МАН-ын дарга Сү.Батболдын Засгийн газрын үедсэн. Би болоод манай гэр бүл ер нь л Монголын ард түмэн өмчтэй боллоо гэж нэг их баярласан. Энэ бол нөгөө Таван толгойгоос Монголын бүх ард түмэнд оногдох 1072 ширхэг хувьцаа л даа. Эрдэнийн хувь, эх орны минь хишиг хэмээн залбирч байгаад л хүртээд байна гэсэн горьдлого төрж байлаа. Зориуд сониноосоо томилолт авч ард иргэд бидэнд оногдох хувьцаа “Таван толгойн” уурхайн ажил хэр зэрэг урагштай байна гэж газар дээр нь очиж үзэж хараад ирж билээ. Томилолтоос ирээд “Өмчтэй хүн сайхан юм аа, өмчөө үзээд ирлээ” гэсэн гарчигтай тэмдэглэл бичиж, манай уншигчид ч их л олзуурхан хүлээн авсан. Сая төгрөгөө битгий ав хувьцаагаа л ав. Наад Таван толгойн хувьцаа чинь юун сая төгрөг одоохон хоёр жилийн дараа л 50 сая төгрөг болохоор байна. Ам бүл маань дөрвүүлээ гэхэд 200 сая төгрөгөөр хувьцаагаа худалдах цаг ойрхон. Өмнөговь яваад “Таван толгойд” очоод таны бөгөөд өөрийнхөө өмчийг эргээд ирлээ гээд их л өөдрөг бичиж байв. Тэр үед ”Таван толгой”-н ажил үнэхээр яралзаж байсан. Манай гэр бүлийнхнээс авахуулаад олон уншигчид бас оюутнууд хүртэл сая төгрөгөө авахгүй, хувьцаагаа авсан нь зөв гэж найдаж байв. Газар дээр нь очоод ирсэн, нэг их мэддэг хүн нь би болохоор“ Таван толгой чинь биднийгээ одоохон тэжээх гээд байна. Дэлхийд гуравт ордог ийм том ордны нэгж хувьцаа дэлхийд бол 10-20 мянган ам.доллароор үнэлэгддэг юм байна гэж мэдмэртсэнийг минь яанаа. “Буурал дээдсийн минь буян” Таван толгойн орд бол үнэхээр гайхамшигт орд гэдэг нь одоо ч хэвээрээ л дээ. Цаашид өсөх магадлалтай 7,5 тэрбум тоннын нөөц баталгаатай тогтоогдсон. Үүнээс хоёр тэрбум тонн нь коксжсон үнэтэй нүүрс. Мөнгөөр тооцъё. Коксжсон нүүрсээ 600 тэрбум ам.доллараар худалданаа хө. Нөгөө муу коксжоогүй ердийн нүүрснээсээ 750 тэрбум ам.доллар олноо хө. Иргэн болгондоо 1072 хувьцаа өгнөө гэж тооцож явлаа.  МАН-ын нэлээд сайн эдийн засагчаас тодруулсан. Энэ тооцоо үнэн үү гэж. Тэрээр яах аргагүй үнэн. Дор хаяж 300 жил хэдэн үеэрээ, идээд суух  тооцоотой байсан юм. Засгийн газар солигдлоо. Таван толгойн их ашиг яасан,  миний, таны өмч 1072 хувьцаа хаачсан. Ядаж нөгөө сая төгрөгөө өгөх үү үгүй юу бүрхэг. Эрх баригчид “Таван толгой”-н талаар дуугарч өгөхгүй бүлхэлзээд явчихлаа. Ингээд л бүлхэлзээд ирхээрээ гэмтэй байдаг юм. Зарим телевиз, сониноос дуулах нь ээ бидний хувьцаагаараа авсан хөрөнгийг “Төрийн өмч Таван толгой”  гэж андуураад  Хятадын “Чалко” гэдэг компаниас гурав дөрвөн зуун сая ам.доллар аваад худалдчихсан байна ч гэх шиг юм яриад явчихав. Юу ч гэсэн газар дээр нь очиж үзэхээр шийдэв. Миний, чиний 1072 хувьцаа байгаа болохоор би өмчөө хамгаалахгүй бол хэн өмчөө хамгаалах юм. Хоёр дахь удаагаа өмчөө эргээд ирлээ. Харамсалтай  нь үнэн байна. Түрүүчийн Засгийн газар буухаасаа өмнөхөн бидний “Таван толгой”-г” Хятадын “Чалко” гэдэг компанид 360 сая ам.