үедээ л бэлчээрийн даац хэтрэнгээ алдлаа гэж ярьж байсан бол одоо жинхэнээрээ гамшгийн байдалд орсон тухай ч ярьж байна. Энэ бүс нутгийн тэгш газарт нь ногоо тарьж тариа ургуулахаар сул газар үлдээлгүй хагалсан. Үлдсэн ухаа толгод нь болохоор ой хөвч, завсар чөлөө нь хадлан хадах улсын нөөц газар. Тэрнийг нь болиулаад мянга мянган малын хөлд дарж талхалмааргүй байна гээд байгаа нь ч буруу биш байх. Гэхдээ өвөл өвс хадаж тариа тарих биш харин ч сайхан бэлчээр онгойгоод ирсэн мэт. Сэлэнгийн өвөл битүү цастай хунгарласан ч гэлээ өндөр ургасан өвсийг далдруулж чадаагүй, голын бургас шугуй ч арга тасрахад шимт тэжээл болохоор бэлэн шугуйрна. Мөн өвөлжөөний дэргэдээс эхлэх өнжиж буй тариан талбайн сүрэл бухлууд гэж байна.
Сумын ихэнх иргэд огт малгүй гэвэл бас худлаа. Тэд урьдын адил хашаа хороондоо саалийн цөөн үнээтэй, хажуугаар нь тахиа, гахай тэжээж ирсэн хэвээрээ байна. Энэ нь бэлчээрийн даац ба тариа ногоонд ноцтой нөлөө үзүүлэлгүй зохицсоор ирсэн аж.
Ногоочид өнгөрсөн зун үер усны гэнэтийн гамшигт өртөж 27 айлын 47 га төмс хүнсний ногоо урссан байна. Олон айлын бүтэн жилийн гол амьжиргаа болох ургацаа бүрмөсөн алдаж өр зээлэндээ баригдсан. Даатгалын байгууллагууд хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдийг хэзээд ургац алдана гэж тооцоод даатгалд гуйгаад очсон ч хамруулдаггүй гэсэн. Тэдэнд авто машин бусад эд зүйлийг л даатгалд хамруулах нь ашигтай аж. Ногоочдод бүрэн итгээд зээл өгдөг банк ч бас ховор. Энэ бүлэгт хамрагдах олон иргэд аргагүйн эрхэнд бор зүрхээрээ зүтгэж нэгнээсээ болон үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авч хавар тариалалтаа хийж амьдардаг байна. Малчид найрлаж наадамдаж байх зуны дэлгэр цагаар борви бохис хийхгүй зэрлэг зулгааж хөлсөө урсган хөдөлмөрлөсөөн. Тэрнийг нь үерийн ус хаман одсон бөгөөд тухайн үед Засгийн газар, төр засгаас харж үзнэ гэж хоосон амлажээ. Ногоочдод тохиолдсон гайг өнөө хэр тоолгүй орхисон атлаа малчдыг болохоор энхрийлээд байх юм. Бид их олон юм гуйгаагүй, төрөөс гуйж ч байгаагүй. Гагцхүү банкны зээлийг минь нэг жилээр хойшлуулаад хүүг нь зогсоогоод өгөөчээ л гэж хүссэн юм. Одоо удахгүй хавар болмогц түрүүчийн зээлээ төлөөгүй байж дараагийн тариалалтын зээлийн эрэлд гарна. Маш хүнд байна гэж олон хүн ярьж байлаа. Эдний дэргэд малчдад туслах тухай ярих нь бараг тохуурхаж байгаа мэт санагдсан байх.
Харин тариаланчид болохоор халуу оргисон малчид хамаг будааг минь намар идчихсэн ш тэй. Цаагуур чинь мангар тарган үхэр адуунууд давхилдаад дайрчих гээд байгааг анзаарахгүй байна уу. Юуны чинь зуд гээд инээлдэж байв.
Хэд хоногоос иргэд хуралдаж суманд орж ирсэн 232 сая төгрөгийг юунд зориулахаа хэлэлцэнэ гэж байв. Энэ жилээс эхлэн орон нутаг дахь төсөвт ийм шинэчлэл явагдахаар болж. Тэгээд хүмүүсийн саналыг авах юм байх. Бадрах даргаас ямар санал танайхан тавих бол гэсэнд "Урьдчилсан байдлаар харанхуй гудамжинд гэрлийн шон суулгах, цэвэр усны сан нэмэх, хүүхдийн тоглоомны талбай тохижуулах..." зэрэгхэн зонхилох тухай таамаглаж байна билээ. Бүхэл сумын хэмжээнд 200 сая нь хоёрын хооронд шахуу наргианы мөнгө юм даа хэмээн дотроо бодов. 1950-иад онд энэ сумын эхэнд Эвэн гол дээр томоо усан сан бариад нэг их удалгүй эвдээд хаячихсан гэдэг. Өнөө жил харин тэрнийг сэргээх төсөл яригдаж байгаа гэсэн. Тэгвэл тариа ногоогоо услах, хаврын шар усыг торгоох, хиймэл нуур байгуулж загасны аж ахуй бүр аялал жуулчлал нээх өөр сонирхолтой амьдрах хувилбарууд шил дараалан гарч мэдэхээр байна. Сантын нутгаар дамжин алдарт Амарбаясгалант хийд зорих дотоод гадаадын жуулчдын их хөлийн газар дайран өнгөрдөг. Энэ рүү чиглэсэн засмал зам баригдах яриа мөн бий. Хэрэв энэ хоёр бүтчихвэл энэ сайхан нутагт олон хүн буцан ирж төвхнөх нь гарцаагүй.
Сумын төвийн гэр хорооллууд өм цөм нүүсэн онгорхой гудамж ихэссэн харагдана. Гэвч шинээр хашаа барьж байгаа айлууд нь болохоор тээр хол газар авсан агаад төвд ойр газар байхгүй гэх юм. Газар өмчлөх сургаар тэр онгорхой зайнууд бүгд цаанаа эзэнтэй гэрчилгээтэй болчихсон аж. Газраа хүнд ч өгөхгүй өөрөө ч ашиглахгүй болохоор сум улам л хий тэлээд айлууд руу дэд бүтэц тавих боломжгүй болгож орхижээ. Хөдөөд 0.35 га- г иргэн бүрт олгоно гэхээр асар том талбайнууд саахалт айл хэмжээгээр бий болох нь. Энийг хуулиндаа анхаарч зохицуулахгүй бол сумын төвийг ус дулаанаар хангах нь бүү хэл гэрлийн шонг нь татаж хүрэлцэхээргүй суначих юм байна л даа.
vJtVDYufhhOUxQvmThL
bcvf gyb
nbgrftf
Зочин
Зочин
oros guril