Арагшаа биш, урагшаа харах цаг

Сүүлийн 20 жилд бид нийгэм, эдийн засгийн хувьсгалт өөрчлөлт хийж ардчиллыг бэхжүүлэн, зах зээлийн эдийн засгийг бүрдүүлж байна. Зах зээлийн эдийн засгийг бүрдүүлнэ гэдэгт эдийн засгийн асуудлуудыг юуны өмнө зах зээлийн зарчмаар буюу эрэлт, нийлүүлэлтийн огтлолцол дээр тогтох чөлөөт үнэ дээр суурилан явуулахыг хэлдэг. Хүний хэрэгцээг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд тасралтгүй нийлүүлэх нь зөвхөн чөлөөт өрсөлдөөний үр дүн.

Чөлөөт өрсөлдөөнд төрийн зүгээс оролцох бүрт тодорхой хэмжээгээр гажуудуулдаг учир төрийн аливаа үйл ажиллагаа өргөн олны хяналт дор явах ёстой. Төр бизнесийн үйл ажиллагааны зардлыг багасгах, тухайлбал Замын-Үүд боомтын түгжрэл, авто замын чанар зэрэг бүх төрлийн саад тотгорыг арилгах, дэд бүтцийг тодорхой төлөвлөгөөтэй хөгжүүлж, шинэчлэх оролдлого хийж байгаа нь зөв эхлэл.

Яг өнөөдөр монголчууд бид том зорилт тавьж, урагшаа харж ажиллах цаг болжээ. Бид олон жил түүхээ ярилаа. Их хаанаа магтлаа. Зураг, нэр хоёрыг нь нааж болох бүх газар тавилаа. Хэн ч Чингис хааныг биднээс булаагаад авчихгүй. Хэн ч бидний урлаг, соёл, заншлыг маань хулгайлчихгүй. Энэ бүхэн бидний мах цусны хэсэг. Цоожлоогүй хаалгыг заавал эвдэх шаардлагагүй.

Одоо бид хийх бүтээх, ирээдүй хойч үе маань сайн сайхан амьдрах суурийг тавих цаг болжээ. Харин яаж, юуг бүтээж, хөгжлийн ямар загварыг сонгохоо шийдэх цаг ирсэн байна. Аугаа их зүйлийг бүтээхийн тулд аугаа том, тодорхой зорилго тавих ёстой. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд эв санаа, эрч хүчээ нэгтгэх түүхэн цаг ирэв. Бид ухаалаг байж, бусдын туршлагыг оновчтой тусгаж, үр өгөөжтэй ажиллах ёстой.

“Оози” загвар

Австрали (тэд өөрсдийгөө бас OZ гэдэг) улсын хөгжлийн загварыг бид нарийн судалж, тодорхой зүйлийг тусган авах боломжтой ажээ. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн үр өгөөжтэй, тэгш оролцоотой шинэ загвар бол Австрали гэж ярих болжээ. “Сидней Морнинг Хералд” сонинд Питр Хатчер “Австрали нь Америкийн капитализмын хүч чадлыг Европын хүмүүнлэг халамжтай хослуулсан мөртлөө аль алиных нь дутагдлаас хохирол амсаагүй цорын ганц орон ” гэж бичжээ.

Австрали, Монгол олон талаараа төстэй. Австрали Монголоос хүн амаараа 7.7 дахин, газар нутгаараа тав дахин их бөгөөд нэг хүнд ногдох талбай нь Австралид 350 ам метр, Монголд 557 юм. Эдийн засгийн 4.0 хувь нь хөдөө аж ахуй, 25 хувь нь аж үйлдвэр, 70 хувь нь үйлчилгээний салбараас бүтдэг бөгөөд 2011 оны экспортын 55 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн болжээ. Экспортын дийлэнхийг нүүрс, төмрийн хүдэр, алт, уран эзэлж байна.

Австралийн эдийн засаг болон нэг хүнд ногдох ДНБ Монголоос 10 дахин өндөр, өөрөөр хэлбэл дундаж орлоготой монгол хүнээс дундаж орлоготой австрали хүн 10 дахин илүү баян аж.

Эдийн засгийг эрчимжүүлэх бодлого нь дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварыг багасгах, иргэдийн орлого, хадгаламжийг урамшуулах зорилготой. Тус улсын банк санхүүгийн тогтвортой, найдвартай тогтолцоо дэлхийн санхүүгийн сүүлчийн хямралаас ганцаараа алдагдал хүлээлгүй гаргасан юм. Гадаадаас өндөр мэдлэг, боловсролтой иргэдийг урих замаар эдийн засгаа хөгжүүлж байгаа нь үл хөдлөх хөрөнгийн зээлийн хямралыг бараг мэдрээгүй өнгөрөхөд тусалсан. Оновчтой бодлогыг цагт нь хэрэгжүүлсэн учир Австралийн эдийн засаг хурдан хөгжсөн байна. Жишээ нь: Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг амжилттай хөгжүүлэх суурь нь газрын өмчлөлийн асуудал юм.

