М.Энхсайхан ба эвслийн Засгийн газар
Зам тээврийн сайд А.Гансүх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарын өчигдөр хийсэн гэнэтийн томилгоо улс төрийн хүрээнд цочрол авчраад зогсохгүй Шинэчлэлийн Засгийн газрыг ч эмзэг байдалд орууллаа. Хоёр сайд Монголын төмөр замын даргаар томилогдоод удаагүй байсан МҮАН-ын дарга М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлж, оронд нь дэд дарга П.Бат-Эрдэнийг томилжээ.
Өнгөрөгч УИХ-ын үед баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод эхний ээлжинд Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн паркаас ОХУ руу тавих төмөр замын суурь бүтэц буюу төв магистралыг өргөн царигтайгаар барьж байгуулах, харин хоёр дахь ээлжинд баригдах урд хөрш рүү чиглэсэн өмнөд төмөр замын царигийн асуудлыг тухай бүрт нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон билээ. Учир нь өргөн царигийн төмөр замыг одоогоор зөвхөн ОХУ-д хэрэглэж, өмнөд хөрш болон Азийн бусад орнууд нарийн царигийн төмөр замтай байгаа. Тиймээс ачаа эргэлт болон ачиж, буулгах хурдаа бодсон ч өмнөд хөрш рүү түүхий эд тээвэрлэх төмөр замыг нарийн царигаар тавих нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн байр суурь УИХ-ын гишүүдийн олонхид байсан ч тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байсан Х.Баттулгын хүчин чармайлтаар энэ асуудал хойш тавигдсан билээ.
Харин өнөөдөр Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт руу чиглэсэн төмөр замыг эхний ээлжинд барих шаардлага яалт ч үгүй тавигдаж, энэ төмөр замыг нарийн царигаар барих нь зүйтэй гэсэн МТЗ-ын даргын байр суурь салбарын сайдынх нь бодолтой зөрчилдсөн бололтой юм. Учир нь Зам тээврийн сайд А.Гансүх өмнөд төмөр замыг ч бас УИХ-аас баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын дагуу өргөн царигаар тавих ёстой гэж үзсэнээс “МТЗ”-ын даргыг “Засгийн газрын бодлоготой харшлав” хэмээн ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Сайд энэ хүсэлтээ ТӨХ-нд тавьж, шинэ Засгийн газрын үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдэлд шилжээд байгаа ТӨХ түүний энэ хүсэлтийг ёсоор болгосон байна. Учир нь Зам тээврийн сайдын хувьд нам дотроо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын фракцид багтдаг, Х.Баттулга сайдын сонирхол ч төмөр замын царигийн асуудал дээр нэлээд гүнзгий орсон байдаг тул дээрх сэлгээг хийсэн бололтой.
Дээр дурьдсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоос үзвэл өмнөд хөрш рүү барих шинэ төмөр замын асуудлыг салбарын сайд дангаараа шийдэхгүй, дээр нь М.Энхсайхан гэдэг хүн Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа эвслийн намуудын улс төрийн тохиролцоогоор тавигдсан хүн гэдгийг харгалзан үзсэн ч А.Гансүх, Х.Баттулга нарын хийсэн энэ удаагийн сэлгээ хамтарсан Засгийн газрын эмзэг цэгийг хөндөж байна.
Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсанаас хойш таван сар өнгөрөхөд Засгийн газрыг бүрдүүлж байгаа нэг субьект болох “Шударга ёс” эвсэлд орсон МАХН-ын гишүүд Засгийн газрыг ганхуулах замаар улс төрийн хожоо олох олон удаагийн оролдлогыг хийсэн билээ. Тэр зорилгодоо ч цөөнгүй удаа амжилттай хүрч байсан. Харин эвслийн нөгөө нам болох МҮАН-ын хувьд сүүлчийн мөчид Шинэчлэлийн гэгдсэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах тал дээр зогсож өгсөн нь Н.Алтанхуягийн Засгийн газар одоо хэр нь бүрэн бүтэн ажиллаж байгаагийн шалтгаан гэж хэлж болно. Хэрвээ өнгөрөгч арванхоёрдугаар сард Дээд шүүхийн шийдвэр гарч, Н.Энхбаяр Зайсангийн дамжин өнгөрүүлэх рүү ачигдсаны дараа “Эвсэл засгаас гарна” гэсэн МАХН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг эвслийн нөгөө нам нь хүлээж авсан бол Засгийн газар жинхнээсээ ганхах байлаа. Гэвч тухайн үед УИХ дахь Эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Н.Энхбаярын асуудал эвсэл задрах шалтгаан болохгүй, эвслийн гэрээнд ч энэ талаар тусгагдаагүй” гэсэн нь чухамдаа МҮАН-ын дарга М.Энхсайханы байр суурь байсан юм.
Харин өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болон Зам тээврийн сайд нарын гаргасан шийдвэр хамтарсан Засгийн газрын эмзэг цэгийг яалт ч үгүй хатгаж байна. Магадгүй МҮАН-ын даргын өнгөрөгч арванхоёрдугаар сард гаргасан байр суурь, эвслийн хоёр нам албан бусаар боловч хоёр талд гарсан байдал нь Х.Баттулга сайдын хувьд “олз” болж, “Засгийн газраас гарлаа гэхэд явах газаргүй” гэдэг доромж байдлаар МҮАН-ыг басч байж болох юм.
Гэвч М.Энхсайхан бол улс төрд хэдий олон жил явж, сайн муу нэрийг олонтоо авсан ч Х.Баттулга сайдын дэргэд том тоглогч. Нэг үеэ намаасаа хөөгдөж, улс төрийн хувьд “үхдэл” болсон хэмээн үзэгдэж байсан хүн 90 жил төр барьсан том намыг хоёр хуваагаад, үүн дээр нь дөрөөлөн эвсэл байгуулаад эргээд ийм олуулаа улс төрд орж ирнэ, ингэхдээ эвслийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлээд байсан Н.Энхбаярыг замаасаа зайлуулж чадна гэдэг бол яах аргагүй улс төрийн том тоглогчийн хийх зүйл. Энэ бол УИХ-д олонхи болж чадаагүй намынхаа даргыг нээнтэглэж байгаад фракцидаа хамгийн олон сайдын суудал авах ч юм уу, энэ эрх мэдлээ ашиглан УИХ-аас давсан шийдвэр гаргах, Засгийн газрыг ганхуулах хэмжээний эрсдэлд аваачихаас огт өөр зүйл.
Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа одооноос эхлэн хүссэн хүсээгүй М.Энхсайханы гаргах шийдвэрээс хамааралтай болчихлоо. Яагаад гэвэл Х.Баттулгын хувьд хэдийнэ хийдгээ хийчихсэн.
mgl hun
Irgen
Ганаа
Bold
Зочин
Зочин
Зочин
Semuun chi zugeer uu?
Зочин
Йлёын хараа
уншигч
Зочин
МОНГОЛ ХҮН
Bold
ABCD-korea-gaas
duuren.b
Зочин
Зочин
SANAA
zochin
Зочин
Зочин
zochin
RAVDAN
Zochin
bg