Я не люблю, когда мне врут,
Hо от правды я тоже устал,
Hаше будущее - туман,
В нашем прошлом - то ад, то рай

– Оросын МУРАВЕЙНИК дуунаас

Мөнөөхөн би Эрдэнэт хотод лекцлэх ажлаар яваад ирлээ. Хоёр ч газар лекц уншиж, Эрдэнэтийн сэтгүүлчидтэй уулзалт зохиож, Эрдэнэтийн хэд хэдэн ТВ-д ярилцлага өглөө. Мэдээж миний ярих унших сэдэв: олон улсын харилцаа, дэлхийн ертөнцийн хөгжлийн хандлага, Монголын гадаад орчин, Арабын хувьсгал, лалын геополитик гэх мэтээс халихгүй. Бас саяхан хэвлэгдсэн хамтын бүтээл (Баабартай), миний өөрийн “Тахрирын хувьсгал” номуудаа сурталчилж, тэр талаар яриа өрнүүллээ.



Гэвч лекцийн дараахи асуулт хариулт яалт ч үгүй Монголын дотоодын улс төр рүү хазайсаар гүн рүү нь ороод ирэх аж. Гарчигт өгүүлсэн тэр эмзэг сэдэв гэдгийг нь Виктор Цойгийн орос рок дууны дахилтаар төлөөлүүлчихлээ. Эрдэнэтийн сэтгүүлчид Монголын улс төрөөс бүрэн залхсан цөхөрсөн, итгэхгүй байдалтай байгаа нь асуулт, ярилцлагаас тодорхой харагдлаа.



Тэд ингэж ярьж байна: – Олон намын систем үр дүнгээ өгөхгүй нь өнгөрсөн 23 жил харагдлаа. Нам дагасан улс төрийн амьдрал утгаа алдлаа. Нэг нам ялдаг, бүх ажил “0”-оос эхэлдэг, өмнөх хийснээ нураадаг, дахин шинээр босгодог, дараагийн нам ирээд дахиад “0”-оос эхэлдэг, үүнийг яах ёстой вэ?  Энэ олон нам хөгжлийг нурааж байна. Нам дагасан сүрэг хүн төрийн ажлыг үймүүлж байна. Энэ оронд чинь эзэн гэж байна уу, энэ хэдэн намаас өөр? Намуудаас манай нийгэм бүрэн залхлаа гэж тэд ярьцгааж байв. УИХ-ын сонгуульд итгэл алдарсан байдлаа ч нуулгүй илэрхийлж байв.

Би ингэж хариуллаа: – Улс төрийн нам гэж энэ дэлхий дээр хоёр янз буй, 1) олон түмний, 2) кадрын гэж. Олон түмний нам гэдэг нь өмнөх социалист нийгэмд байсан төржсөн, хатуу гишүүнчлэлтэй нам. XIX зууны сүүлч, ХХ зууны эхний хагаст бий болж төлөвшсөн,  үзэл суртлын хатуу чиг баримтлалтай, намын босоо удирдлагатай, орон нутагт хүчтэй салбартай, тогтмол үйл ажиллагаатай. Ийм намд: коммунист, социал-демократ, популист, нацист, фашист намууд орно.

Манай улс МАХН гэж ганц төржсөн намтай байсан тэр эрчээрээ олон түмний олон намуудыг 1990 онд бий болгосон, одоо ч тэр эрчээрээ явж байгаа. Ийм намууд нь “сонгогч – олон түмэн” рүүгээ хандсан суртал нэвтрүүлгийн бодлого байнга явуулж, олон түмнийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулах, тэр хэрээрээ сонгуулийн кампанидаа амжилт олно гэж үздэг. Тэр л жам хуулиар манай өмнөх бүх сонгуулиуд болж өнгөрсөн.



Улс төрийн үйл ажиллагаагаар нь намуудыг:
1)    Парламентын
2)    Парламентын гаднахи

Нийгмийн байгуулалдаа хандаж байгаагаар нь намуудыг:
1)    Хувьсгалт
2)    Реформист буюу шинэчлэгч
3)    Либераль буюу аядуу
4)    Консерватив буюу хуучинсаг

Үзэл суртлаар нь намуудыг:
1)    Хатуу үзэл сурталжсан
2)    Прагматик буюу сонгуулийн түр лоозонтой намууд гэж хувааж болно.

Энэ дэвсгэр дээр Монголын намуудыг авч үзвэл нийгмийн байгуулалдаа хандаж буй, улс төрийн систем дотор эзлэх байр сууриараа, нийгмийн анги давхаргын төлөөллөөрөө бүгд зүүний уриа лоозон бүхий, нийгмийн баримжаат, босоо удирдлагатай, хатуу гишүүнчлэлтэй, олон түмний намууд байна. Хэрэв Та бүхэн нэг нам ялж, бүх ажил “0”-оос эхэлдэг, өмнөх хийснээ нураадаг, дахин шинээр босгодог гэж үзэж байгаа бол олон түмний нам үргэлжлэн оршсоор байгаагийн уршиг, хатуу гишүүнчлэлтэйн гай гэж би хэллээ.



Иймд манай бүх намууд “кадрын” болох ёстой. XIX зууны дунд үеэс кадрын нам барууны орнуудад, сонгуулийн хороод, парламент дахь бүлэг үүсч буй болоход төлөвшөж бий болсон. Хатуу гишүүнчлэл гэж байхгүй, орж гарах нь чөлөөтэй, мэргэжсэн улс төрчид ба  санхүүгийн лобби элитээс бүрдсэн цомхон гишүүнчлэлтэй нам. Гол зорилго нь сонгуульд ялах. Гишүүн гэж тодорхой нэр заавал тэр нь цөөн тооны парламентич байх ба тэдний элит нэг хэсэг нь төвөөсөө баруун руу хэлбийж, дундаж хэсэг нь төвөөсөө зүүн рүү хэлбийж баруун, зүүн гэсэн хоёр нам үүссэн. Барууныг нь консерватив, зүүнийг нь либераль нам гэж нэрлэх болсон.

Гэм нь одоогоор Монголд "барууны чиг баримжаат” консерватив нам,  биснесчдийн  реформист, санхүү–олигархийн эрх ашгийг хамгаалагч консерватив барууны нам төрөөгүй, төрөх нийгмийн нөхцөл нь ч алга байна.

Одоогоор Монголд кадрын нам төрөх үйл явц эхний шатандаа далд байдлаар төлөвшиж байж магадгүй юм. 2012 онд явагдсан УИХ-ын сонгуулийг холимог хувилбараар явуулж, эхний үр дүнг үзэж, нийгмээрээ хүлээн зөвшөөрч эхэлж байгаа ба цаашид “намын нэрс” гэдгээр УИХ-ын сонгуулийг улсын хэмжээнд ганц том тойрог болгон пропорциональ системээр явуулах аваас кадрын намууд бий болох нийгмийн хөрс бүрдэнэ. Нэгэнт тодорхой тойроггүй, сонгогч–сонгогдогчийн шууд харилцаа гэж үүсэхгүй тул намууд нэрсийн жагсаалтаа гаргаад зөвхөн үзэл баримталаараа өрсөлдөхөөс аргагүй болно.  “Кадрын нам + пропорциональ систем” гэсэн зарчмаар цааш явах аваас сонгуулийн зардал гэж үрэлгэн загнахгүй, сонгогчдыг худалдан авч чадахгүй, хөл хөөрцөг болохгүй, “нам дагасан сүрэг хүн” буй болохгүй, эцэст нь нийгэм талцахгүй хэмээн би хариуллаа.