Ойрд би фото-нийтлэлээ ор тас орхигдуулжээ. Тэр нийтлэлээ яав ийв, хааяа үзүүлж байгаач, сонин байдаг юм гэх хүн ч нэлээдгүй тааралдлаа. Хүүг минь үгүйлсэн бололтой коммент ганц нэг харагдаж байна. Тэгээд ч энэ оны төгсгөлийн нийтлэл болог, баяр амралтын өдрүүдээр бөөн бичвэр текстээр амьтныг залхаагаад яахав гэж үзээд саяхан эхнэр, хүү бид гурав Берлин, Майн дахь Франкфурт хотоор аялснаа уншигчдад хүргээд үзье гэж шийдлээ. Уншигчид хэр хүлээн авахыг бүү мэд! Берлин рүү байнга онгоц зорчдог болсон, монголчууд тийшээ очих нь ердийн үзэгдэл тул зарим нэгэнд нь сонин биш байж болно. Очоогүй нэгэнд нь зориулж байгаа юм. Очсон нэгэн нь санаа авбал бас болох юм гэж үзлээ.

Баруун Берлиний Кудам дахь зул сарын алдарт зах. Халуун вино оочилж зул сарын баярын бэлгээ эндээс аваарай гэх зар сурталчилгаа хааяагүй. Энэ зах дээр бизнесийн ашиг хөөцөлдөж очих нь төдийлөн тааламжгүй. Тэгээд ч Та энэ зах дээрээс монгол хүнийг олж харна гэж ер байхгүй. Манайхан тоож очдоггүй юм билээ. Харин бид гурав дайраад гарлаа.


Энэ жилийн өвөл хааяагүй их хүйтэрсэн тул огт хөлддөггүй Шпрээ гол зайрмагтан хөлджээ. Энэ гол Берлин хотын яг дундуур урсдаг юм. Дэлхийн II дайны төгсгөлд бункерт эцсийн мөчөө хүлээж суудаг Гитлер Шпрээ голын усыг метро руу урсга, бүгдээрээ үхцгээ хэмээн хилэгнэн байдаг дүрс “Чөлөөлөлт” кинон дээр гардаг даа. Тэр гол чинь шүү дээ.  


Берлинд очсон гаднын хэн ч байлаа гэсэн очдог нэг газар байдаг даа. Бранденбургийн хаалга. Түүхэн их хаалга. Түүхийн олон чухал үйл явдлын гэрч болон мөнхрөөд байна. Ердөө баруун тийш 100 метр алхаад Рейхстагийн сүрлэг ордон байгаа. Бид тэр хавиар зугааллаа. Гэм нь өвөл Германд 15.00 цагт нар жаргаад бүрий болчихдог тул цаг давчуу явлаа.


Бранденбургийн хаалганы нөгөө талд ийм нэг цэрэг зогсож байх аж. Чөлөөлөгч гэж ярьвал нөгөө баатарлаг улаан армийн орос цэргийг дурсмаарсан. Гэтэл үгүй юм гэнээ. Эльба мөрний баруун эрэг давж орж ирсэн америк цэрэг л өнөөгийн германчуудад чөлөөлөгч нь болж харагдаж л дээ.


Шпрээ гол. “Чөлөөлөлт” кино гэснээс би мартчихаж. Бидний багад зурагтын дэлгэцнээс хөгшин залуу бүх хүнийг салгадаггүй байсан “Нохойтой 4 танкчин” кинонд мөн энэ гол гардаг шүү дээ. Танкчид маань танктайгаа газар доогуурхи метро руу урсгасан энэ голын ёроолоор нэвт гарч, цаашаа Бранденбургийн хаалганы дэргэд гараад ирдэг дээ.


Зул сарын баярын өдрүүдэд Берлин хот нэг л эл хуль байлаа. Гэр бүлээрээ баярлаад гэртээ бүгээд суух нь герман хүний зан. Бас хөдөө эцэг эх, өвөө эмээ нар руугаа явчихна. Тэр гүүрэн дээр давхиж яваа “S Bahn” бараг хоосон, гадаадын голдуу хүмүүс л зорчиж байх аж.


Бранденбургийн хаалганы нөгөө талд америк цэргийн ойролцоо ийм хоёр цэрэг зогсож жуулчдыг баясгах аж. Нүүрээ цэлдэн ногооноор будсан амьд цэрэг нь хуучны Ардчилсан Герман улсын үндэсний ардын армийг бэлгэдэж байгаа юм болов уу. Нөгөөх нь гипс юм уу, цементээр хийсэн хөшөө юм. Хаанахын цэрэг болохыг таньсангүй.