Олон жил яригдсан “Мабо-гийн хэрэг” нэртэй газрын маргааныг шүүхээр шийдвэрлэсний дүнд уугуул иргэд өөрсдийгөө газрын эзэн гэдгийг баталгаажуулсан бөгөөд газар эзэнтэй болсноор хөгжлийг түргэтгэж, улмаар иргэдээ хот руу дүрвэхээс сэргийлж чаджээ. Тус улс хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгийг жинхэнээр хамгаалж чаддаг. Энэ өдрүүдэд Монголд саатуулагдаад байгаа Австралийн иргэн, “Саус Гоби Сэндс” компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийн тухай сонин бүр бичиж байлаа.

Австралид техникийн мэргэжил, давтан сургалт сайн хөгжсөн, тэрчлэн хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн цагийн үнэлгээ өндөр. Австралийн экспортын томоохон хэсэг нь дээд боловсролын зах зээл буюу гадаадаас оюутнууд ирж төлбөртэй суралцах-боловсролын экспорт юм. Австралийн Үндэсний Их Сургууль дэлхийд эхний 50-д орохын зэрэгцээ 2025 онд эхний 10-д, улмаар дэлхийн зуун шилдэг их сургуулийн 10 нь Австралийн их сургууль байх зорилтыг саяхан дэвшүүлээд байна.

Австралиас Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ Монголын оюутнууд тус оронд ирж суралцах нь ихсэж байна. Түүнчлэн Австралийн компаниуд Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлд хоёр орны харилцаа улам бүр хөгжих сайхан боломж гарав. Уул уурхайн салбарт байгаль орчныг нөхөн сэргээх талаар олон чухал санал санаачилга, технологийг бий болгож чадсан энэ орноос бидэнд сурах зүйл их байна.

Ухаалаг, сайн нийтийн засаглалыг хөгжүүлж чадсан энэ оронд төр засаг шийдвэр гаргахаасаа өмнө олон талаас нь хэлэлцдэг бүтэц тогтсон бөгөөд чухал хэсэг нь Их Британи шиг Сүүдрийн засгийн газар юм. Төрийн эрх барьж буй улс төрийн намын сайдтай сөрөг хүчний сайд гаргах гэж байгаа бүх шийдвэрээр ил тод мэтгэлцдэг нь олон нийтийн анхаарлын төвд орж, сонгогчдын боловсролд хүчтэй нөлөө үзүүлдэг.

Австралитай манай тал боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломжтой бөгөөд чухамхүү ижил төстэй талууд нь энэ ажгуу. Австрали эрчим хүчнийхээ 80-аад хувийг нүүрс, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс авч байна. Ураны нөөцөөр баялаг боловч Өмнөд Номхон далайг цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан Раторонгийн хэлэлцээрийн бүрэлдэхүүн хэсгийн хувьд цөмийн эрчим хүчийг ашиглах чиг бодлогогүй бөгөөд харин ураны түүхий эдийг зөвхөн экспортолж орлого олдог ажээ. Ураны нөөц, технологийн талаар манайхаас илүү боломжтой боловч ураны хаягдал булшлах, цөмийн эрчим хүчний жижиг эх үүсвэр бүтээх зэрэг зорилт тавьдаггүй.

Австралийн Засгийн газар “Австрали болон Азийн зуун” хэмээн нэрийдсэн Ази, Номхон далайн бүс нутагт 2025 он хүртэл баримтлах чиг бодлогоо тодорхойлсон баримт бичгийг саяхан гаргажээ. Энэхүү баримт бичигт тохироо бүрдсэн нөхцөлд Монголд ЭСЯ-аа нээх асуудлыг тусгасан байна.

-Австраличууд бүтэхгүй “том бодлого” ярихгүй, өөрөө өөрийгөө болгосон нэгэн бодлын “амиа бодсон” мэт боловч эдийн засгийн ашиг сонирхлоо дагасан сүрхий прагматик байр суурь, бодлоготой” гэж Монголын Элчин сайд Р. Болд хэллээ.

Дугуйг шинээр бүтээх шаардлагагүй бөгөөд манайх шиг улс бусад орны алдаанаас суралцаж, маш хурдан урагш явж байж л хөгжилтөй орнуудыг гүйцнэ шүү дээ. Урагшаа харж, ухаан бодлоо уралдуулан хурдлах цаг нэгэнт болжээ.

Канберра-Сидней