доллар урьдчилж аваад өгчихжээ. Өнөө иргэн бүрт өгөх нэг сая төгрөгөө өгөө юмуу гэсэн чинь  бас байдаггүй ээ. Ямар ч байсан мөнгөө салгаж аваад сонгуульдчихжээ. Миний болоод чиний цорын ганц өмч “Таван толгой”-г хэн зар гэж зөвшөөрсөн юм бэ. Бидний хувьцааг арай зараагүй бололтой барьцаанд тавиад мөнгө авчихсан юм байна. Одоо бид юуных нь нүүрсээ Хятадад худалдаад ашгийг нь хүртэх аль хэдийнэ бөөн өрөнд идэгдчихсэн өдөр бүр өр төлөөд л сууж байна. Хятадтай ийм гэрээ хийжээ. Бидний Таван толгойгоос ойрын таван жилд олборлосон нүүрснийхээ 80 хувийг Хятадын зах зээлийн үнээс хоёр дахин доогуур үнээр  “Чалко”-д нийлүүлнэ гээд. Далд хэдийг авсан нь чөтгөр бүү мэд. Ингэж алдагдал хүлээхээр өрнийхөө нүүрсийг өгч дууссан ч дараагийн нийлүүлэх нүүрснийхээ үнийг “Чалко”-д бүүр тал үнээр нь нийлүүлнэ гэж гэрээ хийгээд түрүүчийн удирдлагууд нь бултчихжээ. Иргэд ч хувьцаа эзэмшигч би ч МАН-ын Засгийн газарт  хичнээн их итгэж байлаа даа. Даан ч дээ ийм гэрээ хийх гэж байх уу. Нарантуулын лангууны захын наймаачинг явуулсан ч ийм гэрээ хийхгүй. Таван толгойд байсан бидний хувьцаа юун өмч биш өр болсон үнэн түүх ийм байна. Таван толгойд ямар хүйтэн сэтгэлээр хандсаны жишээ үүгээр дуусахгүй. Таван толгой яг Эрдэнэт шиг шахааны газар болжээ. 1,7 тэрбум төгрөгийн үнэтэй хаана ч явдаггүй, хэзээ ч ашиглагдахгүй 10 гаран том машины  сэг сарзайна. Хаана ч хэрэггүй ямарч машинд таарахгүй хоёр тэрбум төгрөгийн дугуй энэ байна. Ашиглавал  дэлбэрдэг аюултай дугуйг арзайтал хураажээ.  Энэ гурав нийлээд л хамгийн багадаа зургаан тэрбум төгрөгийг бидний өмч гэж шахсан байна.



Зургаан тэрбум төгрөг авч яваад оронд нь шахсан явдаггүй машин ашигладаггүй дугуй таардаггүй запас сэлбэгийг одоо яанаа. \Машин дугуйнуудын зургийг хавсаргав. Энэ бол цагдаа шүүүхийн хэрэг. Уг нь зургаан тэрбум төгрөгөөр дор хаяж ажилчдынхаа тосгоныг барьчих байсан юм. Бидний өмч гэж байгаа хэний ч өмч биш энэ уурхайтай яг айл хөрш “MCS” компанийн Ухаа худгийн уурхай байдаг. Энэ уурхай ямар гоё болов. Тэр ажилчдын байр, нүүрс коксжуулах үйлдвэр, хил хүртэл тавьсан засмал зам хичнээн сайхан ажиллаж байна гээч. Уул нь бидний өмч Таван  толгой Ухаа худгийн нүүрсний ордноос 30 дахин илүү нөөцтэй юм шүү дээ. Миний 1072 хувьцаа энд байгаа гэж бодохоос харамсах сэтгэл төрнө. Миний өмч байгаа Таван толгойг зарим нь дээрэлхэж байна гэж жигтэйхэн. Орон нутгийн Таван толгойнхон. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн уурхайнхан олборлолт хийгээд гарсан  “Отвол” гэдэг шороогоо бидний Таван толгойн эзэмшил газар асагаад уул нуруу босгочихжээ. Үнэндээ бол орон нутгийн Таван толгойн хэмжээт газар дуусчихсан гэж байна билээ. Энэ тухай ашигт малтмалын газраас асуух гэсэн юм. Орон нутгийн Таван толгойн хэмжиж өгсөн газар нь дууссан бол одоо уурхайг нь хаачих хэрэгтэй. Энэ тухай таван толгойн шинэ захирал Я.Батсуурьтай уулзах гэсэн боловч чадсангүй. \Түрүүчийн удирдлагын үлдээсэн энэ өрийн өв одоогийн удирдлага яая гэх вэ засах л ёстой. Бидний өмч Таван толгойд хяналт тавихыг иргэдээс хэн хариуцдаг юм бэ гэж эрж сурлаа. Байдаггүй, олддоггүй. Төрийн өмчийн хороо хариуцдаг гэсэн сураг гарав. Өмчийнхөө төлөө хэл ам татлах санаатай. Төрийн өмчийн хорооны орлогч дарга Төмөрбаатартай уулзах гээд бас чадсангүй. Бидний өмчийг Төрийн өмчийн хороо мэдээд байхдаа яадаг юм. Тэр Таван толгойд байгаа хөрөнгөндөө  би хяналт тавьж байя. Тэгэхгүй бол цаад Таван толгой чинь Хятадын хогийн шахааны газар болчих гээд байна. Энэ иргэн хяналт тавих эрхтэй гэсэн бичиг шийтгээд өг гэх гэсэн юм. Эх орныхоо баялгаас хувь хүртэнэ  хөрөнгөтэй хүн сайхан юмаа гэж баярлаж, горьдож явсан юмсан. Харин одоо 1072 хувьцаатай ч гэсэн өртэй хүн муухай юмаа гэж гутарч буцлаа.