Ялалтын багана. Германы түүхийн бэлгэдэл. Берлиний нэгэн түүхэн дурсгал. XIX зуунд архитектор Иоханн Штрак, барималчин Фридрих Драке нар бүтээсэн урлагийн хосгүй бүтээл. “Их од” хэмээх талбайд Тиргарден цэцэрлэгт хүрээлэнгийн төвд байрлана. XIX зуунд гурван том дайнд Прусс ялсныг бэлгэдэн анхдугаар Вильхельм хааны зарлигаар босгожээ. Дани, Австри, Францыг номхотгосноор Прусс буюу одоогийн Германы хүчирхэгжилтийн үндэс тавигджээ.


Энэ баганын оройд буюу 48 метрт гадагш гарсан балкон маягтай тавцан бий. Тэндээс цэлмэг тунгалаг үед баруун, зүүн хоёр Берлин хэдэн тийшээ тун гоё харагддаг. Баганын дотор талд цахилгаан шат байхгүй тул явган мацна. Дотроо бас бяцхан музей бий. Зундаа, тэднийхээр бол 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 31 хүртэл энэ багана, түүний музей үзэгчдэд нээлттэй. Энэ өдөр биднийг очиход зүсэр хүйтэн бороотой, эл баганын ойролцоо ганц ч хүн явж харагдсангүй.


Бид гурав Тиргарденаар хэсэг зугаалаад тэндээсээ эгц хойшоо алхаад Тиргардены алдарт зах руу хүрч очлоо. Зул сарын баярын урьд орой, маргааш нь энэ зах ажиллахгүй. Бусдаар бол бямба, ням гариг болгонд жилийн 4 улиралд нар салхи, бороо, цас үл ажран ажилладаг.


Өвөл бол нэг иймэрхүү бараа л захын барааны жинг дарж байдаг юм даа. Бэлэг дурсгал гэх үү, сувенир гэх үү, юу ч гэмээр юм. Хуучин Ардчилсан Германы далбаа, бэлгэдэл, үслэг эдлэл, цэрэг малгай, шинель овоорч байх ба зарж буй эзэд нь эднийгээ зөөж авчраад, эргээд ачаад явах гэж махаа иддэг байх даа.


Герман цэргийн төмөр малгай нэг нь 65 евро гэв. Хүү маань сонирхоод, бид хориод авхуулсангүй. Нөгөө лут сүлд тэмдэг нь байхгүй болохоор хоосон төмөр дуулгаар юу ч хийх билээ. Овор ихтэй ачааг онгоцоор тээнэ гэдэг бас дарамт.


Бороотой жихүүн орой бид халаасан улаан вино хангалттай ууж дулаацлаа. Нэг бүр нь 2 евро 50 цент, зарим мухлагт 3 евро гэж байна. Улаан дарсыг халаадаг тусгай технологи бий гэнэ. Буцалгахаас наагуур халаагаад зөгийн бал, халуун орны гаатай модны үндэс хийдэг гэж нэг худалдагч ярьж байв.


Хуучин Ардчилсан Германы нэрийн хуудас болдог дэлхийн цаг Александр плац талбай дээрээ байж байх аж. Бүрхэг жихүүн өвлийн тэнгэр дор гэрэл сүүдрийг тохируулж байгаад авсан маань энэ.


Энэ өвөрмөц барилгыг хэргээр оруулъя гэж шийдлээ. Шпрээ голын гүүр өнгөрөөд зам дагуу алхаж явтал замын баруун гар талд энэ шилэн барилга байгаа. Хумьболдтын их сургуулийн номын сангийн шинэ барилга ийм болжээ. Энэ барилгын эсрэг талд Берлиний католикийн төв сүм байгаа.


Бид Берлинд гурав хоноод дараагийнхаа аялалд гарлаа. Баруун тийшээ Майн голын эрэг дээрхи Франкфурт орохоор гал тэрэгний зогсоол руу очлоо. Хүйтэн жавартай, салхитай өдөр ийм улаан өнгийн тохилог галт тэргэнд суулаа. Замдаа 4 цаг давхина гэнэ.


Нар жаргахын хэрд Рейн мөрөн дээгүүр өнгөрч байна. Тэнгэр бүрхэг, намираа бороотой, зөөлөн уур амьсгалтай газар ирлээ. Берлинийг бодоход баруун өмнөд Герман зөөлөн дулаавтар өвлийг үдэж байх шиг.


Франкфуртын төв вокзал нь хотын төвдөө байх ба газар доогуурхи “S Bahn”,   “U Bahn”-тайгаа нэг дор төвлөрсөн байх аж. Ер нь Германы том хотуудын нийтийн тээврийн сүлжээ нэг иймэрхүү дээ. Гадагш гарвал автобус, трамвайны эцсийн буудлууд. Тэр гадаадаар бичээд байгаагийн эхнийхийг газар дээгүүр явдаг метроны вагон, хоёр дахийг нь газар доогуур явдаг метро гээд ойлгочихож болно. Энэ зураг бол Франкфуртын вокзалаас дээшээ гарч ирээд байгаа хотын төв хэсэг.


Франкфурт бол Германы төдийгүй, Европын банк-санхүүгийн төв хот. Хотын төвд банкны сүрлэг сүрлэг барилгууд ярайх аж. Тэр цаана UBS хэмээх швейцарийн банкны офис байна.  UBS гэж манай Улаанбаатар ТВ-ийг мөн нэрлэдэг дээ. Дэлхийн том банкны товчилсон нэрийг монголчууддаа хэвшүүлчихсэн юм байна.


Нийтэд танил, зурагтаар мэдээгээр байнга гарч байдаг нэгэн банкны сүрлэг барилга бид хоёрын цаана харагдаж байна. Тэр дээр хөх дөрвөлжин доторхи хэлтгий цагаан зураас Европын санхүүг үүрч яваа гээд төсөөлчих. Европын Холбоо, Европ санхүүгээр унах босох, сэхэх доройтох нь энэ шилэн байшингаас ихээхэн хамааралтай аж.


Би гэдэг хүн Франкфурт руу зүгээр нэг очсон юм биш. Энэ хаяг бүхий жижиг мухлагийг эрж очсон юм. Ийм мухлаг миний олж тогтоосноор Франкфуртын төвд гурав байна лээ. Манайхны мөнгө зоос, марк, хуучин ил захидал, дугтуй цуглуулагчдад хэрэг болж мэдэхээр мэдээлэл. Хэрэв очих бол хаяг ба танилцуулгыг нь би дуртайя хэлж өгнө.


Франкфурт хот Германдаа 5 дугаарт ордог том хот гэх боловч хотдоо 700 мянган орчим хүн амтай гэхлээр манай Улаанбаатараас жижиг болж таарч байна. Рейн-Майн голын сав дагуу орших эртний хот аж. Эртний франкчуудын нутаг, Майн мөрний гарам гарц дагуу орших, гол дээгүүрх гарамыг герман хэлээр фурт гэх тул энэ нэрийг авсан ажээ. Махчлан буулгавал “Франкчуудын гарам”.


Энэ хотод Европын төв банк, Германы Холбооны банк, Франкфуртын төв бирж, Франкфуртын яармаг, Франкфуртын аэрпорт гээд том том байгууллагууд байрлах ба нисэх буудал нь хотын төвдөө шахуу, хамгийн их ачаалалтай байдаг олон улсын томхон энэ буудлын талаар  гадагшаа зорчдог монгол хүн болгон мэддэг болсон доо.


“Франкфуртын эдийн засаг” гэж Герман дотроо онцгойрсон, тусгай эдийн засаг буй аж. Улсын доторхи улс гэхээр шахуу юм. “Франкфуртын эдийн засаг” нь гурван том “халим”-аас бүрдэх ба би дээр биччихсэн санхүү, тээвэр, яармагийн бизнесийг хэлж байгаа хэрэг аж. Бас уран барилгыг хосгүй байгууламж энд зөндөө байх аж. Шилэн дээвэр нь цоорхой шилэн цамхган энэ барилга хотын төвийн үйлчилгээний нэг том цэг аж.


Банкны аж үйлдвэр хэмээх энэ салбар 100 гаруй жилийн түүхтэй. Энд Германы ба гадаадын 300 банк өөрийн салбартай. Брокерын контортой, Еврогийн бүсийн мөнгөний бодлогыг тодорхойлж байдаг гээд бичвэл зөндөө баримт байна.


Европын Холбоо дотроо тэнгэр баганадсан өндөр барилгаараа гурван хот (мөн Парис, Лондон) алдаршсны нэг нь энэ хот аж. Нийтдээ 150 метрээс өндөр ийм барилга тэр хот 11 байна. Энэ бүхнийг бид дурандаа буулгаж, бичлэг хийсэн аяллын талаар өгүүлэхэд ийм байна.